Хамгийн олон үзэгчтэй зуун нэвтрүүлгийн сүлжээ судалгааг танилцууллаа

МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээлэл судалгааны төв, Монголын хэвлэлийн хүрээлэн хамтран “Хамгийн олон үзэгчтэй зуун нэвтрүүлгийн сүлжээ” судалгааны үр дүнгийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. МХХ-ээс Улаанбаатар хотын хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн дунд сар тутам, МҮОНРТ-ийн Судалгааны албанаас хөдөө орон нутгийн үзэгчдийн дунд сар тутам тогтмол судалгаа хийдэг. Эдгээр судалгаагаар Монголын телевизүүдийн хамгийн олон үзэгчтэй 100-н нэвтрүүлэг, телевиз тус бүрийн хамгийн олон үзэгчтэй эхний 10-н нэвтрүүлгийг гаргадаг юм байна. Энэхүү судалгаан дээр үндэслэн ОНРТ-ийн Судалгааны албанаас “Хамгийн олон үзэгчтэй 100-н нэвтрүүлгийн сүлжээ” судалгааны үр дүнгийн хэлэлцүүлгийг ОНРТ-ийн Үндэсний зөвлөл болон удирдлагуудад танилцууллаа. Судалгааны гол ач холбогдол нь 7 хоногийн аль гаригт, аль телевизийн ямар нэвтрүүлэг болон ямар төрлийн нэвтрүүлгийг хэдэн цагаас үзэж байгааг нарийвчлан харах бололцоотой болж байна. Энэхүү судалгааны үндсэн дээр телевизүүд нэвтрүүлгийн сүлжээгээ зохиох бүрэн бололцоотой юм. Олон нийтийн телевиз үндэсний хэмжээнд нэвтрүүлэг цацдаг олон нийтийн статустай байгууллага учраас судалгаа шинжилгээний үндсэн дээр тулгуурлан хөтөлбөрийн бодлогоо тодорхойлж байх ёстой юм.
ОНРТ-ийн Судалгааны албанаас телевиз үзэхэд улирлын хамаарал хэр нөлөөлж байгааг тодруулах судалгааг үргэлжлүүлэн хийх юм байна.
МХХ-ийн Мэдээлэл судалгааны албаны Ахлах судлаач Д.Нямдорж, судлаач Н.Батзориг, МҮОНРТ-ийн ОНМСТ-ийн Ахлах судлаач Ц.Хурцбилэг нар судалгааныхаа үр дүнг хэлэлцүүллээ.

Олон нийтийн мэдээлэл судалгааны төв

No comments: