ИРГЭД ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГААР ДАМЖУУЛАН БОДЛОГО БОЛОВСРУУЛАХАД ОРОЛЦОЖ БАЙНА

УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран 2013-2016 онд хэрэгжүүлсэн "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" төслийн дараагийн үе шат болох "Монгол Улс дахь Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" /2017-2020/ төсөл хэрэгжиж байгаа билээ. Уг төслийн дэмжлэгтэй “Хэнтий аймгийн ИТХ-ын шийдвэр гаргах үйл ажиллагаанд зөвлөлдөх санал асуулгын арга зүйг нэвтрүүлэх” төслийг 2018-2019 онд хэрэгжүүлсэн юм. Төслийн хүрээнд “Хэнтий аймгийн Хэрлэн сумын хуучин оршуулгын газрыг дахин төлөвлөх” талаар явуулсан зөвлөлдөх санал асуулгын судалгааг үндэсний судалгааны Эм Эм Си Жи ХХК 2019 онд хийж гүйцэтгэлээ.
“Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт байрлах хуучин оршуулгын газрыг дахин төлөвлөх” асуудлаар иргэдийн дуу хоолойг сонсож,  орон нутгийн удирдлага, бодлого боловсруулагчдад хүргэх зорилготойгоор судалгааны ажил хийгдсэн.
“Зөвлөлдөх санал асуулга” гэж юу вэ? Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө болон түүнийг хэрэгжүүлж, сахин мөрдөж байгаа байдлын талаар тохиолдлын зарчмаар түүвэрлэн сонгосон иргэдээс тусгай бэлтгэсэн асуултаар санал авах замаар иргэдийг төрийн үйл хэрэгт оролцуулах цогц үйл ажиллагаа” гэж тодорхойлсон байдаг.
Зөвлөлдөх санал асуулгыг АНУ-ын Стэнфордын их сургуулийн дэргэдэх Зөвлөлдөх ардчиллын төв (Center for Deliberative Democracy), түүний тэргүүн доктор, профессор Жеймс С.Фишкиний боловсруулсан “Зөвлөлдөх санал асуулга” (Deliberative Polling)-ын арга зүйд үндэслэн хэрэгжүүлсэн.

Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан арга зүй, дараалал
Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвийн 5 багийн 213 иргэнийг урьдчилсан судалгаанд хамруулсан. Түүврийн хэмжээг багаар болон нас, хүйсээр нарийвчлан гаргаж түүврийн төлөөлөх чадварыг сайжруулсан. Хуучин оршуулгын газар нь Хэрлэн сумын 2 дугаар багт байрладаг учраас Булаг багаас 100 иргэнийг судалгаанд хамруулсан.
Зөвлөлдөх санал асуулгын аргын гол санаа нь тухайн хэлэлцэх асуудлын хүрээнд олон талт, төвийг сахисан, судалгаа тоо мэдээлэлд үндэслэсэн мэдээлэл өгч хэлэлцүүлэхэд оршиж байгаа юм. Оролцож ажилласан бүх байгууллага, хүмүүсийн зүгээс уг асуудалд ихээхэн ач холбогдол өгч, зөв зүйтэй чухал асуудлыг хөндөж тавьсан байна гэж үзэж, идэвхтэй хамтран ажиллаж, мэдээлэл судалгааг гаргаж өгсөн.
“Зөвлөлдөх хэлэлцүүлэг”-т нийт 50 иргэнийг урьснаас 32 иргэн оролцож, 64%-ийн ирцтэйгээр иргэд зөвлөлдөх санал асуулгын хэлэлцүүлэгт оролцсон. “Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт байрлах хуучин оршуулгын газрыг дахин төлөвлөх” асуудлаар уригдан ирсэн иргэдийг 5 бүлэгт хуваан бүлгийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Бүлгийн хэлэлцүүлэг бүрийг нэг модератор удирдан явуулсан бөгөөд оршуулгын газрыг дахин төлөвлөхтэй холбоотойгоор үүсэж болох давуу, сул талууд, шийдвэрлэх асуудлыг илүү нарийн тодруулж, бүлгээрээ нэгдсэн нэг шийдлийг гарган, уригдсан аймгийн болон сумын холбогдох албан тушаалтнуудаас зарим тодруулгыг авсан. Дахин судалгаа авахдаа оролцогчдыг үлдээхгүй байх үүднээс судлаач нар судалгаанд хамрагдсан оролцогчдын мандатын ард стикер нааж, гарах хаалганд тэмдэглэгээг шалган гаргах байдлаар ажилласан. Хэлэлцүүлэгт оролцсон 32 иргэнээс хоёрдох шатны судалгааг бүрэн авсан.
 Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх болон хоёр дахь шатны дүнг тоон болон бусад үзүүлэлтээр харьцуулан гаргасан дүгнэлтийг зөвлөлдөх санал асуулгын үр дүнгийн тайланд тусгана. (Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн  12 дугаар зүйлийн 12.1 дэх заалт)

Хэнтий аймгийн ИТХ-ийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд зөвлөлдөх санал асуулгын арга зүйг нэвтрүүлэх ажлын эхлэл болгож энэ удаа Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 10.4 га талбайг эзлэн оршиж буй хуучин оршуулгын газрыг хэрхэн дахин төлөвлөх, Хэрлэн сумын хувьд оршуулгын үйл ажиллагааг цаашид хэрхэн шийдвэрлэх асуудлыг сонгон авч хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 6.1.3-д “хот, суурин газрын хэсэгчилсэн төлөвлөлт /нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж/”-ийн асуудлыг шийдвэрлэхэд зөвлөлдөх санал асуулгыг заавал явуулна гэж заасан байдаг.
Энэхүү зөвлөлдөх санал асуулгын гол санаа нь иргэдэд тухайн асуудлын талаар олон талт тэнцвэртэй мэдээллийг өгсний үндсэн дээр тэднээр хэлэлцүүлэн асуудлыг шийдвэрлэж байгаад оршиж байгаа юм.

Оршуулгын уламжлалт булж оршуулах хэлбэрийг иргэд зөв гэж үзэж байна.
Нийт дүнгээр харвал нэгдүгээр шатны судалгаанд оролцогчдын 55 хувь нь газрын хэвлийд булж оршуулахыг зөв зүйтэй гэсэн бол 43 хувь нь чандарлаж оршуулахыг зөв зүйтэй хэмээн хариулжээ. Хоёрдугаар шатны судалгаанд энэ хувь 7 орчим өссөн бол чандарлаж оршуулах хэлбэр 9 хувиар буурчээ. Чандарлаж оршуулахыг 23-30 насны иргэдийн 30.8 хувь, далд оршуулахыг 31-40 насны иргэдийн 29.1 хувь нь дэмжсэн бол ил тавихыг 41-50 насны иргэдийн 60 хувь нь дэмжсэн байлаа.


Хэрлэн сумын 2-р багийн 65 настай эмэгтэй:
“Миний хувьд яваандаа чандарлах нь зөв гэж бодож байна. Миний эргэн тойронд байгаа хүмүүс хот руу очиж чандарлуулаад ирж байна. Одоогийн байдлаар хүмүүс чандарлахыг зөвөөр хүлээж авдаг болсон. Манай аав, ээж хоёрыг нас барсны дараа чандарлуулсан. Өөрсдөө чандарлаарай гэж захисан. Манай аймаг байгаа бололцоондоо тулгуурлаад эндээ дахин нэмж хүн оршуулуулахгүй, оршуулгын газраа тохижуулах нь дээр. Харин цаашдаа бол чандарлах нь зүйтэй.”

Оршуулгын үйл ажиллагаа болбол ЗДТГ болон ламд хандана.
Нэгдүгээр шатны судалгаанд оролцогчдын 44 хувь нь сумынхаа ЗДТГ-т хандах бол 30.5 хувь нь лам болон шашны байгууллагад хандана гэж хариулжээ. 4 хувь нь оршуулга болбол хэнд хандахаа мэдэхгүй гэсэн нь 31-40 насныхан түлхүү байна. Хоёрдугаар шатны судалгаанд оролцогчдын 50 хувь нь ламд хандана гэсэн эхний шатны дүнгээс 20 хувиар өсжээ. ЗДТГ-т хандах иргэд 3 хувиар буурсан бол нэгдсэн эмнэлэгт хандах иргэд 18 хувиар буурсан дүнтэй байна.

Талийгаачдыг ихэвчлэн далд хэлбэрээр Чавгын толгойд оршуулж байна.
Судалгаанд оролцогч иргэний гэр бүлийн хэн нэгэн гишүүн, ойр дотны хүмүүсээс нас барсан тохиолдол 1992 оноос хойш түгээмэл гарсан байгаа нь харагдлаа. 48 хувьд нь 1992 оноос өмнө хэн нэгэн хүн нас барсан байсан бол 76 хувь нь 1992 оноос хойш өрхийн гишүүдээс хэн нэг нь нас барсан тохиолдол гарч байсан гэж хариулжээ.
1992 оноос өмнө Хэрлэн сумын хуучин оршуулга болон төрсөн газар нь буюу Хэрлэн сумаас өөр хот, аймаг, суманд оршуулж байсан бол 1992 оноос хойш 65 хувь нь аймгийн төвөөс 7 км-ийн зайд орших Улаанбаатар хот руу явдаг замын зүүн талд Чавгын толгой гэдэг газар оршуулсан байна.
Газрын хэвлийд булж оршуулсан байдал 1992 оноос өмнө болон хойно 3 хувийн өсөлттэй байна. Мөн 1992 оноос хойш ил тавьсан тохиолдол байхгүй байгаа бол чандарласан тохиолдол хоёр хувиар өссөн үзүүлэлттэй байв.
Судалгаанд оролцогчдын 52.5 хувь нь буюу хоёр хүн тутмын нэг нь ганц ч удаа эргэж очоогүй байгаа бол 4 хүн тутмын нэг нь 3 жилдээ нэг удаа очиж эргэдэг байна. Энэ нь сондгой жил 3 болон 5 жилийн дараа эргэж очдог албан бус ёс заншилтай холбоотой гэж үзэж болно.

Хуучин оршуулгыг дахин төлөвлөх нь МАШ ИХ ХЭРЭГТЭЙ.
Барууны орнуудын зөвлөлдөх санал асуулгын хуудсанд тухайн асуудлын талаар 0-10 хүртэлх тоогоор илэрхийлж ач холбогдол, байр суурийг нь тодорхойлдог аргачлал бий. 2 дугаар багийн хуучин оршуулгын газрыг дахин төлөвлөх, засварлах асуудлаар 0-10 хүртэлх хэмжээсээр үнэлүүлэхэд хэлэлцүүлгийн өмнө 60 хувь нь, хэлэлцүүлгийн дараа 94 хувь нь маш их хэрэгтэй гэсэн үнэлгээ өгчээ. Ач холбогдлын үнэлгээ 30 гаруй хувиар өссөн нь хуучин оршуулгын газрыг зайлшгүй засаж тохижуулах тулгамдсан байдал, үндэслэлийг тараах материалд сайтар тусгаж, хэлэлцүүлгээр дэлгэрэнгүй авч үзсэн нь нөлөөлсөн байх талтай. (Ач холбогдлын үнэлгээний дундаж нь 8.75-аас 9.78 хүртэл өссөн.)

Иргэд хуучин оршуулгын газрыг ТОХИЖУУЛАХ шийдлийг дэмжлээ.
Зөвлөлдөх санал асуулгыг тухайн асуудлын эрэмбэ, түүнийг шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх зорилгоор зохион байгуулдаг. (Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалт) Үүний хүрээнд бид 2 дугаар багийн нутаг дэвсгэрийн хуучин оршуулгын газрыг хэрхэн оновчтой шийдвэрлэх талаар доорх гурван шийдлийг санал болгосон юм.
Урьдчилсан судалгаанд оролцогчдын 44 хувь нь “Чандарлах төв байгуулан хуучин оршуулгуудыг мэргэжлийн байгууллагаар гаргуулж чандарлан, чандрыг нь бунханд байрлуулан жижиг талбайд гэрэлт хөшөө босгон тохижуулж, газрыг нь чөлөөлөх” шийдлийг илүүтэй дэмжсэн байна. Харин хэлэлцүүлгийн дараа явуулсан санал асуулгад оролцогчдын 78 хувь нь хуучин оршуулгын газрыг дахин төлөвлөхдөө засаж тохижуулах хувилбарыг сонгожээ.
Одоогийнх шигээ газрын хэвлийд булж далд оршуулах оршуулгын үйл ажиллагааны хэлбэр хэлэлцүүлгийн өмнө болон хойно төдийлөн өөрчлөлтгүй байгаа бол чандарлах хэлбэр хэлэлцүүлгийн өмнө 51 хувьтай байсан бол хэлэлцүүлгийн дараа 35 хувь болж 16 хувиар буурсан байна. Мөн хэлэлцүүлгийн дараа хэлж мэдэхгүй болон бусад хэлбэрүүдийг сонгох нь нэмэгдсэн байгаа нь тараах материалтай уншиж танилцаад өөр санааг олж авсан, эсвэл эргэлзэхэд хүрсэн байж болох юм.


Хэрлэн сумын 2-р багийн иргэн 43 настай эрэгтэй:
“Миний хувьд оршуулгын газрыг тохижуулахыг дэмжиж байгаа. Хэчнээн нүүлгэсэн ч гэсэн хүний биеэс гарсан муу муухай юм нь газартаа байсаар л байна. Хашааг нь сайхан цэвэрлээд дотор талыг нь цэцэрлэгжүүлээд өгвөл болно. Мал амьтан л орохгүй бол тэр чинь сайхан засаж янзалсан хэвээрээ байна. Ахин ухаж төнхөнө гэвэл хүмүүс ихээхэн дургүйцэх байх. Манай Монголчуудын хувьд хэзээ ч чандарлаж шатааж байгаагүй. Дээр үеэсээ л газар шороондоо эргээд шингэж үлддэг байсан. Гадаадуудыг дуурайгаад яах вэ дээ.”

Хэрлэн сумын 4-р багийн иргэн 31 настай эмэгтэй:
“Хуучин оршуулгын газар хүн тавихаа болиод удаж байгаа. Гэтэл газар өмчлөх хуулиараа угаасаа тийшээ газар өгөөд эхэлчихсэн. Та нар болохоор тэрийг тохижуулаад л мод тариад л зүлэг тариад жил болгон төсөв тавиулаад хүн манаад байж байх ёстой гэж хэлээд байна. Миний бодлоор хөшөөн дээр нь хүмүүсийн нэр нь он сар өдөртэйгөө байгаа. Нэгдсэн судалгаануудыг нь хийж эхний ээлждээ хашаажуулах хэрэгтэй. Яагаад гэвэл нүүлгэхэд санхүүгийн асуудлаас эхлээд олон асуудал тулгарна. Тэгэхээр үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй. Нэгэнт эргэж тойрохоо больсон хүмүүс гэж байгаа. Тэр шарилуудыг нь нүүлгэн шилжүүлдэг юм уу эсвэл чандарлах хэрэгтэй. Заавал тэр хэсгийг нүүлгэлээ гээд тэнд айл оруулах ёстой юм биш. Тэнд бурхан шашны газар байлгаж болно. Аль болох үе шаттайгаар тэр хэсгийг багасгах хэрэгтэй.”

Оршуулгын үйл ажиллагааг зохицуулах ЖУРАМ хэрэгтэй.
Хэрлэн сумын хэмжээнд одоогийн байдлаар оршуулгын үйл ажиллагааг зохицуулсан нэгдсэн журам байхгүй байна. Иймээс иргэдээс журам бий болгох шаардлагатай эсэхийг тодруулахад хэлэлцүүлгийн өмнө судалгаанд оролцогчдын 91 хувь нь, хэлэлцүүлгийн дараа бүх иргэд 100 хувь шаардлагатай гэж үзсэн юм. Энэ нь иргэд нэгдсэн зохион байгуулалтгүй оршуулгын газрын үйл ажиллагааны талаар мэдээлэлтэй болсны дараа ийм журам заавал байх ёстойг ойлгосон гэж үзэж болохоор байна.


Хэрлэн сумын 2-р багийн иргэн 26 настай эрэгтэй:
“Дахин төлөвлөж, засварлахад орон нутгийн иргэдийг оролцуулах нь зүйтэй. Тэд маань сэтгэлээсээ хийнэ. Мэдээж ухаж төнхөөд байхгүй.” 

Иргэдийн үзэл бодол ҮНЭ ЦЭНТЭЙ.
Зөвлөлдөх ардчиллын суурь нь ардчилал, төр засгийн үйл ажиллагааны талаарх иргэдийн бодол, ойлголт, харах өнцөг юм. Үүнийг хэмжихийн тулд дараах 4 бодомжоор жишээ болгон иргэдийн санал нийлэх, эс нийлэх төлөвийг судалсан. Нэгдүгээрт “Бидэн шиг хүмүүс юу бодож байгаа гэдгийг төрийн албан хаагчид их анхаардаг” гэсэн бодомжтой хэлэлцүүлгийн өмнө 31.5 хувь нь зарим талаараа санал нийлэхгүй, 28.2 хувь нь зарим талаараа санал нийлж байна гэсэн бол хэлэлцүүлгийн дараа зарим талаараа санал нийлэхгүй хувь 9 хувь хүртэл буурч, зарим талаараа санал нийлэх хувь 19 хувиар өсжээ. Бусад бодомжуудтай зөвлөлдөх хэлэлцүүлгийн өмнө болон хойно 40-50 хувьтай санал нийлж байна.
Зөвлөлдөх хэлэлцүүлэгт оролцох сонирхол өндөр байв.        
Зөвлөлдөх санал асуулгыг иргэд, олон нийтэд тулгамдсан асуудлын талаар мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор зохион байгуулдаг. (Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалт)
Хэрлэн сумын хуучин оршуулгын газрыг хэрхэн шийдвэрлэх талаарх хэлэлцүүлэгт оролцох боломжтой гэдгээ илэрхийлсэн иргэдийн эзлэх хувь өндөр байлаа. Нийт судалгаанд оролцогчдын 62 хувь нь энэ асуудлаар зохион байгуулах хэлэлцүүлэгт оролцож, өөрийн санал хүсэлтийг илэрхийлнэ хэмээн хариулжээ. Оролцох боломжтой иргэдийн ихэнх нь 23-40 насны залуучууд болон 41-50 насны хүмүүс байсан бол оролцох боломжгүй гэж хариулсан нь өсвөр насныхан болон 50-аас дээш насны ахмад настнууд байна. Жендерийн хувьд авч үзвэл эрэгтэйчүүд илүүтэй оролцох сонирхолтой байлаа.
Иргэдийн 58 хувь нь хэрэгжиж буй төслүүд, хийгдэж байгаа ажлын мэдээллийг сонирхдог.
Судалгаанд оролцогчдын 51 хувь нь хэрэгжиж буй төслүүд, хийгдэж буй үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг сонирхож байгаа нь эерэг үр дүн боловч нөгөө талаар гүнзгий түвшний нарийн мэдээллийг сонирхохгүй байгаа нь харагдаж байна. Мэдээ мэдээллийг сонирхдоггүй хүмүүс судалгаанд оролцогчдын 42 хувийг эзэлж байгаа нь орон нутгийн түвшинд хангалтгүй үзүүлэлт юм.
18-22 насныхны 38.5 хувь нь хэрэгжиж буй төслүүд, хийгдэж буй ажилтай холбоотой мэдээ, мэдээллийг нэг их сонирхдоггүй гэсэн бол бусад насныхан энэ талаарх мэдээллийг ерөнхийдөө сонирхдог байна.
Зөвлөлдөх хэлэлцүүлэг өндөр ач холбогдолтой.
Зөвлөлдөх санал асуулгын хэлэлцүүлэгт сонгогдож оролцсон иргэд хэлэлцүүлгийг ерөнхийд нь маш их ач холбогдолтой үйл ажиллагаа болсон гэж үнэлсэн. Хэлэлцүүлгийн үйл явцыг бүхэлд нь ач холбогдолтой гэж 100 хувь, бүлгийн хэлэлцүүлэгт оролцсоныгоо мөн 100 хувь ач холбогдолтой гэж үнэлжээ. Хэлэлцүүлгийн төгсгөлийн нэгдсэн хуралдааныг 94 хувь нь ач холбогдолтой гэж үнэлсэн ба энэ нь хэлэлцүүлэгт сонгогдсон оролцсон иргэдийн идэвх оролцоо өндөр, санал шүүмж ихтэй байсантай холбоотой гэж үзэж болох юм.
Хэсэг бүрд явагдах хэлэлцүүлгийг хөтлөх бэлтгэгдсэн хөтлөгч нь тухайн хэсгийн оролцогчид мэдээллийг бүрэн хүргэж, оролцогчийн тэгш оролцоог хангах үүргийг хариуцна. (Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.10.4 дэх заалт)
Зөвлөлдөх хэлэлцүүлгийг ерөнхийд нь өндөр ач холбогдолтой гэж дүгнэсэн бол бүлгийн хэлэлцүүлгийн үйл явц болон модератортой холбоотой асуудлууд дээр мөн өндөр үнэлгээг өгсөн байна. Модератор хүн бүрийг хэлэлцүүлэгт оролцох боломжийг бүрдүүлсэн, бүлгийн хэлэлцүүлгээр чухал асуудлыг ярилцаж хэлэлцсэн болон бүлгийн хэлэлцүүлгийн оролцогчид бие биеийнхээ үзэл бодлыг хүндэтгэж байсан гэсэн бодомж, мэдэгдлүүдтэй оролцогчид 97-100 хувь санал нийлж байсан юм. Харин бүлгийн цөөн хэдэн гишүүн хэлэлцүүлэгт голлон оролцсон гэдэгтэй 56.2 хувь нь буюу дийлэнх нь санал нийлэхгүй байсан бол 27.5 хувь нь санал нийлсэн байна.
Оролцогчид хэлэлцүүлгийн тараах материалыг сайтар уншжээ.
Зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар шатанд хэлэлцүүлэгт оролцохоор сонгогдсон иргэдэд тухайн асуудлын талаар тараах материал, мэдээлэл хүргэдэг ба уг асуудлын талаар мэдээлэлтэй болон мэдээлэлгүй үедээ судалгаанд хэрхэн хариулсан талаарх өөрчлөлтийг танддаг билээ. Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн 65.6 хувь нь танилцуулгыг бүрэн уншиж танилцсан байгаа нь иргэдийн орон нутгийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох сонирхол, идэвх өндөр байгааг харуулж байна.
Тараах танилцуулга материалын мэдээллийн тэнцвэрт байдлыг үнэлүүлэхэд 63 хувь нь тэнцвэртэй, 31 хувь нь маш тэнцвэртэй, нийт 94 хувь нь тэнцвэртэй, нэг байр суурийг чухалчлаагүй хэмээн үзсэн.

No comments: