"Хүүхдийн эрх, хамгааллын талаарх хэвлэл мэдээллийн мониторинг" тайлан минь гарлаа

Миний бие 2011 онд хоёр томоохон мониторингийн судалгаан дээр ажилласан юм. Түүний нэг болох "Хүүхдийн эрх, хамгааллын талаарх хэвлэл мэдээллийн мониторинг" маань саяхан дуусгавар болж тайлан хэлбэрээр хэвлэгдлээ.

НҮБ-ийн Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр Хэвлэлийн Хүрээлэнгээс хэрэгжүүлсэн уг мониторинг нь хэвлэл мэдээллийн салбарт хүүхдэд ээлтэй мэдээллийн орчин бий болгох тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн дагуу хүүхэд хамгааллын асуудал хэвлэл мэдээллийн нийтлэл, нэвтрүүлгийн бодлогын түвшинд хэрхэн хэрэгжиж буйг тандсан судалгаа юм.

2006 болон 2008 онд хэрэгжүүлсэн хүүхдийн сэдэвт хэвлэл мэдээллийн судалгааны үр дүнтэй харьцуулж, мэдээллийн хэрэгсэлд хүүхдийн асуудлыг хэрхэн тусгаж байгаа, ямар өөрчлөлт ахиц дэвшил гарсан, хүүхдийн эрхийн асуудлыг сэтгүүлчид сурвалжлахдаа мэргэжлийн болон ёс зүйн хэм хэмжээг хэр баримталж буй зэрэгт дүгнэлт хийн, зөвлөмж гаргалаа. Энэ удаагийн мониторинг нь хэвлэл мэдээлэлд хүүхдийг сэдэв, оролцогч, хэрэглэгч болохын хувьд авч үзсэнээрээ онцлог байв.

No comments: