Бүтцийн сургаал (структурализм)-ын эх сурвалжийн тухайд

Нийгмийн онол үзэл баримтлалуудын хөгжлийг тайлбарлахад оргүй хоосноос бий болдоггүй, ор мөргүй алга болдоггүй гэсэн гэсэн үг тун таарах мэт санагдана. Эдүгээгийн нийгмийн ухааны онол хийгээд эмпирик хэрэглээний эргэлтэнд буй үзэл баримтлалд агуулагдаж буй үзэл санаатай ижил төсөөтэй зүйлсийг бид хүсэх ахул Платон, Аристотель нарын туурвилаас ч олж харж болно. /Улстөр судлал гэхэд л Платоны “Төр Улс” хэмээн зохиолыг өөрийн ухааны нэгэн чухал эх сурвалж шаштир хэмээдэг. Социологийн үзэл санааны эх булгийг бүр Аристотелиос эрж хайх ч тохиолдол бий./ Энэ бол орчин цагийн нийгмийн ухааны шийдэж байгаа олон асуудал өнгөрсөн эрин үеийн нийгмүүдэд ямар нэг байдлаар оршин байсны гэрч юм. Түүнчлэн социологийн тухайд үзэх аваас 19-р зууны үед анх сууриа тавьсан олон онол үзэл орчин цагийн парадигмуудын эх сурвалжийн сацуу өнөө цагийн тулгуур онол болж байгаа нь оргүй алга болдоггүйн илрэл бүлгээ. /Социологийн парадигмын тухайд олон үзэл бодол бий. Тухайлбал: зөвлөлт-оросын социологич Осипов Г.В үндсэн дөрвөн парадигмыг санал болгодог. Түүнчлэн өрнөдийн социологичид зарим нөлөө бүхий үзэл баримтлалыг (жишээ нь бүтэц функционализм гэх мэт) бие даасан парадигм хэмээх нь бий. Мөн үүнийг бичиг бээр макро социологийн түвшинд 3 парадигмыг санал болгохын хамт дунд болон микро түвшинд парадигмууд байна хэмээн үздэг./

Социологич бид олонхи тохиолдолд функционализмын онолын эх сурвалжийг Э.Дюркгэйм нарын бүтээл туурвилаас эрэн хайдаг агаад нэг талаас энэ нь зөв. Түүнчлэн Английн социологич Гиддэнс Структурализм, түүний эх сурвалжийг ярихдаа хэл шинжлэлийн тухай зайлшгүй авч үзэх ёстой гэж үзсэн байна. Тэрээр өөрийн Социологи хэмээх бүтээлдээ энэ тухай ийнхүү бичжээ.

Функционализмын нэгэн адил Структурализм нь Дюрхэймын бүтээлийн нөлөөн дөр байсан хэдий ч хөгжлийн гол эрч хүчээ хэл шинжлэлээс авсан билээ. Структуралист сургаалын эхэн үед швейцарийн хэл шинжээч Фердинанд де Соссюра (Ferdinand de Saussure) |1857-1913| уран бүтээл чухал түлхэц өгсөн юм.

Соссюроос өмнө хэлний судалгаа нь үгсийг хэрэглэх арга барилын нарийвчилсан өөрчлөлтийг шинжлэхэд чиглэж байв. Соссюрын үзсэнчлэн ийм горим журам нь хэлний үндсэн онцлогыг орхигдуулахад хүрдэг аж. Хэрвээ бид хүмүүсийн ярианд хэрэглэж буй зөвхөн үгсэд л анхаарлаа хандуулах аваас хэлний гол шинж буюу бүтцийг тодорхойлох боломжгүй болно. Хэл бол үгэнд заагдаагүй харин тэдгээрийн ард буй дүрэм зүйн дүрэм журам болон ач холбогдлоос бүтдэг билээ. Соссюрын үзсэнээр хэлний бүтцийг шинжилнэ гэдэг нь түүний үл үзэгдэх үндсийг бүрдүүлж байгаа дүрэм журмыг олох явдал аж. Эдгээр дүрмийг ихэнх хэсгийг бид шууд бус байдлаар мэдэж буй ч тэдгээрийн утга учрыг илэрхийлэхэд амар бус билээ. Чухамдаа хэл шинжлэлийн үүрэг бол хэлний практик хэрэглээний түвшинд бидний шууд бусаар мэддэг зүйлсийг нээн гаргах явдал ажгуу.

Хэл болон ач холбогдол: Үгсийн ач холбогдол нь тэр үгийн илэрхийлж байгаа обьектоор биш харин хэлний бүтцээр бүтээгдэн бий болдог хэмээн Соссюр баталдаг. “Мод” гэсэн үгийн ач холбогдол бол навчтай обьект буюу тухайн нэр томьёоны илэрхийлж байгаа зүйл мөн юм хэмээн бид гэнэхнээр төсөөлж болно. Гэвч Соссюр ингэж үзэж болохгүй гэдэг. “Гэвч”, “ба”, “гэтэл” гэсэн үгнүүд ямар нэгэн обьектыг илэрхийлдэггүйг харгалзан үзэх юм бол түүний зөв болохыг ойлгоно. Түүгээр барахгүй ач холбогдлын хувьд бүрэн дүүрэн үнэ цэнэтэй авч бодит амьдрал огт байдаггүй үлгэр домгийн зүйлсийг тэмдэглэдэг үг тухайлбал, “ганц эвэрт” гэх мэт үгс ч бий. Хэрвээ үгний ач холбогдол илэрхийлж байгаа зүйлээс бий болдоггүй юм бол чухам хаанаас гарч ирдэг юм бэ? гэсэн асуулт гарна. Соссюр үүнд ач холбогдол нь ойролцоо төрлийн ойлголтын ялгаагаар бий болдог агаад эл ялгаа хэлний дүрмүүдээр танигддаг гэж хариулж байна. “Мод” гэсэн үгийн ач холбогдол нь “бут сөөг”, “ой мод” гэх мэт ойролцоо авч яг ижил бус агуулгатай олон арван үгсээс түүнийг ялгаж байгаа ялгаагаар бүтээгддэг аж. Тиймээс хэлний ач холбогдол нь хэлний дотоодод үүсэн бий болдгоос бус харин үгсийн тусламжтайгаар тэмдэглэж байгаа обьектоор нөхцөлдөн үүсдэггүй ажээ.

Структурализм болон семиотик: Соссюр дээр дурдсан дүн шинжилгээгээ дараах чухал ажиглалтаар буюу ач холбогдол зөвхөн авиа дуудлага |яриа|, цаасан дээрх бэлэг тэмдэг |бичиг захидал| -гээр бүтээгдэггүй гэсэн ажиглалтаар баяжуулсан байна. Бидний бусдаас тогтмол тодотгон ялгаж байгаа бүхий л обьект “ач холбогдлыг бүтээх” –д ашиглагдаж болно. Үүний жишээ бол гэрлэн дохио агаад улаан гэрэл зогсох, ногоон гэрэл явах, шар гэрэл анхааруулах гэснийг тэмдэглэдэг агаад чухамдаа эдгээр ач холбогдлыг өнгө бус өнгөний ялгаа буй болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл бид хүсвэл улаан өнгөөр явах, ногоог өнгөөр зогсох гэсэн ач холбогдлыг тэмдэглэж болно гэсэн үг. Соссюр хэлний бус ач холбогдлыг судалдаг судалгааг “семилоги” хэмээн нэрлэсэн бөгөөд эдүгээ “семиотик” гэсэн нэр томьёо голлон ашиглагдаж байна.Семиотик судалгааг хүний соёлын олон салбарт хэрэглэж болно. Жишээ нь хувцас, моод судлахад гэх мэт. Чухам юу тухайн загварыг моодны хувцас болгож байна вэ? Мэдээж хувцас өөрөө моодны болж чадахгүй өөрөөр хэлбэл богино банзал энэ жил моодны байгаа бол дараа жил моодноос гарч болно. Мөн түүнчлэн гашуудлын хувцсыг иш татаж болох бөгөөд бид уй гашуугаа хар хувцсаар илэрхийлдэг бол зарим соёлд цагаан хувцсаар гашуудлаа илэрхийлдэг. Энэ утгаараа хувцас бус харин гашуудаж буй хүмүүс өдөр тутмын хувцаснаасаа ялгаатай хувцас өмсөснөөрөө гашуудал гэсэн ач холбогдлыг бий болгож байгаа аж.

Структуралист хандлага ялангуяа АНУ –д социологид гэхээсээ илүүтэй угсаатан зүйд хэрэглэгдэж ирсэн аж. Структурализмыг түгээн тархаагч Леви Строссын (Levi-Strauss) заасан чиглэлийг удирдлага болгон бүтцийн |структурал| дүн шинжилгээг төрлийн харилцаа (kinship), үлгэр домог (myth), шашин (religion) зэргийг судлахад өргөн ашиглагдаж байсан бөгөөд түүнчлэн социологид эл сургаалыг нийтийн мэдээллийн хэрэгсэл |сонин, сэтгүүл, ТВ гм|, үзэл суртал болон соёлыг бүхэлд нь судлахад ашиглаж байв. Структуралист сэтгэлгээг социологийн ёрөнхий хандлага гэхэд сул талууд олонтой агаад хэлийг судлахтай холбогдон анх үүсэн улмаар хүний үйл ажиллагааны зарим нэгэн салбарыг тухайлбал, хүмүүсийн харилцаа, соёлыг судлахад тохиромжтой болжээ. Харин эдийн засаг, улс төр зэрэг хүний амьдралын илүү практик чиглэлийг судлахад ихээхэн хязгаарлагдмал юм. /Giddens. A (1997). Sociology. (3rd ed) Polity Press/

Гидденсын зохиолоос авсан энэхүү ишлэл нь чухамдаа бүтцийн онолын эх сурвалжийг угсаатан зүй хийгээд хэл шинжлэлтэй холбон тайлбарлаж байгаа юм.
Социологийн дүн шинжилгээ болон хэлний судалгааг холбож өгсөн Структурализм анхлан хэл шинжлэл дэхь өвөрмөц хандлага байдлаар гарч ирээд улмаар түүнийг угсаатан судлаач Клод Леви Стросс нийгмийн шинжлэх ухаанаа оруулсан аж. Үүний зэрэгцээ структурализмын бас нэгэн эх сурвалж Спенсер, Дюрхэйм болон Маркстай холбоотойг умартаж болохгүй юм. Хэдийгээр нийгмийг амьд организм лугаа адилтгасан Спенсерийн органицист үзэл баримтлал нь хүний нийгмийн байгууллын онцлогыг эс үнэлсэн туйлширсан хандлагатай авч түүнийг олон талт нарийн түвэгтэй бүтэц бүхий тогтолцоо болохыг тэмдэглэснээрээ сонирхол татдаг. Ялангуяа тэрээр бүтэц болон функцийн харилцан уялдаа хамаарлыг тодотгосон нь хожуу үеийн бүтцийн онолын хөгжилд тусгалаа олсон юм. / Спенсер. Г/ Харин Э. Дюрхэймын хувьд нийгмийн бүтцийн системлэг шинжийг тэмдэглэхийн сацуу тэдгээрийн үндсэн элементүүдийн хоорондын нэгдэл, харилцан хамаарлыг механик болон органик эв нэгдэл хангаж өгдөг болохыг заасан нь бий. /Дюрхэйм. Э. (1991). О разделении труда. Перевод с фр. М:Наука./

О. Контын бүтээлд туйлын сөргөөр хандаж асан К.Маркс нийгмийн үзэгдэл юмсыг системийн хандлагын үүднээс авч үзэхийг уриалсан төдийгүй түүнийгээ өөрийн нийгэм-эдийн засгийн формацийн талаарх үзэл баримтлалдаа тусгахыг эрмэлзэж байсан сэтгэгч юм. /Елсуков А.Н, Соколова Г.Н и др (1997). История социологии. (2-е изд) Мн: Высшая школа./ Ийнхүү дээр дурдсан сэтгэгч бүр бүтцийн сургаалийн хөгжилд өөр өөрийн хувь нэмрийг оруулсан билээ.

Эх сурвалж: О.Мөнхбат "Социологийн онол: сонгодог хийгээд орчин үе" номноос

No comments: