SPSS 16 програмыг хэрхэн компьютертоо суулгах вэ?

Нийгмийн судалгааны статистик шинжилгээний SPSS (Өдгөө 17-с хойших хувилбараа PASW хэмээн болсон) програмын хэрэглээ Монголд өргөн дэлгэр болоод удаж байна. Энэ програмтай ажилладаг судлаачид, багш, сайн дурын мэргэжилтнүүд ч олширсон байна. Иймээс SPSS 16 хувилбарыг хэрхэн компьютертоо суулгах зааврыг хүргэж байна.

"Иргэдийн нийгэм, улс төрийн үнэлэмж, чиг хандлага" судалгааны дүн (МАН)

“ИРГЭДИЙН НИЙГЭМ, УЛС ТӨРИЙН ҮНЭЛЭМЖ, ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ СУУРЬ СУДАЛГААНЫ ТАЙЛАН ДҮГНЭЛТ
Нийслэлийн Монгол Ардын Намын Хорооны дарга Г.Мөнхбаярын тавьсан саналын дагуу Улаанбаатар хотын оршин суугч, иргэдийн нийгэм, улс төрийн идэвх оролцоо, байр суурь, үнэлэлт дүгнэлт, чиг хандлага, улс төрийн нам, улс төрчдийн рейтингийг тандан судлах зорилгоор социологийн суурь судалгааг Нийгмийн ардчиллын хүрээлэн 2011 оны 9 дүгээр сарын 16-наас 30-ны өдрүүдэд хийж, дүнг нэгтгэн, тайлан дүгнэлт бэлтгэв.

"Хөтөлбөрийн ахлах судлаач"ийн ажилд урьж байна

Монгол улсын Засгийн газар нь Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөр, төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Үүнтэй холбогдуулан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэргэд Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжүүд ажиллаж байна. Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжид гэрээгээр гүйцэтгэх дараах ажлын байрыг зарлаж байна.

Хийх ажил:
·Судалгааны явцын төлөвлөлтийг хийх, зохион байгуулах, хяналт тавих
Хөтөлбөрийн нэгжийн хэрэгжүүлж буй ООТА-ын судалгааны ажлын үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг дээшлүүлэх, төлөвлөлт, тайлагналтыг цаг хугацаанд нь хийлгэх.

·Судалгааны явцад оролцогч талуудтай харилцах
Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд (мэдээллийн системийн ажилтан, зорилтот хүрээг тодорхойлох ажилтан, төлбөр тооцооны ажилтан, олон нийттэй харилцах ажилтан, мониторингийн ажилтан), гадаад болон дотоодын зөвлөхүүдтэй хамтран ажиллаж, чиглүүлж, хоорондын уялдаа холбоог хангах.

·Хөтөлбөр болон төслийн үйл ажиллагааг дэмжих
Хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг нэгтгэн гаргахад хөтөлбөрийн зохицуулагчид дэмжлэг үзүүлэх.

Тавигдах шаардлага:
·Статистик, эдийн засаг, социологийн чиглэлээр мэргэшсэн, мэргэжлээрээ магистр буюу түүнээс дээш зэрэгтэй байх
·Ижил төстэй албан тушаалд 3-аас доошгүй жил мэргэжлээрээ болон удирдах ажил хийсэн туршлагатай байх
·Өрхийн судалгаа эсвэл хүн амын тооллогын судалгаанд оролцож, зохион байгуулж байсан туршлагатай байх
·Өрхийн судалгааны мэдээлэлд анализ хийж байсан туршлагатай байх
·Майкрософт хэрэглээний програм болон Статистик судалгааны програмуудад /SPSS, STATA эсвэл SAS/ анализ хийх чадвартай байх
·Бичгийн болон ярианы англи хэлний өндөр чадвартай байх
·Ажлын шаардлагаар илүү цагаар ажиллах боломжтой байх

Сонирхсон иргэд дараахь материалыг тус бүр 2 хувь бүрдүүлэн дугтуйлж ирүүлнэ. Үүнд:
·Ажилд орохыг хүссэн өргөдөл
·Анкет
·4х6 хэмжээтэй цээж зураг
·Диплом, сертификатын хуулбар
·Урьд ажиллаж байсан хоёроос доошгүй байгууллагын ажил байдлын талаархи тодорхойлолт.

Материалыг 2012 оны 01 дугаар сарын 20-ны өдрийн 15.00 цаг хүртэл дараах хаягаар хүлээж авна.

Хаяг: Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны 318 тоот өрөө

Зөвхөн эцсийн шалгаруулалтад шалгарсан хүмүүстэй эргэж холбоо барина. Тодруулгыг 976-51-264624, 323473 утас, ts.enkhtuya@mswl.gov.mn электрон хаяг болон www.fnswpp.mn вебсайтаар хандаж лавлана уу.

Зөвлөх үйлчилгээний урилга

Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох аргачлал нь (Proxy Means Testing) өрхийн амьжиргааны түвшинг үнэлж, нийгмийн дэмжлэг, тусламж хүртэх шаардлагатай өрхүүдийг тодорхойлоход чиглэгдэнэ. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам (НХХЯ) нь энэхүү батлагдсан аргачлалын дагуу судалгааны ажлыг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах тул сонирхсон зөвлөх хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

1. Зөвлөх үйлчилгээ нь нийт 7 багцтай бөгөөд уг зөвлөх үйлчилгээний зорилго нь багцад хамаарах аймгийн өрхийн гишүүдээс судалгааны батлагдсан маягтын дагуу ярилцлага авах замаар тэдгээр өрхийн нийгэм, эдийн засгийн байдлыг үнэлэх мэдээллийг цуглуулах, цуглуулсан мэдээллийг компьютерийн тусгай программыг ашиглан өгөгдлийн санд шивж өрхийн мэдээллийн сан үүсгэхэд оршино.

2. БАГЦЫН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ:
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь танилцуулга хүсэлтийг 3-аас доошгүй хуудсанд багтаан бичих ба зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТХуулийн 14–16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:
• Хийж гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний зорилгоо тодорхойлсон байдал, ерөнхий танилцуулга, байгууллагын гэрчилгээний хуулбар
• Нийтлэл, ижил төстэй судалгааны ажлын хэвлэгдсэн тайлангийн жагсаалт /шаардлагатай бол хавсаргах/
• Сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн ижил төстэй судалгааны ажлын туршлагын мэдээлэл
• Зөвлөх багийн ажиллах хүчний чадавхийн мэдээлэл /голлох судлаачдын мэргэшил, ур чадварын мэдээлэл, боловсролын болон эрдмийн зэрэг, цолны дипломын болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, иргэний баримт бичгийн хуулбар/
• Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан, нийгмийн даатгалын байгууллагын болон татварын байгууллагын тодорхойлолт/

Чадварыг нэмэгдүүлж, сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

3. Сонирхсон зөвлөх хуулийн этгээд 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 11.00 цагт Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны хурлын танхимд ирж нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлгээ 2012 оны 1 дүгээр сарын 16–ны өдрийн 11.00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны 2 давхарт 207 тоот өрөө,
Нэгдсэн үндэстний гудамж, Засгийн газрын 2 дугаар байр,
Улаанбаатар-15160, Монгол улс
Утас: 261119

Жендэрийн талаарх олон нийтийн санал бодлын шинэ судалгаа

УИХ-ын сонгуулийн тухай хуульд УИХ-ын сонгуульд нийт нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь нь эмэгтэй байна хэмээн анх удаа квот тавьж өгөв. Нам бүр нэр дэвших 76 хүнийхээ 15-ыг эмэгтэй байлгах үүргийг хуулийн өмнө хүлээлээ. Тэгвэл эмэгтэй нэр дэвшигчдийн сонгогдох магадлал ямар байгаа вэ. Сонгогчид тэднийг хэрхэн үнэлдэг вэ?

“Сант Марал” сангаас АНУ-ын Азийн сангийн захиалгаар Жендэрийн талаарх олон нийтийн санал бодлын шинэ судалгаа хийж дүнг гаргажээ. Судалгааг 2011 оны аравдугаар сарын 21-24-нд нийслэлийн 800 иргэний дунд хийсэн байна.
“Одоогийн УИХ гуравхан эмэгтэй гишүүнтэй, таны бодлоор яагаад ийм цөөхөн эмэгтэй гишүүн сонгогдсон бэ” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын хамгийн олон буюу 32,4 хувь нь “Одоогийн бий болсон улс төрийн сүлжээнд эмэгтэйчүүд нэвтэрч орох боломжгүй” хэмээн хариулжээ. Эрчүүдийн 25,3 хувь, эмэгтэйчүүдийн 37,6 хувь үүнийг хүлээн зөвшөөрсөн байна. “Хэрэв танай тойргоос сонгуулиар эмэгтэй нэр дэвшигч өрсөлдвөл та санал өгөх үү” гэсэн асуултад эрчүүдийн 41,5 хувь, эмэгтэйчүүдийн 65,2 хувь буюу нийт судалгаанд оролцогчдын 55,1 хувь нь “Тийм” гэж хариулжээ. Эндээс харвал сонгогчид эмэгтэй нэр дэвшигчдийг урьд өмнөхөөс илүүтэй дэмжих сэтгэл зүй бүрдсэн байна.

Харин “хэрэв дэмжихгүй бол яагаад” гэсэн асуултад “Энэ бол манай парламентын уламжлалт ёсонд нийцэхгүй” гэж эрчүүдийн 8,5 хувь, эмэгтэйчүүдийн 13,8 хувь хариулжээ. “Эмэгтэйчүүд гэртээ байж гэр орноо авч явах ёстой” гэж эрчүүдийн 28 хувь, эмэгтэйчүүдийн 31 хувь үзсэн байна. Эндээс харвал эмэгтэй сонгогчид эрчүүдээсээ илүү хуучинсаг үзэлтэй болж таарлаа.
Анхаарч үзвэл зохих нэг зүйл нь “намуудад нэр дэвшиж гарч ирэх үнэлүүштэй эмэгтэй алга” гэж эрчүүдийн 61 хувь, эмэгтэйчүүдийн 51,7 хувь үзсэн нь улс төрийн намууд эмэгтэй гишүүдээ сайн сурталчилж таниулж чадаагүй, чадалтай бүсгүйчүүд эрчүүд шиг өөрийнхөө РR-ыг хангалттай хийж чаддагүйтэй холбоотой гэж үзэхээр байгаа юм.

Эмэгтэй нэр дэвшигчийн сул талыг “зан аашийн байдал” гэж эрчүүдийн 12,9 хувь, эмэгтэйчүүдийн 14,3 хувь үзжээ. Бас л эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ сул үнэлсэн байна. Сурталчилгаа муу, сонгогчидтой холбоо тааруу гэж эрчүүд, эмэгтэйчүүд бараг эн тэнцүү 4,4 орчим хувь нь үзжээ. “Улс төрд орон зайгүй учраас эмэгтэйчүүд дундаж гишүүнээс илүү ухаалаг байх ёстой” гэж эрчүүдийн 38,5 хувь, эмэгтэйчүүдийн 44,6 хувь хариулжээ. Бас л эмэгтэй нь эмэгтэйгээ дутуу үнэлдгийн илрэл гарч ирсэн байна. “Идэвхтэй, шийдэмгий, манлайлагч бай” гэж эрчүүдийн 1,5 хувь нь эмэгтэй нэр дэвшигчдийг зоригжуулсан нь эмэгтэйчүүдээс 0,3 хувиар илүү байна. Бас багаар сайн ажиллавал амжилтад хүрнэ гэж эрчүүд эмэгтэйчүүдээс нэг хувь илүү дэмжжээ.
“Сонгуулийн үеэр адилхан шинж чанартай эрэгтэй, эмэгтэй хоёр нэр дэвшигч байгаа тохиолдолд эмэгтэй нэр дэвшигчид санал өгөх магадлал хэр байгаа вэ” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 54,8 хувь нь “эмэгтэйд нь” гэжээ. “Орчин үеийн Монголын нийгэмд эмэгтэйчүүдийн байр суурь хүчтэй” гэж эрчүүдийн 39,1 хувь, эмэгтэйчүүдийн 54,8 хувь, “хүчтэй тал руугаа гэж” эрчүүдийн 37,4 хувь, эмэгтэйчүүдийн 29,3 хувь хариулжээ. “Сул” гэж гурав орчим хувь нь л үзсэн байна. Харин улс төрийн хүрээнд эмэгтэйчүүдийн байр суурь сул гэдгийг эрчүүдийн 29,7 хувь, эмэгтэйчүүдийн 25,7 хувь хүлээн зөвшөөрсөн байна. Иймд энэ байдлыг засах ёстой гэж хариулт өгсөн иргэдийн 50 гаруй хувь үзжээ.

Дээрхээс харахад харин ч эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дутуу үнэлдэг, сул гэж үздэг ажээ. Тиймээс нэр дэвшигч эмэгтэй ч, сонгогчдын 51 хувийг бүрдүүлдэг сонгогч эмэгтэйчүүд ч зоригтой байвал ялах магадлал байгааг “Сант марал” сангийн судалгаа харуулж байна.

Эмэгтэй улс төрчдийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн мэдээлсэн бэ?

Глоб интернэшнл ТББ-аас “УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүдийг дэмжих нь” төслийн хүрээнд өргөн хэрэглээний сонин, цахим хуудсуудад эмэгтэй улс төрчид, эмэгтэй нэр дэвшигчид, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн талаар хэрхэн мэдээлсэн байдлыг илрүүлэх түргэвчилсэн мониторинг хийлээ.

Мониторингийг 2008 оны 6-р сарын 21-27, 2011 оны 6-р сарын 13-19, 2011 оны 10-р сарын 12-25-ны өдрийг дуусталх хугацаанд өдөр тутмын “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, долоо хоног тутмын “Хүмүүс”, “Сэрүүлэг” сонин, http://www.news.mn/, http://www.olloo.mn/, http://www.factnews.mn/, http://www.caak.mn/, http://www.medee.mn/, http://www.amjilt.com/, http://www.gogo.mn/, http://www.shuud.mn/ цахим хуудсуудад нийтлэгдсэн мэдээллүүдэд хийсэн.

Ажиглагчид тусгайлан боловсруулсан түлхүүр асуулт бүхий тэмдэглэлт хүснэгтийн дагуу тоон болон чанарын мэдээлэл цуглуулж, excel программд оруулж кодлон, SPSS 16.0 программаар боловсруулав.

Мөн www.google.mn хайлтын системээс “эмэгтэй улс төрч”, “эмэгтэй нэр дэвшигч” гэсэн түлхүүр үг ашиглан 2008 оноос 2011 оны 10-р сарын 25-ны өдрийг хүртлэх хугацаанд санамсаргүй байдлаар илэрсэн эхний 50 мэдээлэлд дүн шинжилгээ хийлээ.

Мониторингийн хугацаанд нэр бүхий таван сонин, цахим хуудсуудад эмэгтэй улс төрч, эмэгтэй нэр дэвшигчидтэй холбоотой 350 мэдээлэл гарсан байна. Үүний 287 буюу 82 хувь нь тодорхой нэр заасан эмэгтэйчүүдийн тухай байв. Үүнээс 230 буюу 80,1 хувь нь цахим хуудсанд, 57 буюу 19,8 хувь нь сонинд нийтлэгджээ.

Нийт 42 эмэгтэйтэй холбоотой мэдээлэл байснаас нийт мэдээллийн 39,3 хувь нь УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Арвин, Д.Оюунхорол нарын тухай байна. Эдгээрээс С.Оюунтай холбоотой мэдээлэл хамгийн их буюу нийт мэдээллийн 22,3 хувийг эзэлж байгаа боловч 18,2 хувь нь шууд буюу өөрөөс нь авсан, үлдсэн нь нэр нь дурьдагдсан мэдээлэл байлаа.

Таван сонинд нийтлэгдсэн эмэгтэйчүүдийн тухай бичвэр хэмжээний хувьд сонины нэг нүүрийг 1565 см2 гэж үзвэл нийт сонины 105 нүүр болсноос нэр бүхий эмэгтэйчүүдийн тухай бичигдсэн 57 мэдээлэл 12,4 нүүр эзэлж байна. Энэ нь дан эрчүүдтэй холбоотой мэдээллийн хэмжээнээс 5,9 дахин бага талбай байна. Цахим хуудсан дахь мэдээлэл Times New Roman 9 фонтоор бичигдсэн А4 хэмжээтэй 27,9 нүүр материалтай тэнцэж байна.

Мэдээллийн өнгө аясын хувьд нийт мэдээллийн 58 хувь нь дундаж утгаар, 25 хувь эерэг, 16,7 хувь сөрөг агуулгатай байна. Эмэгтэй нэр дэвшигч, эмэгтэй улс төрчидтэй холбоотой таван мэдээлэл бүрийн дөрөв нь нэр дурьдагдсан мэдээлэл байна.

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд зайлшгүй хэрэгтэй 41 хувь, тодорхой хэмжээгээр байх хэрэгтэй 36 хувь, байж ч болно, байхгүй байсан ч болно 18 хувь, бараг хэрэггүй 4 хувь, огт хэрэггүй гэсэн агуулгатй мэдээлэл нэг хувь байна.

Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС татаж авна уу

Ш.Ичинхорлоо "Боловсролын социологийн удиртгал" 2011

Боловсролын Их Сургуулийн багш Ш.Ичинхорлоо "Боловсролын социологийн удиртгал" хэмээх шинэ номыг энэ онд эрхлэн хэвлүүлсэн байна. Гадаад хэлний багш, заах арга зүйч мэргэжилтэй тэрээр боловсролын социологийн "удиртгал" суурь зарим зүйлийг багтаасан хэмээн өмнөх үгэндээ дурьджээ.
Гарын авлагад боловсролын социологийн тухай, түүний зорилго, судлах зүйл, үндсэн асуудал, боловсрол, нийгэмшил, давхраажил, боловсролын социологийн судалгааны арга, боловсролын үзэгдэлд социологийн анализ хийх тухай өгүүлжээ. Гарын авлагын зорилтот бүлэг нь боловсрол судлалын магистр, докторантын сургалтанд зориулсан юм байна.

Улаанбаатар хот 2011 он
ДДС 306.43
И-967
ISBN 978-99929-4-947-3