“Хөдөлмөрийн зах зээлийн барометр 2011-2012 оны судалгаа“-ны тайлан

НХХЯ-ны захиалгаар хийсэн Хөдөлмөрийн төв биржийн “Хөдөлмөрийн зах зээлийн барометр 2011-2012 оны судалгаа“-гаар ажиллах хүчний эрэлт нэмэгдэж ирэх 6 сарын хугацаанд улсын хэмжээнд байнгын /28,0 мянга/ болон түр ажлын байр /19,0 мянга/ 7,4 хувиар буюу 47 мянгаар нэмэгдэх бол ойрын 12 сарын хугацаанд түр болон байнгын ажлын байр 11,0 мянгаар нэмэгдэх бөгөөд 6000 ажлын байрны 1992 үйлчилгээний салбарт, 1957 худалдааны салбарт, 565 барилгын салбарт бий болох бол бүс нутгийн хувьд Улаанбаатард хамгийн их 4706 ажилтан хэрэгцээтэй байгаа хүлээлт бий болсон байна.

ХУРААНГУЙ:
Хөдөлмөрийн зах зээлийн барометрийн судалгаанд нийтдээ эдийн засгийн 8 салбарын 3000 гаруй аж ахуйн нэгжийг хамруулсан. Энэ нь улсын хэмжээнд идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгж, байгууллагын 9.8 хувийг хамарсан байна гэсэн үг юм .
Сүүлийн жилүүдэд ажиллах хүчний хөдөлгөөн ихтэй байгаа уул уурхай, барилгын салбарыг энэхүү судалгаанд эхнээсээ тусгайлан авч үзсэн ба ажиллах хүчний шингээлт ихтэй хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, тээвэр харилцаа холбоо, зочид буудал, зоогийн газрын салбаруудыг сонгон судалсан. Бусад салбаруудын хувьд ажиллах хүчний хөдөлгөөн харьцангуй бага явагддаг гэж үзсэн учраас судалгааны түүвэрт хамруулсангүй.
Судалгааны үр дүнгээс үзэхэд ажил олгогчдын ихэнхи нь буюу 84 хувь нь хэрэв өөрсдөд нь үр ашиг гарч байвал Барометрийн судалгаанд дахин хамрагдах сонирхолтойгоо илэрхийлсэн. Ажил олгогчдынхоор барометрийн судалгаанд оролцсоны үр ашиг нь хэдийгээр энэхүү асуулга нь судалгаанд хэрэгтэй мэдээллийг цуглуулах явдал ч гэсэн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөр зуучлалын байгууллагуудад хэрэгцээт ажиллах хүчний мэдээллээ хүргэснээр ажилчин олж авч чадах боломж бий болно гэж үзэх нийтлэг байдал анзаарагдаж байсныг дурьдах нь зүйтэй болов уу.
Цаашид барометрийн судалгааг тогтмол явуулдаг болохын тулд аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудын үүрэг оролцоо, ажил олгогчидтой онлайнаар харилцаа тогтоох зэрэг оновчтой, үр ашигтай арга хэлбэрүүдийг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Судалгаанд хамрагдсан ажил олгогчдын 64.5 хувь нь (ихэнхи нь Улаанбаатарын ажил олгогчид) онлайнаар буюу цахим захидлаар асуулгыг бөглөн явуулах нь амар хялбар гэж хариулсан байгаа нь цаашид тус судалгааг явуулахад цахим харилцааны хэлбэрийг ашиглах боломж бүрдэж эхэлж байгааг харуулж байна.
Манай судалгааны үндсэн үр дүнгийн нэг нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн чиг хандлагын мэдээлэл юм. Ирэх 6 сарын хугацаанд улсын хэмжээнд байнгын болон түр ажлын байрны тоо хэмжээ 7.4 хувиар буюу 46764-өөр нэмэгдэнэ.
Монголын ажил олгогчид ирэх 6 сард байнгын ажлын байр 8.2 хувиар өснө гэсэн хүлээлттэй байна. Бусад салбартай харьцуулахад зочид буудал, ресторан, кафены салбарт хүлээлт хамгийн өндөр буюу 13.0 хувийг үзүүлсэн байхад, эсрэгээрээ уул уурхайн салбарт хамгийн бага буюу 4.9 хувийн байнгын ажлын байрны өсөлт хүлээгдэж байна. Байршлын хувьд ажил олгогчдын хүлээлт харилцан адилгүй байна. Төвийн бүсийн ажил олгогчдын хүлээлт хамгийн их буюу 16.8 хувь байхад, Хангайн бүсийн ажил олгогчдод хамгийн бага буюу 1.8 хувийн байнгын ажлын байрны хүлээлт ажиглагдаж байна. Улаанбаатарт ирэх 6 сард 8.6 хувийн байнгын ажлын байрны хүлээлт гарчээ.
Улсын хэмжээнд ирэх 6 сард түр ажлын байр 6.6 хувиар буюу 18619-өөр өсөх дүр зураг гарсан. ХАА болон барилгын салбарт 2 оронтой тооны хүлээлт ажиглагдаж байхад тээвэр харилцаа холбооны салбар дөнгөж 0.9 хувийн хүлээлтийг үзүүлэхээр байна. Төвийн бүсэд мөн адил хамгийн их хэмжээний түр ажлын байр бий болохоор байгаа ба мөн ялгаагүй хангайн бүс хамгийн бага хүлээлтийг үзүүлэхээр байна.
Улирлын чанартай хэлбэлзлийн нөлөөлөл бага байдаг учраас ирэх 12 сарын хугацааны ажлын байрны талаарх ажил олгогчийн хүлээлт нь илүү бодитой мэдээлэл болж чаддаг.
Ирэх 12 сарын хугацаанд Монголын хөдөлмөрийн зах зээл дэх байнгын болон түр ажлын байр 1.4 хувиар буюу 10797-оор өсөхөөр байна. Үүнээс байнгын ажлын байр улсын хэмжээнд 1.5 хувиар өсч, 5909 түр болон байнгын ажилтныг хөдөлмөрийн зах зээл шинээр хүлээн авахаар байна. Эдийн засгийн салбаруудаас үйлчилгээ, худалдааны салбаруудад хамгийн өндөр өсөлт гарахаар байгаа ба, харин эсрэгээрээ уул уурхай, үйлдвэрлэлийн салбаруудад хамгийн бага өсөлт ажиглагдаж байна. Бүс нутгийн хувьд Улаанбаатарт ирэх 12 сарын хугацаанд байнгын ажлын байр 1.8 хувиар өсөхөөр байгаа нь бусад бүс нутагтай харьцуулахад хамгийн их өсөлтийн хүлээлтийг харуулж байна.
Харин ирэх 12 сарын хугацаанд хөдөлмөрийн зах зээл дэх түр ажилтны хэрэгцээ 1.3 хувиар буюу 4888-аар нэмэгдэхээр байна. Ялангуяа ХАА-н салбарт бусад салбартай, мөн түүнчлэн зүүн бүсэд бусад бүсүүдтэй харьцуулахад илүү олон тооны түр ажлын байр нэмэгдэхээр байна.
Судалгааны үр дүнгээс үзэхэд ирэх 6 ба 12 саруудад Монголын хөдөлмөрийн зах зээлд 22796 ажлын сул орон тоо бий болохоос 46.7 хувьтай тэнцэх 10646 нь шинээр бий болж буй, үлдсэн 53.3 хувь буюу 12150 нь сул ажлын байр гэсэн мэдээллийг ажил олгогчид өгчээ. Нийт ажлын байрны хүлээлтийн 51.9 хувь буюу 11819 нь нэн эрэлттэй 20 ажил мэргэжлээр байгаа ба эдгээр эрэлттэй ажил мэргэжлүүдийн 61.5 хувьтай тэнцэх 7269 нь барилга, уул уурхай, үйлдвэрлэлийн салбаруудад хамаарч байна. Жишээлбэл, барилгын салбарын барилга угсралтын туслах ажилтан, засалчин шаварчин, арматурчин, гагнуурчин, өрлөгчин, барилгачин, мужаан, мөн зам индүүдлэгийн ажилтан, уул уурхайн салбарын хүнд даацын машин, том тэрэгний жолооч, өрмийн мастер, уурхайчин, үйлдвэрлэлийн салбарт үйлдвэрлэл аж ахуйн туслах ажилтан, хөдөлгүүрийн засварчин зэрэг ажил мэргэжлүүдийг ажил олгогчид илүү эрэллтэй гэж үзсэн байна.
Техникийн ур чадвараас гадна ажил олгогчид нэмэлт ур чадваруудыг эзэмшсэн ажилчдыг эрэлхийлдэг. Хамгийн их эрэлттэй нэмэлт ур чадваруудад харилцааны чадвар, компьютер, техникийн мэдлэг, гадаад хэлний мэдлэг, хувь хүний харьцааны соёл, удирдах, багаар ажиллах чадвар багтана. Түүнээс гадна ажил олгогчид үнэнч шударга, ажил хийх чин хүсэл, уян хатан, хариуцлагатай ба өөдрөг эерэг байдал зэрэг хувь хүний зан чанарыг эрэлхийлдэг байна.
Ажил олгогчдоос хөдөлмөрийн зах зээлээс хэрэгцээт ажиллах хүчнээ олж авах болон ажиллуулах явцад тулгардаг бэрхшээлийг тодруулахад ажилтны ажилдаа хандах өөриймсөг бус байдал, мэргэжлийн өндөр ур чадвартай хүн олддоггүй, ачаалал даадаггүй, тогтвортой ажилладаггүй, ажлын хариуцлага, хувийн сахилга бат муу, ажил голдог болон цалин голдог, гадаад хэлний мэдлэг хангалтгүй, тоног төхөөрөмжтэй харьцах чадвар дутмаг зэрэг бэрхшээлүүдийг хамгийн ихээр дурьдсан. Энэ нь хөдөлмөрийн зах зээлд мэргэжил боловсролтой, өндөр ур чадвартай мэргэжилтэнгүүдийн хэрэгцээний зэрэгцээ ажил хөдөлмөрт хандах эерэг хандлага, зөв төлөвшилтэй иргэн хүн хэрэгцээтэй байгааг харуулж байна. Нөгөө талаас хөдөлмөрийн аюулгүй, эрсдэлгүй орчин, таатай нөхцлийг хангахад чиглэсэн бодлого, арга хэмжээнүүдийг нэн даруй хэрэгжүүлэх шаардлага ч байгааг дурьдах нь зүйтэй юм.
Энэхүү судалгаанаас гарсан нэг үр дүн нь хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний дутагдлын асуудал юм. Судалгааны түүвэрт хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагууд буюу Монгол Улсын бүх аж ахуйн нэгж байгууллагууд /түүвэр нь улсын хэмжээнд төлөөлж буй тул/-ын 23.1 хувь нь ажиллах хүчний дутагдалтай байсан байна. Ялангуяа үйлдвэрлэл болон барилгын салбар ажиллах хүчний дутагдалд хамгийн ихээр нэрвэгдсэн байхад, ХАА-н салбар хамгийн багаар нэрвэгджээ. Бүс нутгийн хувьд баруун бүсийн ажил олгогчид ажиллах хүчнээр хамгийн ихээр дутагдсан бол, хангайн бүсийн ажил олгогчид ажиллах хүчний дутагдалд бусад бүстэй харьцуулахад хамгийн багаар өртсөн байна. Ажиллах хүчин шаардлагатай байсан орон тоог ажиллах хүчин дутагдалтай байгаа аж ахуйн нэгж байгууллагад одоо ажиллаж байгаа нийт ажилчдын хувиар гаргаж, алдагдсан боломжийг тооцдог. Тэгвэл Монголын хөдөлмөрийн зах зээл өнгөрсөн нэг жилийн хугацаанд 10.7 хувийн ажил эрхлэлтийн боломжийг алдсан байгаа ба энэ нь өндөр үзүүлэлт юм.
Сул байгаа ажлын байрны мэдээллийг бүртгэлтэй ажилгүй иргэдийн ажил мэргэжлийн мэдээлэлтэй харьцуулан үзсэн. Хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй ажилтны эрэлт хэрэгцээ их байна. Мөн түүнчлэн ажил олгогчид мэргэжлээрээ мэргэшсэн, нарийн ур чадвар эзэмшсэн ажилчдыг эрэлхийлж буй нь эрэлт, нийлүүлэлтийн чанарын талын зөрүүг үүсгэж байна. Хэдийгээр бүртгэлтэй ажилгүй иргэдийн дунд мэргэжилтэйгээсээ мэргэжилгүй хэсэг нь харьцангуй их байгаа ч барилгын өргөн хэрэглээний мэргэжилтэй ажилтан, нийгэм, хүмүүнлэгийн ухааны мэргэжилтэн, энгийн ажил мэргэжлүүдээр зах зээлд нийлүүлэлт хангалттай хэмжээнд байна. Харин хөнгөн үйлдвэрлэлийн салбар мэргэжилтэй ажилтны, үйлчилгээний салбар мэргэжлийн болон туслах ажилтны дутагдалд орох хандлага байгаагаас гадна, улсын хэмжээнд мэргэжлийн өндөр ур чадвартай, нарийн мэргэжлийн мэргэшсэн ажилчдын нийлүүлэлтийн хомсдолоос үүдсэн хөдөлмөр эрхлэлтийн боломжийн алдагдал үүсэх төлөв ажиглагдаж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ

No comments: