Showing posts with label ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН СОЦИОЛОГИ. Show all posts
Showing posts with label ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН СОЦИОЛОГИ. Show all posts

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

2018 онд Харилцаа холбооны зохицуулах хорооны (ХХЗХ) захиалгаар Үндэсний судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн хийж гүйцэтгэсэн "Мэдээлэл, харилцаа холбооны салбарын хэрэглэгчийн сэтгэл ханамжийн суурь судалгаа"-ны үр дүнг блогоороо дамжуулан уншигчиддаа хүргэж байна.

ТЕЛЕВИЗ ҮЗЭЛТИЙН СУДАЛГАА 2018

Максима медиа ХХК нь “Телевиз Үзэлтийн судалгааны нэгдсэн тайлан”-г сүүлийн 5 жил тогтмол танилцуулж ирсэн бөгөөд 2018 оны үр дүнг шинэ өнгө төрх, шинэ агуулга, илүү их мэдээлэлтэйгээр танилцуулсан байна.

СЭТГҮҮЛЧ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН АЖИЛТНУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН СУДАЛГАА

Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл байдлын талаарх суурь мэдээлэл бүрдүүлж, тус салбарын ажилтнуудын Үйлдвэрчний эвлэлийн талаарх ойлголт, хандлагыг тодруулах зорилготой хийгдсэн нэгэн судалгааг танилцуулж байна. Уг судалгааны ажлыг ХБНГУ-ын Фридрих-Эбертийн Сангийн захиалгаар Хэвлэлийн Хүрээлэн ТББ гүйцэтгэжээ.

2016 оны сонгуулийн мэдээллийн мониторинг

Хэвлэлийн Хүрээлэнгээс Бүгд Найрамдахчуудын ОУ-ын Хүрээлэн, Канадын ГХЯ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Сонгуулийн мэдээллийн мониторингийн урьдчилсан дүнг танилцууллаа.
Мониторингийн урьдчилсан үр дүнг хэвлэмэл 6 сонин (Өнөөдөр, Зууны мэдээ, Өглөөний сонин, Монголын мэдээ, Өдрийн сонин, Сэрүүлэг), 5 онлайн мэдээллийн хэрэгсэл (news.mn, ikon.mn, 24tsag.mn, gogo.mn, medee.mn), нийгмийн мэдээллийн сүлжээний 40 гаруй нүүр хуудсыг сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхээс өмнөх үед буюу 5 сарын 30-аас 6 сарын 10 хүртэл, мөн сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойшхи эхний 2 хоногт буюу 6 сарын 11-13нд ажигласны үндсэн дээр нэгтгэн гаргажээ.

ТЕЛЕВИЗИЙН ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ТАЙЛАН

"Максима Медиа" компанийн 2014 оны IX сарын "Телевиз үзэлтийн судалгаа"-ны тайлангаас  "Зар сурталчилгааны салбар тайлан" -г хүргэж байна. 

Телевизийн сувгуудаар цацагдаж байгаа рекламны нийт хугацаа ба давтамж, телевизийн зар сурталчилгааны зах зээлд хамгийн их сурталчилгаа нийлүүлсэн байгууллагууд зэрэг олон талын мэдээллийг авах болно.

Монголын телевизүүдийн рейтинг

Максима Консалтинг ХХК -ийн Телевиз Үзэлтийн Судалгааны 3-р сарын тайлан олон нийтэд нээлттэй гарчээ.
I. Залуучууд буюу 16-24 насны сегментийн үзэгчдийн хамгийн их үздэг сувгууд  

"Залуучууд" 16-24 насны сегмэнтийн үзэгчдийн хамгийн их үздэг сувгууд

II. Идэрчүүд буюу 25-34 насны сегментийн үзэгчдийн хамгийн их үздэг сувгууд

"Идэрчүүд" 35-34 насны сегмэнтийн үзэгчдийн хамгийн их үздэг сувгууд
III. 35+ эмэгтэй сегментийн үзэгчдийн хамгийн их үздэг сувгууд
"35+ эмэгтэй" сегмэнтийн үзэгчдийн хамгийн их үздэг сувгууд

























IV. 35+ эрэгтэй сегментийн үзэгчдийн хамгийн их үздэг сувгууд
"35+ эрэгтэй" сегмэнтийн үзэгчдийн хамгийн их үздэг сувгууд


























Дэлгэрэнгүй:
Телевиз үзэлтийн судалгааны тайлан 2014-03 сар
2013 оны телевиз үзэлтийн судалгааны үр дүнд хийсэн ажиглалт

"Телевизийн салбарын өнөөгийн байдал"

Дэлхийн телевизүүдийн хөгжлийн чиг хандлага сэдвийн дор “Монголын телевизүүдийн чуулган” өнөөдөр болж байна. 
Манай улсад анх удаагаа болж буй энэхүү арга хэмжээнд ОУ-ын нэр хүндтэй телевизийн контент нийлүүлэгчид болох Warner bros, Walt Disney, Sony, Bomanbridge, IMG, ITV, Endemol зэрэг компаниуд хүрэлцэн ирж Монголын телевизүүдэд тулгамдаж байгаа асуудлуудын талаар нээлттэй хэлэлцэж байна. Тус чуулганд Максима консалтинг компанийн судалгаа хариуцсан захирал Я.Хишигсүрэнгийн тавьсан "Телевизийн салбарын өнөөгийн байдал" илтгэлийг сонирхуулж байна.

Монголд жилдээ телевизийн 17 суваг шинээр нэмэгдэж байна

Хэвлэлийн хүрээлэнгээс Монголын хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тоон мэдээллээр тодорхойлох зорилго бүхий жилийн тайланг 14 дэх удаагаа хэвлэн гаргалаа.

Уг тайланд орсон мэдээллээр 2012 – 2013 хүртэлх хугацаанд 500 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага /135 сонин, 99 сэтгүүл, 84 радио, 166 телевиз, 68 веб сайт/ тогтмол үйл ажиллагаа явуулсан байна. Хэвлэл мэдээллийн эдгээр хэрэгсэлд 5000 орчим хүн ажилласан  бөгөөд энэ тоо өмнөх оныхоос 16 хувиар өссөн дүн юм. Насны хувьд нийт мэдээллийн хэрэгсэлд 30 хүртэлх насныхан давамгайлж (сонин сэтгүүлийн салбарт 46 хувь, радио телевизийн салбарт 57 хувь)байв.

Монгол улсад 2012 оны туршид нийтдээ 25,8 сая ширхэг сонин борлогдсон бөгөөд энэ нь 2011 онд борлуулсан сонины тоо ширхэгтэй ижил төстэй байгаа аж.

Сэтгүүл зүйн социологи хичээлийн шалгалтын билет

Оюутнуудаа эдгээр 24 билетийн хүрээнд шалгалтандаа бэлдэнэ үү!

Сэтгүүл зүйн социологи БИЛЕТ 1
Нийгмийн бусад шинжлэх ухаанууд сэтгүүл зүйтэй холбогдох нь

Сэтгүүл зүйн социологи БИЛЕТ 2
Социологийн шинжлэх ухааны судлах зүйл, үүрэг, ач холбогдол

Сэтгүүл зүйн социологи БИЛЕТ 3
Социологийн шинжлэх ухаан болон  социологийн судалгааны талаарх төсөөлөл

ЕБС-ийн 7-11 дүгээр ангийн сурагчдын хэвлэл мэдээлэлтэй харилцах суурь мэдлэг, ойлголтын түвшин, хэрэглээний онцлогийг тодруулах судалгаа

Хэвлэлийн Хүрээлэн АНУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр “ЕБС-ийн 7-11 дүгээр ангийн сурагчдын хэвлэл мэдээлэлтэй харилцах суурь мэдлэг, ойлголтын түвшин, хэрэглээний онцлогийг тодруулах судалгаа”-г энэ оны 10,11-р сард үндэсний хэмжээнд хийж, үр дүнг нь танилцууллаа. Судалгааны зорилго нь хүүхэд, өсвөр үеийнхний мэдээллийн хэрэгслийг ашиглах мэдлэг, ойлголт, хандлагын өнөөгийн түвшинг тодорхойлж, тэдний үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах, түгээх чадвар, орчин нөхцлийг үнэлэхэд чиглэсэн байна.
Судалгааны дүнгээс харахад 10-16 насны хүүхдүүд сонин уншиж хэвшээгүй бөгөөд тэдний хувьд телевиз, интернет мэдээлэл хүлээн авах хамгийн чухал эх сурвалж болж буй аж. Тэд телевиз, Интернетэд бусад мэдээллийн хэрэгслээс илүүтэй итгэдэг  бөгөөд авч буй мэдээллээ шүүмжлэлтэйгээр үнэлэн дүгнэх мэдлэг, дадлыг эзэмшээгүй байна.  Хүүхдүүдийн дунд үдээс хойш хичээлээ тармагц Интернетэд холбогдож, орой 18-21 цагийн үед телевиз үзэх хэвшил түгээмэл байна. Өөрөөр хэлбэл амьд харилцаа хүүхэд, өсвөр үеийнхний дунд бага бөгөөд мэдээллийн хэрэгслээр дамжуулж үе тэнгийнхэнтэй болон бусад хүмүүстэй харьцаж, мэдээллийн хэрэгслээс авч буй мэдлэг туршлагаараа амьдрах хандлагатай байна.

2012 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны мониторинг /Радио, сонин

АНУ-ын Бүгд Найрамдахчуудын Хүрээлэнгийн дэмжлэгээр Хэвлэлийн Хүрээлэнгийн судалгааны баг сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс дуусах хугацаанд хэрэгжүүлсэн энэхүү мониторингт Монголын үндэсний олон нийтийн радио болон өдөр тутмын “Өнөөдөр”, “Зууны мэдээ” “Ардын эрх”, “Өглөөний сонин”, “Өдрийн сонин”, “Үндэсний шуудан” “Нийгмийн толь”, 7-10 хоног тутмын  “Маш нууц”, “Хүмүүс”, “Сэрүүлэг” зэрэг 10 сонинг хамруулсан байна.

UIH 2012 songuuliin hevlel medeelliin monitoring -  

"Хүүхдийн эрх, хамгааллын талаарх хэвлэл мэдээллийн мониторинг" тайлан минь гарлаа

Миний бие 2011 онд хоёр томоохон мониторингийн судалгаан дээр ажилласан юм. Түүний нэг болох "Хүүхдийн эрх, хамгааллын талаарх хэвлэл мэдээллийн мониторинг" маань саяхан дуусгавар болж тайлан хэлбэрээр хэвлэгдлээ.

НҮБ-ийн Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр Хэвлэлийн Хүрээлэнгээс хэрэгжүүлсэн уг мониторинг нь хэвлэл мэдээллийн салбарт хүүхдэд ээлтэй мэдээллийн орчин бий болгох тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн дагуу хүүхэд хамгааллын асуудал хэвлэл мэдээллийн нийтлэл, нэвтрүүлгийн бодлогын түвшинд хэрхэн хэрэгжиж буйг тандсан судалгаа юм.

2006 болон 2008 онд хэрэгжүүлсэн хүүхдийн сэдэвт хэвлэл мэдээллийн судалгааны үр дүнтэй харьцуулж, мэдээллийн хэрэгсэлд хүүхдийн асуудлыг хэрхэн тусгаж байгаа, ямар өөрчлөлт ахиц дэвшил гарсан, хүүхдийн эрхийн асуудлыг сэтгүүлчид сурвалжлахдаа мэргэжлийн болон ёс зүйн хэм хэмжээг хэр баримталж буй зэрэгт дүгнэлт хийн, зөвлөмж гаргалаа. Энэ удаагийн мониторинг нь хэвлэл мэдээлэлд хүүхдийг сэдэв, оролцогч, хэрэглэгч болохын хувьд авч үзсэнээрээ онцлог байв.

Сонин захиалга болон уншигчдын тооны тухай

Барууны хэвлэл мэдээллийн судалгаа болон сэтгүүл зүйн социологид Circulation (Хэвлэгдсэн тоо), Readership (Уншигч) гэсэн ойлголт бий. Circulation бол тухайн сонин нэг дугаараа хэдэн хувь, ширхэг хэвлэснийг, түүний ил тод зарлахыг хэлнэ. Харин readership бол тухайн сониныг хэдэн хүн уншсаныг социологийн эмпирик судалгаагаар тодорхой арга зүйгээр судалсан дүн - хувийг хэлнэ.

2007 он хүртэл Монголд сонин шиг их хэвлэл мэдээллийн байгууллага байсангүй. 2007 оноос эхлэн сонины тоо тогтмол буурах хандлага ажиглагдаж өдгөө харьцангуйгээр цөөрсөн байна. Энэ нь сонины жилийн борлуулалтын тоо таван саяар багассан дүнгээс харагдаж байгаа юм. Сонины зах зээлд мэдээж өдөр тутмын сонины ноёрхох байр суурь хадгалагдсаар байна. 2010 оны судалгаагаар нийт сонины борлуулалтын 70 орчим хувийг дан ганц өдөр тутмын сонин эзэлж байгаа юм. Үүний гуравны нэгийг сүүлийн жилүүдэд борлуулалтын тоогоороо тэргүүлж буй “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ” эзэлдэг байна. (Хэвлэлийн Хүрээлэн “Монголын Хэвлэл мэдээлэл өнөөдөр” 2010 он) 2008 онд нийт борлуулалтын 90 хувийг захиалгаар борлуулж байсан бол 2009 оны байдлаар 81.8 хувь болж буурсан дүнтэй байлаа.

Интернетээс өдөр тутмын сонинуудын захиалгын болон хэвлэгдсэн тоог олох гээд “Өнөөдөр” сониныг эс тооцвол дорвитойхон тоо баримт олсонгүй. “Өнөөдөр сонин нийт 15000 захиалагчтай (уншигчдын тоо 75 000 орчим) ба энэ нь Монголын өдөр тутмын сонинуудаас хамгийн олон уншигчтай” хэмээн вебдээ тавьсан байна. Уншигчдын тоогоо хэрхэн гаргасныг мэдэхгүй ч итгэл үнэмшилтэй сонсогдохгүй байгаа юм. Хэвлэлийн Хүрээлэнгээс гаргадаг “Монголын хэвлэл мэдээллийн мониторинг” болон “Хэрэглэгчдийн судалгаа”-г эс тооцвол энэ талаар үнэн зөв нарийн хянасан тоо баримт, судалгаа олоход асуудалтай байгаа нь бодит үнэн.
Монголд өнөөдөр 16 өдөр тутмын сонин (2011 онд “Үндэсний мэдээ” нэмэгдсэн) хэвлэгдэж уншигч, захиалагчдад хүрч байгаагийн хэдэн хувь ширхэг хэвлэгдэж, хэд нь захиалгаар болон үүргийн худалдаагаар борлогдож буйг мэдэх боломж үнэхээр хомс байна. Сонинуудын захиалгын тоо болон хэвлэгдсэн тоог албан ёсоор зарладаг, тухайн өдрийн дугаартаа нийтэлдэг соёл Монголд төлөвшөөгүй байгаа нь үнэн бодит мэдээллийг хэрэглэгчдэд хүргэхэд төвөгтэй байдаг. Харин 90 оноос өмнө хэвлэгддэг байсан сонинууд захиалагч болон уншигчдын тоогоо илд тод сайхан зарладаг байсан байна.

1920 оны 11 сарын 10-нд анхны дугаар нь хэвлэгдсэн “Үнэн” (Монголын үнэн) сонин 182000 хувь хэвлэгддэг, 180 гаруй мянган уншигчтай маш том сонин байжээ. Ардчиллын үзэл санааг олон түмэнд хүргэхэд хамгийн том үүрэг гүйцэтгэсэн хэвлэлийг “Үнэн” сонин хэмээн судлаачид үздэг юм билээ. Монголд ардчиллын салхийг хагалах, ардчиллын мөн чанарыг ойлгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн “Үнэн“ сонин дан ганц намын байр суурь, үзэл баримтлалыг нийтэлхээс гадна олон олон асуудал дэвшүүлсэн, эрэн сурвалжилсан өгүүлэл нийтлэл нийтэлдэг байжээ.
За харин "Залуучуудын үнэн" сонин байна. 120 мянга гаруй захиалагчтай томоохон хэвлэл байсан гэдэг. Нийтлэлийн бодлого нь нам, засгийн бодлогыг сурталчлахад оршиж байсан ч залуучуудын боловсрол, нийгэмшилд анхаарлаа хандуулж, нийгмийн ёс суртахууны талаар илүүтэй дуугарч байсан гэдэг баримт их байдаг. Мөн “Пионерийн үнэн” сонин 192 мянган ширхэг хэвлэгддэг байсан гэдэг юм билээ.

Монголын Ардын Армийн төв хэвлэл "Улаан од" сонин байна. Анх 1923 онд “Уриа” нэртэй гарч 1924 онд “Ардын цэрэг”, 1929-1930 онд “Ардын улаан цэргийн соёлын зам”, 1930 оны 9 сарын 30-аас “Улаан-Од” нэртэйгээр гарах болсон ба цэргийн сургалт хүмүүжлийн ажлыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Мөн Ардын арми, цэргийн хуаран, дотоодын болон хилийн заставуудад тараагдаж асан тус сонин олон хувиар хэвлэгдэж байсан гэдэг.
Сэтгүүлүүдээс “Тоншуул” сэтгүүлийг мартаж болохгүй. 1980 –аад оны үед “Тоншуул” сэтгүүл бас л 120 мянган уншигчтай, нэр нөлөөтэй том сэтгүүл байсан юм билээ. Тухайн үед ингээд захиалагч уншигчдын тоо ихэд нээлттэй, уншигчдыг үл төөрөлдүүлдэг байсан нь ач холбогдолтой юм.

Монголын сонин хэвлэлийн түүхийн хөгжлийн эхэн үеийн 1913 оны 3 сарын 6-нд тухайн үеийн сэхээтнүүдийн гаргасан "Шинэ толь" сонин, “Нийслэл хүрээний шинэ сонин”, “Ардын эрх” (1924 оны 2 сарын 5-с 1925 он 4 сарын 23-ны хооронд 50 дахь дугаараас гаргаад зогссон байдаг) болон 1940-аад оноос хойших хөгжлийн хоёр дахь шатанд “Шинэ хөдөө”, “Ялалт” сонин, “Цог” сэтгүүл (1944 онд анх хэвлэгдсэн), "Утга зохиол, урлаг" сонин (анхны дугаар 1955 оны намар хэвлэгдсэн) хэвлэгдэж уншигчдад хүрч байв. 1980-1990-ээд оны үед “Яргуй”, "Багш” сэтгүүл, “Хөдөлмөр“ сонин хөдөлмөрчин, ажилтан ард түмний унших дуртай сонин яахын аргагүй мөн байжээ.

Н.Батзориг 2011 оны 10 сарын 17

Сураг алдарсан 2 телевизийн эрх

Монголын телевизийн систем нь үндсэндээ өргөн нэвтрүүлгийн, кабелийн, кабелийн сувгийн гэсэн гурван төрлийн телевизээс тогтдог. (АНУ - сүлжээний, кабелийн, орон нутгийн) Энэхүү системд өргөн нэвтрүүлгийн 2 телевиз нэмэгдэх нь.
Монгол Улсын Засгийн газраас зарласан тендэрээр Улаанбаатар хотод телевизийн өргөн нэвтрүүлэг цацах хоёр аж ахуй нэгж 2010 оны 04 сард шалгарч байжээ. “United Broadcasting” ХХК, HBST ХХК телевиз байгуулах эрхээ авсан нь өргөн нэвтрүүлгийн тоог 17 болгон нэмэгдүүлэх нь хэмээн бодож байтал одоо болтол эфирээ цацаж эхлээгүй байна. Телевизийн нэр нь ч тодорхой болоогүй, олон нийтэд ил тод зарлагдаагүй байгаад гайхах. “United Broadcasting” компанийг камер, гэрэл зураг болон телевизийн төнөг төхөөрөмж, телевизийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болов уу хэмээн бодож байна. Тиймээс илүү дэвшилтэт шинэ магадгүй HD телевизийг ч бий болгож магад.
HBST компани нь би амралт, чөлөөт цаг, хоббины чиглэлээр телевиз байгуулах болов уу.
Би хувьдаа одоогийн телевиз, телевизийн сувгуудыг гурван зүйлд л анхаараасай гэж боддог.
Нэгдүгээрт, Нэвтрүүлгийн агуулга. Тухайн нэвтрүүлэгт агуулга талаасаа сэдэв, чиглэл хоёр хамгийн чухал.
Хоёрдугаарт, Нэвтрүүлгийн хэлбэр. Нэвтрүүлгийн төрөл (Энэ нь тухайн телевизийн төрөлжилтийг харуулах учиртай. Энэ бараг хамгийн чухал. Үзэгч, хэрэглэгчдийн хувьд үүнд төвлөрлийг их хардаг болсон.) Жишээ нь спортын, инээдмийн, цэнгээнт, киноны, зар сурталчилгааны гэх мэт. Дараа нь нэвтрүүлгийн жанр. Теле сэтгүүл юм уу, реалити шоу юм уу, ток шоу юм уу. Гэхдээ сэтгүүл зүйн практикт цэвэр зуун хувь жанр гэж байхгүй л дээ.
Гуравдугаарт, Үйлдвэрлэл. Нэвтрүүлгийн өнгө, дүрс, дуу гурав хамгийн чухал. Сүүлийн үеийн HD телевиз бол ярих юмгүй. Бусад энгийн телевизүүд дээрх гуравт анхааралаа заавал хандуулах учиртай.
Ямартай ч 2010 оны Хэвлэл мэдээллийн мониторингод тус хоёр эрх авсан компаниудын телевизүүд бүртгэгдсэнгүй. Одоо хүлээх л үлдлээ.

Социологич: Н.БАТЗОРИГ

Хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн ёс зүйн талаарх судалгааны дүн

Хэвлэлийн хүрээлэнгээс Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Хэвлэл мэдээллийн хариуцлага, сэтгүүлчийн ёс зүй” сэдэвт үндэсний хэмжээний санал асуулгын судалгаа явуулж, дүнг сэтгүүлчдэд танилцууллаа. Судалгааны дүнгээр иргэдийн хэвлэлийн эрх чөлөөний талаарх ойлголт сайжирч байгаа хэдий ч орон нутгийн иргэд хэвлэлийн эрх чөлөөнд сэтгэл дундуур байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл тодорхой бүлэг хүмүүс, улс төрчид, нам хүчний дуу хоолой болох нь хэвлэлийн эрх чөлөө бэхжихэд саад учруулж байна хэмээн иргэдийн тал хувь нь үзэж байна. Мөн сэтгүүлчдийг төлбөрт болон захиалгат нэвтрүүлгээс ангид байж, улс төрийн нөлөөнд автахгүй байх нь сэтгүүлчийн ёс зүй, хариуцлага, нэр хүндийг дээшлүүлэхэд нөлөөтэй хэмээн үзжээ.
Хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн ёс зүйн судалгааны танилцуулгыг эндээс танилцана уу

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн ашиглалтын талаарх мэдээллийг эндээс татаж авна уу

Сэтгүүлчдийн мэдлэг хандлага өөрчлөгдсөн нь нийгмийн уур амьсгалд нөлөөлж байна

Эрүүл мэндийн сэтгүүл зүйн “Оюуны дархлаа” ТББ-аас 2009-2010 онд МУЗН, НҮБ-ын Хүн амын сан, Австралийн Улаан Загалмай нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр “Сонин хэвлэл, веб сайтуудад ХДХВ ба ДОХ-ын асуудлыг хэрхэн тусгаж байгаа тухай” агуулгын судалгаа явуулсан байна.
ХДХВ ба ДОХ-ын асуудлыг хөндөн бичиж байгаа өдөр тутмын болон чөлөөт 23 сонин, 19 сайтыг мэдээллийн агуулга, хэрэглэгчдийн тоо, хүртээмжтэй байдал зэргийг харгалзан сонгож, судалгаа явуулав. Монголчуудын 20 хувь нь сонинг, 30 хувь орчим нь интернэтийг өдөр бүр ашигладаг тул дээрх мэдээллийн хэрэгслүүд телевизийн араас орох хамгийн хүртээмжтэй сувгууд юм.

Судалгаанд давхардсан тоогоор 2009 онд нийтдээ 130 бүтээл, 2010 онд нийтдээ 401 бүтээл бүртгэгджээ. Эдгээрээс хамгийн олон материал буюу 10 хувь нь www.news.mn сайтад, дараа нь www.gogo.mn сайтад 8,5 хувь, “Зууны мэдээ” сонинд 8,2 хувь нь, “Өдрийн шуудан” сонинд 8 хувь нь тус тус нийтлэгдсэн байлаа. Судалгаанд хамруулсан нийт материалын 58 хувь нь сонинд, 42 хувь нь вэб сайтад нийтлэгдсэн байв.
2010 онд сонинд 232, интернэтэд 169, нийт 401 материал /давхардсан тоогоор/ нийтлэгджээ. Үүнээс сонинд нийтлэгдсэн материалыг хэмжиж үзэхэд ХДХВ ба ДОХ-ын асуудлыг хөндсөн 86862 см2 мэдээлэл байв. Энэ нь дунджаар А3 хэмжээтэй 48 нүүр мэдээлэл бөгөөд энэ нь өнгөрсөн жилийн судалгааны материалаас бараг 3 дахин их юм.

Сэтгүүл зүйн бичлэгийн төрлөөр нь харвал нийт материалын үнэмлэхүй буюу 61.8 хувь нь мэдээ байв. Удаагаар ярилцлага, асуудал хөндсөн өгүүлэлийн төрөл оржээ. 2009 онтой харьцуулахад мэдээ, асуудал хөндсөн өгүүллийн төрөл нэмэгдэж ярилцлага, сурвалжлага, нийтлэлийн төрөл багассан байна. Сонинд ХДХВ ба ДОХ-ын тухай бичихдээ мэдээ, асуудал хөндсөн өгүүлэл мөн ярилцлагын төрлийг голдуу ашигладаг бол интернэт дэх мэдээлэл нь мэдээний жанрыг түлхүү ашиглаж байна.


Сэтгүүлчид ХДХВ ба ДОХ-ын талаар бичихдээ тогтсон нэг эх сурвалжид баригддаггүй болох нь харагдаж байна. Тодруулбал, 2009 оны материалуудын 21 хувь нь аман эх сурвалж, 71 хувь нь бичгийн эх сурвалж байсан бол 2010 онд уг үзүүлэлт урвуу хамааралтай болж аман эх сурвалж нь 78 хувь, бичгийн эх сурвалж нь 14 хувьтай болж өөрчлөгджээ.

Сэтгүүлчид ХДХВ ба ДОХ-ын асуудлыг бичихдээ эх сурвалжийн түвшинг тэнцвэртэй барьж чадахгүй байна. Тэд ихэвчлэн мэргэжлийн /эмч, эрүүл мэндийн байгууллага/ бүлгийг гол эх сурвалжаа болгодог хандлага хэвээр байна. Гэхдээ энэ үзүүлэлт өнгөрсөн 2009 оныхоос 10 хувиар буурч, эрэл хайгуул ихтэй, үр дагавар хүртэгсэд буюу ХДХВ ба ДОХ-ын халдвар тээгч, тэдний ар гэр, үр хүүхэд зэрэг өртөх магадлал өндөртэй бүлгийн хувь 4,1 хувиар, сонирхлын бүлэг буюу хөндлөнгийн эх сурвалжийн хувь 6,4 хувиар өссөн эерэг үзүүлэлт судалгааны дүн гарчээ.

2009 оны судалгаанаас сэтгүүлчид ХДХВ ба ДОХ-ын тухай бичихдээ баримтад тулгуурлахыг эрмэлздэг агаад голдуу бичгийн эх сурвалж ашиглагладаг гэсэн ерөнхий дүгнэлт гарсан. Тэгвэл нэг жилийн дотор сэтгүүлчид ХДХВ ба ДОХ-ын талаар бичихдээ үзэл бодлоо оруулах нь эрс нэмэгдэж, 15 хувиас 41 хувьд хүрсэн төдийгүй үнэмлэхүй хувь нь аман эх сурвалж ашигладаг болсон байна. Хоёр жилийн судалгааны дунджаас харахад сэтгүүлчид дийлэнхидээ нэг эх сурвалжийн бүр тодруулбал, дан ганц мэргэжлийн бүлгийнхний /эмч, эрүүл мэндийн байгууллагын/ мэдээлэлд үндэслэж, ХДХВ ба ДОХ-ын талаар бичсээр байна. Гэхдээ 2009 оны мэдээлэлтэй харьцуулбал, үр дагавар хүртэгсэд болон сонирхлын бүлгийнхэн гол эх сурвалж болох нь тодорхой хувиар нэмэгдэж 7,7-өөс 20,9 хувьд хүрч өсчээ.

2009, 2010 оны судалгааны дүнгээс харахад ХДХВ ба ДОХ-ын талаарх мэдээллийн 44-77 хувь нь төвийг сахисан мэдээлэл байгаа нь сэтгүүлчид энэ сэдвийг хөндөхдөө төвийг сахисан байр сууринаас хандахыг хичээдэг нь харагдаж байна. Гэхдээ 2009 оны I, III улиралд эерэг, II улиралд сөрөг өнгө аястай мэдээлэл давамгайлж байсан бол 2010 оны I, II улиралд эерэг III, IV улиралд төвийг сахисан байр сууринаас бичсэн материал давамгайлж байгаа нь ХДХВ ба ДОХ-ын талаар бичихэд улирлын нөлөөлөл тийм ч хамааралтай байдаггүйг баталж байна.

ХДХВ ба ДОХ-ын талаарх нийт материалын 11 хувьд нь уг халдвар тээгчдийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны талаар дурьдсан байна. Гэвч ажлын байрны талаарх мэдээллийн тал хувьд нь биеэ үнэлэгчдийн талаар дурьдсан бөгөөд тэд ХДХВ ба ДОХ-ын халдвар тээгч, амар, хялбар аргаар мөнгө олохыг хүсэгчид гэх мэт мессежийг өгсөн байв. Удаагаар нь ХДХВ ба ДОХ-ын халдвар тээгчдийн ажлын байрны хомсдол болон ажлын байрны дарамтын талаар цөөн хэсэгт дурьдаж, сэтгүүл зүйн бичлэгийн ярилцлага, асуудал хөндсөн өгүүлэл жанрыг ашиглан бичжээ.

Судалгааны хугацаанд ХДХВ ба ДОХ-ын тухай бичсэн сэтгүүлчид нэр томъёог буруу хэрэглэсэн тохиолдол 817 удаа гарсан нь өнгөрсөн жилийнхээс 6 дахин их үзүүлэлт байв. Энэ нь нэг талаас хэвлэл мэдээллийн салбарт шинэ залуу сэтгүүлчид олноороо орж ирж байгаа, нөгөө талаас ХДХВ ба ДОХ-ын талаарх мэдээллийн тоо хэмжээ, давтамж нэмэгдэж байгаатай холбоотой юм. Түүнчлэн ихэнх тохиолдолд “ДОХ-ын халдвар”, “ДОХ-той хүн”, “ДОХ-ын вирус” гэсэн үгийн давтамж олон байгааг дурдах хэрэгтэй.

Иймд:
1. Сэтгүүлчдийн дунд ХДХВ ба ДОХ-ын талаархи сургалтыг тогтмолжуулах,
2. Шинэ залуу сэтгүүлчдийн хамрах хүрээг өргөтгөх,
3. Хэвлэл мэдээллийн салбарын удирдах түвшинд болон хамт олны дунд сургалтыг хийх,
4. Сэтгүүл зүйн бичлэгийн болон мэргэжлийн ёс зүй, стандарт шаардлагыг мөрдөж ажиллах,
5. Аливаа мэдээллийг баримт нотолгоонд суурилж бэлтгэх,
6. Эх сурвалжийн гурван түвшинд мэдээллийг баталгаажуулах /үр дагавар хүртэгсэд, сонирхлын бүлэг, мэргэжлийн бүлэг/
7. Бичлэгийн олон төрөл, жанрыг жигд ашиглах,
8. Хүний эрхийг дээдэлж, ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлолтыг бууруулах,
9. Эерэг болон төвийг сахисан өнгө аястай мэдээллийн хувь хэмжээг нэмэгдүүлэх,
10. Орон нутаг болон гадаад дахь Монголчууд, Монгол дахь гадны иргэдийн ХДХВ ба ДОХ-ын талаар мэдээллийг нэмэгдүүлэх,
11. Халдвартай олон нийтийг чадавхижуулах, нийгэмшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх талаар асуудал хөндөж байх,
12. ХДХВ ба ДОХ-той холбоотой нэр томъёог зөв хэрэглэж хэвших, ялангуяа “ДОХ-ын халдвар”, “ДОХ-той хүн”, “ДОХ-ын вирус” гэсэн үгийг хэрэглэхгүй байх зөвлөмжийг судалгааны багаас хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч, сурвалжлагч нарт зөвлөмж болгож байна.

Европын медиа зах зээлийн судалгаа (“Synovate” компани)

Их Британид төвтэй Олон Улсын Судалгааны “Synovate” компани нь (www.synovate.com) 2003 онд байгуулагдсан, 62 оронд салбартай, 5,662 ажилтантай олон улсын томоохон судалгааны байгууллага юм. Медиа маркетинг болон макро түвшний бүх төрлийн судалгаагаар нэрт гарсан тус компаний 2008 онд хийсэн "Европын медиа зах зээлийн судалгаа"-аас толилуулж байна.
EMS Digital Life -

Үзвэр үйлчилгээний рекламыг 22-23 цагт цацах хэрэгтэй

Үзэгчдэд хамгийн их нөлөөлсөн 100 реклам хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн 12 сарын судалгаанд багтжээ. Олон давтамжтай, телевиз бүрээр гардаг учраас нөлөөлсөн гэж 34.3 хувь хариулсан бол 27.1 хувь нь “хөгжилтэй байсан учраас миний сонирхлыг татсан” гэж хариулжээ.

Үнэн бодит судалгаа нь сурталчилгааг амжилттай хүргэх ажлын салшгvй хэсэг тул Хэвлэлийн Хүрээлэн Улаанбаатар хотын 500 өрхийг хамруулан хэвлэл мэдээлэл хэрэглэгчийн судалгааг явуулсаар найман жилийн нүүрийг үзсэн байна.

Телевизийн реклам нь үзэгчдийн анхаарлыг татсан үр ашигтай байхын тулд агуулга, хэлбэрээрээ сонирхолтой байх шаардлагатай. Сайн хийгдсэн реклам нь хүмүүсийг бараатай танилцуулахаас гадна худалдан авалтыг нэмэгдүүлж, хэрэглэж үзэх хүсэл сэтгэгдэл төрүүлдэг. Харин тааруухан хийгдсэн реклам нь барааны эрэлтийг бий болгох биш эсрэгээр бүр татгалзахад хүргэдэг билээ.

Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнээс хамаарч рекламыг оновчтой байршуулах нь чухал. Үзвэр үйлчилгээний рекламыг 22-23 цагт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний рекламыг 20-22 цагт, үл хөдлөх хөрөнгө орон сууцны рекламыг 18-20 цагт цацах нь хамгийн өгөөжтэй болохыг хэрэглэгчдийн судалгааны үр дүн харуулж байгаа юм. Өнөөгийн нөхцөлд телевизийн оргил буюу цацах боломжит цаг, үзэгчдийн насны онцлог, телевизүүдийн хүртээмж, нэвтрүүлгийн рейтинг, үзэгчдийн тоо зэрэгт үндэслэн өөрийн рекламаа олон хүнд хүргэх нь хамгаас чухал болоод байна.

Энэ дашрамд 2011 онд “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-ны хүрээнд хамтран ажиллах бизнесийн компани, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг урьж байна. Манай судалгаа мэдээллийн орон зайд байр сууриа баттай хадгалж, реклам сурталчилгааны даяар зах зээлд хөтлөх болно.

Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба
Утас: 70113475

Хичээлийн контент

Саяхан МУИС дээр "Хэвлэл мэдээллийн социологи" хичээлийг 2 удаа орсон юм. "Олон түмний хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн судлах нь" болон "Мэдээллийн бичиг үсэгт тайлагдах нь" хичээлүүдийг социологийн 3-р ангид заалаа. Тус хичээлүүдийнхээ агуулгыг товчхон хүргэж байна.

Хичээл: 1
Сэдэв: Мэдээллийн бичиг үсэгт тайлагдах нь (Media Literacy)
Зорилго: Сэтгүүлзүйн анхан шатны ойлголт олгох
Хэлбэр: богино хэлбэрийн лекц, ярилцлага, хэлэлцүүлэг

Мэдээллийн гэж нэрлэгдэж буй энэ зуунд жирийн иргэд үндэснийхээ бичиг үсэг, өөр гадаад хэл сурч мэдэхээс гадна мэдээллийн бичиг үсэгт тайлагдах нь тун чухал болоод байгаа юм. Тиймээс хүн бүрийн наад зах нь мэдэж ойлгож байх ёстой дараах зүйлсийг энэ хичээлээр зааж ойлгуулах болно. Үүнд:

Хичээлийн контент:
• Баримт ба үзэл бодлын ялгаа (түүнийг таних нь)
• Мэдээллийн хэрэгслийг хэрхэн сонгох вэ? (чанар, хүртээмж, судалгаа)
• Сэтгүүл зүйн мэдээллээс хэрэглэгч юу шаардах ёстой вэ? (хууль эрх зүйн орчин, мэдэх ёстой зүйл)
• Сэтгүүл зүйн үндсэн ойлголт (судлах зүйл, төрөл жанр, өнөөгийн сэтгүүлзүйн байдал)

Гэрийн даалгавар: http://mongolianjournalism.blogspot.com/ блогоор орж холбогдох сэдвийг уншиж танилцах

Хичээл: 2
Сэдэв: Олон түмний хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийг судлах нь
1.ОТХМ-ийн хэрэглэгч
Хэрэглэгчид нь нэгд нийгмийн харилцааны уялдаанд бий болсон бүтээгдэхүүн, хоёрт хэвлэл мэдээллийн тухайлсан хэв загварт тохирсон хариу үйлдэл юм.
2.Хэрэглэгчдийн хэлбэрүүд
Хэрэглэгчид нийгэм, хэвлэл мэдээлэл дотор бий болдог. /Макро микро түвшинд/
3.Хэрэглэгчийн тухай ойлголт (audience) – media audience
Уламжлалт ойлголт /үзэгч, сонсогч гэсэн зөвхөн хүлээн авагч/-Эртний Грект
Орчин үеийн ойлголт /үзэх сонсох + хариу өгөх/ - нийгмийн гишүүнийхээ хувьд хэвлэл мэдээллийн тодорхой агуулга, хэлбэрт хариу өгдөг байна.
Яагаад хэвлэл мэдээллийг хэрэглэдэг вэ?
•Өдөр тутмын амьдралаасаа хөндийрөх гэж
•Өөрийнхөө гадна ертөнцөд юу болсныг мэдэх
•Өөрийгөө бусадтай харьцуулах
•Хамт цаг нөхцөөх гэж

4.Хэрэглэгчдийн судалгааны зорилго
Судлаачид дараах хандлагаар хэрэглэгчдийг судалдаг.
1.Бүтцийн хандлага /хэрэглэгчид хэн бэ, хаана байдаг вэ, хэр хэмжээтэй вэ, яаж тэдэнд хүрэх вэ/ Гол арга нь асуулга, статистик
2.Зан байдлын хандлага /behaviour/ /идэвхитэй хэрэглэгчид нь хэвлэл мэдээллийн агуулгаас ямар сэдлээр сонголт хийдгийг хэлж өгнө/ Гол арга нь асуулга, туршилт
3.Нийгэм соёлын хандалаг /тухайлсан сэдэв, төрөл зүйлийг хэрэглэгчид хэрхэн ойлгосныг тайлбарлаж, идэвхитэй идэвхигүй хэрэглэгчийн ялгааг гарган улмаар агуулгыг зорилготойгоор хэрэглэсэн эсэхийг чанарын шалгуураар харуулдаг/ Чанарын судалгаа

5.Хэрэглэгчдийн судалдаг зарим онол
•Хэвлэл мэдээллийг ашиглах ба сэтгэл ханамж авах онол /1974/
•Хүлээн авагчийн судалгаа /1980/
•Бусад /гэйткийпинг, аженда сеттинг, прайминг, нийгмийн тэмдэглэгээний, танин мэдэхүйн загварын, мэдээ үйлдвэрлэлийн зэрэг/
6.Монгол дах ХМХС-ын байдал, хөгжлийн төвшин
Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгааг Хэвлэлийн Хүрээлэн 2003 оноос тогтмол явуулж ирсэн нь энэ судалгааны хөгжлийн нэг томоохон хэмжүүр болж өгсөн. Бизнесийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл хийгдсээр байна.
ОУ-ын хэвлэлмэдээллийн судалгааны хөгжлийн төвшинтэй харьцуулахад техник болоод аргачлалын хүрээнд Монгол улс хараахан бүрэн хөгжиж чадаагүй байна.

“Тусгай салаа” УСК-ны үзэгчдийн рейтинг

Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны албанаас телевизүүд болон бизнесийн компаниудын “Хамтарсан Зөвлөл”-ийн хүрээнд явуулдаг “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчид"-ийн 10 сарын судалгаа (№72) хийгдэж дууслаа.

МҮОНТ-ээр гарч дууссан олон ангит “Тусгай салаа” уран сайхны киноны 10 сарын 04-10 хоорондох хамгийн олон үзэгчтэй – өндөр рейтингтэй ангийг тодруулсан судалгааны дүнг танилцуулъя.

Судалгааны долоо хоногийн хамгийн өндөр рейтингтэй (25.2%) уран сайхны кино “Шилдэгийн шилдэг” МҮОНТ-ээр 10 сарын 10-ны ням гарагт гарсан байна. Топ 30 кинонд олон ангит цуврал сериал 13 кино, нэг ангитай уран сайхны 9 кино, Монголын уран сайхны 2 кино багтсан бол “Тусгай салаа” 60 ангит олон ангит киноны 6 дугаар багтжээ.

“Тусгай салаа” уран сайхны киноны хамгийн их үзэгчтэй анги нь 11, 12-р анги байсан байна. 15.0 хувийн рейтингтэй гарсан тус хоёр ангийг 12-20 болон 40-50 насныхан болон эрэгтэйчүүд ихээр үзжээ. Удаах өндөр рейтингтэй 13, 14-р ангийг (14.9%) эрэгтэйчүүдээсээ эмэгтэйчүүд илүүтэй үзсэн байна. Пүрэв гарагийн 17, 18 анги 13.2%-ийн рейтингтэй, баасан гарагийн 19, 20 анги 12.8%-ийн рейтингтэй байв.

Аливаа кино, нэвтрүүлэг 10 хувиас дээш рейтингтэй гарвал онолын хувьд үзэгчдэд хүрч чадсан гэж үзэж болдог. Судалгаанаас үзэхэд 09 сарын 27-с эхлэн МҮОНТ-ээр даваагаас баасан гарагт цувралаар үзүүлсэн “Тусгай салаа” киног 80 – 120 мянган үзэгч тогтмол үзэж байсан байна.

“Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-наас энэ мэт телевиз, кино, нэвтрүүлэгтэй холбоотой бүх төрлийн мэдээллээс гадна радио, интернет, хэвлэлийн цогц судалгааны дүнг авах боломжтой.

Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба
Утас: 70113475