СОНГУУЛИЙН ИДЭВХ, СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООНЫ ТАЛААРХ ИРГЭДИЙН ОЙЛГОЛТ, МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛ МУУ БАЙНА

Үндэсний судалгааны Эм Эм Си Жи ХХК нь "НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ТАЛААРХ ИРГЭДИЙН ХАНДЛАГЫН СУУРЬ ТҮВШИН ТОГТООХ СУДАЛГАА"-г улсын хэмжээнд хоёр дахь удаагаа явууллаа.

Сонгуулийн хууль болон сонгуулийн тогтолцоо нь орон нутгийн төлөөллийн чанарт ихээхэн нөлөөтэй байдаг. Сонгуулийн тухайн тогтолцоо том намуудад давуу байдал олгох эсвэл тодорхой бүлгүүдийг гадна үлдээх эсвэл намуудын эрх мэдлийн шатлалыг дэмжсэн хэлбэртэй байж болдог. Иймд сонгуулийн тогтолцооны талаар иргэд тодорхой ойлголттой байх нь чухал ач холбогдолтой. Одоогийн сонгуулийн тогтолцооны талаарх иргэдийн ойлголт, мэдлэг, мэдээлэл маш тааруу байгаа нь судалгаанд оролцсон 5 хүн тутмын 1 нь орон нутгийн сонгуулийн холимог тогтолцоо оновчтой эсэх талаар ямар нэгэн санал бодол хэлж мэдэхгүй байгаагаас харагдаж байна.

Иргэдийн тал хувь нь сонгуулийн холимог тогтолцоог оновчтой бус гэж үзэж байна. Иргэдийн 57% нь тойргоос сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид тэднийг төлөөлж чадна гэж үзэж байгаа бол 27% нь жагсаалтаар сонгогдсон төлөөлөгчид тэднийг төлөөлж чадна гэж үзэж байна. Энэ дүнг хот, хөдөөгөөр ялган авч үзвэл УБ хотын иргэдийн 48.8%, хөдөөгийн иргэдийн 62.6% тойргоос сонгогдсон төлөөлөгчдөд итгэл үзүүлж байна.

Сонгуулийн ирц нь тухайн институцэд иргэдээс үзүүлж буй итгэлийг илэрхийлэх нэг үзүүлэлт юм. Иргэд, ялангуяа Улаанбаатар хотын иргэд орон нутгийн сонгуульд УИХ-ын сонгуулиас бага ач холбогдол өгч байна.
Орон нутгийн сонгуулийн ирц муу байгаа шалтгааныг УИХ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай харьцуулахад төсөв хөрөнгө бага байдгийн улмаас мэдээлэл муу хүрдэг, хүйтний улиралд өвлийн бэлтгэл гэх мэт их ажлын үеэр явагддаг, өмнө нь сонгууль болсон учраас залхсан байдаг, ерөнхийдөө иргэдийн төрд итгэх итгэл буурсан зэрэгтэй холбон тайлбарлаж байлаа. 

Иргэдийн 90 гаруй хувь нь 2016 оны сонгуульд оролцоно. ИТХ иргэдийн хувьд ямар ач холбогдолтой байгууллага болох, төлөөлөгч ямар үүрэгтэй байдаг, өдөр тутмын амьдралтай холбоотой асуудал тулгарвал хэнд хандаж шийдвэрлүүлэх талаар иргэдийн мэдлэг ерөнхийдөө хомс байна. Иргэд сонгосон төлөөлөгчөөр дамжуулан шийдвэр гаргахад оролцох, үзэл бодлоо илэрхийлэх гэхээсээ илүү 4 жилд 1 удаа сонгуульд оролцоно гэсэн байдлаар хандах нь элбэг байна.

No comments: