Дуглас Стевенсон: Америкийн нийгэм, амьдрал, заншил /ном/

Америкийн Нэгдсэн Улсын нийгмийн амьдрал, бодит байдлыг харуулсан нэгэн номыг социологичиддоо зориулан оруулж байна. Эх хэл дээрээс унших боломжийг олгож байгаадаа баяртай байна.
American niigem_es_zanshil -

Хамгийн олон үзэгчтэй зуун нэвтрүүлгийн сүлжээ судалгааг танилцууллаа

МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээлэл судалгааны төв, Монголын хэвлэлийн хүрээлэн хамтран “Хамгийн олон үзэгчтэй зуун нэвтрүүлгийн сүлжээ” судалгааны үр дүнгийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. МХХ-ээс Улаанбаатар хотын хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн дунд сар тутам, МҮОНРТ-ийн Судалгааны албанаас хөдөө орон нутгийн үзэгчдийн дунд сар тутам тогтмол судалгаа хийдэг. Эдгээр судалгаагаар Монголын телевизүүдийн хамгийн олон үзэгчтэй 100-н нэвтрүүлэг, телевиз тус бүрийн хамгийн олон үзэгчтэй эхний 10-н нэвтрүүлгийг гаргадаг юм байна. Энэхүү судалгаан дээр үндэслэн ОНРТ-ийн Судалгааны албанаас “Хамгийн олон үзэгчтэй 100-н нэвтрүүлгийн сүлжээ” судалгааны үр дүнгийн хэлэлцүүлгийг ОНРТ-ийн Үндэсний зөвлөл болон удирдлагуудад танилцууллаа. Судалгааны гол ач холбогдол нь 7 хоногийн аль гаригт, аль телевизийн ямар нэвтрүүлэг болон ямар төрлийн нэвтрүүлгийг хэдэн цагаас үзэж байгааг нарийвчлан харах бололцоотой болж байна. Энэхүү судалгааны үндсэн дээр телевизүүд нэвтрүүлгийн сүлжээгээ зохиох бүрэн бололцоотой юм. Олон нийтийн телевиз үндэсний хэмжээнд нэвтрүүлэг цацдаг олон нийтийн статустай байгууллага учраас судалгаа шинжилгээний үндсэн дээр тулгуурлан хөтөлбөрийн бодлогоо тодорхойлж байх ёстой юм.
ОНРТ-ийн Судалгааны албанаас телевиз үзэхэд улирлын хамаарал хэр нөлөөлж байгааг тодруулах судалгааг үргэлжлүүлэн хийх юм байна.
МХХ-ийн Мэдээлэл судалгааны албаны Ахлах судлаач Д.Нямдорж, судлаач Н.Батзориг, МҮОНРТ-ийн ОНМСТ-ийн Ахлах судлаач Ц.Хурцбилэг нар судалгааныхаа үр дүнг хэлэлцүүллээ.

Олон нийтийн мэдээлэл судалгааны төв

МОНГОЛ ТЕЛЕВИЗ ХХК Судлаач ажилд авна



BROADBAND Медиа сурталчилгааны компаны хийсэн судалгаанаас...

Реклам сурталчилгааны LCD дэлгэцийн медиа сүлжээ байрлах Улаанбаатар хотын хамгийн их хүн үйлчлүүлдэг 80 гаруй томоохон голлох байгууллагуудаар өдөрт 70,000 - 80,000 мянган хүн тогтмол үйлчлүүлдэг бөгөөд бидний хийсэн судалгаагаар дээрх газруудад байрлах LCD сурталчилгааны дэлгэцүүдийг өдөрт 40,000 - 50,000 хүн үздэг байна.

Дундаас дээш орлоготой хэрэглэгчдийн хувьд

* Амралтын өдрүүдэд дэлгүүр хэсэх
* Өглөө 8:15 - 8:30 Гэрээс явах, машин эсвэл таксигаар ажилдаа очих
* Өглөө 9:00 - 9:30 Өдрийн ажилдаа бэлтгэх
* Өглөө 10:00 - 12:00 Байгууллагын хурал бизнесийн уулзалт
* Өдөр 12:00 - 13:30 Хамт олонтойгоо өдрийн хоолоо идэх
* Орой 23:00 - 07:00 Гэртээ хариж унтаж амрах
* Орой 21:00 - 23:00 Өдрийн алжаалаа тайлж ресторан болон пабд найз нөхөдтэйгээ суух
* Орой 18:00 - 20:00 Ажилаа тараад хувийн ажилаа амжуулна
* Өдөр 14:00 - 17:00 Компанийн үүрэгт ажилуудаа гүйцэтгэх

Хүн ам олноор цугларах газарт уг сүлжээг үр ашигтай ажиллахад юу нөлөөлөх вэ?Гэртээ TV үзэхдээ: Нэвтрүүлэг эсвэл Зар сурталчилгаа гэдгийг та сонгох юм.Харин цахилгаан шат хүлээх зуур сурталчилгааны LCD дэлгэцийг үзэхдээ: Зар сурталчилгаа юу эсвэл цаг үрсэн дэмий зүйл үү гэдгийг та сонгох юм.Зар сурталчилгаа ямар үед илүү хэрэгтэй вэ?Зар сурталчилгаа үзээгүй үедээ та уйтгарлах тэр мөч, орчин нөхцөлд хүн ам олноор цуглах газарт байрлах сүлжээ дэлгэц нь таны анхаарлыг илүү татна.

Телевизийн реклам сурталчилгаа болон LCD дэлгэцний реклам сурталчилгааг үзэх үзэгчдийн социологын судалгаа
2009 онд телевиз үзэгчдийн дунд хийсэн судалгаагаар хүмүүс гол төлөв ТВ нэвтрүүлэг, кино үздэг ба дөнгөж 17.76% нь зар сурталчилгаа сонирхдог гэжээ.

Хүмүүс гадуур явж байхдаа сурталчилгааны LCD дэлгэцээр гарч байгаа реклам сурталчилгааг үзэхэд ямар санагддаг вэ?

Ихэнх хүмүүс телевизээр сурталчилгаа гарах үед сувгаа солидог гэсэн судалгааны үр дүн харуулж байна

* Тв үзэж байх үед сурталчилгаа гархад нэн даруй сувгаа солидог 49.62%
* Тв үзэж байх үед дундуур сонирхолтой сурталчилгаа гарвал үргэлжлүүлэн сувгаа солихгүй үздэг 22.48%
* Телевизээр нэвтрүүлэг үзэж байхад дундуур нь сурталчилгаа гархад сувгаа солидоггүй аль алийн үргэлжлүүлэн үздэг 17.76%
* Телевизээр нэвтрүүлэг үзэж байхад дундуур нь сурталчилгаа гархад үздэггүй ба сувгаа солидоггүй 10.14%
* Энэхүү судалгаанаас үзхэдхүмүүс сурталчилгааны LCD дэлгэцийг илүүтэйгээр үздэг болох нь харагдаж байна

Эх сурвалж: http://www.brb.mn/

“Максима” телевизийн мониторингийн агентлаг


456 -

МУИС НШУС Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн тухай

Танилцуулга
Тус тэнхим нь 1991 оноос социологийн мэргэжлээр, 2000 оноос нийгмийн ажилтны чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсэн бөгөөд бакалавр, магистр, докторын 3 шатны сургалт явуулдаг. Үүний зэрэгцээ социологи, нийгмийн ажлын мэргэжлээр сургалт явуулдаг их, дээд сургуулийн оюутан багш нарын дунд эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг. Мөн тус тэнхмийн хамт олон сургалтын үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ улс орны болон олон улсын чанартай захиалгат судалгаа, төсөл хэрэгжүүлж байдаг онцлогтой.

Манай тэнхимийн эрхэм зорилго: Социологи нийгмийн ажлын мэргэжлээр олон улсын стандартын шаардлагын төвшинг хангахуйц үндэсний боловсон хүчнийг бэлтгэх нь тус тэнхмийн хэтийн эрхэм зорилго мөн.
Салбарын өөрийн үнэлгээний тайлангаас үзэхэд социологич мэргэжлээр төгсөгчдийн гуравны хоёр нь төр захиргаа, их дээд сургууль, коллеж, судалгааны байгууллага, төрийн бус, олон нийтийн байгууллагад ажиллаж зарим нь гадаадын магитсрантурт элсэн суралцаж байна.

Нийгмийн ажлын мэргэжлээр төгсөгчдийн олонх нь /70 орчим хувь/ нь төрийн болон төрийн бус байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байна. Тухайлбал, төрийн нийгмийн хамгаалал, халамжийн салбар байгууллагуудад, орон нутгийн захиргаанд нийгмийн албанд, ЕБС-д нийгмийн ажилтны орон тоон дээр ажиллаж байгаа юм. Мөн нийгмийн үйлчилгээний чиглэлийн төрийн бус байгууллагад тодорхой хувь нь ажиллаж байгаа ба өөрсдийн санаачлагаар байгууллага үүсгэн амжилт гаргаж байгаа төгсөгчид ч бий.

Бүрэлдэхүүн
О.Мөнхбат
Тэнхмийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор, Нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал. Судалгааны үндсэн чиглэл: Нийгмийн бүтэц, давхраажлын асуудал, Социологийн түүх, онол, арга зүйн асуудал

С.Гомбо
Доктор (Ph.D), профессор. Судалгааны үндсэн чиглэл: Хөдөлмөрчдийн цагийн төсөв, чөлөөт цагийн ашиглалт, Нийгмийн шинэчлэлийн социологийн асуудал

Ш.Оюунханд
Доктор (Ph.D), дэд профессор. Судалгааны үндсэн чиглэл: Нийгэм дэх гаж үзэгдлийн социологийн асуудал

Т.Бүрэнжаргал
Доктор (Ph.D), дэд профессор. Судалгааны үндсэн чиглэл: Нийгмийн ажилтны ёс зүйн асуудал, Шилжилтийн үеийн нийгмийн бүтэц, Гэр бүлийн социологийн онол, арга зүй

Д.Мөнхтөр
Магистр, ахлах багш. Хот хөдөөгийн социологи, Шашны социологи, Социологийн арга зүй

Ц.Болд
Магистр, ахлах багш. Судалгааны үндсэн чиглэл: Социологийн судалгааны мэдээлэл боловсруулалтын арга зүйн асуудал, Шилжин ирэгсдийн социал асуудал

Д.Оюунцэцэг
Магистр, ахлах багш. Судалгааны үндсэн чиглэл: Тахир дутуу хүмүүстэй ажиллах нийгмийн ажил

Г.Түмэннаст
Магистр, багш. Судалгааны үндсэн чиглэл: Нийгмийн ажлын түүх, онолын асуудал, Өнөөгийн монголын нийгэм дэх гэмт хэргийн нөхцөл байдал

Ч.Тамир
Магистр, багш. Судалгааны үндсэн чиглэл: Пост социализмын орны нийгмийн бодлогын харьцуулсан шинжилгээ

С.Нарантуяа
Магистр, багш. Судалгааны үндсэн чиглэл: Нийгмийн зөрчилдөөн, түүнийг шийдвэрлэх арга замын асуудал

М.Батбаатар
Магистр, багш. Судалгааны үндсэн чиглэл: Хүн амын шилжилт хөдөлгөөн, Тоон ба чанарын судалгааны арга зүй, Эдийн засгийн социологи

З.Серик
Магистр, багш.

Ш.Оюунтуяа
Магистр, багш

Сургалт
Одоо тус тэнхим социологи-нийгмийн ажлын мэргэжлээр бакалавр, магистр, докторын гэсэн шаталсан сургалтыг явуулж байгаа бөгөөд бүрэлдэхүүний хувьд 12 багш, социологийн 100 гаруй, нийгмийн ажлын 120 орчим оюутан, 20 орчим магистрант, 10 орчим докторанттайгаар тус хоёр мэргэжлийн салбарт сургалт явуулж байна.

Бакалавр болон магистрын түвшинд сургалт явуулахдаа сургалтын хөтөлбөрийг өнөөгийн нийгмийн бодит хэрэгцээ, шаардлагатай уялдуулах бодлогыг баримталж ирсэн юм. Тухайлбал социологич мэргэжилтэн бэлтгэхдээ эдийн засаг, иргэний нийгэм, боловсрол, орон нутгийн хөгжил, удирдлагын зэрэг салбараар мэргэшүүлж байна.

Нийгмийн ажилтан бэлтгэхдээ гэр бүл, хүүхэд хөгжил хамгаалал, нийгмийн халамжийн үйлчилгээ, гаж зан үйлтэнтэй ажиллах /хүмүүжлийн доголдолтой, гэмт хэрэгтэн, биеэ үнэлэгч, мансуурах/ тахир дутуу иргэдийн хамгаалал, ядуурал, шилжин ирэгсэдтэй ажиллах зэрэг салбараар мэргэшүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж ирлээ.

Тус салбарыг төгсч буй оюутнууд суралцах хугацаандаа хот хөдөөд хийгддэг социологийн судалгаануудад 2-3 удаа биечлэн оролцож практик дадлага эзэмшдэг онцлогтой.

Социологийн тэнхим нь судалгааны арга зүй аргачлалыг эзэмшсэн мэргэжлийн боловсон хүчний зэрэгцээгээр судалгааны анхдагч мэдээллийг боловсруулах дэлхийн стандартад нийцсэн SPSS, STATISTICA програм хангамж бүхий лабораторитой. Мөн Социологи Нийгмийн ажлын салбарын оюутнуудад зориулан Германы Хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Социологи Нийгмийн ажлын сургалтын лаборатори тохижуулаад байна.

Эрдэм шинжилгээ
Социологи-Нийгмийн ажлын тэнхмийн багш нарын эрдэм судлалын ажлын чиглэлийг авч үзвэл нийгмийн ялгарал, давхраажил, чөлөөт цаг, амьдралын хэв маяг, нийгмийн гаж үзэгдэл, гэмт хэрэг, иргэдийн улс төрийн оролцоо, ядуурал, шилжих хөдөлгөөн зэрэг Монголын нийгэмд тулгамдсан олон асуудлуудыг хамарч байна.

Тэнхмийн хүрээнд "Монгол дахь нийгэм, улс төр, эдийн засгийн шинэчлэлийн социологийн асуудлууд" сэдвээр /2002-2006/ шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд жил бүр хот, хөдөөд социологийн давтсан судалгаа хийж, нэгтгэн дүгнэдэг.

Урьд нь 1996-2000 онд "Монголын нийгмийн бүтцийн дотоод ялгарлын социологийн асуудал" сэдвээр мөн ШУТ-ийн төсөл хэрэгжүүлсэн тайлан улсын бүртгэлийн 2001-00032 дугаартай (50 хуудас) ШУТМТКорпорацид хадгалагдаж байгаа болно.

Тэнхмийн хамт олны болон багш нарын хийж гүйцэтгэсэн судалгааны ажлууд
Улс орны шинжтэй:
* Монгол Улсын ШУБЯ-ны захиалгаар "МОНГОЛЫН НИЙГМИЙН ДАВХРААЖИЛТ, ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧИГ ХАНДЛАГА" 1993-1998 онд хэрэгжсэн суурь судалгаа. /түүвэр 3000 хүн/
* Монгол Улсын Гэгээрлийн Яамны захиалгаар "МОНГОЛЫН НИЙГМИЙН ДОТООД Ялгарал" 1998-2001 он. /түүвэр 1500 хүн/
* Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын захиалгаар "ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ-ОНСБ" 1997 он. /түүвэр 1500 хүн/
* Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн захиалгаар "ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ БА ОНСБ" 1999 он. /түүвэр 350 хүн/
* Нийслэлийн засаг даргын дэргэдэх "Залуучуудын асуудал эрхэлсэн тасаг-ийн захиалгаар "НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ" 1995 он. /түүвэр 400 хүн/
* ЦЕГ-ын захиалгаар "НИЙГЭМ ДЭХ ГАЖ ҮЗЭГДЭЛ, ТҮҮНТЭЙ ТЭМЦЭХ АРГА ЗАМ" сэдэвт судалгаа 1995 он. /түүвэр 500 хүн/
* ЭМНХЯамны захиалгаар "ТАХИР ДУТУУ ХҮМҮҮСИЙН НИЙГМИЙН АСУУДАЛ" 1999 он. /түүвэр 1000 хүн/
* МУИС-ийн захиалгаар "ХӨДӨӨГИЙН ЗАЛУУ ГЭР БҮЛИЙН ОНЦЛОГ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД" сэдэвт чанарын судалгаа. /түүвэр 400 хүн/
* УИХ-ЫН 2000 ОНЫ СОНГУУЛЬ" төслийн хүрээнд хот хөдөөгийн сонгогчдын дунд анкет ба утасны судалгаа, ажиглалт, сорилын аргуудыг ашиглаж сонгогчдын электон зан үйлийн талаар иж бүрэн судалгааг хэрэгжүүллээ.

Олон улсын чанартай:
* Японы Асахи сонины газартай хамтран явуулсан "МОНГОЛЫН АРД ОЛНЫ САНАЛ БОДОЛ" 1991-1992 он. /түүвэр 1094 хүн/
* Японы судалгааны төвийн захиалгаар /JRC/ захиалгаар "Хэлний тархалт" 1998 он. /түүвэр 1000 хүн/
* Японы судалгааны төвийн захиалгаар /JRC/ захиалгаар "БОЛОВСОН ХҮЧНИЙ СУДАЛГАА" 1997 он. /түүвэр 450 хүн/
* АНУ-ын Баренц групп, ТӨХ-ны захиалгаар "ӨМЧ ХУВЬЧЛАЛ БА ОНСБ" /түүвэр 1000 хүн/
* МННХ. Соросын сангийн захиалгаар "СЭТГҮҮЛЧИЙН МЭРГЭЖИЛ, НИЙГМИЙН БАЙДАЛ" 1997 он. /түүвэр 450 хүн/
* UNDP-ийн Монгол дахь салбарын захиалгаар "НОГООН ХУВЬСГАЛ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ" сэдэвт судалгаа 1999 он. /түүвэр 400 хүн/
* НҮБ-ын "Хөгжлийн хөтөлбөр"-ийн захиалгаар "СОНИНЫ НИЙТЛЭЛ БА ОНСБ" 1999 он. /түүвэр 400 хүн/

Гадаад харилцаа
* Өмнөд Солонгос Сөүлийн Их Сургууль
* Япон улсын Аyoma Gaikuin Их Сургууль
* Унгар улсын Төв Европын Их Сургууль
* 2001 оноос ХБНГУ-ын Мюнстер хотын Нийгмийн ажлын дээд сургуультай хамтран "Нийгмийн ажлын бакалаврын сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох нь" төслийг хэрэгжүүлсэн. 2006 оноос эхлэн "Нийгмийн ажлын магистрын сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох нь" төслийг хэрэгжүүлж байна.

Тэнхмийн багш нарын ном, бүтээл хэвлүүлсэн байдал
* Социологийн судалгааны үндсэн аргууд. Ред В.Отгоннасан
* Нийгмийн социаль бүтцийн социологи. О.Мөнхбат(Ph.D)
* Олон нийтийн санал бодлын социологи Д.Оюунцэцэг
* Олон нийтийн санал бодол бүрэлдэх механизм. В.Отгоннасан (Ph.D)
* Монголын нийгмийн давхраажил, ХХ зуун: хөгжил, хандлага. Х.Гүндсамбуу. (Sc.D)
* Нийгмийн девиаци ба амиа хорлохуй. Ш.Оюунханд (Ph.D)
* Гэр бүлийн социологи. Т.Бүрэнжаргал (Ph.D)
* Нийгмийн ажлын сургалтын гарын авлага. Ш.Оюунханд (Ph.D)
* Социологи сэтгүүлийн 1, 2, 3, 4, 5, 6-р дугаар
* Социологийн ажилбар И.Руденко Орос хэлнээс хөрвүүлсэн С.Нарантуяа, Н.Болормаа
* Нийгмийн ажлын ёс зүй Т.Бүрэнжаргал (Ph.D)
* Political paper Ch.Tamir
* The Social structure and stratification. In South Korea: from past to present. O.Munkhbat
* Социологийн онол, сонгодог хийгээд орчин үе. О.Мөнхбат (Ph.D)
* Нийгмийн ажлын түүх. Г.Түмэннаст

Хэвлэл мэдээллийн салбарын төлөв байдал /Судалгааны тайлан/ 2007


hevlel medeelliin salbariin tuluv baidal -

Т.Парсонсын социологийн үзэл баримтлал: Нийгмийн бүтцийн сургааль

Т.Парсонс: Социологийн онол аргазүйн асуудал
Онолын тухай асуудал бол зөвхөн Парсонсын төдийгүй нийт бүтэц функционал чиглэлийн төлөөлөгчдийн анхаарлын төвд оршсоор ирсэн юм. Тэд социологийн онолын тухай харилцан адилгүй байр суурьтай байсан төдийгүй онолын талаарх эдгээр эрдэмтдийн үзэл бодол нийгмийн өөр онол урсгалын төлөөлөгчдын шүүмжлэлийн гол бай болж иржээ. Тухайлбал, Ж. Хоманс бүтэц функционалистуудыг шүүмжлэхдээ “...тэд онол гэж юу болохыг хэзээ ч тодорхойлж чадаагүй юм” /Хоманс, Ж (1996). Возврашение к человеку. В кн Американская социологическая мысль: тексты Под ред. Добренькова. В.И. М: Издание Междунорад-го Университета Бизнеса и Управления. стр. 49/ хэмээн буруутгаад ийм байдлаар цаашид онолын талаар ярих боломжгүй гэж тэмдэглэж байлаа.

Парсонс нийгмийн үзэгдэл юмсыг бүрэн гүйцэд тайлбарлаж чадахуйц боловсронгуй онол бүтээхийг эрмэлзэж байсан бөгөөд ингэхдээ макро онолд анхаарлаа хандуулж байлаа. Орчин үеийн социологийн онолын нэгэн дутагдалтай тал бол томоохон нарийн түвэгтэй нийгмүүдийн бүтцийн хэсгүүдийн системчлэгдсэн дүн шинжилгээ байхгүй явдал мөн гэж Т.Парсонс тэмдэглэж байв.
1937 онд хэвлэгдсэн "Нийгмийн үйлдлийн бүтэц" зохиолдоо Талкот Парсонс утилитар, позитивист, шүүмжлэлт гэх зэрэг социологийн олон тооны үзэл баримтлалуудын сул болон хүчтэй талуудыг шинжлэн үзээд тэдгээрийн синтезийн дүнд социологийн онолын шинэ ойлголтын аппаратыг бий болгохыг эрмэлзсэн байна.

Тэрбээр социологийн онолыг бүтээхдээ "аналитик реализм»-ыг баримтлах ёстой гэж үзээд Социологийн онол нь "объектив гадаад ертөнцийн мөн чанар шинжийг бүрэн илэрхийлж хамруулж чадахуйц" чухал ач холбогдол бүхий цөөн тооны ойлголтыг ашиглах шаардлагатай гэж үзжээ.

Т.Парсонс бичихдээ “эдгээр ойлголт ямар нэгэн тодорхой үзэгдэл юмсыг бус, энэ үзэгдэл юмс агуулагдаж байгаа өөр бусад элементээс задлан шинжлэх /анализын/ замаар ялгагдан салгагдахуйц элементийг илэрхийлэх ёстой. Тиймээс олон талт, нарийн түвэгтэй эмпирик бодит байдлаас аналитик элементүүдийг хийсвэрлэн салгаж байгаа ойлголтыг боловсруулахаас онол бүтээх ажлыг эхлэх ёстой” гэж байв.

Өөрөөр хэлбэл ойлголт нь социал бодит байдлыг бүрэлдүүлэгч нарийн түвэгтэй харилцааны цогцсоос үзэгдэл юмсыг тусгаарладаг байна. Гэхдээ Т.Парсонс эдгээр ойлголтыг онолын баталгаа болно гэж үзээгүй бөгөөд харин тэдний тусламжтайгаар бодит ертөнцийн гол гол шинж чанарыг илэрхийлэхүйц "ойлголтын нэгдсэн тогтолцоо"-г бий болгохыг хүссэн байна.

Энэ тохиолдолд онол нь нийгмийн үзэгдлүүдийг зохион байгуулалтын үндсэн шинж талыг тусгахуйц ангилал мэт байх агаад ийм онолын системийг бий болгосны дараа сая социологийн жинхэнэ онолыг бүтээх ёстой гэж Т.Парсонс үзэж байлаа.
Онолыг бүтээх Парсонсын гол стратеги нь цэвэр ахуйн байр суурийг илэрхийлэх бөгөөд социаль ертөнц нь системлэг шинжтэй бөгөөд хийсвэр ойлголтын хүрээнд оршино гэж хэлж болох юм.

Т.Парсонсынхоор бодит байдал хэдий хязгааргүй ч гэсэн логик рациональ байдлаар зохион байгуулагдсан системлэг шинжтэй учраас түүнээс гаргасан хийсвэр ойлголтууд нь мөн л логик байдлаар нэгдмэл зохион байгуулагдсан байх ёстой аж.
Онолын зорилго бол хуримтлагдсан мэдлэг ба урьд өмнөх онолын баримтлалуудын логик уялдсан байдлыг бий болгоход чиглэх ёстой.

Түүнчлэн шинжлэх ухааны онолын хоёр чухал функц бол
•дүрслэн зураглах ба
•дүн шинжилгээ бөгөөд баримт сэлт маш нарийн нягт системчлэгдэн эмхлэгдсэн тохиолдолд л онол боломжтой гэж Т.Парсонс тэмдэглэж байв.

Т.Парсонсын онолыг нэг талаас эмпирик бодит байдлыг адил төстэйгээр зураглаж чадахуйц /бүтцийг/ бүтцийн ухагдахуунууд болон эл бүтцийн оршин тогтох, тарж бутрах өөрчлөгдөх гэх мэт үйл явцыг тэмдэглэж чадахуйц функциональ ухагдахууныг багтаасан бүтэц-үүргийн тогтолцоо хэмээж болох юм.

Т.Парсонсын "Систем"-ийн талаарх үзэл баримтлал
Системийн нэлээд боловсронгуй загварыг бий болгож чадсан Т.Парсонс «Социологийн ерөнхий онолын асуудал» хэмээх бүтээлдээ социологийн онолын хамгийн сул тал бол томоохон нарийн ярвигтай нийгмүүдийн бүтцийн бүрэлдэхүүн хэсгийн системчлэгдсэн анализ байхгүй байгаа явдал юм гэж үзсэн байдаг.

Тийм учраас Т.Парсонс нийгмийг систем болох талаас нь өөрөөр хэлбэл системийн хандлагын үүднээс тайлбарлах явдлыг гол болгон авч үзсэн ажгуу. Түүнчлэн бүтцийн болоод системын талаарх Парсонсын үзэл баримтлалыг авч үзэхийн өмнө түүний функцийн тухай буюу AGIL-ыг авч үзэх нь зүйтэй.

Функци гэсэн ойлголтын дор (function)- тогтолцооны хэрэгцээ шаардлагад чиглэсэн, тохирсон үйл ажиллагааны цогцыг ойлгоно. /Ritzer.G(1996) Sociololical theory. (4th ed) New York: The McGraw-Hill. p 237/
1.Дасан зохицохуй (adaptation). Хүрээлэн буй орчин дасан зохицох буюу тэдгээрийн өөрийн хэрэгцээнд тааруулан өөрчлөх замаар дасан зохицох явдал. Ингэхийн тулд гадаад орчноос хамгаалах хангалттай хэрэгсэлтэй болох нь чухал аж.
2.Зорилгодоо хүрэхүй (goal atteinment) Зорилгоо тодорхойлох, тэдгээрээс хамгийн гол зорилгыг сонгон түүндээ хүрэхэд бүх нөөц бололцоо дайчлах
3.Интеграци (integration) Эл функци нь системийн нэгжүүдийн хоорондын амьдрах чадвар бүхий уялдаа холбоог дэмжих, зохицуулна. Түүнчлэн бусад функцүүд буюу A,G,L -үүдийн харилцааг удирдах ёстой аж.
4.Латент шаардлага (latency (pattern maintenance) хэлбэрээ хадгалах, хурцадмал байдлыг намжаах, хэлбэрээ хадгалах гэдэг нь социаль систем дэх жүжигчид шаардлагатай чадвараа гарган дайчлах гэсэн үг агаад хурц байдлыг намжаах нь зөвшилд хүрэх чадвар аж.

Т.Парсонсын нийгмийн тогтолцооны гол асуудал бол нийгмийн эмх цэгц асуудал юм. Харин системийн хамгийн гол, суурь шинж чанар бол түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн харилцан хамаарал аж. Харилцан хамаарал гэж системийн элементүүдийн хоорондох харилцааны журамлагдсан байдлыг хэлнэ.

Эл журамлагдсан байдал нь
1.Тэнцвэрт байдлаа хадгалан үлдэхийг эрмэлзсэн нийгмийн тогтолцооны эрмэлзлэл,
2.Нийгмийн амьдралын давтагдах, урьдчилан прогнозчлох боломжийг олгоно.
3.Нийгмийн амьдралын элементүүдийн өөр хоорондоо зөвшилцсөн, зөрчилдөөнгүй болохыг илэрхийлнэ.

Эдгээрээс үүдээд Т.Парсонс аливаа системийн шинж чанарыг дараах байдлаар тодорхойлсон байна. Түүний үзсэнээр систем нь:
•Системийн хэсгүүд нь өөр хоорондоо харилцан хамааралтай, эмх цэгцтэй байна
•Систем нь тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах чадвартай байдаг
•Систем нь статик тогтвортой байдлыг хадгалахын сацуу эмх цэгцтэй өөрчлөлтөнд орох чадвартай байна
•Системийн нэг хэсгийн мөн чанар нь нөгөө хэсгүүддээ нөлөө үзүүлэх чадвартай байдаг
•Систем нь хүрээлэн буй орчноосоо зайгаа барьж, хил хязгаараа хадгалдаг
•Хуваарилалт болон интеграчлал нь системийн тэнцвэртэй байдлыг хадгалах суурь үндсэн үйл явц юм
•Систем нь орчноос зайгаа хадгалах, бүхлийн хэсгүүдтэй харилцаанд орох, өөрчлөлтөнд орох хандлага хийгээд хүрээлэн буй орчны олон талт байдлыг хянах чадвартай байдаг аж. /Ritzer.G(1996) Sociololical theory. (4th ed) New York: The McGraw-Hill. p 240/

Ер нь бүтэц функционал онол, түүний дотор Парсонсыг статик тогтвортой байдлыг хэт туйлшруулан шүтэж, харин өөрчлөлтөнд бага анхаарал хандуулсан хэмээн шүүмжлэх нь нийтлэг байдаг. Үнэхээр дээр дурдсан ситемийн шинж чанаруудаас үзэхэд Парсонсын систем нь тун статик, тогтвортой шинжтэй агаад хэдий өөрчлөлтөнд орох чадвартай гэх авч тэр өөрчлөлт нь мөн л эмхлэгдэн цэгцлэгдсэн буюу бүтцэжсэн шинжтэй болох нь ажиглагдана. Парсонс нийгмийн систем нь үйлдлийн системийг илэрхийлнэ гэж бичсэн байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн системийн үйл ажиллагаа нь нийгмийн янз бүрийн ролийг гүйцэтгэж буй бие хүмүүсийн үйл ажиллагаагаар хэрэгжиж байдаг байна. Би ба нөгөө хүн, бие хүмүүсийн хоорондын харилцан үйлдэл давтагдах тутам эдгээр нь нийтлэг, стандарчлагдсан шинж болох бөгөөд улмаар хэм хэмжээний түвшинд хүрдэг байна.
Т.Парсонс системийн баримтлалдаа “байгууллагажих” (институцичлагдах) гэсэн ойлголтыг нарийвчлан авч үзсэн байдаг.

Түүний үзсэнээр «Байгууллагажих үйл явцын үр дүнд харилцан үйлдлүүд тогтвортой хэлбэртэй болох буюу өөрөөр хэлбэл нийгмийн систем болж хувирна. Ингэхийн тулд
1.Нийгмийн гишүүд буюу /жүжигчид/ харилцан үйлдэлд орох зайлшгүй байдал орно.
2.«Жүжигчид»-ийн үйлдэл тэдний хэрэгцээний бүтцийн тусгал болно.
3.«Жүжигчид»-ийн харилцан үйлдлийн явцад хэм хэмжээ бий болно.
4.Эдгээр хэм хэмжээ «жүжигчдийн» харицлан зөвшилцсөний үндсэн дээр бий болох боловч соёлын ерөнхий хэв загвараар хязгаарлагдаж, дараагийн харилцан үйлдлийн тогтвортой байдлыг хангаж зохицуулна.

Ийнхүү харилцан үйлдэл байгууллагажсан тохиолдолд «нийгмийн систем» оршин тогтнож байна гэж хэлж болох юм. Байгууллагажсан харилцан үйлдлийн хэлбэрүүдийн тогтвортой байдлыг
•Нийгэмшилтийн
•Нийгмийн хяналтын гэсэн хоёр механизм хангаж өгдөг байна.
Т.Парсонс системийн ялгаатай шинжийг тодруулан тэдгээрийн бүтцийн дүн шинжилгээг хэрэгжүүлэхийн үүднээс бүтцийн байгууллын дөрвөн түвшинг санал болгосон.

Бүтцийн байгууллын түвшнүүд:
1.Анхдагч буюу техник
2.Менежериал буюу удирдлагын
3.Институционал
4.Социеталь
Нийгмийн системүүд бүтцийн хувьд ялгаварлын хоёр үндсэн тэнхлэгийг тойрон хуваарилагдсан байдаг. Эдгээр тэнхлэгийн цаашид дахин хуваахад функцуудыг нь тодорхойлох боломжтой болно. Парсонс аливаа томоохон хамт олон, нэгдлийг социаль систем хэмээн үзэж байсан хэдий ч нийгэм бол хамгийн гол чухал социаль систем ажээ. Гүйцэтгэж байгаа функцээс нь (AGIL) хамааран нийгмийн социаль системд дөрвөн дэд бүтэц буюу дэд системийг тодорхойлж болно хэмээн тэрээр үзэж байв.

Жишээ нь эдийн засаг хэмээх дэд систем нь нийгмийг хөдөлмөр, үйлдвэрлэл болон хуваарилалтын тусламжтайгаар нийгмийн хэрэгцээг хангаж, тойрон хүрээлж байгаа орчиндоо дасан зохицох функцийг гүйцэтгэдэг бол улстөр (Парсонс polity гэж томьёолсон) гэсэн дэд бүтэц нь нийгмийн хомс баялаг, хүн хүчний нөөц боломжийг зөв зохион байгуулж дайчлах замаар зорилгодоо хүрэхүй функцийг гүйцэтгэдэг байна. Харин итгэл үнэмшлийн (Т. Парсонс fiduciary гэж томьёолжээ) дэд систем нь гэр бүл, сургууль зэргийн тусламжтайгаар үнэт зүйлс, хэм хэмжээ зэрэг соёлын зүйлсийг нийгмийн гишүүдэд дамжуулан өгч, хурцадмал байдлыг намжаан, тогтвортой байдлыг хангах латент функцийг гүйцэтгэдэг бол социеталь нийтлэгийн (societal community) дэд систем нь нийгмийн янз бүрийн хэсгүүдийг зохицуулан интеграчлах замаар интеграчлалын функцийг гүйцэтгэдэг байна. /Ritzer G(1996). Sociological Theory.The McGraw- Hill Companies, Inc p.243/

Систем нь нийгмийн амьдралын тогтвортой байдлыг хангаж, түүний хэлбэрийг хадгална. Парсонс хэдийгээр социаль системийг харилцан үйлдлийн систем хэмээсэн авч харилцан үйлдлийг энэ системийн суурь нэгж хэмээн үзээгүй байна. Рицэрын үзсэнчлэн Т.Парсонсын социаль системийн суурь нэгж цөм бол статус-дүр (status-role) аж. Статус гэдэг нь социаль системийн хүрээн дэх бүтцийн байр суурь бол дүр гэдэг нь үйлдэгчээс тухайн байр суурийн хүрээнд хийн гүйцэтгэж буй функцианаль ач холбогдол бүхий зүйлийг хэлдэг байна. /Мөн тэнд p. 241/

Т.Парсонс: Системийн ангилал
Т.Парсонсын системийн онолын загварын нэг гол зүйл бол нийгмийн тогтолцоотой бусад системүүд харилцан солилцоонд орох үйл явцыг судлах явдал юм.
Т.Парсонс үйлдлийн дөрвөн системийг санал болгосон байдаг.
Үүнд:
•Зан үйлт организм /Физик систем гэх нь бий/ (behavioral organism)
•Хувь хүний систем (personality system)
•Социаль систем (social system)
•Coёлын систем (cultural system)

Парсонсын үзсэнээр энэхүү систем бүр AGIL функцийг гүйцэтгэдэг аж. Тухайлбал: Физик системийн гол функци бол гадаад орчны нөхцөл байдлыг байгаа байдлаар нь буюу өөрчлөх замаар дасан зохицох явдал аж. Нийгмийн тогтолцоонд нөөц бололцоо дутмагаас дээрх адаптаци шаардлагатай болдог бөгөөд нөхцөл байдалд зохицон дасах функцийг биелүүлснээрээ /орчинтой дасан зохицоход/ үйлдлийн системийн оршин тогтнох нөхцлийг хангахад чухал үүрэгтэй агаад эл функцийг эдийн засаг голлон хэрэгжүүлдэг байна. Хувь хүний систем гэдэг нь үйлдэгч хувь хүний үйлдлийн сэдэл хийгээд баримжааллын зохион байгуулагдсан систем юм. Түүний гол бүрэлдхүүн хэсэг бол хэрэгцээ аж. Хувь хүний системийн гол функци бол тогтолцооны зорилгыг тодорхойлон түүнд хүрэхийн тулд нөөц бололцоог дайчлахад чиглэгдэнэ. Зорилгодоо хүрэх гэдэг нь хүний үйл ажиллагааны тавигдсан зорилго руу нь чиглүүлэх нөхцлийг бүрдүүлэх дадал бөгөөд эл үүргийг төр засаг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл бодит ертөнцийг зөв зохион байгуулах /хүмүүс, нийгмийн хязгаарлагдмал нөөц бололцоо болон хөдөлмөрийн багаж хэрэгслийг зөв хуваарилах/ замаар системийн өмнө тавигдсан зорилгод хүрэх явдал аж.

Социаль систем нь тогтолцооны бүрэлдэхүүн хэсгүүдийг хянаж, интеграчлалын функцийг гүйцэтгэх бөгөөд хувь хүмүүсийг нийгэмшүүлэхэд чиглэгдэнэ. Интеграчлал бол харилцан уялдаа холбоо бүхий бие хүмүүсийн хамтын ажиллагааг хангаж өгөх явдал агаад энэ утгаараа хүмүүсийн харилцан үйлдлээр хангагдана. Нийгмийн тогтолцоонд интеграчлалыг шашин ч юмуу эсвэл үндэсний ухамсар хангаж өгдөг аж.

Соёлын систем нь нийгмийн гишүүдийг социаль хэм хэмжээ, үнэлэмжийг эзэмшүүлэн, тэдгээрийн үйлдлийг сэдэлжүүлдэг агаад энэ утгаараа латент функцийг гүйцэтгэдэг аж. Чухамдаа соёлын системийн тусламжтайгаар нийгэм дэхь хүмүүсийн хамтын ажиллагааг боломжтой болгодгоороо тун чухал ач холбогдолтой аж. Энэ системийн хувьд гэр бүл тун үүрэгтэй. Гэр бүл нь: 1.Хүний анхдагч нийгэмшүүлэлтийг хэрэгжүүлэх 2. Гэр бүлийн гишүүдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх гэсэн хоёр үндсэн үүргийг гүйцэтгэнэ. /Ritzer G(1996). Sociological Theory.The McGraw- Hill Companies, Inc./

Нийгмийн систем нь харилцан үйлдлийн үр дүн агаад оршин тогтнож, үйл ажиллагаагаа явуулахын тулд өөрийн материаллаг болон хүний нөөц бололцоог зөв үр ашигтай зохион байгуулан, хуваарилах ёстой бөгөөд энэ нь нийгмийн системийг зорилгодоо хүрэхэд нь тусална.

Энэ бүхнээс үзэхэд нийгмийн системийн өмнө байгаа үндсэн хоёр асуудал бол
•Нийгмийн гишүүдийн сайшаан дэмжсэн зорилгод хүрэх техник үр ашигтай аргыг боловсруулах
•Хувь хүмүүсийн хоорондох хамтын ажиллагааны сэтгэлгээг дэмжин тэтгэх зэрэг болно.
Нийгмийн системийг судлахдаа Т.Парсонс нийгмийн системийн дотоод интеграчлал буюу нийгмийн системийн соёлын хэв загвартай интеграчлагдсан байдал, нийгмийн болоод бие хүний системүүдийн интеграчлагдсан байдалд гол анхаарлаа хандуулсан.
Ийм интеграчлал боломжтой болоход наад зах нь хоёр функциональ шаардлагыг хангасан байх ёстой. Yүнд:
1.Нийгмийн систем нь ролийн буюу үүргийн тогтолцооны шаардлагыг хангаж чадахуйц тооны гишүүд /жүжигчид/-тэй байх ёстой.
2.Нийгмийн систем нь наад захын эмх журмыг хангаж чадахгүй эсвэл хүмүүсийн биелүүлж үл чадах зүйлийг шаардах соёлын хэв загварыг баримтлах ёсгүй.

Т. Парсонс үйлдэл, харилцан үйлдэл, нийгмийн тогтолцооны уялдаа холбоог авч үзсэн нь
Т.Парсонсын сургаалд нийгмийн үйлдэл болон харилцан үйлдэл тун чухал байр эзэлдэг.
Үйлдэл гэдэг нь “үйлдэгч бие хүмүүс болоод хамт олны хувьд сэдэлжүүлэх ач холбогдол бүхий үйлдлийн субьект - нөхцөл байдал хэмээсэн тогтолцоон дох үйл явц” юм хэмээн Парсонс тодорхойлсон байна. /Парсонс, Т (1996)В кн Американская социологическая мысль: Тексты. Под ред. Добренькова. В.И. М: Издание Междунорад-го Университета Бизнеса и Управления. стр. 462 / Үйлдэл гэдэг нь хүмүүс өөрсдийн ухамсарлагдсан хүсэл эрмэлзлэлээ тодорхой нөхцөл байдалд хэрэгжүүлэхдээ ашиглаж байгаа бүтэц хийгээд үйл явцаас бүрдэж байгаа зүйл аж. Үйлдэл нь ухамсарлагдсан, хэл яриа зэрэг бэлэг тэмдгээр илэрхийлэгдэн соёлын шинжийг олсон байдаг байна.

Үйлдлийн үүднээс обьектуудыг 1) социаль, 2) физик хийгээд 3)соёлын гэсэн обьектын гурван төрөлд хувааж болно. /Мөн тэнд/ Социаль обьект гэдэг нь үйлдлийн субьект болох бүхий л хувь хүмүүс юм уу хамт олон буюу үйлдлийн тогтолцооны гол цөм болох “Би” аж. Социаль объект бол үйлдэгч «Би»-ийн баримжаалалд хариу өгч үйлдэлд оролцож буй үйлдэгчийг хэлэх бөгөөд эл үйлдэгч өөрийн ээлжинд мөн “Би” болдог байна.
Харин физик обьект нь энэхүү “Би” тэй харилцан үйлдэлд эс орох, “Би”-д хариу үйлдэл эс хийх эмпирик мөн чанарууд буюу үйлдлийн “Би” болох социаль обьектын нөхцөл байдал, арга хэрэгсэл мөн юм. Физик объект бол үйлдэгчийн “Би” тэй харилцан үйлдэлд ороогүй этгээдийг хэлнэ.

Соёлын обьект бол соёлын уламжлалын бэлэг тэмдгийн элемент, үйлдлийн “Би”-ийн үнэт зүйлс, итгэл үнэмшил, үзэл санааг бүрдүүлдэг аж. Энэ утгаараа соёлын объект гэдэг нь үйлдэгч «Би» өөрийн баримжаалалдаа баримталж байгаа бодол санаа, итгэл үнэмшил, үнэт зүйлсийн стандарт гэх зэрэг соёлын элементүүд юм.

Т.Парсонс нийгмийн үйлдлийг задлан шинжлэхдээ дээд, доод гэсэн хоёр үндсэн түвшинд авч үзэх нь зүйтэй гэжээ. Доод түвшин нь дээд түвшнийхэд зайлшгүй хэрэгцээт нөхцөл байдлыг бүрэлдүүлж, эрчим хүчийг бий болгоно.

Доод түвшинд
1.Физик орчин
2.Органик орчин гэсэн хүний бодгалийн бэлэгдэл бус (nonsimbolic) талууд (анатоми физиологи) орно.
Дээд түвшинд
1.Үзэл бодол, зовлон жаргал зэрэг хүний оршихуйн явцад бий болох зүйлс орох аж.
Хүний үйлдэл нь хэзээ ямагт тодорхой зорилгод хүрэхээр тэмүүлж байдаг гэж Т.Парсонс үзээд үйлдлийн сэдэл, элементүүдийг 3 бүлэг болгон хуваажээ.
•Когнитив (Зорилгодоо хүрэхэд хамаарах объектуудын тухай мэдээлэл, санаа бодол)
•Катектик (Зорилгод хүрэхэд шаардагдах эмоционал харьцаа)
•Yнэлэмж (Зорилгодоо хүрэх арга замын хэрэгслээ сонгох боломж)
Yйлдлийн элементүүд харилцан үйлдлийн үйл явцаар дамжин нийгмийн буюу социаль шинж чанарыг олж авдаг.

Нийгмийн харилцан үйлдэл нь олон тооны харилцан үйлчлэлцэж буй нэгжүүд, харилцан үйлдэл ба тэдгээрийн системийн баримжааллыг зохион байгуулах олон тооны дүрэм горим дэг жаяг болон харилцан үйлдлийн тогтолцоо хэрэгжих орчин гэсэн хэд хэдэн аспектыг өөртөө агуулна. Харилцан үйлдлийн тогтолцоо, түүний хэрэгжих орчин нь үйлдлийн тогтолцооны нэгэн адил үндсэн шинжүүд, элементыг агуулж, тэдгээрээр дамжин хэрэгждэг байна.

Т. Парсонс: Хүний үйлдлийн ерөнхий онол
Т.Парсонсын бүхий амьдралын гол зорилго бол үйлдлийн ерөнхий онолыг боловсруулахад чиглэж байв. Энэ чиглэлээрх өөрийн гол санааг нийгмийн үйлдлийн бүтэц, нийгмийн системийн талаарх бүтээлүүддээ онцгойлон тусгасан байдаг. /Тэмдэглэл: Т.Парсонс үйлдлийн талаарх үзэл бодлоо Parsons.T (1966) Societies: Evolutionary and comparatives. Englewood: Prentice-Hall. Parsons.T (1936) Structure of social action. N.Y: McGraw-Hill бүтээлдээ нарийвчлан тайлббарласан байдаг/
Хүний үйлдлийг өөрийгөө зохицуулах чадвар бүхий тогтолцоо гэж үзээд физик ба биологийн үйлдлийн тогтолцооноос:
1.Символик шинжтэй буюу /хэл яриа, үнэт зүйлс гэх мэт тохируулга зохицуулалтын механизмтай/
2.Норматив шинжтэй буюу хувь хүний үйлдэл нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэт зүйлс, хэм хэмжээнээс шалтгаалдаг
3.Волюнтарист шинжтэй буюу орчны нөхцлөөс шалтгаална.

Т.Парсонс эхний бүтээлдээ XIX ба XX зууны эхэн үеийн нийгмийн сэтгэлгээний олон тооны урсгалыг синтезлэхийг «нийгэмжүүлэхийг» оролдсон. Эдгээр чиглэлүүдийг «үйлдэл» хэмээх ойлголттой холбогдуулан, “индивидуал” ба “холист” /Холист грек үг бөгөөд судалж буй бүхлийг түүний хэсгүүдтэй холбож болохгүй «бүхэл нь түүнийг бүрдүүлэгч хэсгүүдийн нийлбэрээс их» гэсэн зарчмыг баримталдаг онолыг хэлнэ. / хэмээн ангилах нь бий.

Т.Парсонс үйлдлийн онолын дээрх хэв шинжийн төлөөлөгчөөр М.Вебер, Э.Дюркгейм нарыг нэрлэсэн нь бий.
М.Веберын хувьд үйлдэл бол бусдын үйлдэлд баримжаалагдсан субьектив агуулга бүхий хувь хүний үйлдэл буюу зориудын эс үйлдэл бөгөөд энэ утгаараа индивидуаль шинжтэй байна. Харин Э.Дюркгеймын хувьд үйлдэл бол хэдийгээр ач холбогдлыг агуулдаг ч хүний гадна хүний дээр оршдог социаль баримт сэлт лугаа адил бөгөөд макро бүхэллэг шинжтэй аж.

Т.Парсонс үйлдлийн ерөнхий загварыг “нэгэн удаагийн үйлдэл” (единичный акт орос, unit act англи) гэсэн схемын дагуу боловсруулжээ.
Энэхүү загвар нь
•үйлдэл хийж буй хүн /актор/ буюу тодорхой зорилготой түүндээ хүрэх арга замыг дүрсэлж чадахуйц ба үйлдэл хийж чадахуйц
•Нөхцөл байдал ба тойрон хүрээлэл /орчин/, үйлдэл хийж буй системийг хүрээлсэн орчны өөрчлөгдөх ба үл өөрчлөгдөх хүчин зүйлс бөгөөд нөхцөл байдлын хүрээлэл нь үйлдлийг боломжтой болгож сонголтын орон зайг хязгаарлаж буй социал, соёл, физик хүчин зүйлсээс тогтоно.

Индивидуал үйлдлийн хувьд хүний зан үйлийн хэв загварыг тодорхой билэг тэмдгийн тогтолцооноор илэрхийлэгдсэн ухамсарт зорилт дээр суурилсан тодорхой зорилгод хүрэх явдал гэж тодорхойлж болно.
Хүн тодорхой үйлдэл хийхийн тулд организм билэг тэмдгийн тогтолцоо /хэл яриа бичиг үсэг/ шаардлагатай.

Yйлдлийн тогтолцооны нөхцөл байдлын хүрээлэлд Т.Парсонс хүрээллийн анхдагч хүчин зүйлээр Т.Парсонс биологийн организмыг тодорхойлж байна. Биологийн организм гэдгийг Т.Парсонс тусгайлан авсан хүний анатомын байгууламж бус homosapiers-ийг төрлийн ялгааг тэмдэглэн биологийн шинжүүдийн нийлбэр хэмээжээ. Энэ нь хүний хийсвэр биологийн загвар болдог.

Хэрэв хүний индивидуал биологийн онцлогууд тухайн нөхцөлд тухайн хүний үйлдэлд нөлөөлдөг бол үйлдлийн нэгдсэн загварт нөлөөлөх хүчин зүйлсийн хувьд төрлийн бүх л шинж орно. Жишээ нь: хүйсний ялгаа

Yйлдлийн болон харилцан үйлдэл нь системийн шинж чанартай энэхүү систем нь нэг буюу олон тооны үйлдэл хийж буй хүмүүс /жүжигчид/, өөр үйлдэгчдэд хандан баримжаалсан байдалтай байдаг.
Yйлдэл нь үндсэн 2 хэсэг буюу
•Ханамж /үйлдэгч бусад объекттой харилцан солилцож буй солилцооны агуулгыг хэлэх ба
•Баримжаалал /үйлдэгчээс бусдад хандах хандлага, харилцааг хэлнэ/
Yйлдэгч бие хүн болгон биологийн организм юм. Өөрөөр хэлбэл бие хүн бол тодорхой нөхцөл байдалтай харилцан үйлчлэлцэж байгаа амьд организмын харилцааны систем мөн. Бие хүний системийн хувьд зохион байгуулалт, интеграци нь зөвхөн өгөгдсөн ганц бие хүний хүрээнд явагдана.

Т.Парсонс: Нийгмийн бүтцийн асуудлыг судалсан нь

Т. Парсонс нийгмийн хөгжлийн асуудлыг судлахдаа нийгмийн ялгарлыг номнолынхоо үндэс болгон авсан байна. Түүний үзсэнээр хүний нийгэм эволюци хөгжлийнхөө явцад:
1.Бүдүүлэг
2.Завсрын
3.Орчин үеийн
гэсэн хэв шинжийг дамжиж ирсэн бөгөөд “завсрын” хэв шинжийн үед нийгмийн ялгарал буюу социаль давхраажилт бий болсон аж. Давхраажилт гэдэг нь нийгмийн систем дэх нэгжүүд (бүлэг давхарга) -ийг нийтээр хүлээн зөвшөөрсөн үнэт зүйлсийн стандартын дагуу зэрэг дэвийн шатлалд оруулахыг хэлнэ. /Parsons. T (1953). “Working papers in the theory of action”. Free Press. P.3-5/

Т. Парсонсын үзсэнээр социаль ялгарлын шинж чанарыг 3-н бүлэгт хувааж болох аж.
1-р бүлэгт Яс үндэс, хүйс, садан төрлийн холбоо, бие бялдрын болоод оюуны онцлог гэх зэрэг төрөлхийн заяагдмал шинжүүд ордог бол,
2-р бүлэгт хүмүүсийн хөдөлмөрийн үйл ажиллагаатай холбоотой (Жишээ нь мэргэжлийн ялгаа гэх мэт) шинжүүд,
3-р бүлэгт өмч хөрөнгө, оюуны үнэт зүйлс, эрх ямба гэсэн социаль шинжүүд хамаарагддаг аж. Т. Парсонс “социаль дүрийн” -ийн асуудлыг давхраажилтын онолд гарган ирсэн юм.

Бие хүн нийгмийн харилцан үйлдэлд янз бүрийн “дүрээр” дамжин ордог бөгөөд дүрүүд зохион байгуулагдан нэгдэж хамт олныг бий болгох ба хамт олон нь илүү дээд шатны институциональ хэм хэмжээгээр удирдан зохицуулагддаг байна. /Т. Парсонс (1965).Уровни организации социальной структуры. В кн: “Социолигия сегодня” перевод с англ. М., стр 30/

Өмнө дурдсанчлан Т.Парсонс бүтцийн шинжилгээг амжилттай болгох үүднээс бүтцийн зохион байгуулалтын
1.Анхдагч буюу техникийн
2.Менеджераль (удирдлагын)
3.Институциональ
4.Социеталь гэсэн дөрвөн түвшинг санал болгожээ. /Парсонс Уровни организации социальной структуры /в кн: “Социолигия сегодня” пер с англ. М., 1965 С 37/
Эдгээр дөрвөн түвшин ялгаварлалын хоёр үндсэн бүлэг функцийг (тухайлбал: а. Бүтэц болон түүний гадаад хүрээллийн хооронд харилцаа тогтоох, б. Бүлгүүдийн тогтвортой байдал нэг нэгэндээ интеграчлагдах чадварыг хадгалан үлдээх) хангаж байдаг ажээ.
Түүнчлэн социаль бүтэц зорилгодоо хүрэх, дасан зохицох (адаптаци), интеграчлагдах болон статик байдлаа хадгалах ялгавартай байна. гэж Т. Парсонс үзжээ.

Ер нь Т. Парсонс бүтцийн шинжилгээг макро түвшин буюу институциональ, дундаж буюу социаль түвшинд хийсэн болох нь дээрхээс харагдаж байгаа юм.
Т. Парсонс социаль бүтэц дэх ялгарлын онолын (анхдагч) үндэслэлийг улс төрийн, боловсролын, эдийн засгийн гэсэн үйл явцтай холбон тайлбарласан байдаг.
Эдгээрээс боловсролыг нийгмийн статусын гол шалгуур хэмээн онцлон үзсэн нь бий.
Т. Парсонс нийгмийн социаль ялгарлын асуудлыг дан ганц орчин үеийн америкийн нийгмийн жишээн дээр тулгуурлаж авч үзэхдээ эл нийгмийг боломж (chance) -ын хувьд тэгш байдалтай гэж тодорхойлоод хүний социаль статус тухайн хүний хувийн хүчин чармайлтаас голлон шалтгаална гэжээ.

Нийгмийн бүтэц дэх өндөр статусын төлөө өрсөлдөөн хүнийн нийгэмшх үйл явцад зонхилох байр эзэлдэг аж.

Т. Парсонс бие хүний нийгэмшлийн үндсэн үе шатыг авч үзсэн нь:

1.Гэр бүлийн
2.Бага болон дунд сургуулийн
3.Колледж ба их дээд мэргэжлийн сургуулийн гэсэн гурван хүрээнд шинжилсэн байдаг. /Парсонс(1965). Процесс социализации и структура референтных групп. В кн: “Социология сегодня” перевод с англ. М: стр. 59/

Эл нийгэмших үйл явцад хүн нийгмийн янз бүрийн түвшний бүтцэд өөрийн эзлэх байр сууриа зорилго болгон тодорхойлж бүхий л хүчин чармайлтаа түүнд чиглүүлнэ. Энэ өрсөлдөөнд бие хүний боловсрол мэдлэг тэргүүлэх ач холбогдолтой бөгөөд нийгмийн бусад (өндөр мэдлэг, их орлого гэх мэт.) эрх ямбад хүрэх гол гүүр болдог ажээ.
Т. Парсонс нийгмийн социаль бүтцийн тухай үзэлдээ нийгмийн мобиль (хэвтээ ба босоо) хөдөлгөөн ямар нэгэн хязгаарлалтгүй, нээлттэй нийгмийн тогтолцооны нөхцөлд л үйлчлэх чадвартай болохыг олонтоо тэмдэглэж байсныг дурдах нь зүйтэй.

Функционализмын эх сурвалжын тухайд

Фунционализмын суурийг тавьсан үзэл бодлыг анхлан О.Конт боловсруулсан агаад тэрбээр эл санаагаа социологийг үзэх өөрийн үзэлтэй нягт холбож байлаа. Нийгмийн статик үзэл баримтлалдаа тэрбээр гэр бүл, шашин болоод төрийн үндсэн функцийг тодорхой авч үзсэн байдаг. Тухайлбал, гэр бүл ирээдүйн нийгмийн бэлтгэж өнөөгийн нийгмйин амьдралыг уртасган өнгөрсөн, өнөө ирээдүйг холбож байдгаараа нийгмийн статик байдлыг хангаж байдаг байна. Гэр бүл өнгөрсөн үеийн амьдралын туршлага, ёс заншлыг хадгалан, өнөө үедээ дамжуулан өгдөг. Гэр бүлд хүний нйигэмших үйл явц явагдаж, хүн төрөлхтөний төлөө хөдөлмөрлөхөд зайлшгүй шаардлагатай чанарыг олж авах бөгөөд хүнд байгалиас заяадаг төрөлхийн "аминч үзлээ" орхин бусдын тусын тулд амьдарч ажиллах хамтач зарчмыг олж авдаг байна.

Гэр бүлд олж авсан үеүдийн хоорондох эелдэг зөөлөн харилцаа цаашдаа нийгмийн тэнцвэртэй байдлыг алдагдуулахгүй барих, шинэ хүчний харьцааг тэнцвэржүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг хэмээн О.Конт бичжээ. /О.Мөнхбат( 2004). О.Контын позитивист социологийн үзэл баримтлал. Социологи сэтгүүл/

Мөн түүнчлэн Э. Дюрхэйм функциональ дүн шинжилгээг социологийн онол хийгээд судалгааны зорилго зорилтыг томъёолоход гол үүргийг гүйцэтгэнэ хэмээн үзэж байв. Тэрээр функцийг ойлголтын нь хувьд тодорхойлсоны сацуу хөдөлмөрийн хуваарийн жишээн дээр нийгмийн үзэгдлийн юмсын функцийг нарийвчлан судалсан юм. Э.Дюрхэйм үзэхдээ “функци гэсэн үгийг харилцан адилгүй байдлаар буюу үр дагаврыг үл харгалзсан амьдралын хөдөлгөөний тогтолцоо болох гэсэн талаас нь, эс бөгөөс энэхүү хөдөлгөөн нь организмын ямар нэгэн хэрэгцээ шаардлагыг хангаж байгааг харгалзан үзэх гэсэн үндсэн хоёр утгатайгаар авч үздэг” гэжээ. /Дюрхэйм. Э. (1991). О разделении труда. Перевод с фр. М:Наука, стр.51/

Социологийн хувьд хоёр дахь утгаараа буюу тодорхой хэрэгцээ шаардлагад таарч тохирсон үйлдэл гэсэн утгаар нь авч үзэх нь зүйтэй гэж тэр үзэж байлаа. Жишээ нь бид хүний нэг эрхтэн тухайлбал зүрхийг судлахдаа эхлээд энэ эрхтэн биеийн бусад эрхтэнтэй хэрхэн холбогдсон бэ гэдгийг ойлгох ёстой юм. Зүрх цусыг дамжуулан шахаснаараа организмын амьдрахад чадварыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Үүний нэгэн адил өгөгдсөн нийгмийн обьектын функцийг судална гэдэг нь түүний тухайн нийгмийн оршин тогтноход ямар үүрэг гүйцэтгэж байгааг мэднэ гэсэн үг ажгуу. Функцийг тодорхойлсон энэ тодорхойлолтоо Дюрхэйм хөдөлмөрийн хуваарь болон шашны жишээн дээр тайлбарласан байдаг. Тухайлбал, шашин нь хүмүүсийг нийгмийн үндсэн үнэт зүйлсийг баримтлахад хүргэж байдгаараа нийгмийн уялдаа холбоог бэхжүүлдэг байна гэж үзжээ.
Үүний сацуу функционализмыг өнөөгийн түвшинд хүрэхэд антропологичид чухал үүрэг гүйцэтгэжээ. Энэ байр суурийг Гиддэнс хүчтэй илэрхийлсэн нь түүний зохиол бүтээлээс ажиглагддаг. /Giddens.A (1997). Sociology. (3rd ed) London:Polity Press/

Энэ эрдэмтэний үзсэнээр функционализмын хөгжилд хорьдугаар зууны эхэн үеийн антропологи чухал нөлөө үзүүлсэн байна. Учир нь хорьдугаар зууны эхэн хүртэл антропологи судлаачид жуулчид, номлоочид болон эзэмшлийн түшмэдийн илтгэл тайлан зэрэг баримт бичигт тулгуурлаж байсан бөгөөд энэ утгаараа арван ёсдүгээр зууны антропологи ихээхэн спекулятив шинжтэй байжээ. Эдгээр судлаачид дэлхийн өнцөг булан бүрээс жишээ татсан ном зохиол туурвиж байсан авч ингэхдээ эдгээрийн үнэн зөв эсэх, түүнчлэн холбогдох соёлын агуулга бий эсэх талаар огтхон ч сонирхож байсангүй. Жишээ нь шашны дүн шинжилгээний хувьд гэхэд л огт өөр өөр соёл дахь шашны зан үйл, итгэл үнэмшлийг харьцуулж байжээ.

Чухам ийм хандлага судлаачдын хэрэгцээг хангахаа больж, дэлхийн янз бүрийн соёлыг урт удаан хугацааны турш бодит байдалд нь судалж эхэлсэн цагаас орчин цагийн антропологи эхлэлээ авсан аж. Чухамдаа ийм антропологи фунционализмын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн Гиддэнс үзэж байлаа. Антропологид хээрийн судалгааг анхлан үндэслэсэн эрдэмтэд болох английн сэтгэгч А.Р.Браун (1881-1955), Англи улсад голлон туурвиж асан польш эрдэмтэн Бронислав Малиновский (1884-1942) нарын бүтээл функционализмын хөгжилд голлон нөлөөлжээ.

Хэрэв нийгэм хийгээд соёлын гол чухал институтыг мэдэх, тэдгээрийн нийгмийн гишүүд яагаад өөрөөр бус чухам ингэх болсон бэ гэдгийг ойлгон танихыг хүсвээс энэхүү нийгэм, соёлыг бүхэллэг зүйл хэмээн судлах ёстой гэж энэ хоёр эрдэмтэн үзэж байв. Өөрөөр хэлбэл хэрвээ ямар нэг нийгмийн шашны зан үйл, шүтлэг бишрэлийг шинжилье гэвэл тэдгээрийг эл нийгмийн бусад институттай холбогдож байгаа уялдаа холбоонд нь авч үзэх ёстой бөгөөд учир нь нийгмийн бүх хэсгүүд нягт уялдаа холбоотой хөгждөг билээ.

Орчин цагийн бүтэц функционализмын онолын үзэл сургаалын гол төлөөлөгчид Т.Парсонс, Р.Мертон нар билээ...

Эх сурвалж: О.Мөнхбат "Социологийн онол: Сонгодог хийгээд орчин үе" номноос...

Бүтцийн сургаал (структурализм)-ын эх сурвалжийн тухайд

Нийгмийн онол үзэл баримтлалуудын хөгжлийг тайлбарлахад оргүй хоосноос бий болдоггүй, ор мөргүй алга болдоггүй гэсэн гэсэн үг тун таарах мэт санагдана. Эдүгээгийн нийгмийн ухааны онол хийгээд эмпирик хэрэглээний эргэлтэнд буй үзэл баримтлалд агуулагдаж буй үзэл санаатай ижил төсөөтэй зүйлсийг бид хүсэх ахул Платон, Аристотель нарын туурвилаас ч олж харж болно. /Улстөр судлал гэхэд л Платоны “Төр Улс” хэмээн зохиолыг өөрийн ухааны нэгэн чухал эх сурвалж шаштир хэмээдэг. Социологийн үзэл санааны эх булгийг бүр Аристотелиос эрж хайх ч тохиолдол бий./ Энэ бол орчин цагийн нийгмийн ухааны шийдэж байгаа олон асуудал өнгөрсөн эрин үеийн нийгмүүдэд ямар нэг байдлаар оршин байсны гэрч юм. Түүнчлэн социологийн тухайд үзэх аваас 19-р зууны үед анх сууриа тавьсан олон онол үзэл орчин цагийн парадигмуудын эх сурвалжийн сацуу өнөө цагийн тулгуур онол болж байгаа нь оргүй алга болдоггүйн илрэл бүлгээ. /Социологийн парадигмын тухайд олон үзэл бодол бий. Тухайлбал: зөвлөлт-оросын социологич Осипов Г.В үндсэн дөрвөн парадигмыг санал болгодог. Түүнчлэн өрнөдийн социологичид зарим нөлөө бүхий үзэл баримтлалыг (жишээ нь бүтэц функционализм гэх мэт) бие даасан парадигм хэмээх нь бий. Мөн үүнийг бичиг бээр макро социологийн түвшинд 3 парадигмыг санал болгохын хамт дунд болон микро түвшинд парадигмууд байна хэмээн үздэг./

Социологич бид олонхи тохиолдолд функционализмын онолын эх сурвалжийг Э.Дюркгэйм нарын бүтээл туурвилаас эрэн хайдаг агаад нэг талаас энэ нь зөв. Түүнчлэн Английн социологич Гиддэнс Структурализм, түүний эх сурвалжийг ярихдаа хэл шинжлэлийн тухай зайлшгүй авч үзэх ёстой гэж үзсэн байна. Тэрээр өөрийн Социологи хэмээх бүтээлдээ энэ тухай ийнхүү бичжээ.

Функционализмын нэгэн адил Структурализм нь Дюрхэймын бүтээлийн нөлөөн дөр байсан хэдий ч хөгжлийн гол эрч хүчээ хэл шинжлэлээс авсан билээ. Структуралист сургаалын эхэн үед швейцарийн хэл шинжээч Фердинанд де Соссюра (Ferdinand de Saussure) |1857-1913| уран бүтээл чухал түлхэц өгсөн юм.

Соссюроос өмнө хэлний судалгаа нь үгсийг хэрэглэх арга барилын нарийвчилсан өөрчлөлтийг шинжлэхэд чиглэж байв. Соссюрын үзсэнчлэн ийм горим журам нь хэлний үндсэн онцлогыг орхигдуулахад хүрдэг аж. Хэрвээ бид хүмүүсийн ярианд хэрэглэж буй зөвхөн үгсэд л анхаарлаа хандуулах аваас хэлний гол шинж буюу бүтцийг тодорхойлох боломжгүй болно. Хэл бол үгэнд заагдаагүй харин тэдгээрийн ард буй дүрэм зүйн дүрэм журам болон ач холбогдлоос бүтдэг билээ. Соссюрын үзсэнээр хэлний бүтцийг шинжилнэ гэдэг нь түүний үл үзэгдэх үндсийг бүрдүүлж байгаа дүрэм журмыг олох явдал аж. Эдгээр дүрмийг ихэнх хэсгийг бид шууд бус байдлаар мэдэж буй ч тэдгээрийн утга учрыг илэрхийлэхэд амар бус билээ. Чухамдаа хэл шинжлэлийн үүрэг бол хэлний практик хэрэглээний түвшинд бидний шууд бусаар мэддэг зүйлсийг нээн гаргах явдал ажгуу.

Хэл болон ач холбогдол: Үгсийн ач холбогдол нь тэр үгийн илэрхийлж байгаа обьектоор биш харин хэлний бүтцээр бүтээгдэн бий болдог хэмээн Соссюр баталдаг. “Мод” гэсэн үгийн ач холбогдол бол навчтай обьект буюу тухайн нэр томьёоны илэрхийлж байгаа зүйл мөн юм хэмээн бид гэнэхнээр төсөөлж болно. Гэвч Соссюр ингэж үзэж болохгүй гэдэг. “Гэвч”, “ба”, “гэтэл” гэсэн үгнүүд ямар нэгэн обьектыг илэрхийлдэггүйг харгалзан үзэх юм бол түүний зөв болохыг ойлгоно. Түүгээр барахгүй ач холбогдлын хувьд бүрэн дүүрэн үнэ цэнэтэй авч бодит амьдрал огт байдаггүй үлгэр домгийн зүйлсийг тэмдэглэдэг үг тухайлбал, “ганц эвэрт” гэх мэт үгс ч бий. Хэрвээ үгний ач холбогдол илэрхийлж байгаа зүйлээс бий болдоггүй юм бол чухам хаанаас гарч ирдэг юм бэ? гэсэн асуулт гарна. Соссюр үүнд ач холбогдол нь ойролцоо төрлийн ойлголтын ялгаагаар бий болдог агаад эл ялгаа хэлний дүрмүүдээр танигддаг гэж хариулж байна. “Мод” гэсэн үгийн ач холбогдол нь “бут сөөг”, “ой мод” гэх мэт ойролцоо авч яг ижил бус агуулгатай олон арван үгсээс түүнийг ялгаж байгаа ялгаагаар бүтээгддэг аж. Тиймээс хэлний ач холбогдол нь хэлний дотоодод үүсэн бий болдгоос бус харин үгсийн тусламжтайгаар тэмдэглэж байгаа обьектоор нөхцөлдөн үүсдэггүй ажээ.

Структурализм болон семиотик: Соссюр дээр дурдсан дүн шинжилгээгээ дараах чухал ажиглалтаар буюу ач холбогдол зөвхөн авиа дуудлага |яриа|, цаасан дээрх бэлэг тэмдэг |бичиг захидал| -гээр бүтээгдэггүй гэсэн ажиглалтаар баяжуулсан байна. Бидний бусдаас тогтмол тодотгон ялгаж байгаа бүхий л обьект “ач холбогдлыг бүтээх” –д ашиглагдаж болно. Үүний жишээ бол гэрлэн дохио агаад улаан гэрэл зогсох, ногоон гэрэл явах, шар гэрэл анхааруулах гэснийг тэмдэглэдэг агаад чухамдаа эдгээр ач холбогдлыг өнгө бус өнгөний ялгаа буй болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл бид хүсвэл улаан өнгөөр явах, ногоог өнгөөр зогсох гэсэн ач холбогдлыг тэмдэглэж болно гэсэн үг. Соссюр хэлний бус ач холбогдлыг судалдаг судалгааг “семилоги” хэмээн нэрлэсэн бөгөөд эдүгээ “семиотик” гэсэн нэр томьёо голлон ашиглагдаж байна.Семиотик судалгааг хүний соёлын олон салбарт хэрэглэж болно. Жишээ нь хувцас, моод судлахад гэх мэт. Чухам юу тухайн загварыг моодны хувцас болгож байна вэ? Мэдээж хувцас өөрөө моодны болж чадахгүй өөрөөр хэлбэл богино банзал энэ жил моодны байгаа бол дараа жил моодноос гарч болно. Мөн түүнчлэн гашуудлын хувцсыг иш татаж болох бөгөөд бид уй гашуугаа хар хувцсаар илэрхийлдэг бол зарим соёлд цагаан хувцсаар гашуудлаа илэрхийлдэг. Энэ утгаараа хувцас бус харин гашуудаж буй хүмүүс өдөр тутмын хувцаснаасаа ялгаатай хувцас өмсөснөөрөө гашуудал гэсэн ач холбогдлыг бий болгож байгаа аж.

Структуралист хандлага ялангуяа АНУ –д социологид гэхээсээ илүүтэй угсаатан зүйд хэрэглэгдэж ирсэн аж. Структурализмыг түгээн тархаагч Леви Строссын (Levi-Strauss) заасан чиглэлийг удирдлага болгон бүтцийн |структурал| дүн шинжилгээг төрлийн харилцаа (kinship), үлгэр домог (myth), шашин (religion) зэргийг судлахад өргөн ашиглагдаж байсан бөгөөд түүнчлэн социологид эл сургаалыг нийтийн мэдээллийн хэрэгсэл |сонин, сэтгүүл, ТВ гм|, үзэл суртал болон соёлыг бүхэлд нь судлахад ашиглаж байв. Структуралист сэтгэлгээг социологийн ёрөнхий хандлага гэхэд сул талууд олонтой агаад хэлийг судлахтай холбогдон анх үүсэн улмаар хүний үйл ажиллагааны зарим нэгэн салбарыг тухайлбал, хүмүүсийн харилцаа, соёлыг судлахад тохиромжтой болжээ. Харин эдийн засаг, улс төр зэрэг хүний амьдралын илүү практик чиглэлийг судлахад ихээхэн хязгаарлагдмал юм. /Giddens. A (1997). Sociology. (3rd ed) Polity Press/

Гидденсын зохиолоос авсан энэхүү ишлэл нь чухамдаа бүтцийн онолын эх сурвалжийг угсаатан зүй хийгээд хэл шинжлэлтэй холбон тайлбарлаж байгаа юм.
Социологийн дүн шинжилгээ болон хэлний судалгааг холбож өгсөн Структурализм анхлан хэл шинжлэл дэхь өвөрмөц хандлага байдлаар гарч ирээд улмаар түүнийг угсаатан судлаач Клод Леви Стросс нийгмийн шинжлэх ухаанаа оруулсан аж. Үүний зэрэгцээ структурализмын бас нэгэн эх сурвалж Спенсер, Дюрхэйм болон Маркстай холбоотойг умартаж болохгүй юм. Хэдийгээр нийгмийг амьд организм лугаа адилтгасан Спенсерийн органицист үзэл баримтлал нь хүний нийгмийн байгууллын онцлогыг эс үнэлсэн туйлширсан хандлагатай авч түүнийг олон талт нарийн түвэгтэй бүтэц бүхий тогтолцоо болохыг тэмдэглэснээрээ сонирхол татдаг. Ялангуяа тэрээр бүтэц болон функцийн харилцан уялдаа хамаарлыг тодотгосон нь хожуу үеийн бүтцийн онолын хөгжилд тусгалаа олсон юм. / Спенсер. Г/ Харин Э. Дюрхэймын хувьд нийгмийн бүтцийн системлэг шинжийг тэмдэглэхийн сацуу тэдгээрийн үндсэн элементүүдийн хоорондын нэгдэл, харилцан хамаарлыг механик болон органик эв нэгдэл хангаж өгдөг болохыг заасан нь бий. /Дюрхэйм. Э. (1991). О разделении труда. Перевод с фр. М:Наука./

О. Контын бүтээлд туйлын сөргөөр хандаж асан К.Маркс нийгмийн үзэгдэл юмсыг системийн хандлагын үүднээс авч үзэхийг уриалсан төдийгүй түүнийгээ өөрийн нийгэм-эдийн засгийн формацийн талаарх үзэл баримтлалдаа тусгахыг эрмэлзэж байсан сэтгэгч юм. /Елсуков А.Н, Соколова Г.Н и др (1997). История социологии. (2-е изд) Мн: Высшая школа./ Ийнхүү дээр дурдсан сэтгэгч бүр бүтцийн сургаалийн хөгжилд өөр өөрийн хувь нэмрийг оруулсан билээ.

Эх сурвалж: О.Мөнхбат "Социологийн онол: сонгодог хийгээд орчин үе" номноос

Дэлхий дахины өрсөлдөх чадварын тайлан 2009-2010



Төрөөс үүдэлтэй инфляци, нийгмийн сөрөг үр дагавар

2007 оны 11 сараас эхэлж бэлтгэн 2008 оны хавар буюу МУИС-ыг төгсөх жилээ нэлээд олон эрдэм шинжилгээний хурлуудад тавьж асан, сүүлд нь Өөрийн Баклаврын дипломын ажлаа болгож нарийвчлан судалсан /Монгол дах инфляцийн социал үр дагавар: Социологийн шинжилгээ/ нэгэн илтгэлээ блогын нийт уншигч, социологичид, оюутнууддаа зориулан нийтэлж байна. Санал сэтгэгдэлээ хуваалцана хэмээн найдаж байна.

Илтгэлийн бүтэц

•Оршил
•Сэдвийн үндэслэл, шаардлага
•Инфляци-мөнгөний үзэгдэл
•Инфляфи-хуульгүй татвар
•Инфляцийн нийгмийн үр дагавар
•Дэвшүүлэх санаа
•Дүгнэлт
•Ашигласан материал
•Хавсралт

Оршил
-Инфляци өсгөдөг олон хүчин зүйл бий, харин гагцхүү мөнгөний тоо хэмжээний өсөлт л үргэлжилсэн инфляцийн шалтгаан болно. –М.Фридмен-
Инфляци олон хүчин зүйлээс хамаарч өсдөг эдийн засгийн үзэгдэл. Инфляцийн өсөлтийн ихэнхи хувь үнийн өсөлтөөс шалтгаалдаг юм шиг боловч үнэндээ нийлүүлэлтийн хүчин зүйлтэй илүү хамааралтай байдаг. Монголын төр энэ онд инфляцийг нэг оронтой тоонд барихаар төлөвлөсөн ч өнөөдөр 17,1 хувьд /хятадад 6,5%/ нэгэнт хүрч хоёр оронтой тоонд шилжсэн нь улс орны өмнө тулгамдаад буй томоохон бэрхшээл болжээ. Энгийн тооцоо хийгээд үзэхэд ЗГ-ын нийт зарлагын 85%-ыг иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр олгож байгаа, Монголд л байдаг нийгмийн халамжын нүсэр тогтолцоо, татварын өндөр хувь зэргээс хамаарч инфляци үүсээд байна. Өнгөрсөн онд л гэхэд 120856.2 сая төгрөг зарцуулсан нь инфляцид хамгийн их нөлөөллөө.
Инфляци нь төрийн орлого олох нэгэн хэрэгсэл болон хувирсан гажуу явдал нь оюутан миний анхаарлыг татаж эрдэм шинжилгээний илтгэл бичих, эрдмийн ажил болгох бодол өвөртөлсөн юм. Ингээд судлаач багшийн мэдлэг, шинжлэх ухааны бэлэн жорыг өөрийн бодол эргэцүүлэлтэйгээ сүлэн энэхүү илтгэлийг бичлээ.

Сэдвийн үндэслэл
-Инфляци бол мөнгөний тоо хэмжээ өссөнөөс үүдсэн үзэгдэл мөн.
Инфляци нь орчин үеийн эдийн засагт амь бөхтэй оршиж байгаа “эмчлэхэд” ихээхэн хүндрэлтэй архагшсан “эдийн засгийн” болоод “нийгмийн” өвчин юм. Инфляци нь үнэ өсөж мөнгөний худалдан авах чадвар буурах хэлбэрээр илэрч улам гүнзгийрч үйлдвэрлэл буурах, барааны хангамж муудах эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр алдагдахад хүргэнэ. Үнэ болон валютын ханшийг чөлөөт тогтолцоонд шилжүүлсэн, гадаад худалдааг либералчилсан, өмчийн олон хэлбэр бүхий эдийн засгийн харилцаатай орнуудын эдийн засгийн инфляци ил хэлбэртэй байдаг. Монголд энэ утгаар авч үзвэл ил инфляци байх ёстой. Тэгвэл нуугдмал инфляци байнаа. Энэ хэлбэр нь гол төлөв төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай болон захиргааны аргаар эдийн засгийг удирдах, зохицуулах арга барил ноёлсон эдийн засгийн харилцааны үр дагавар болж илэрнэ. Хүүхэд болгонд сар бүр, шинэ гэр бүлд 500 мянга, шинээр төрсөн хүүхдэд 100 мянга гээд л нийгмийн халамжийн арга хэмжээнүүд(ЗГ-ын нийт зардлын 11%). Энэ нь баялгийг дахин хуваарилж байгаа алхам мөн ч өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн чадавхийг тооцож үзвэл гарах үр дагавар нь нэлээд хор, урхагтай инфляцийг хөөрөгдөж байгаа гол хүчин зүйл юм. Нөгөө талаас энэ нь орчин үеийн либертари ойлголтоор авч үзвэл халамжит төрийн харалган бодлого болдог.

Инфляци бол мөнгөний үзэгдэл
-Инфляци бол мөнгөний тоо хэмжээ үйлдвэрлэлийнхээ хурдацаас даван өсөхөд үүсдэг монетар үзэгдэл.–М.Фридмен-
Улс орны өмнө тулгамдаад буй бэрхшээлүүд /Сумати захиралтай “Сант марал сангийн” ээлжит судалгааны үр дүн/
Судалгаанаас харахад тэр бүр анзаарагддаггүй нэг асуудал байгаа нь инфляци байгаа юм. 2006 оны 3 сард 1,5 хувь нь л тулгамдаж буй бэрхшээл гэж үзсэн байхад 2007 оны 9 сард 16,8% болтлоо өссөн байна.
Инфляцийн ийнхүү үүссэн байдал нь доорхи судалгааны үр дүнгээс эх үүсвэртэй. Том амжилт нь хүртэл инфляци өсгөсөн байна.
Жолоодлогогүй инфляцийн үед үнэ нь мөнгөний нийт тооны өсөлтөөс олон дахин хурдан өсдөг. Энэ хуулиар үзэх юм бол Монголд гипер инфляци бий болжээ. Энэ нь нийгмийн хувьд сүйрүүлэгч шинжтэй, ажилгүйдлийг эрс ихэсгэдэг, нөөцийг үхэн таран хйидэг бөгөөд хүний эрх чөлөөнд аюул занал учруулдаг. Гүйцэтгэх засаглал болон Монголбанкныхан мөнгөний бодлогыг "цутгах" буюу үрэлгэн хэлбэрээр явуулж буй учраас инфляцийг ийн даврааж байгаа хэрэг. Өнгөрсөн онд инфляци буюу өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг долоон хувьтай байна гэж Засгийн газар, Монгол банкнаас мэдэгдсэн боловч юу болов. Одоо нөгөө инфляци чинь 16 хувьд хүрчихсэн байна. Судлаачдын үзэж байгаагаар нийгэмд мөнгөний нийлүүлэлтийн үр дүнд ханш унах үзэгдэл 6 сарын дараагаас эхэлдэг бол манайх шиг далд эдийн засагтай нийгэмд энэ нь 1,5-2 жилийн дараагаас мэдрэгддэг байна. Албан ёсны тооцоогоор ДНБ-ийхээ тал хувийг эзэлдэг төсвийн зарлага ийнхүү эдийн засгийн өсөлтөөсөө өндөр хурдтайгаар нэмэгдэж эхэлснээс цацаж буй мөнгө нь хэзээ нэгэн цагт үнэ цэнээ алдана гэдгийг судлаачид тооцож л байсан.
Чухамдаа өнөөгийн инфляцийн үр хөврөл нилээд хэдэн жилийн өмнөөс бүрэлдсэн бөгөөд гол буруутан нь өдгөө ард түмнээ авран хамгаалах гээд байгаа эрхэм Төр юм. Төсвийн зарлага сүүлийн дөрвөн жилийн дотор 8 дахин нэмэгдсэн явдал бол өнөөгийн инфляцийн болоод угтан буй хямралын шинж тэмдэг билээ.
Шалтгаан: Инфляцийн шалтгаан бол ТӨР
1.Эдийн засгийн суурь зарчмуудыг харгалзан үзэлгүйгээр их хэмжээний мөнгийг төсвийн зардал талаасаа нийлүүлсэн нь инфляцид нөлөөллөө.
2.Засгийн газар 370 тэрбум төгрөгийг улсын эдийн засагт ямар ч бодлогогүйгээр цутгалаа.
3.Улс орны эдийн засгийг ЗГ эдийн засгийн бодлогоор, Монгол банк санхүү, мөнгөний бодлогоор муу зохицуулаж байна.
Эксперт №1
Сүүлийн жилүүдэд Монгол банк мөнгөний бодлогоо хэрэгжүүлж мөнгөний нийлүүлэлтээ хянаж чадахгүй байгаа. Жилд 300 орчим тэрбум төгрөгийг нийгмийн хамгааллын чиглэлээр зах зээлд гаргаж байгаа нь инфляцийн гол шалтгаан болж байна. –СЭЗДС-ын багш: Б.Баярдаваа
4.2007 онд төсвийн урсгал зардал 40 гаруй хувь, түүний дотор цалин, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгаалал 30 гаруй хувь нэмэгдсэн нь инфляци бий болголоо.
5.Монгол дах татварын хувь хэмжээ өндөр байгаа нь үнийн өсөлтийн үр дүн болох инфляцид ноцтой нөлөөлж байна.

Инфляци бол хуульгүй татвар.
Малчдын гар дээрээс 1200 төгрөгийн өртөгтэй ирж буй мах Улаанбаатарын хүнсний зах дээр очихдоо 2500 төгрөг болж байгаа нь дан ганц ченжүүдийн шуналаас үүдэлтэй юм биш. Олон төрлийн зөвшөөрөл, хяналт шалгалт, төлбөр хураамжууд мах болоод бусад хүнсний барааны үнийг нэмэгдүүлж улмаар инфляци бий болгодог байна. Гэхдээ энэ бол хуулиар тогтоосон татвар биш, ердөө л дүрэм журмуудаар бий болгосон төлбөр хураамжуудын үнэ. ХХОАТ-ын хуулиар иргэн бид олж буй орлого бүрээсээ 10%-ын татвар төлдөг. Энэ татвар хэзээ ч буурч байгаагүй. ЗГ-аас саяхан төрийн албан хаагчдын цалинг нэмсэн. Энэ нь инфляцид тодорхой байдлаар нөлөөлж эдийн засагт эерэг гэхээсээ сөрөг үр дагаврыг авчирлаа. 1200 төгрөгөөр зарагдаж байгаа бензиний үнийн 260 төгрөг нь татварын буюу шууд бус зардал болдог байна. Өөрөөр хэлбэл онцгой албан татвар, гааоийн татвар зэргийг 50% бууруулахад л литр бензиний үнэ 940 төгрөг болох боломжтой гэсэн үг. Татвар хураамж болоод элдэв зөвшөөрлийн шат дамжлага нь үнэндээ иргэдийн тэр дундаа төрийн албан хаагч, бага дунд орлоготой иргэдийн нуруун дээр л дарамт болдог гэж дүгнэж болно. “Инфляци бол хуульгүй татвар” гэдэгчлэн татвар, төлбөр өөрөө инфляцийн шалтгаан болж байна.

Инфляцийн нийгмийн үр дагавар
Төрөөс үүдэлтэй инфляци нь нуугдмал байдалд орох тусам эдийн засаг эрүүлжих, үйлдвэрлэл өсөх боломж хумигдаж хөрөнгө оруулалт хийх материаллаг сонирхол буурч өмч хөрөнгийг идэж ашиглах, луйвардах, орлогоо нууж татвараас зугтах, өртөг зардлыг буруу тодорхойлох зэрэг эрүүл бус байдал газар авч эдийн засгийн байдал муудаж нийгэмд төрд ажилладаггүй, хүн амын гуравны хоёрыг бүрдүүлдэг орлого багатай хэсэгт хүнд тусч байна. Мөн төсвийн мөнгийг бий болгодог бизнесийнхэнд том цохилт болж байна. Төрөөс үүдэлтэй буюу нийлүүлэлтийн шалтгаантай инфляци нь мөнгийг үнэгүйдүүлж ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын мөнгөн орлогыг бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулдаг, үйлчилгээ үзүүлдэг компани, хувь хүмүүст далдуур хуваарилж дээрэмддэгээрээ төсөв, санхүү, мөнгө зээлийн тогтолцоог сүйтгэж, хүн амын төлбөрийн чадварыг унагаж бага дунд орлоготой айл өрхийг ядууруулдаг аюултай дайсан юм. 2006-2007 онд цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсний жаахан орлогыг төрөөс үүдэлтэй инфляци залгисан. Ингэхээр төрийн албан хаагчдад үр дагавраа авчирсан гэсэн үг. Бага дунд орлоготой өрхийн амьдрал дээрддэггүй нь мөн л инфляцитай холбоотой. Инфляцийн хорлонтой үр дүнгийн нэг нь нийгмийг хуваадаг. Нэг хэсэг нь ашиг олж байхад нөгөө хэсэг нь хохирч зовно, хожсон хохирсноороо нийгэм хуваагдана.
Дээрхи ангилалаас харахад хамгийн их хохирдог нийгмийн бүлэг нь бага дунд орлоготой иргэд цаашлаад ядуу, нэн ядуу иргэдэд инфляци хүнд тусдаг байна. Нийгмийн давхраажилтын бүтцэд энэ нь хэрхэн тусч буйг авч үзвэл:
Монгол гэр бүлийн орлогын зарцуулалтын байдал: Өрхийн орлогын зарцуулалт нь эдийн засаг, нийгмийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг. /Д.Моломжамц “Санхүү, мөнгө-зээлийн харилцаа” УБ 2008 он 290-р тал/
Өрхийн орлогоо хэрэглээнд зарцуулах зардлыг өдөр тутмын хэрэглээний урсгал зардал болон хөрөнгө оруулалтын шинжтэй зардал гэж хувааж болно. Урсгал зардалд хоол хүнс, хувцас, эрүүл мэнд, нийгмийн чанартай үйлчилгээний зардал зэрэгийг оруулна. Өрхийн гишүүдийн өдөр тутмын хэрэглээний зардал нь өрхийн зарлагын дийлэнх хэсгийн эзэлдэг. Жишээ: өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэхэд /гурил, будаа/ тухайн гэр бүлийн амжиргаанд нөлөөлдөг. Монгол айл өрхийн хоол хүнсэндээ орлогоо зарцуулах байдал дэлхийн хаана ч байхгүй өвөрмөц сонин. Хүн амын хэрэглээний бүтцийг авч үзэхэд өрхийн нийт зардлын 44 хувийг хүнсний зүйлийн зардал эзэлж байгаа юм. /ҮСГ, ДБанк, UNDP “Өрхийн орлого, зарлага, амьжиргааны түвшний түүвэр судалгаа 2002-2003” 2004/
Үүнийг бусад улсуудтай харьцуулан үзвэл Монгол айл өрхийн орлогынхоо ихэнхийг хоол хүнсэндээ зарцуулж байна.
Монголд бага дунд орлоготой иргэд хоол хүнсэндээ 60-70%-ыг, ядуу нэн ядуу амьдралтай өрхүүд 100% зарцуулдаг гэж үзэж болохоор дүр зураг ажиглагдаж байна.
Инфляци өсөхөд өргөн хэрэглээний барааны үнэ (хүнсний бүтээгдэхүүн) болоод бусад импортын барааны үнэ нэмэгддэг. Энэ нь орлогынхоо дийлэнхийг хоол хүнсэндээ зарцуулдаг монгол өрхийн амьжиргаанд, амьдралын чанарт маш хүнд тусч ядуурлыг тэтгэдэг байна. Судалгаагаар цалингаа өдөр тутмын болон ойр зуурын хэрэгцээнд буюу хоол хүнсэндээ зарцуулна гэсэн хувь 50%-тай байгаа юм.
Инфляциас өндөр татвар хураах сонирхол бий болно. Төр мөнгө үнэгүйдсэн сайхан боломжийг ашиглан татвараа нэмэх замаар гэр бүлийн орлогын 20-40%-ийг авдаг байна. Дээр өгүүлсэнчлэн “инфляци хуульгүй татвар” гэгчээр иргэдийг татвар гэгч аргаар мөлжинө. Бусад улсуудтай харьцуулахад манай улсын татварын хэмжээ харьцангуй өндөр юм. 2004-2007 онд манай улсын татварын орлого ДНБ-ний 29-32%-тай тэнцэж байна. Энэ үзүүлэлт ОХУ-д 25-27%, Малайзид 16-17%, Хятадад 17-18%, АНУ-д 25-26%-тай байдаг байна. /Олон Улсын Валютын сангийн албан ёсны судалгааны дүн /
МУ-д хүн амын зөвхөн аравны нэг нь банканд мөнгөө хадгалуулдаг. Хот суурин газрын хүн амын 15 % нь, хөдөөд 7% нь мөнгөн хөрөнгөтэй байна.

Дэвшүүлэх санаа
-Инфляцийн эсрэг юу хийхийг тодорхойлоход амархан, харин хэрэгжүүлэхэд тун хэцүү.
Мөнгөний тоо хэмжээг нэмэгдүүлсэн нь инфляцийн ганц шалтгаан учраас мөнгөний тоо хэмжээг хорогдуулах нь инфляцийг тогтоох ганц арга. Төрөөс үүдэлтэй инфляцийг хязгаарлах дараах механизмууд бидэнд хэрэгтэй байна.
•Үнэ тарифийг захиргааны аргаар зохицуулахаас төр аль болох татгалзах
•Төсвийн алдагдлыг хэвийн хэмжээнд байлгах
•Төрийн зарлагыг бууруулах. Ингэснээр мөнгөний тоо хэмжээ багасна.
•Инфляцитай тэмцэх үндэсний бодлогын хөтөлбөр боловсруулах, үр дагаврыг сайтар судлах
•Үүсээд байгаа татварын дарамт, өндөр хэмжээг багасгах болоод эргээд инфляцид нөлөөлөх байдлыг арилгах
Эксперт №2
•Инфляцийг бууруулах чиглэлээр Монгол банк, Монгол банкыг УИХ-ын эдийн засгийн байнгын хороо хяналт тавих хэрэгтэй байна.
•Инфляцийг жилд таван хувиас ихгүй байлгах бодлого явуулж түүнийг урт хугацаанд тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байна.
•Инфляци монгол айл өрхөд, ялангуяа бага дунд орлоготой иргэдийн нуруун дээр дарамт болдог учраас хэт инфляцитай үед зохицуулалт хийх шаардлагатай.

Дүгнэлт
-Нийгмийн тогтож байгаа тэнцвэрийг алдагдуулахад мөнгийг нь баллахаас илүү найдвартай арга үгүй. –Ж.Кейнс
2006 онд нийт мөнгө 1,5 триллион төгрөг байсан бол 2007 онд 2,2 триллионд хүрч 47,7 хувиар өссөн байна. Төр яагаад ийм их мөнгө бий болгов? Мөнгөний тоо хэмжээ ингэж огцом нэмэгдсэнд гагцхүү ТӨР л буруутай болно. Төрөөс сүүлийн хэдэн жил хавтгайдаа нийгмийн хамгааллын буюу халамжит төрийн бодлого явууллаа. Жилд 300 орчим тэрбум төгрөг нийгмийн хамгааллын шугамаар зах зээлд гарч байна. Гэтэл нэг талаас иргэдийн авах мөнгө нэмэгдээд байгаа юм шиг боловч нөгөө талаас үүнээ дагаад инфляци болоод байхаар нийгмийн амьдрал дээшлэхгүй байна. Төв банк төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, үндэсний валютын ханшны тогтвортой байдлыг хангах үүргээ биелүүлж чадсангүй. Үүнээс болж инфляци өсч, төгрөгийн ханш унаж иргэдийн худалдан авах чадвар сайн биш боллоо. Өнгөрсөн мөн үеийнхээс 16 төгрөг буюу 1,4 %-иар суларсан байна. Үүнээс үүдээд жолоодлогогүй инфляци үүслээ. Үнэ тариф, ханш, өмч хувьчлал, гадаад, дотоод зах зээлийн либериалчлал зэрэг олон асуудал иж бүрэн шийдэгдээгүй учраас инфляци өсөх бодит хөрс, суурь байсаар байна. Мөнгө үйлдвэрлэж байгаа нь ашиг олдог, тэр утгаараа инфляциас ч олно. Ингэхлээр инфляци үүсгэх сонирхол төрд хамгийн их байна хэмээн дүгнэж байна. Мөн нөгөө талаас Монголын төр төсвийн зардалаа шинээр мөнгө гаргах байдлаар санхүүжүүлдэг нь үнэн хэрэгтээ хувийн өмчид халдаж иргэдийнхээ эдийн засгийн чөлөөт байдлыг зөрчиж байгаа хэрэг юм.

Ашигласан материал
•Д.Аюурбунь “Эрдэм шинжилгээний илтгэл бичих шилдэг аргууд” УБ 2007
•Д.Моломжамц “Санхүү, мөнгө, зээлийн харилцаа” УБ 2008
•М.Фридмен “Хувь заяагаа сонгох нь” Орч: Баабар УБ 2002
•М.Фридмен “Мөнгө ярьдагсан бол......” УБ 2007
•Л.Ф.Мизес “Либериализм” УБ 2007
•В.Отгоннасан “Социологийн судалгааны үндсэн аргууд” УБ 2005
•Ц.Уртнасан “Нийгмийн шинэчлэл: Амьдралын хэв маягын өөрчлөлт” УБ 2001
•ҮСГ, Дэлхийн Банк, UNDP “Өрхийн орлого, зарлага, амьжиргааны түвшний түүвэр судалгаа 2002-2003” УБ 2004
•“Нийгмийн тухай мэдлэг” сурах бичиг УБ 2003
•Сант марал сангийн судалгааны материал
•“Цаг төр” сэтгүүл 2007/7
•“Алтангадас” сэтгүүл
•Социологийн тэнхмийн судалгаа
•Монгол банкны веб сайт: www.mongolbank.mn


Бодлогын Судалгааны Тэтгэлэгт Хөтөлбөр 2010

Бодлогын Судалгааны Тэтгэлэгт Хөтөлбөр 2010

Нээлттэй Нийгэм Форум нь бодлого боловсруулах үйл явцыг бие даасан судалгаа, шинжилгээгээр баяжуулах, Монголын судлаачдад бодлогын дүн шинжилгээний аргазүйг эзэмшүүлэх зорилгоор хэрэгжүүлдэг Бодлогын Судалгааны Тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаж байна.

2010 оны бодлогын судалгааны сэдэв


2010 оны Бодлогын Судалгааны Тэтгэлэгт Хөтөлбөрийн хүрээнд дараах сэдвээр судалгаа хийх судлаач, судалгааны багуудыг урьж байна. Доорх сэдэв нь судалгааны хүрээ, ерөнхий чиглэлийг гаргаж байгаа бөгөөд судлаачид сонирхол, туршлагадаа тулгуурлан хүрээг нарийсган бодлогын тодорхой асуудалд төвлөрүүлэх шаардлагатай.

1. Бие даасан статустай төрийн байгууллагын хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох нь
Хүний эрхийг хамгаалах, авлигатай тэмцэх зэрэг чиглэлээр нийтийн эрх ашгийн үүднээс төрд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг хараат бус статустай төрийн байгууллагуудын хариуцлага хүлээх механизм тодорхойгүй байна. Эдгээр байгууллага нь тайлангаа УИХ-аар хэлэлцүүлэх, эсвэл дэргэдээ олон нийтийн зөвлөл ажиллуулах зэргээр ажлаа хянуулж байгаа ч бие даасан байдалд нь халдахгүйгээр тогтмол хэрэгждэг хяналт үгүйлэгдсээр байна. Энэ сэдвийн хүрээнд судлаач бие даасан, хараат бус статустай төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлага тооцох механизмыг оновчтой, боловсронгуй болгоход чиглэсэн бодлогын зөвлөмж боловсруулах юм.

2. Сонгуулийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн орчин, институтчиллыг сайжруулах нь
УИХ болон орон нутгийн сонгуулийн дараа сонгуулийн зохион байгуулалт болон санал тоолохтой холбоотой асуудлаар нэр дэвшигчдийн дунд маргаан үүсэж, шүүх, захиргааны байгууллагад ханддаг ч ихэнх нь шийдвэрлэгдэхгүй өнгөрдөг. УИХ-ын сонгуулийн тухай хууль 2006 онд шинэчлэгдсэн ч маргаан шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалтыг улам боловсронгуй болгох шаардлага байгааг 2008 оны сонгууль дахин харууллаа. Энэхүү бодлогын судалгаагаар судлаач сонгуулийн маргааныг шийдвэрлэх үр дүнтэй процесс, түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон институцийн өөрчлөлттэй холбоотой бодлогын зөвлөмж боловсруулна.

3. Хүний эрхийг хамгаалах үндэсний механизмыг бэхжүүлэх нь

Монгол Улсад Хүний эрхийн үндэсний комисс, УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хороо зэргийг багтаасан хүний эрхийг хамгаалах үндэсний механизм бүрэлдсэн хэдий ч хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд түргэн шуурхай таслан зогсоох талаар дорвитой өөрчлөлт гарахгүй байгааг эрх зүйн орчин болон институцийн төлөвшлийн сул талтай холбон тайлбарладаг. Энэ судалгаагаар судлаач хүний эрхийг хамгаалах бүтцүүдийн эрх хэмжээ болон үйл ажиллагааны уялдаа холбоог судалж, Монгол улсад хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх шуурхай, мэдрэмжтэй, үр дүнтэй механизм бий болгоход чиглэсэн шийдлийг дэвшүүлнэ.

4. Шоронгоос суллагдсан хүмүүст нийгэмд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх бодлого боловсруулах нь
Сүүлийн жилүүдэд гэмт хэргийн тоо нэмэгдэж байгаа нь Монгол улс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлогоо боловсронгуй болгох шаардлагатай байгааг харуулж байгаа юм. Шоронгоос суллагдсан дөрвөн хүн тутмын нэг нь давтан гэмт хэрэгт холбогддог гэсэн статистик мэдээ байгаа бөгөөд эдний зарим нь амьдрах орон байр, амьжиргаагаа залгуулах эх үүсвэргүй байдаг нь давтан гэмт хэрэг үйлдэх нэг шалгаан болдог байна. Энэхүү судалгааны хүрээнд судлаач нь бусад улсын жишээн дээр тулгуурлан шоронгоос суллагдсан хүнийг нийгмийн амьдралд эргэж ороход нь туслах замаар дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэхэд чиглэсэн бодлого, бүтэц зэргийн загварыг боловсруулж, Монголын нөхцөлд хэрэгжүүлэх зөвлөмжийг гаргана.

Бодлогын Ахлах судлаачийн хөтөлбөр


Бодлогын судалгааны арга зүйг бүрэн эзэмшсэн, бодлогын судалгаа шинжилгээ хийж ирсэн туршлагатай судлаачдыг дор дурдсан сэдвээр судалгаа хийхийг урьж байна.

1. Иргэдийн мэдээлэл авах эрх, эрх чөлөөг хангах зорилгод нийцүүлэн нууцын холбогдолтой хууль тогтоомжийг шинэчлэх нь
Үндсэн Хуулиар олгогдсон иргэдийн мэдээлэл авах эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэх арга хэрэгсэл нь Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль бөгөөд энэ хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаад нэлээд хэдэн жил болж байна. Иргэдийн мэдээлэл авах эрхийн хэрэгжилтийг хангахад саад болж байгаа нэг хүчин зүйл нь одоо үйлчилж буй нууцын тухай хуулиуд юм. Судлаач мэдээллийн эрх чөлөөг хуульчилсан орнуудад нууцын холбогдолтой ямар зохицуулалтууд байдгийг (тухайлбал, төр иргэдээсээ нууцалж болох мэдээллийн жагсаалтыг гаргахад ашигладаг аргачлал) судлахын зэрэгцээ олон улсын ерөнхий хандлага, нийтлэг жишгийг судлан Монголын нөхцөлд тохиромжтой, оновчтой бодлогын хувилбар боловсруулах юм.

2. Санхүүгийн зах зээлийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох нь
Монголын хөрөнгийн зах зээл дээрх хяналтгүй байдал нь хөрөнгө оруулагчид, ялангуяа жижиг хөрөнгө оруулагчдын мөнгийг эрсдэлд оруулж, хөрөнгө оруулалт хийх сонирхлыг нь бууруулж, улмаар бизнесийн байгууллагууд бизнесээ өргөжүүлэх боломжийг алдахад хүргэж байна. Энэ нь Монголын хоёрдогч санхүүгийн зах зээлийн хөгжлийг удаашруулж байгаа нэг хүчин зүйл юм. Бодлогын судлаач хөрөнгийн зах зээлийн хяналтын тогтолцоо, хяналт тавих байгууллагын үүрэг хариуцлага зэргийг нарийвчлан тодорхойлж, эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн бодлогын зөвлөмж боловсруулна.

3. Тусгай сангуудын удирдлага менежментийг сайжруулах нь
“Засгийн газрын тусгай сангуудын тухай” хуулийн дагуу ажиллаж буй 27 төрлийн сангийн үйл ажиллагаа төдийлөн ил тод биш, зарцуулалттай холбоотой шийдвэр гаргаж буй үйл явц нь хаалттай байна. Ялангуяа Тэтгэврийн болон Эрүүл мэндийн даатгалын сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Улсын автозамын сан, Хүний хөгжил сан зэрэг зорилтот сангийн хувьд цугларсан хөрөнгөө үнэгүйдлээс сэргийлэх сайн бодлого, ил тод үйл ажиллагаа нэн чухал. Уг судалгаагаар судлаач тодорхой сангийн жишээн дээр хөрөнгө санхүүгийн зохистой бодлого явуулж чадах, хариуцлагатай бөгөөд ил тод ажиллагаатай удирдлагын бүтэц, эрх үүргийн хуваарилалтыг санал болгосон бодлогын зөвлөмж гаргана.

Судлаачид тавих шаардлага
Шаардлагууд нь бүх судлаач, үүний дотор нэг багийн гишүүн тус бүрт хамааралтай.

Нийтлэг шаардлага

1. Судалгааны нийт хугацааны туршид ажлын цагийн 50-иас илүү хувийг судалгаанд зориулах (ажил олгогчоос албан ёсоор зөвшөөрөл авсан байх)
2. Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан
3. Компьютерийн хэрэглээний болон судалгааны программ ашиглах чадвартай
4. Хувийн зохион байгуулалт, хариуцлага сайтай, төлөвлөсөн ажлаа хугацаанд нь гүйцэтгэдэг, багаар ажиллах чадвартай
5. Цаашид бодлогын судалгаа, нөлөөллийн ажил хийх хүсэл эрмэлзэлтэй байх

Бодлогын судлаачид тавих нэмэлт шаардлага:

1. Магистр ба түүнээс дээш зэрэгтэй (дипломын баталгаат хуулбарыг хавсаргана)
2. Судалгаа, шинжилгээний ажлын зохих туршлагатай
3. Гадаад хэл дээр судалгааны материал, бусад эх сурвалж ашиглах чадвартай
4. Судлах асуудлын хүрээ, салбарын бодлогын талаар зохих мэдлэгтэй байх

Бодлогын ахлах судлаачид тавах нэмэлт шаардлага:

1. Бодлого боловсруулах, бодлогод нөлөөлөх ажлын туршлагатай, судалгааны аргазүй эзэмшсэн (бодлогын түвшний ажлын туршлагыг харуулах баримт/ жагсаалт, ЭСВЭЛ өндөр хөгжилтэй орны их дээд сургуульд магистр ба түүнээс дээш зэрэг хамгаалсан дипломын баталгаат хуулбарыг хавсаргана)
2. Гадаад хэл дээр судалгааны материал, бусад эх сурвалж ашиглах, боловсруулалт хийх чадвартай
3. Судлах асуудал, тухайн салбарын талаар өргөн мэдээлэлтэй, мэдлэгтэй байх

Бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хугацаа, нөхцөл
Судалгааны үргэлжлэх хугацаа сэдвийн онцлогоос хамааран 5-10 сар байна. Судлаач энэ хугацаанд ННФ-аас зохиох бодлогын судалгааны аргазүйн гурван сургалтад хамрагдахын зэрэгцээ тодорхой асуудлаар бодлогын хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулах, оролцох юм. Судлаач дотоод, гадаадын зөвлөхтэй хамтран ажиллах боломжтой.

Хөтөлбөрийн хүрээнд сар бүр олгох тэтгэлгийн хэмжээ өндөр байх ба судалгааны ажилтай холбоотой гарах бусад боломжит зардлуудыг хөтөлбөрөөс санхүүжүүлнэ. Мөн ННФ бодлогын судалгаа, шинжилгээнийхээ тайланг хэвлүүлэх, нөлөөллийн ажлаа төлөвлөх, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно.

Шалгаруулалтад бүрдүүлж ирүүлэх материал
Шалгаруулалтад дараах материал бүрдүүлж ирүүлэх ба судалгааны баг оролцож байгаа бол сүүлийн 4 зүйлийг багийн гишүүн тус бүрээр ирүүлэхийг хүсье:

1. Хөтөлбөрт хамрагдах өргөдөл ( ННФ-аас боловсруулсан маягтын дагуу)
2. Хөтөлбөрт хамрагдах сонирхлоо илэрхийлсэн захидал. Уг хөтөлбөрт хамрагдах сэдэл шалтгаан, хөтөлбөрөөс хүлээж буй үр дүн, сэдвийн ач холбогдол (1 нүүр).
3. Судалгааны төлөвлөгөө. Зарласан судалгааны сэдвийн хүрээнд нарийвчлан сонгосон бодлогын асуудлын томъёолол, үндэслэл, судалгааны зорилго ба зорилтууд, нарийвчилсан аргазүй, судалгааны ажлын ач холбогдол, гарах үр дүн (5-8 нүүр)
4. Хөтөлбөрт хамрагдахыг дэмжиж байгаа тухай байгууллагын албан захидал. Судалгааны ажил нь байгууллагын зорилго, үйл ажиллагааны чиглэлтэй хэрхэн уялдаж байгаа, байгууллагын оролцоо дэмжлэг, ажлын цагийг бүтнээр болон 80-аас илүү хувийг судалгаанд зарцуулахыг зөвшөөрсөн зөвшөөрөл (1 нүүр)
5. Хөтөлбөрт хамруулахыг дэмжсэн тодорхойлолт (2 хүнээс)
6. Товч анкет
7. Бүтээлийн жагсаалт
8. Бичлэгийн загвар (5-10 хуудас). Үүнд судлаачийн бичсэн судалгааны тайлангийн хураангуй, нийтлэл гэх мэт

Шалгаруулалтад ирүүлэх материалыг 2010 оны 2 дугаар сарын 19-ний Баасан гаригийн 17:00 цаг хүртэл хүлээж авна. Материалыг ННФ-ын байранд биеэр болон шуудангаар хүргүүлж болохоос гадна цахим шуудангийн oyunsaruul@forum.mn хаягаар ирүүлж болно. Шуудангаар илгээх тохиолдолд материал хүлээж авах сүүлийн өдрөөс хэтрэлгүйгээр ННФ-д хүлээлгэж өгсөн байхаар төлөвлөхийг хүсье. Хугацаа хэтэрсэн материалыг хүлээж авах боломжгүй бөгөөд задлалгүй буцаах болно.

Хөтөлбөрийн холбогдолтой мэдээлэл өгөх уулзалтыг 2010 оны 1 дүгээр сарын 28, 2 дугаар сарын 11-ний өдрийн 16:30 цагаас ННФ-ын байранд нэгдсэн байдлаар өгөх болно. Ганцаарчилсан зөвөлгөө болон утас, цахим шуудангаар нэмэлт мэдээлэл, лавлагаа өгөх боломжгүй тул хүлцэл өчье.

Дэлхий нийтийн авлигын хэмжүүр (Барометр) 2009 он


GCB_MON -

Мэргэжлийн сургалт, техникийн боловсролд хийх Бодлогын шинжилгээ (Хайрт найзынхаа төрсөн өдөрт)

ӨНӨӨДӨР бидний хайртай найз Ё.Болортуулын төрсөн өдөр тохиож байна. Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Хамтдаа сэтгэл гарган эцсийн удаа хийж асан "Бодлогын шинжилгээ"-г хүргэж байгаадаа туйлын баяртай байна. 2008 оны 04 сарын 08-нд энэхүү хийсэн ажлаа тайлагнаж байсныг дурсахад ч таатай байна.
2010 оны 01 сарын 14
Чамайгаа бид хэзээ ч мартахгүй ээ
123 -