ЕБС-ийн 7-11 дүгээр ангийн сурагчдын хэвлэл мэдээлэлтэй харилцах суурь мэдлэг, ойлголтын түвшин, хэрэглээний онцлогийг тодруулах судалгаа

Хэвлэлийн Хүрээлэн АНУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр “ЕБС-ийн 7-11 дүгээр ангийн сурагчдын хэвлэл мэдээлэлтэй харилцах суурь мэдлэг, ойлголтын түвшин, хэрэглээний онцлогийг тодруулах судалгаа”-г энэ оны 10,11-р сард үндэсний хэмжээнд хийж, үр дүнг нь танилцууллаа. Судалгааны зорилго нь хүүхэд, өсвөр үеийнхний мэдээллийн хэрэгслийг ашиглах мэдлэг, ойлголт, хандлагын өнөөгийн түвшинг тодорхойлж, тэдний үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах, түгээх чадвар, орчин нөхцлийг үнэлэхэд чиглэсэн байна.
Судалгааны дүнгээс харахад 10-16 насны хүүхдүүд сонин уншиж хэвшээгүй бөгөөд тэдний хувьд телевиз, интернет мэдээлэл хүлээн авах хамгийн чухал эх сурвалж болж буй аж. Тэд телевиз, Интернетэд бусад мэдээллийн хэрэгслээс илүүтэй итгэдэг  бөгөөд авч буй мэдээллээ шүүмжлэлтэйгээр үнэлэн дүгнэх мэдлэг, дадлыг эзэмшээгүй байна.  Хүүхдүүдийн дунд үдээс хойш хичээлээ тармагц Интернетэд холбогдож, орой 18-21 цагийн үед телевиз үзэх хэвшил түгээмэл байна. Өөрөөр хэлбэл амьд харилцаа хүүхэд, өсвөр үеийнхний дунд бага бөгөөд мэдээллийн хэрэгслээр дамжуулж үе тэнгийнхэнтэй болон бусад хүмүүстэй харьцаж, мэдээллийн хэрэгслээс авч буй мэдлэг туршлагаараа амьдрах хандлагатай байна.

Хүүхдийн сонин уншдаг хүүхдүүд голцуу сургуулийн хэмжээнд (албан журмаар) захиалсан сонинг уншиж, харин бусад нь долоо хоног тутмын телевизийн хөтөлбөр бүхий сэтгүүл болон шар сонинг тохиолдлын байдлаар уншдаг аж.  Үүнийг хүүхдийн сэтгэхүйд таарсан, тэдний сонирхолд нийцэх сонин, сэтгүүл үгүйлэгдэж буйтай, эсхүл эцэг эхчүүд хүүхдүүддээ сонирхлынх нь дагуу тусгайлан зориулж хэвлэл захиалж буюу худалдан авч өгдөггүйтэй  холбож тайлбарлаж болох юм.
Өсвөр үеийнхний хувьд мэдээллийн гол эх сурвалж болоод буй интернетээс дуу хөгжим сонсох, кино клип үзэхээс гадна оддын амьдрал, танин мэдэхүй, далд ертөнц, аймшиг, хачирхалтай явдлын талаарх мэдээллийг авах сонирхолтой байдаг байна. Түүнчлэн хичээл, даалгавар хийхэд хэрэгтэй мэдээллийг хайх, фейсбүүк хэрэглэх явдал түгээмэл байна.
Орон нутагт 3 сурагч тутмын нэг нь, УБ-т 6 сурагч тутмын нэг нь ардчилал гэж юу болох талаар ямар нэгэн ойлголтгүй байв. Харин бусад хүүхдүүдэд ардчилал нь эрх чөлөө буюу хүссэн зүйлээ хийх явдал хэмээх ойлголт давамгайлж байна. Мөн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө өөрт минь бий, энэ эрх чөлөө хүн бүрт хамаатай гэж дийлэнх нь хариулсан боловч энэ эрх чөлөө аав ээж, багш гэх мэт томчуудад болон улстөрчдөд хамаатай гэсэн тохиолдол багагүй байсан нь анхаарал татаж байна.
Түүнчлэн мэдээллийн хэрэгслийн агуулгад хяналт тавих шаардлагатай, энэ хяналтыг хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, сэтгүүлчид өөрсдөө болон үзэгчид, хэрэглэгчид хийх нь зүйтэйг дурджээ. Мэдээллийн хэрэгслийг мэдээлэл дамжуулах “суваг” талаас нь илүүтэй харж байгаа бөгөөд ардчиллын үнэт зүйлтэй холбож ойлгох чадвар суугаагүй байна.
Ерөнхийдөө өсвөр насны хүүхдүүдийн мэдээлэлд шүүмжлэлтэй хандах чадвар хөгжөөгүй, олж авсан мэдээллээ үнэн магадтай эсэхийг баталгаажуулахыг сайн мэддэггүй байдал ажиглагдаж байна.
Судалгаанд Улаанбаатар хот болон Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Орхон, Дорноговь, Хэнтий зэрэг аймгуудын 38 Ерөнхий боловсролын сургуулийн 820 сурагчийг хамруулжээ.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНДЭЭС

No comments: