Сэтгүүлчдийн мэдлэг хандлага өөрчлөгдсөн нь нийгмийн уур амьсгалд нөлөөлж байна

Эрүүл мэндийн сэтгүүл зүйн “Оюуны дархлаа” ТББ-аас 2009-2010 онд МУЗН, НҮБ-ын Хүн амын сан, Австралийн Улаан Загалмай нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр “Сонин хэвлэл, веб сайтуудад ХДХВ ба ДОХ-ын асуудлыг хэрхэн тусгаж байгаа тухай” агуулгын судалгаа явуулсан байна.
ХДХВ ба ДОХ-ын асуудлыг хөндөн бичиж байгаа өдөр тутмын болон чөлөөт 23 сонин, 19 сайтыг мэдээллийн агуулга, хэрэглэгчдийн тоо, хүртээмжтэй байдал зэргийг харгалзан сонгож, судалгаа явуулав. Монголчуудын 20 хувь нь сонинг, 30 хувь орчим нь интернэтийг өдөр бүр ашигладаг тул дээрх мэдээллийн хэрэгслүүд телевизийн араас орох хамгийн хүртээмжтэй сувгууд юм.

Судалгаанд давхардсан тоогоор 2009 онд нийтдээ 130 бүтээл, 2010 онд нийтдээ 401 бүтээл бүртгэгджээ. Эдгээрээс хамгийн олон материал буюу 10 хувь нь www.news.mn сайтад, дараа нь www.gogo.mn сайтад 8,5 хувь, “Зууны мэдээ” сонинд 8,2 хувь нь, “Өдрийн шуудан” сонинд 8 хувь нь тус тус нийтлэгдсэн байлаа. Судалгаанд хамруулсан нийт материалын 58 хувь нь сонинд, 42 хувь нь вэб сайтад нийтлэгдсэн байв.
2010 онд сонинд 232, интернэтэд 169, нийт 401 материал /давхардсан тоогоор/ нийтлэгджээ. Үүнээс сонинд нийтлэгдсэн материалыг хэмжиж үзэхэд ХДХВ ба ДОХ-ын асуудлыг хөндсөн 86862 см2 мэдээлэл байв. Энэ нь дунджаар А3 хэмжээтэй 48 нүүр мэдээлэл бөгөөд энэ нь өнгөрсөн жилийн судалгааны материалаас бараг 3 дахин их юм.

Сэтгүүл зүйн бичлэгийн төрлөөр нь харвал нийт материалын үнэмлэхүй буюу 61.8 хувь нь мэдээ байв. Удаагаар ярилцлага, асуудал хөндсөн өгүүлэлийн төрөл оржээ. 2009 онтой харьцуулахад мэдээ, асуудал хөндсөн өгүүллийн төрөл нэмэгдэж ярилцлага, сурвалжлага, нийтлэлийн төрөл багассан байна. Сонинд ХДХВ ба ДОХ-ын тухай бичихдээ мэдээ, асуудал хөндсөн өгүүлэл мөн ярилцлагын төрлийг голдуу ашигладаг бол интернэт дэх мэдээлэл нь мэдээний жанрыг түлхүү ашиглаж байна.


Сэтгүүлчид ХДХВ ба ДОХ-ын талаар бичихдээ тогтсон нэг эх сурвалжид баригддаггүй болох нь харагдаж байна. Тодруулбал, 2009 оны материалуудын 21 хувь нь аман эх сурвалж, 71 хувь нь бичгийн эх сурвалж байсан бол 2010 онд уг үзүүлэлт урвуу хамааралтай болж аман эх сурвалж нь 78 хувь, бичгийн эх сурвалж нь 14 хувьтай болж өөрчлөгджээ.

Сэтгүүлчид ХДХВ ба ДОХ-ын асуудлыг бичихдээ эх сурвалжийн түвшинг тэнцвэртэй барьж чадахгүй байна. Тэд ихэвчлэн мэргэжлийн /эмч, эрүүл мэндийн байгууллага/ бүлгийг гол эх сурвалжаа болгодог хандлага хэвээр байна. Гэхдээ энэ үзүүлэлт өнгөрсөн 2009 оныхоос 10 хувиар буурч, эрэл хайгуул ихтэй, үр дагавар хүртэгсэд буюу ХДХВ ба ДОХ-ын халдвар тээгч, тэдний ар гэр, үр хүүхэд зэрэг өртөх магадлал өндөртэй бүлгийн хувь 4,1 хувиар, сонирхлын бүлэг буюу хөндлөнгийн эх сурвалжийн хувь 6,4 хувиар өссөн эерэг үзүүлэлт судалгааны дүн гарчээ.

2009 оны судалгаанаас сэтгүүлчид ХДХВ ба ДОХ-ын тухай бичихдээ баримтад тулгуурлахыг эрмэлздэг агаад голдуу бичгийн эх сурвалж ашиглагладаг гэсэн ерөнхий дүгнэлт гарсан. Тэгвэл нэг жилийн дотор сэтгүүлчид ХДХВ ба ДОХ-ын талаар бичихдээ үзэл бодлоо оруулах нь эрс нэмэгдэж, 15 хувиас 41 хувьд хүрсэн төдийгүй үнэмлэхүй хувь нь аман эх сурвалж ашигладаг болсон байна. Хоёр жилийн судалгааны дунджаас харахад сэтгүүлчид дийлэнхидээ нэг эх сурвалжийн бүр тодруулбал, дан ганц мэргэжлийн бүлгийнхний /эмч, эрүүл мэндийн байгууллагын/ мэдээлэлд үндэслэж, ХДХВ ба ДОХ-ын талаар бичсээр байна. Гэхдээ 2009 оны мэдээлэлтэй харьцуулбал, үр дагавар хүртэгсэд болон сонирхлын бүлгийнхэн гол эх сурвалж болох нь тодорхой хувиар нэмэгдэж 7,7-өөс 20,9 хувьд хүрч өсчээ.

2009, 2010 оны судалгааны дүнгээс харахад ХДХВ ба ДОХ-ын талаарх мэдээллийн 44-77 хувь нь төвийг сахисан мэдээлэл байгаа нь сэтгүүлчид энэ сэдвийг хөндөхдөө төвийг сахисан байр сууринаас хандахыг хичээдэг нь харагдаж байна. Гэхдээ 2009 оны I, III улиралд эерэг, II улиралд сөрөг өнгө аястай мэдээлэл давамгайлж байсан бол 2010 оны I, II улиралд эерэг III, IV улиралд төвийг сахисан байр сууринаас бичсэн материал давамгайлж байгаа нь ХДХВ ба ДОХ-ын талаар бичихэд улирлын нөлөөлөл тийм ч хамааралтай байдаггүйг баталж байна.

ХДХВ ба ДОХ-ын талаарх нийт материалын 11 хувьд нь уг халдвар тээгчдийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны талаар дурьдсан байна. Гэвч ажлын байрны талаарх мэдээллийн тал хувьд нь биеэ үнэлэгчдийн талаар дурьдсан бөгөөд тэд ХДХВ ба ДОХ-ын халдвар тээгч, амар, хялбар аргаар мөнгө олохыг хүсэгчид гэх мэт мессежийг өгсөн байв. Удаагаар нь ХДХВ ба ДОХ-ын халдвар тээгчдийн ажлын байрны хомсдол болон ажлын байрны дарамтын талаар цөөн хэсэгт дурьдаж, сэтгүүл зүйн бичлэгийн ярилцлага, асуудал хөндсөн өгүүлэл жанрыг ашиглан бичжээ.

Судалгааны хугацаанд ХДХВ ба ДОХ-ын тухай бичсэн сэтгүүлчид нэр томъёог буруу хэрэглэсэн тохиолдол 817 удаа гарсан нь өнгөрсөн жилийнхээс 6 дахин их үзүүлэлт байв. Энэ нь нэг талаас хэвлэл мэдээллийн салбарт шинэ залуу сэтгүүлчид олноороо орж ирж байгаа, нөгөө талаас ХДХВ ба ДОХ-ын талаарх мэдээллийн тоо хэмжээ, давтамж нэмэгдэж байгаатай холбоотой юм. Түүнчлэн ихэнх тохиолдолд “ДОХ-ын халдвар”, “ДОХ-той хүн”, “ДОХ-ын вирус” гэсэн үгийн давтамж олон байгааг дурдах хэрэгтэй.

Иймд:
1. Сэтгүүлчдийн дунд ХДХВ ба ДОХ-ын талаархи сургалтыг тогтмолжуулах,
2. Шинэ залуу сэтгүүлчдийн хамрах хүрээг өргөтгөх,
3. Хэвлэл мэдээллийн салбарын удирдах түвшинд болон хамт олны дунд сургалтыг хийх,
4. Сэтгүүл зүйн бичлэгийн болон мэргэжлийн ёс зүй, стандарт шаардлагыг мөрдөж ажиллах,
5. Аливаа мэдээллийг баримт нотолгоонд суурилж бэлтгэх,
6. Эх сурвалжийн гурван түвшинд мэдээллийг баталгаажуулах /үр дагавар хүртэгсэд, сонирхлын бүлэг, мэргэжлийн бүлэг/
7. Бичлэгийн олон төрөл, жанрыг жигд ашиглах,
8. Хүний эрхийг дээдэлж, ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлолтыг бууруулах,
9. Эерэг болон төвийг сахисан өнгө аястай мэдээллийн хувь хэмжээг нэмэгдүүлэх,
10. Орон нутаг болон гадаад дахь Монголчууд, Монгол дахь гадны иргэдийн ХДХВ ба ДОХ-ын талаар мэдээллийг нэмэгдүүлэх,
11. Халдвартай олон нийтийг чадавхижуулах, нийгэмшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх талаар асуудал хөндөж байх,
12. ХДХВ ба ДОХ-той холбоотой нэр томъёог зөв хэрэглэж хэвших, ялангуяа “ДОХ-ын халдвар”, “ДОХ-той хүн”, “ДОХ-ын вирус” гэсэн үгийг хэрэглэхгүй байх зөвлөмжийг судалгааны багаас хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч, сурвалжлагч нарт зөвлөмж болгож байна.

No comments: