Монголд жилдээ телевизийн 17 суваг шинээр нэмэгдэж байна

Хэвлэлийн хүрээлэнгээс Монголын хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тоон мэдээллээр тодорхойлох зорилго бүхий жилийн тайланг 14 дэх удаагаа хэвлэн гаргалаа.

Уг тайланд орсон мэдээллээр 2012 – 2013 хүртэлх хугацаанд 500 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага /135 сонин, 99 сэтгүүл, 84 радио, 166 телевиз, 68 веб сайт/ тогтмол үйл ажиллагаа явуулсан байна. Хэвлэл мэдээллийн эдгээр хэрэгсэлд 5000 орчим хүн ажилласан  бөгөөд энэ тоо өмнөх оныхоос 16 хувиар өссөн дүн юм. Насны хувьд нийт мэдээллийн хэрэгсэлд 30 хүртэлх насныхан давамгайлж (сонин сэтгүүлийн салбарт 46 хувь, радио телевизийн салбарт 57 хувь)байв.

Монгол улсад 2012 оны туршид нийтдээ 25,8 сая ширхэг сонин борлогдсон бөгөөд энэ нь 2011 онд борлуулсан сонины тоо ширхэгтэй ижил төстэй байгаа аж.

Тайланд орсон мэдээллээс харахад сэтгүүлийн борлуулалтын хэмжээ жил ирэх тусам өсөж байна. 2012 онд сэтгүүлийн борлуулалт өмнөх оноос 15 хувиар нэмэгдэж 5,4 саяд хүрчээ. Энэхүү өсөлтөд телевизийн хөтөлбөртэй, цаг үеийн мэдээ, мэдээлэл бүхий 7 хоног тутмын сэтгүүлийн тоон өсөлт шууд нөлөөлж байна.
Монголд жилдээ телевизийн 17-18 суваг шинээр нэмэгдэж байна. Ялангуяа орон нутгийн телевизийн тоо нэмэгдэж буй бөгөөд тухайлбал Өмнөговь аймагт телевизийн тоо 2-оос 7 болж өсжээ. Түүнчлэн дэлхийн хэмжээнд нэвтрүүлгээ түгээдэг “Bloomberg” телевизийн салбар Монголд байгуулагдсан нь телевизийн салбарт гарсан онцлог өөрчлөлт байв.

Радиогийн тоо сүүлийн жилүүдэд харьцангуй тогтвортой байсан бол өнгөрсөн онд 12 радио шинээр нэмэгдэв. Түүнчлэн 2012 оноос DDish-ийн тавган антенныг ашиглан орон даяар нэвтрүүлгээ цацдаг “Лавайн эгшиг”, “Шинэ Монгол” хэмээх хоёр радио үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр үндэсний хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг радио гурав боллоо. Алслагдсан аймгууд болох Ховд, Хөвсгөл, Баян-Өлгий аймгийн зарим сумдад хүйн радио байгуулагдав.

Дээр дурдсан мэдээллээс гадна “Монголын хэвлэл өнөөдөр” тайланд сонин, сэтгүүлийн борлуулалтын дундаж тоо, түгээлт, радио, телевизийн нэвтрүүлгийн цаг, цацалтын хүрээ, нэвтрүүлгийн бүтэц, хаяг байршил болон боловсон хүчин, хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн  талаарх суурь статистик мэдээллийг багтаасан аж. 

- 2012 – 2013 онд үйл ажиллагаа явуулсан нийт хэвлэл мэдээллийн байгууллагын бүрэн мэдээлэл
- Сонин, сэтгүүлийн борлуулалтын дундаж тоо, түгээлт
- Радио, телевизийн нэвтрүүлгийн цаг, цацалтын хүрээ, нэвтрүүлгийн бүтэц
- Монголын бүх хэвлэл мэдээллийн хаяг байршил болон боловсон хүчин
- Сонины нийт тоо ширхэгийн сүүлийн үеийн чиг хандлага, өөрчлөлт
- Сэтгүүлийн борлуулалтын хэмжээ, өөрчлөлт
- Үндэсний хэмжээнд болон орон нутаг дах телевизийн салбарын хөгжил, өөрчлөлт, сувгийн өсөлт, бууралт
- Хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн талаарх бусад үндсэн суурь судалгаа болон бусад хэрэгцээт мэдээллийг авснаар судалгаа шинжилгээ, бизнес, зар сурталчилгаа, олон нийтийн мэдээлэл түгээлт, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа болон бусад өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах боломжтой.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНДЭЭС

No comments: