Сүүлийн үед Монголын нийгэмд өрнөөд байгаа үзэгдэл, үйл явцуудыг социологийн шинжлэх ухаан, судлаачийн нүдээр тольдох шаардлага зүй ёсоор урган гарч байна. Социологич хүний хувьд доорх 4 асуудалд товч дүгнэлт хийснээ сонирхуулъя.
НЭГ: АН-ЫН ӨЛСГӨЛӨН
Нэг үгээр энэ өлсгөлөн зарласан шалтгааныг АН-ын дотоод зөрчил, хагарал, “хагаралдуулалт” гэж харж байна. СЕХ АН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн материалыг хүлээн авахаас татгалзсантай холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд долоо хоног өлсгөлөн зарлалаа. МоАХ-ны гишүүд, дэмжигчид хоол унд, сандал суудал зөөж гүйлээ. Үр дүнд хүрсэн ч юмгүй өлсгөлөнгөө зогсоолоо.
Энэхүү улс төрийн үзэгдлийг Школьникийн “Улс төрийн эсэргүүцэл”-ийн онолоор тайлбарлаж болж байна. Онолын гол үзэл санаа нь нийгмийн хөдөлгөөнд оролцогчид оршин байгаа улс төрийн болон нийгмийн байгууламжид дургүйцсэнтэй холбоотой, системд дургүйцсэн, улс төрийн талаар ухамсартай хүмүүс байдаг гэж үздэг. Энэ онолоор бол улс төрийн байр сууриа илэрхийлэх хэрэгсэл нь хэтэрхий үнэтэй нөхцөл дэх эцсийн арга хэмжээ- өлсгөлөн гэж тайлбарладаг. Өлсгөлөн зарлагчид нь ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд байсан, улс төрийн буюу СЕХ-д гомдсон шалтгаантай байсан ч үндсэн суурь нөхцөл нь АН-ыг 2 хувааж МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвшигч У.Хүрэлсүхийг ялуулах эрх ашиг гэж харж байна.
ХОЁР: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ
МАН-аас У.Хүрэлсүх нэр дэвших нь тодорхой болоод байгаа бол Зөв хүн электорат эвслээс Датакомын тодотголтой Д.Энхбат нэр дэвшихээр болоод байна. Харин АН-аас С.Эрдэнэ нэр дэвших төлөвтэй байна. Нэр дэвшигчдийг эцэслэх, нэр дэвшигчид үнэмлэх олгох, нийтэд мэдээлэх ажлыг СЕХ тавдугаар дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулна.
Олон судлаачид энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийг аль аль нэр дэвшигч 50+1 санал авч чадахгүй тул сонгуулийг 2 үе шаттай явагдана гэж бичиж байна. Миний бие үүнтэй мөн адли санал нийлж байгаа ба 2 дахь шатны санал хураалтаар У.Хүрэлсүхийг багадаа 65%-н саналаар ялалт байгуулна гэж бодож байна. Нарийн судалгаа хийгээгүй учраас баттай үр дүнг таамаглахад төвөгтэй байна.
Олон хүн Д.Энхбатыг хөдөө орон нутгийн иргэд мэдэхгүй гэж ярьж байна. Би бол Д.Энхбатыг Монголчууд мэддэг гэж бодож байна. Хөдөө орон нутгийнхан харин ч илүү их мэднэ гэж бодож байна. “Датакомын”, “Форумын”, “Иргэний хөдөлгөөний”, “УИХ-ын гишүүн асан” гээд олон тодотгол түүнд байна. “Форум” нэвтрүүлэг ч тухайн үед олон үзэгчтэй, рейтинг өндөртэй нэвтрүүлэг байсан.
ГУРАВ: ЦАР ТАХЛЫН НӨЛӨӨ
Цар тахлын нөлөөгөөр эдийн засаг, ААНБ-ууд, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид хүнд нөхцөлд ороод байна. Улсын төсөв 4.5 их наядын алдагдалтай гарлаа. МҮХАҮТ-ийн судалгаагаар нийт бизнес эрхлэгчдийн 27 хувь нь огт орлогогүй болсон, ажлын байр 68.9 мянгаар буурсан дүр зурагтай байна. Өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн 1 жилд 19.8%-аар өссөн байна. Гол ачаа иргэдийн нуруун дээр ирэх учраас нийгмийн дунд давхарга бэхжихгүй нь. Цар тахал, хөл хорионы үеэр авсан оновчгүй арга хэмжээгээрээ дэлхийд сүүлж мушгиж байгааг ч онцлон тэмдэглүүштэй.
Цар тахалтай холбоотойгоор эмч, мэргэжилтнүүдийн 70 орчим хувьд нь сэтгэл гутрал илэрсэн судалгааг сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн байна. Нийтийг хамарсан ийм хэмжээний вирусын тархалт болж байгаагүй манай улсын эмч нарын хувьд шинэ сорилт болж байна.
ДӨРӨВ: ХҮНСНИЙ ТАЛОН, НИЙГМЙИН ХАЛАМЖ
МУ-ын нийт иргэдийн 7.6 хувь хүнс тэжээлийн дэмжлэгт хамрагддаг. Тоогоор илэрхийлвэл 44 мянган өрхийн 244 мянган иргэн хүнсний дэмжлэг авдаг гэсэн үг. Үүнээс УБ-т 47 мянган иргэн амьдарч байгаагаас 29 мян вакцины эхний тунгаа хийлгээгүй, УБ хотын нийгмийн халамж авдаг 211 мянган иргэний 80 гаруй хувь нь вакциндаа хамрагдаагүй тухай Сангийн яамнаас мэдээллээ.
Коронавирусын эсрэг вакцин тариулах эсэх нь сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа үйл ажиллагаа билээ. Вакцин хийлгээгүй хүмүүсийн цөөнгүй нь эрүүл мэндийн шалтгаантай, жирэмсэн, эсрэг заалттай хүмүүс байх магадлалтай.
Харин Сангийн сайд "Вакциндаа хамрагдаагүй иргэдийг хүнсний талон, нийгмийн халамжид хамруулахгүй байх" шийдвэр гаргасан нь амь зуулга болсон хоол хүнсээр нь барьцаалж, албадлагын арга хэмжээ авсан нь наад захын хүний эрхийн мэдрэмжгүй шийдвэр гэж социологич хүний хувьд үзэж байна.
Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүсийг нийгмийн үйлчилгээ, халамжаас тусгаарлаж ялгаварлан гадуурхаж болохгүй. Энэ шийдвэр нь манай улсыг олон улсын хүний эрхийн байгууллагын өмнө хүнд байдалд оруулж байгаа учраас эргэн харахыг сануулж байна!
Социологич: Н.Батзориг
No comments:
Post a Comment