УУРХАЙН НӨЛӨӨЛЛИЙН БҮСЭД АМЬДАРЧ БУЙ ИРГЭД ЭРХЭЭ ХАМГААЛАХ БОЛОМЖОО ЭРЭЛХИЙЛЖ БАЙНА

Нээлттэй Нийгэм Форум ба Дэлхийн нөөцийн хүрээлэнтэй хамтран “Иргэдийн байгаль орчны мэдээлэл авах эрхийг баталгаажуулах нь” төслийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бил. Төслийн эхний үе шатуудыг Туул голын эрэг дагуух Төв аймгийн Заамар сум, түүний Хайлааст баг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13-р хороо буюу Туул тосгон, Шувуун фабрик ба зэргэлдээх 12 дугаар хороо буюу Биокомбинатын нутаг дэвсгэрийн байгаль орчны нөхцөл байдал, тэнд амьдарч байгаа иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудлаар хэрэгжүүлсэн.
Энэхүү төслийн үнэлгээний судалгааг үндэсний судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК 2019 онд хийж гүйцэтгэсэн юм. Төслийн багийнхантай 2019 оны 11 дүгээр сарын 4-5-ны хооронд төсөл хэрэгжсэн газруудад ажилласан тэмдэглэлээсээ хуваалцаж байна.
“Иргэдийн байгаль орчны мэдээлэл авах эрхийг баталгаажуулах нь”  төсөл орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурласан төрийн бус байгууллага байгуулахад дэмжиж,  хуулийн хүрээнд байгаль орчны талаар мэдээлэл олж авах, аюулгүй орчинд амьдрах эрхээ баталгаажуулах, нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах чиглэлд дэмжин ажиллаж байгаа юм. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 13-р хороо буюу Туул тосгон, Шувуун фабрик ба зэргэлдээх 12 дугаар хороо буюу Биокомбинат, хил залгаа Төв аймгийн Алтанбулаг сумдын суурьшлын бүсэд хайрга дайргын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг аль шатанд, ямар албан тушаалтан олгож буй, ингэхдээ бүсийн тухайн оршин суугчдаас санал авсан эсэх, нэгэнт олборлолт эхэлсэн компаниудын үйл ажиллагааны улмаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж буй асуудлаар  ажиллаж, Туул голын сав дагуу хууль бус олборлолт явуулж байсан 96 тусгай зөвшөөрлийг цуцлуулж, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Туул голыг хамгаалахтай холбоотой 03, 05 тоот тогтоол гаргуулж, хэрэгжилтийг хангуулахад анхаарч энэ хүрээнд Засгийн газарт 31 үүрэг даалгаврыг хүргүүлсэн. Түүнчлэн иргэдийн оролцоонд тулгуурлан байгуулсан төрийн бус байгууллагууд стратегийн өмгөөлөл хийж, “Боржигоны тал” ХХК-ны Байгаль орчинд нөлөөлөх  байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаад байна.
Харин Төв аймгийн Заамар сумын хувьд Засгийн газраас 2017 онд зарласан Алт-2 хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн тусгай хамгаалалттай газарт олгосон 21,169.58 га талбайг хуулийн хүрээнд тэмцэл хийсний дүнд 15,541.08 болгосон. Шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийтийн эрх ашгийн өмгөөлөл явуулсны үр дүнд талбайн хэмжээг 3964 га болгож багасгаад байна. 2018 оны 4 сараас хойш 3964 га талбайг цуцлуулахаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гарган ажиллаж байгаа юм. Түүнчлэн Засгийн газрын шийдвэрээр бичил уурхай эрхлэгчдийн нөхөрлөлийн бүлгүүд компаниудын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн газруудад олборлолт хийсээр байгааг орон нутгийн ТББ-ууд бүртгэлжүүлэн, хариуцлагажуулах чиглэлд ажиллаж байна.

2018 оноос төслийн хамрах хүрээ өргөжиж дээрх орон нутгуудаас гадна байгаль орчны хувьд онцгой ач холбогдолтой бүс нутгууд, мөн “Төлсөн авснаа нийтэл” эвслийн гишүүн байгууллагуудын үйл ажиллагаа явуулж буй зарим аймаг, сумдыг хамруулж эхэлсэн байна. Үүнд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум багтаж байгаа юм. Энэ суманд өнөөдрийн байдлаар ашигт малтмалын 33 лиценз олгогджээ. Үүний дотроос Хятадын 100 хувийн  хөрөнгө оруулалттай “АДАЭ”  компани  жоншны олборлолт эхлүүлсэн байна. Тус компани олборлолтын төслийнхөө Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийхдээ багийн иргэдийн саналыг авалгүй, 13 хүний  гарын үсгийг хуурамчаар  бүрдүүлсэн төдийгүй өнөөг хүртэл ус ашиглах зөвшөөрөл авалгүйгээр  эрх мэдэлтнүүдтэй тохиролцож  хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн гомдлыг Эрдэнэцагаан сумынхан  хэлж байна. Мөн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутгаар Бичигтийн хилийн боомт хүртэлх “Петрочайна Дачин Тамсаг” компанийн тээвэрлэлт 200-аад км дайрч өнгөрөхдөө ихээхэн хэмжээний тоосжилт үүсгэдэг нь тээврийн зам дагуух малчин өрхүүдийн амьдралд шууд нөлөөлж буй талаар ярьж байна. Тээвэрлэлтийн замыг уул ухаж, сул шороогоор нь засдаг бөгөөд зарим гол, горхины эх дээр шороо асгаж, замаа тэгшилдэг нь малчдын ундны ус ширгэхэд хүргэдэг байна. Иймд нутгийн иргэд дээрх компаниудын үйл ажиллагааны улмаас зөрчигдөж буй эрхээ хамгаалж, тэмцэх боломжууд эрэлхийлж байгаа тухайгаа ярьсан юм.

Иргэдийн байгаль орчны талаар мэдээлэл авах эрхийг баталгаажуулах төсөл нь иргэдийн мэдээлэл авах эрхээр дамжуулан тэдний орчны эрүүл мэндийг сайжруулах зорилготой. Иймд төслийн хүрээнд компаниудыг мэдээллээ нээлттэй болгох, шийдвэр гаргах явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн нөлөөллийн тодорхой ажлууд зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой уулзалт, сургалтуудыг Дэлхийн нөөцийн хүрээлэнгийн мэргэжилтэн Элизабет Мосс болон ННФ хамтран зохион байгуулсаар байна. Энэхүү уулзалт, сургалтуудын үр дүнд орон нутгийн иргэдийн саналыг сонсож, цаашдын төлөвлөгөөндөө тусгах юм.

3 comments:

Sannchir said...
This comment has been removed by the author.
Sannchir said...
This comment has been removed by the author.
Sannchir said...

Сайн байна уу! Судалгааны ажлын хүрээнд энэ төслийн талаар мэдээлэл авах гэсэн юм. Яаж холбогдох вэ?