Функционализмын эх сурвалжын тухайд

Фунционализмын суурийг тавьсан үзэл бодлыг анхлан О.Конт боловсруулсан агаад тэрбээр эл санаагаа социологийг үзэх өөрийн үзэлтэй нягт холбож байлаа. Нийгмийн статик үзэл баримтлалдаа тэрбээр гэр бүл, шашин болоод төрийн үндсэн функцийг тодорхой авч үзсэн байдаг. Тухайлбал, гэр бүл ирээдүйн нийгмийн бэлтгэж өнөөгийн нийгмйин амьдралыг уртасган өнгөрсөн, өнөө ирээдүйг холбож байдгаараа нийгмийн статик байдлыг хангаж байдаг байна. Гэр бүл өнгөрсөн үеийн амьдралын туршлага, ёс заншлыг хадгалан, өнөө үедээ дамжуулан өгдөг. Гэр бүлд хүний нйигэмших үйл явц явагдаж, хүн төрөлхтөний төлөө хөдөлмөрлөхөд зайлшгүй шаардлагатай чанарыг олж авах бөгөөд хүнд байгалиас заяадаг төрөлхийн "аминч үзлээ" орхин бусдын тусын тулд амьдарч ажиллах хамтач зарчмыг олж авдаг байна.

Гэр бүлд олж авсан үеүдийн хоорондох эелдэг зөөлөн харилцаа цаашдаа нийгмийн тэнцвэртэй байдлыг алдагдуулахгүй барих, шинэ хүчний харьцааг тэнцвэржүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг хэмээн О.Конт бичжээ. /О.Мөнхбат( 2004). О.Контын позитивист социологийн үзэл баримтлал. Социологи сэтгүүл/

Мөн түүнчлэн Э. Дюрхэйм функциональ дүн шинжилгээг социологийн онол хийгээд судалгааны зорилго зорилтыг томъёолоход гол үүргийг гүйцэтгэнэ хэмээн үзэж байв. Тэрээр функцийг ойлголтын нь хувьд тодорхойлсоны сацуу хөдөлмөрийн хуваарийн жишээн дээр нийгмийн үзэгдлийн юмсын функцийг нарийвчлан судалсан юм. Э.Дюрхэйм үзэхдээ “функци гэсэн үгийг харилцан адилгүй байдлаар буюу үр дагаврыг үл харгалзсан амьдралын хөдөлгөөний тогтолцоо болох гэсэн талаас нь, эс бөгөөс энэхүү хөдөлгөөн нь организмын ямар нэгэн хэрэгцээ шаардлагыг хангаж байгааг харгалзан үзэх гэсэн үндсэн хоёр утгатайгаар авч үздэг” гэжээ. /Дюрхэйм. Э. (1991). О разделении труда. Перевод с фр. М:Наука, стр.51/

Социологийн хувьд хоёр дахь утгаараа буюу тодорхой хэрэгцээ шаардлагад таарч тохирсон үйлдэл гэсэн утгаар нь авч үзэх нь зүйтэй гэж тэр үзэж байлаа. Жишээ нь бид хүний нэг эрхтэн тухайлбал зүрхийг судлахдаа эхлээд энэ эрхтэн биеийн бусад эрхтэнтэй хэрхэн холбогдсон бэ гэдгийг ойлгох ёстой юм. Зүрх цусыг дамжуулан шахаснаараа организмын амьдрахад чадварыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Үүний нэгэн адил өгөгдсөн нийгмийн обьектын функцийг судална гэдэг нь түүний тухайн нийгмийн оршин тогтноход ямар үүрэг гүйцэтгэж байгааг мэднэ гэсэн үг ажгуу. Функцийг тодорхойлсон энэ тодорхойлолтоо Дюрхэйм хөдөлмөрийн хуваарь болон шашны жишээн дээр тайлбарласан байдаг. Тухайлбал, шашин нь хүмүүсийг нийгмийн үндсэн үнэт зүйлсийг баримтлахад хүргэж байдгаараа нийгмийн уялдаа холбоог бэхжүүлдэг байна гэж үзжээ.
Үүний сацуу функционализмыг өнөөгийн түвшинд хүрэхэд антропологичид чухал үүрэг гүйцэтгэжээ. Энэ байр суурийг Гиддэнс хүчтэй илэрхийлсэн нь түүний зохиол бүтээлээс ажиглагддаг. /Giddens.A (1997). Sociology. (3rd ed) London:Polity Press/

Энэ эрдэмтэний үзсэнээр функционализмын хөгжилд хорьдугаар зууны эхэн үеийн антропологи чухал нөлөө үзүүлсэн байна. Учир нь хорьдугаар зууны эхэн хүртэл антропологи судлаачид жуулчид, номлоочид болон эзэмшлийн түшмэдийн илтгэл тайлан зэрэг баримт бичигт тулгуурлаж байсан бөгөөд энэ утгаараа арван ёсдүгээр зууны антропологи ихээхэн спекулятив шинжтэй байжээ. Эдгээр судлаачид дэлхийн өнцөг булан бүрээс жишээ татсан ном зохиол туурвиж байсан авч ингэхдээ эдгээрийн үнэн зөв эсэх, түүнчлэн холбогдох соёлын агуулга бий эсэх талаар огтхон ч сонирхож байсангүй. Жишээ нь шашны дүн шинжилгээний хувьд гэхэд л огт өөр өөр соёл дахь шашны зан үйл, итгэл үнэмшлийг харьцуулж байжээ.

Чухам ийм хандлага судлаачдын хэрэгцээг хангахаа больж, дэлхийн янз бүрийн соёлыг урт удаан хугацааны турш бодит байдалд нь судалж эхэлсэн цагаас орчин цагийн антропологи эхлэлээ авсан аж. Чухамдаа ийм антропологи фунционализмын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн Гиддэнс үзэж байлаа. Антропологид хээрийн судалгааг анхлан үндэслэсэн эрдэмтэд болох английн сэтгэгч А.Р.Браун (1881-1955), Англи улсад голлон туурвиж асан польш эрдэмтэн Бронислав Малиновский (1884-1942) нарын бүтээл функционализмын хөгжилд голлон нөлөөлжээ.

Хэрэв нийгэм хийгээд соёлын гол чухал институтыг мэдэх, тэдгээрийн нийгмийн гишүүд яагаад өөрөөр бус чухам ингэх болсон бэ гэдгийг ойлгон танихыг хүсвээс энэхүү нийгэм, соёлыг бүхэллэг зүйл хэмээн судлах ёстой гэж энэ хоёр эрдэмтэн үзэж байв. Өөрөөр хэлбэл хэрвээ ямар нэг нийгмийн шашны зан үйл, шүтлэг бишрэлийг шинжилье гэвэл тэдгээрийг эл нийгмийн бусад институттай холбогдож байгаа уялдаа холбоонд нь авч үзэх ёстой бөгөөд учир нь нийгмийн бүх хэсгүүд нягт уялдаа холбоотой хөгждөг билээ.

Орчин цагийн бүтэц функционализмын онолын үзэл сургаалын гол төлөөлөгчид Т.Парсонс, Р.Мертон нар билээ...

Эх сурвалж: О.Мөнхбат "Социологийн онол: Сонгодог хийгээд орчин үе" номноос...

No comments: