Сонин захиалга болон уншигчдын тооны тухай

Барууны хэвлэл мэдээллийн судалгаа болон сэтгүүл зүйн социологид Circulation (Хэвлэгдсэн тоо), Readership (Уншигч) гэсэн ойлголт бий. Circulation бол тухайн сонин нэг дугаараа хэдэн хувь, ширхэг хэвлэснийг, түүний ил тод зарлахыг хэлнэ. Харин readership бол тухайн сониныг хэдэн хүн уншсаныг социологийн эмпирик судалгаагаар тодорхой арга зүйгээр судалсан дүн - хувийг хэлнэ.

2007 он хүртэл Монголд сонин шиг их хэвлэл мэдээллийн байгууллага байсангүй. 2007 оноос эхлэн сонины тоо тогтмол буурах хандлага ажиглагдаж өдгөө харьцангуйгээр цөөрсөн байна. Энэ нь сонины жилийн борлуулалтын тоо таван саяар багассан дүнгээс харагдаж байгаа юм. Сонины зах зээлд мэдээж өдөр тутмын сонины ноёрхох байр суурь хадгалагдсаар байна. 2010 оны судалгаагаар нийт сонины борлуулалтын 70 орчим хувийг дан ганц өдөр тутмын сонин эзэлж байгаа юм. Үүний гуравны нэгийг сүүлийн жилүүдэд борлуулалтын тоогоороо тэргүүлж буй “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ” эзэлдэг байна. (Хэвлэлийн Хүрээлэн “Монголын Хэвлэл мэдээлэл өнөөдөр” 2010 он) 2008 онд нийт борлуулалтын 90 хувийг захиалгаар борлуулж байсан бол 2009 оны байдлаар 81.8 хувь болж буурсан дүнтэй байлаа.

Интернетээс өдөр тутмын сонинуудын захиалгын болон хэвлэгдсэн тоог олох гээд “Өнөөдөр” сониныг эс тооцвол дорвитойхон тоо баримт олсонгүй. “Өнөөдөр сонин нийт 15000 захиалагчтай (уншигчдын тоо 75 000 орчим) ба энэ нь Монголын өдөр тутмын сонинуудаас хамгийн олон уншигчтай” хэмээн вебдээ тавьсан байна. Уншигчдын тоогоо хэрхэн гаргасныг мэдэхгүй ч итгэл үнэмшилтэй сонсогдохгүй байгаа юм. Хэвлэлийн Хүрээлэнгээс гаргадаг “Монголын хэвлэл мэдээллийн мониторинг” болон “Хэрэглэгчдийн судалгаа”-г эс тооцвол энэ талаар үнэн зөв нарийн хянасан тоо баримт, судалгаа олоход асуудалтай байгаа нь бодит үнэн.
Монголд өнөөдөр 16 өдөр тутмын сонин (2011 онд “Үндэсний мэдээ” нэмэгдсэн) хэвлэгдэж уншигч, захиалагчдад хүрч байгаагийн хэдэн хувь ширхэг хэвлэгдэж, хэд нь захиалгаар болон үүргийн худалдаагаар борлогдож буйг мэдэх боломж үнэхээр хомс байна. Сонинуудын захиалгын тоо болон хэвлэгдсэн тоог албан ёсоор зарладаг, тухайн өдрийн дугаартаа нийтэлдэг соёл Монголд төлөвшөөгүй байгаа нь үнэн бодит мэдээллийг хэрэглэгчдэд хүргэхэд төвөгтэй байдаг. Харин 90 оноос өмнө хэвлэгддэг байсан сонинууд захиалагч болон уншигчдын тоогоо илд тод сайхан зарладаг байсан байна.

1920 оны 11 сарын 10-нд анхны дугаар нь хэвлэгдсэн “Үнэн” (Монголын үнэн) сонин 182000 хувь хэвлэгддэг, 180 гаруй мянган уншигчтай маш том сонин байжээ. Ардчиллын үзэл санааг олон түмэнд хүргэхэд хамгийн том үүрэг гүйцэтгэсэн хэвлэлийг “Үнэн” сонин хэмээн судлаачид үздэг юм билээ. Монголд ардчиллын салхийг хагалах, ардчиллын мөн чанарыг ойлгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн “Үнэн“ сонин дан ганц намын байр суурь, үзэл баримтлалыг нийтэлхээс гадна олон олон асуудал дэвшүүлсэн, эрэн сурвалжилсан өгүүлэл нийтлэл нийтэлдэг байжээ.
За харин "Залуучуудын үнэн" сонин байна. 120 мянга гаруй захиалагчтай томоохон хэвлэл байсан гэдэг. Нийтлэлийн бодлого нь нам, засгийн бодлогыг сурталчлахад оршиж байсан ч залуучуудын боловсрол, нийгэмшилд анхаарлаа хандуулж, нийгмийн ёс суртахууны талаар илүүтэй дуугарч байсан гэдэг баримт их байдаг. Мөн “Пионерийн үнэн” сонин 192 мянган ширхэг хэвлэгддэг байсан гэдэг юм билээ.

Монголын Ардын Армийн төв хэвлэл "Улаан од" сонин байна. Анх 1923 онд “Уриа” нэртэй гарч 1924 онд “Ардын цэрэг”, 1929-1930 онд “Ардын улаан цэргийн соёлын зам”, 1930 оны 9 сарын 30-аас “Улаан-Од” нэртэйгээр гарах болсон ба цэргийн сургалт хүмүүжлийн ажлыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Мөн Ардын арми, цэргийн хуаран, дотоодын болон хилийн заставуудад тараагдаж асан тус сонин олон хувиар хэвлэгдэж байсан гэдэг.
Сэтгүүлүүдээс “Тоншуул” сэтгүүлийг мартаж болохгүй. 1980 –аад оны үед “Тоншуул” сэтгүүл бас л 120 мянган уншигчтай, нэр нөлөөтэй том сэтгүүл байсан юм билээ. Тухайн үед ингээд захиалагч уншигчдын тоо ихэд нээлттэй, уншигчдыг үл төөрөлдүүлдэг байсан нь ач холбогдолтой юм.

Монголын сонин хэвлэлийн түүхийн хөгжлийн эхэн үеийн 1913 оны 3 сарын 6-нд тухайн үеийн сэхээтнүүдийн гаргасан "Шинэ толь" сонин, “Нийслэл хүрээний шинэ сонин”, “Ардын эрх” (1924 оны 2 сарын 5-с 1925 он 4 сарын 23-ны хооронд 50 дахь дугаараас гаргаад зогссон байдаг) болон 1940-аад оноос хойших хөгжлийн хоёр дахь шатанд “Шинэ хөдөө”, “Ялалт” сонин, “Цог” сэтгүүл (1944 онд анх хэвлэгдсэн), "Утга зохиол, урлаг" сонин (анхны дугаар 1955 оны намар хэвлэгдсэн) хэвлэгдэж уншигчдад хүрч байв. 1980-1990-ээд оны үед “Яргуй”, "Багш” сэтгүүл, “Хөдөлмөр“ сонин хөдөлмөрчин, ажилтан ард түмний унших дуртай сонин яахын аргагүй мөн байжээ.

Н.Батзориг 2011 оны 10 сарын 17

No comments: