2016 оны сонгуулийн мэдээллийн мониторинг

Хэвлэлийн Хүрээлэнгээс Бүгд Найрамдахчуудын ОУ-ын Хүрээлэн, Канадын ГХЯ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Сонгуулийн мэдээллийн мониторингийн урьдчилсан дүнг танилцууллаа.
Мониторингийн урьдчилсан үр дүнг хэвлэмэл 6 сонин (Өнөөдөр, Зууны мэдээ, Өглөөний сонин, Монголын мэдээ, Өдрийн сонин, Сэрүүлэг), 5 онлайн мэдээллийн хэрэгсэл (news.mn, ikon.mn, 24tsag.mn, gogo.mn, medee.mn), нийгмийн мэдээллийн сүлжээний 40 гаруй нүүр хуудсыг сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхээс өмнөх үед буюу 5 сарын 30-аас 6 сарын 10 хүртэл, мөн сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойшхи эхний 2 хоногт буюу 6 сарын 11-13нд ажигласны үндсэн дээр нэгтгэн гаргажээ.
Мониторингийн явцад дээрх мэдээллийн хэрэгслээр түгээсэн сонгуультай холбоотой бүх төрлийн мэдээлэлд (сурталчилгаа болон редакцийн агуулгад) тоон болон чанарын дүгнэлт хийжээ. Мониторингийн дүнгээс харахад албан ёсны сонгуулийн сурталчилгаа эхэлснээр сонгуультой холбоотой мэдээллийн тоо хоёр дахин нэмэгдсэн байна. Ингэхдээ сонгуулийн талаарх цаг үеийн мэдээлэл цөөрч, харин сонгуулийн шууд болон дам сурталчилгаа өссөн байв.
Сонгогчдын боловсролд зориулсан сэтгүүл зүйн бүтээлийн давтамж цөөн боловч тогтвортой байгааг сонин, сайтын мониторингийн дүн харуулж байна. Жишээ нь, цахим сайтад гарсан сонгуультай холбоотой мэдээллийн 10 хувь, сонины мэдээллийн 6 хувь нь иргэдэд сонгуулийн хуулийн зүйл заалтыг тайлбарласан, сонгогчдын жагсаалтад өөрийн мэдээлэл байгаа эсэхийг иргэн хүн хэрхэн шалгах тухай гэх зэрэг сонгогчдын мэдлэг, боловсролд зориулсан өгүүллүүд байв.  
Сонин, сайтууд ойролцоогоор дөрвөн бүтээлийнхээ нэгд эмэгтэй нэр дэвшигчдийг дурьджээ. Улс төрийн олон жилийн туршлагатай, парламентын эмэгтэй гишүүдийн тухай эерэг харин УИХ-ын болон ИТХ-ын сонгуульд анх удаа нэр дэвшиж буй эмэгтэйчүүдийн талаар сөрөг өнгө аяс давамгайлсан байна.
Хэвлэлийн Хүрээлэнгээс сонгуулийн мэдээллийн мониторингийг удаа дараа хэрэгжүүлж буй бөгөөд энэ жил нийгмийн мэдээллийн сүлжээнд анх удаа ажиглалт хийсэн нь онцлог байв. Мониторингийн дүнгээс харахад нэр дэвшигчид твиттерийг өөрийн сурталчилгааны чухал индэр болгож, харин сэтгүүлчид сонгуулийн явцын талаар мэдээлэл түгээх хэрэгсэл болгон ашиглаж байна. Парламентад суудалгүй намууд болон бие даагчид твиттер, фейсбүүк орчинд илүү идэвхтэй байв. АН-аас санаачилсан 1072 хувьцааг худалдан авах тухай сэтгүүлчийн жиргээ хамгийн олон хүнд хүрчээ.
Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш сонинд нийтлэгдсэн сонгуулийн холбогдолтой сэтгүүлзүйн гурван бүтээлийн нэг нь зохиогчийн нэргүй хэвлэгдсэн бол сайтад гарсан мэдээллийн 65 хувь нь эх сурвалжгүй, үлдсэн хувь нь зөвхөн сонирхлын бүлгийн эх сурвалжид тулгуурласан байв.
“Сонгууль бол сэтгүүчид, хэвлэл мэдээллийн байгууллагын мэргэжлийн чансааг сорих хамгийн том сорил болдог. Тийм учир иргэдэд тэнцвэртэй, бодитой мэдээлэл хүргэж, нийгмийн ашиг сонирхолд үйлчлэх үүрэг хариуцлагаа хэвлэл мэдээллийнхэн хэрхэн биелүүлж буйг тандах, алдаа оноогоо олж харж, амжилтаа ахиулж, буруугаа залруулахад нь туслах зорилготойгоор энэхүү мониторингийг хэрэгжүүлж буй юм” хэмээн Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах судалгааны зорилго, ач холбогдлыг тайлбарлав. Мониторингийг сонгуулийн сурталчилгааны албан ёсны хугацаа дуустал хэрэгжүүлэх аж.

Судалгааны аргачлалыг ЭНДЭЭС
Сонин сайтын судалгааны дүнг ЭНДЭЭС
Нийгмийн сүлжээний мониторингийг ЭНДЭЭС

Эх сурвалж: Монголын Хэвлэлийн Хүрээлэн www.pressinst.org.mn

No comments: