Т.Парсонсын социологийн үзэл баримтлал: Нийгмийн бүтцийн сургааль

Т.Парсонс: Социологийн онол аргазүйн асуудал
Онолын тухай асуудал бол зөвхөн Парсонсын төдийгүй нийт бүтэц функционал чиглэлийн төлөөлөгчдийн анхаарлын төвд оршсоор ирсэн юм. Тэд социологийн онолын тухай харилцан адилгүй байр суурьтай байсан төдийгүй онолын талаарх эдгээр эрдэмтдийн үзэл бодол нийгмийн өөр онол урсгалын төлөөлөгчдын шүүмжлэлийн гол бай болж иржээ. Тухайлбал, Ж. Хоманс бүтэц функционалистуудыг шүүмжлэхдээ “...тэд онол гэж юу болохыг хэзээ ч тодорхойлж чадаагүй юм” /Хоманс, Ж (1996). Возврашение к человеку. В кн Американская социологическая мысль: тексты Под ред. Добренькова. В.И. М: Издание Междунорад-го Университета Бизнеса и Управления. стр. 49/ хэмээн буруутгаад ийм байдлаар цаашид онолын талаар ярих боломжгүй гэж тэмдэглэж байлаа.

Парсонс нийгмийн үзэгдэл юмсыг бүрэн гүйцэд тайлбарлаж чадахуйц боловсронгуй онол бүтээхийг эрмэлзэж байсан бөгөөд ингэхдээ макро онолд анхаарлаа хандуулж байлаа. Орчин үеийн социологийн онолын нэгэн дутагдалтай тал бол томоохон нарийн түвэгтэй нийгмүүдийн бүтцийн хэсгүүдийн системчлэгдсэн дүн шинжилгээ байхгүй явдал мөн гэж Т.Парсонс тэмдэглэж байв.
1937 онд хэвлэгдсэн "Нийгмийн үйлдлийн бүтэц" зохиолдоо Талкот Парсонс утилитар, позитивист, шүүмжлэлт гэх зэрэг социологийн олон тооны үзэл баримтлалуудын сул болон хүчтэй талуудыг шинжлэн үзээд тэдгээрийн синтезийн дүнд социологийн онолын шинэ ойлголтын аппаратыг бий болгохыг эрмэлзсэн байна.

Тэрбээр социологийн онолыг бүтээхдээ "аналитик реализм»-ыг баримтлах ёстой гэж үзээд Социологийн онол нь "объектив гадаад ертөнцийн мөн чанар шинжийг бүрэн илэрхийлж хамруулж чадахуйц" чухал ач холбогдол бүхий цөөн тооны ойлголтыг ашиглах шаардлагатай гэж үзжээ.

Т.Парсонс бичихдээ “эдгээр ойлголт ямар нэгэн тодорхой үзэгдэл юмсыг бус, энэ үзэгдэл юмс агуулагдаж байгаа өөр бусад элементээс задлан шинжлэх /анализын/ замаар ялгагдан салгагдахуйц элементийг илэрхийлэх ёстой. Тиймээс олон талт, нарийн түвэгтэй эмпирик бодит байдлаас аналитик элементүүдийг хийсвэрлэн салгаж байгаа ойлголтыг боловсруулахаас онол бүтээх ажлыг эхлэх ёстой” гэж байв.

Өөрөөр хэлбэл ойлголт нь социал бодит байдлыг бүрэлдүүлэгч нарийн түвэгтэй харилцааны цогцсоос үзэгдэл юмсыг тусгаарладаг байна. Гэхдээ Т.Парсонс эдгээр ойлголтыг онолын баталгаа болно гэж үзээгүй бөгөөд харин тэдний тусламжтайгаар бодит ертөнцийн гол гол шинж чанарыг илэрхийлэхүйц "ойлголтын нэгдсэн тогтолцоо"-г бий болгохыг хүссэн байна.

Энэ тохиолдолд онол нь нийгмийн үзэгдлүүдийг зохион байгуулалтын үндсэн шинж талыг тусгахуйц ангилал мэт байх агаад ийм онолын системийг бий болгосны дараа сая социологийн жинхэнэ онолыг бүтээх ёстой гэж Т.Парсонс үзэж байлаа.
Онолыг бүтээх Парсонсын гол стратеги нь цэвэр ахуйн байр суурийг илэрхийлэх бөгөөд социаль ертөнц нь системлэг шинжтэй бөгөөд хийсвэр ойлголтын хүрээнд оршино гэж хэлж болох юм.

Т.Парсонсынхоор бодит байдал хэдий хязгааргүй ч гэсэн логик рациональ байдлаар зохион байгуулагдсан системлэг шинжтэй учраас түүнээс гаргасан хийсвэр ойлголтууд нь мөн л логик байдлаар нэгдмэл зохион байгуулагдсан байх ёстой аж.
Онолын зорилго бол хуримтлагдсан мэдлэг ба урьд өмнөх онолын баримтлалуудын логик уялдсан байдлыг бий болгоход чиглэх ёстой.

Түүнчлэн шинжлэх ухааны онолын хоёр чухал функц бол
•дүрслэн зураглах ба
•дүн шинжилгээ бөгөөд баримт сэлт маш нарийн нягт системчлэгдэн эмхлэгдсэн тохиолдолд л онол боломжтой гэж Т.Парсонс тэмдэглэж байв.

Т.Парсонсын онолыг нэг талаас эмпирик бодит байдлыг адил төстэйгээр зураглаж чадахуйц /бүтцийг/ бүтцийн ухагдахуунууд болон эл бүтцийн оршин тогтох, тарж бутрах өөрчлөгдөх гэх мэт үйл явцыг тэмдэглэж чадахуйц функциональ ухагдахууныг багтаасан бүтэц-үүргийн тогтолцоо хэмээж болох юм.

Т.Парсонсын "Систем"-ийн талаарх үзэл баримтлал
Системийн нэлээд боловсронгуй загварыг бий болгож чадсан Т.Парсонс «Социологийн ерөнхий онолын асуудал» хэмээх бүтээлдээ социологийн онолын хамгийн сул тал бол томоохон нарийн ярвигтай нийгмүүдийн бүтцийн бүрэлдэхүүн хэсгийн системчлэгдсэн анализ байхгүй байгаа явдал юм гэж үзсэн байдаг.

Тийм учраас Т.Парсонс нийгмийг систем болох талаас нь өөрөөр хэлбэл системийн хандлагын үүднээс тайлбарлах явдлыг гол болгон авч үзсэн ажгуу. Түүнчлэн бүтцийн болоод системын талаарх Парсонсын үзэл баримтлалыг авч үзэхийн өмнө түүний функцийн тухай буюу AGIL-ыг авч үзэх нь зүйтэй.

Функци гэсэн ойлголтын дор (function)- тогтолцооны хэрэгцээ шаардлагад чиглэсэн, тохирсон үйл ажиллагааны цогцыг ойлгоно. /Ritzer.G(1996) Sociololical theory. (4th ed) New York: The McGraw-Hill. p 237/
1.Дасан зохицохуй (adaptation). Хүрээлэн буй орчин дасан зохицох буюу тэдгээрийн өөрийн хэрэгцээнд тааруулан өөрчлөх замаар дасан зохицох явдал. Ингэхийн тулд гадаад орчноос хамгаалах хангалттай хэрэгсэлтэй болох нь чухал аж.
2.Зорилгодоо хүрэхүй (goal atteinment) Зорилгоо тодорхойлох, тэдгээрээс хамгийн гол зорилгыг сонгон түүндээ хүрэхэд бүх нөөц бололцоо дайчлах
3.Интеграци (integration) Эл функци нь системийн нэгжүүдийн хоорондын амьдрах чадвар бүхий уялдаа холбоог дэмжих, зохицуулна. Түүнчлэн бусад функцүүд буюу A,G,L -үүдийн харилцааг удирдах ёстой аж.
4.Латент шаардлага (latency (pattern maintenance) хэлбэрээ хадгалах, хурцадмал байдлыг намжаах, хэлбэрээ хадгалах гэдэг нь социаль систем дэх жүжигчид шаардлагатай чадвараа гарган дайчлах гэсэн үг агаад хурц байдлыг намжаах нь зөвшилд хүрэх чадвар аж.

Т.Парсонсын нийгмийн тогтолцооны гол асуудал бол нийгмийн эмх цэгц асуудал юм. Харин системийн хамгийн гол, суурь шинж чанар бол түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн харилцан хамаарал аж. Харилцан хамаарал гэж системийн элементүүдийн хоорондох харилцааны журамлагдсан байдлыг хэлнэ.

Эл журамлагдсан байдал нь
1.Тэнцвэрт байдлаа хадгалан үлдэхийг эрмэлзсэн нийгмийн тогтолцооны эрмэлзлэл,
2.Нийгмийн амьдралын давтагдах, урьдчилан прогнозчлох боломжийг олгоно.
3.Нийгмийн амьдралын элементүүдийн өөр хоорондоо зөвшилцсөн, зөрчилдөөнгүй болохыг илэрхийлнэ.

Эдгээрээс үүдээд Т.Парсонс аливаа системийн шинж чанарыг дараах байдлаар тодорхойлсон байна. Түүний үзсэнээр систем нь:
•Системийн хэсгүүд нь өөр хоорондоо харилцан хамааралтай, эмх цэгцтэй байна
•Систем нь тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах чадвартай байдаг
•Систем нь статик тогтвортой байдлыг хадгалахын сацуу эмх цэгцтэй өөрчлөлтөнд орох чадвартай байна
•Системийн нэг хэсгийн мөн чанар нь нөгөө хэсгүүддээ нөлөө үзүүлэх чадвартай байдаг
•Систем нь хүрээлэн буй орчноосоо зайгаа барьж, хил хязгаараа хадгалдаг
•Хуваарилалт болон интеграчлал нь системийн тэнцвэртэй байдлыг хадгалах суурь үндсэн үйл явц юм
•Систем нь орчноос зайгаа хадгалах, бүхлийн хэсгүүдтэй харилцаанд орох, өөрчлөлтөнд орох хандлага хийгээд хүрээлэн буй орчны олон талт байдлыг хянах чадвартай байдаг аж. /Ritzer.G(1996) Sociololical theory. (4th ed) New York: The McGraw-Hill. p 240/

Ер нь бүтэц функционал онол, түүний дотор Парсонсыг статик тогтвортой байдлыг хэт туйлшруулан шүтэж, харин өөрчлөлтөнд бага анхаарал хандуулсан хэмээн шүүмжлэх нь нийтлэг байдаг. Үнэхээр дээр дурдсан ситемийн шинж чанаруудаас үзэхэд Парсонсын систем нь тун статик, тогтвортой шинжтэй агаад хэдий өөрчлөлтөнд орох чадвартай гэх авч тэр өөрчлөлт нь мөн л эмхлэгдэн цэгцлэгдсэн буюу бүтцэжсэн шинжтэй болох нь ажиглагдана. Парсонс нийгмийн систем нь үйлдлийн системийг илэрхийлнэ гэж бичсэн байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн системийн үйл ажиллагаа нь нийгмийн янз бүрийн ролийг гүйцэтгэж буй бие хүмүүсийн үйл ажиллагаагаар хэрэгжиж байдаг байна. Би ба нөгөө хүн, бие хүмүүсийн хоорондын харилцан үйлдэл давтагдах тутам эдгээр нь нийтлэг, стандарчлагдсан шинж болох бөгөөд улмаар хэм хэмжээний түвшинд хүрдэг байна.
Т.Парсонс системийн баримтлалдаа “байгууллагажих” (институцичлагдах) гэсэн ойлголтыг нарийвчлан авч үзсэн байдаг.

Түүний үзсэнээр «Байгууллагажих үйл явцын үр дүнд харилцан үйлдлүүд тогтвортой хэлбэртэй болох буюу өөрөөр хэлбэл нийгмийн систем болж хувирна. Ингэхийн тулд
1.Нийгмийн гишүүд буюу /жүжигчид/ харилцан үйлдэлд орох зайлшгүй байдал орно.
2.«Жүжигчид»-ийн үйлдэл тэдний хэрэгцээний бүтцийн тусгал болно.
3.«Жүжигчид»-ийн харилцан үйлдлийн явцад хэм хэмжээ бий болно.
4.Эдгээр хэм хэмжээ «жүжигчдийн» харицлан зөвшилцсөний үндсэн дээр бий болох боловч соёлын ерөнхий хэв загвараар хязгаарлагдаж, дараагийн харилцан үйлдлийн тогтвортой байдлыг хангаж зохицуулна.

Ийнхүү харилцан үйлдэл байгууллагажсан тохиолдолд «нийгмийн систем» оршин тогтнож байна гэж хэлж болох юм. Байгууллагажсан харилцан үйлдлийн хэлбэрүүдийн тогтвортой байдлыг
•Нийгэмшилтийн
•Нийгмийн хяналтын гэсэн хоёр механизм хангаж өгдөг байна.
Т.Парсонс системийн ялгаатай шинжийг тодруулан тэдгээрийн бүтцийн дүн шинжилгээг хэрэгжүүлэхийн үүднээс бүтцийн байгууллын дөрвөн түвшинг санал болгосон.

Бүтцийн байгууллын түвшнүүд:
1.Анхдагч буюу техник
2.Менежериал буюу удирдлагын
3.Институционал
4.Социеталь
Нийгмийн системүүд бүтцийн хувьд ялгаварлын хоёр үндсэн тэнхлэгийг тойрон хуваарилагдсан байдаг. Эдгээр тэнхлэгийн цаашид дахин хуваахад функцуудыг нь тодорхойлох боломжтой болно. Парсонс аливаа томоохон хамт олон, нэгдлийг социаль систем хэмээн үзэж байсан хэдий ч нийгэм бол хамгийн гол чухал социаль систем ажээ. Гүйцэтгэж байгаа функцээс нь (AGIL) хамааран нийгмийн социаль системд дөрвөн дэд бүтэц буюу дэд системийг тодорхойлж болно хэмээн тэрээр үзэж байв.

Жишээ нь эдийн засаг хэмээх дэд систем нь нийгмийг хөдөлмөр, үйлдвэрлэл болон хуваарилалтын тусламжтайгаар нийгмийн хэрэгцээг хангаж, тойрон хүрээлж байгаа орчиндоо дасан зохицох функцийг гүйцэтгэдэг бол улстөр (Парсонс polity гэж томьёолсон) гэсэн дэд бүтэц нь нийгмийн хомс баялаг, хүн хүчний нөөц боломжийг зөв зохион байгуулж дайчлах замаар зорилгодоо хүрэхүй функцийг гүйцэтгэдэг байна. Харин итгэл үнэмшлийн (Т. Парсонс fiduciary гэж томьёолжээ) дэд систем нь гэр бүл, сургууль зэргийн тусламжтайгаар үнэт зүйлс, хэм хэмжээ зэрэг соёлын зүйлсийг нийгмийн гишүүдэд дамжуулан өгч, хурцадмал байдлыг намжаан, тогтвортой байдлыг хангах латент функцийг гүйцэтгэдэг бол социеталь нийтлэгийн (societal community) дэд систем нь нийгмийн янз бүрийн хэсгүүдийг зохицуулан интеграчлах замаар интеграчлалын функцийг гүйцэтгэдэг байна. /Ritzer G(1996). Sociological Theory.The McGraw- Hill Companies, Inc p.243/

Систем нь нийгмийн амьдралын тогтвортой байдлыг хангаж, түүний хэлбэрийг хадгална. Парсонс хэдийгээр социаль системийг харилцан үйлдлийн систем хэмээсэн авч харилцан үйлдлийг энэ системийн суурь нэгж хэмээн үзээгүй байна. Рицэрын үзсэнчлэн Т.Парсонсын социаль системийн суурь нэгж цөм бол статус-дүр (status-role) аж. Статус гэдэг нь социаль системийн хүрээн дэх бүтцийн байр суурь бол дүр гэдэг нь үйлдэгчээс тухайн байр суурийн хүрээнд хийн гүйцэтгэж буй функцианаль ач холбогдол бүхий зүйлийг хэлдэг байна. /Мөн тэнд p. 241/

Т.Парсонс: Системийн ангилал
Т.Парсонсын системийн онолын загварын нэг гол зүйл бол нийгмийн тогтолцоотой бусад системүүд харилцан солилцоонд орох үйл явцыг судлах явдал юм.
Т.Парсонс үйлдлийн дөрвөн системийг санал болгосон байдаг.
Үүнд:
•Зан үйлт организм /Физик систем гэх нь бий/ (behavioral organism)
•Хувь хүний систем (personality system)
•Социаль систем (social system)
•Coёлын систем (cultural system)

Парсонсын үзсэнээр энэхүү систем бүр AGIL функцийг гүйцэтгэдэг аж. Тухайлбал: Физик системийн гол функци бол гадаад орчны нөхцөл байдлыг байгаа байдлаар нь буюу өөрчлөх замаар дасан зохицох явдал аж. Нийгмийн тогтолцоонд нөөц бололцоо дутмагаас дээрх адаптаци шаардлагатай болдог бөгөөд нөхцөл байдалд зохицон дасах функцийг биелүүлснээрээ /орчинтой дасан зохицоход/ үйлдлийн системийн оршин тогтнох нөхцлийг хангахад чухал үүрэгтэй агаад эл функцийг эдийн засаг голлон хэрэгжүүлдэг байна. Хувь хүний систем гэдэг нь үйлдэгч хувь хүний үйлдлийн сэдэл хийгээд баримжааллын зохион байгуулагдсан систем юм. Түүний гол бүрэлдхүүн хэсэг бол хэрэгцээ аж. Хувь хүний системийн гол функци бол тогтолцооны зорилгыг тодорхойлон түүнд хүрэхийн тулд нөөц бололцоог дайчлахад чиглэгдэнэ. Зорилгодоо хүрэх гэдэг нь хүний үйл ажиллагааны тавигдсан зорилго руу нь чиглүүлэх нөхцлийг бүрдүүлэх дадал бөгөөд эл үүргийг төр засаг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл бодит ертөнцийг зөв зохион байгуулах /хүмүүс, нийгмийн хязгаарлагдмал нөөц бололцоо болон хөдөлмөрийн багаж хэрэгслийг зөв хуваарилах/ замаар системийн өмнө тавигдсан зорилгод хүрэх явдал аж.

Социаль систем нь тогтолцооны бүрэлдэхүүн хэсгүүдийг хянаж, интеграчлалын функцийг гүйцэтгэх бөгөөд хувь хүмүүсийг нийгэмшүүлэхэд чиглэгдэнэ. Интеграчлал бол харилцан уялдаа холбоо бүхий бие хүмүүсийн хамтын ажиллагааг хангаж өгөх явдал агаад энэ утгаараа хүмүүсийн харилцан үйлдлээр хангагдана. Нийгмийн тогтолцоонд интеграчлалыг шашин ч юмуу эсвэл үндэсний ухамсар хангаж өгдөг аж.

Соёлын систем нь нийгмийн гишүүдийг социаль хэм хэмжээ, үнэлэмжийг эзэмшүүлэн, тэдгээрийн үйлдлийг сэдэлжүүлдэг агаад энэ утгаараа латент функцийг гүйцэтгэдэг аж. Чухамдаа соёлын системийн тусламжтайгаар нийгэм дэхь хүмүүсийн хамтын ажиллагааг боломжтой болгодгоороо тун чухал ач холбогдолтой аж. Энэ системийн хувьд гэр бүл тун үүрэгтэй. Гэр бүл нь: 1.Хүний анхдагч нийгэмшүүлэлтийг хэрэгжүүлэх 2. Гэр бүлийн гишүүдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх гэсэн хоёр үндсэн үүргийг гүйцэтгэнэ. /Ritzer G(1996). Sociological Theory.The McGraw- Hill Companies, Inc./

Нийгмийн систем нь харилцан үйлдлийн үр дүн агаад оршин тогтнож, үйл ажиллагаагаа явуулахын тулд өөрийн материаллаг болон хүний нөөц бололцоог зөв үр ашигтай зохион байгуулан, хуваарилах ёстой бөгөөд энэ нь нийгмийн системийг зорилгодоо хүрэхэд нь тусална.

Энэ бүхнээс үзэхэд нийгмийн системийн өмнө байгаа үндсэн хоёр асуудал бол
•Нийгмийн гишүүдийн сайшаан дэмжсэн зорилгод хүрэх техник үр ашигтай аргыг боловсруулах
•Хувь хүмүүсийн хоорондох хамтын ажиллагааны сэтгэлгээг дэмжин тэтгэх зэрэг болно.
Нийгмийн системийг судлахдаа Т.Парсонс нийгмийн системийн дотоод интеграчлал буюу нийгмийн системийн соёлын хэв загвартай интеграчлагдсан байдал, нийгмийн болоод бие хүний системүүдийн интеграчлагдсан байдалд гол анхаарлаа хандуулсан.
Ийм интеграчлал боломжтой болоход наад зах нь хоёр функциональ шаардлагыг хангасан байх ёстой. Yүнд:
1.Нийгмийн систем нь ролийн буюу үүргийн тогтолцооны шаардлагыг хангаж чадахуйц тооны гишүүд /жүжигчид/-тэй байх ёстой.
2.Нийгмийн систем нь наад захын эмх журмыг хангаж чадахгүй эсвэл хүмүүсийн биелүүлж үл чадах зүйлийг шаардах соёлын хэв загварыг баримтлах ёсгүй.

Т. Парсонс үйлдэл, харилцан үйлдэл, нийгмийн тогтолцооны уялдаа холбоог авч үзсэн нь
Т.Парсонсын сургаалд нийгмийн үйлдэл болон харилцан үйлдэл тун чухал байр эзэлдэг.
Үйлдэл гэдэг нь “үйлдэгч бие хүмүүс болоод хамт олны хувьд сэдэлжүүлэх ач холбогдол бүхий үйлдлийн субьект - нөхцөл байдал хэмээсэн тогтолцоон дох үйл явц” юм хэмээн Парсонс тодорхойлсон байна. /Парсонс, Т (1996)В кн Американская социологическая мысль: Тексты. Под ред. Добренькова. В.И. М: Издание Междунорад-го Университета Бизнеса и Управления. стр. 462 / Үйлдэл гэдэг нь хүмүүс өөрсдийн ухамсарлагдсан хүсэл эрмэлзлэлээ тодорхой нөхцөл байдалд хэрэгжүүлэхдээ ашиглаж байгаа бүтэц хийгээд үйл явцаас бүрдэж байгаа зүйл аж. Үйлдэл нь ухамсарлагдсан, хэл яриа зэрэг бэлэг тэмдгээр илэрхийлэгдэн соёлын шинжийг олсон байдаг байна.

Үйлдлийн үүднээс обьектуудыг 1) социаль, 2) физик хийгээд 3)соёлын гэсэн обьектын гурван төрөлд хувааж болно. /Мөн тэнд/ Социаль обьект гэдэг нь үйлдлийн субьект болох бүхий л хувь хүмүүс юм уу хамт олон буюу үйлдлийн тогтолцооны гол цөм болох “Би” аж. Социаль объект бол үйлдэгч «Би»-ийн баримжаалалд хариу өгч үйлдэлд оролцож буй үйлдэгчийг хэлэх бөгөөд эл үйлдэгч өөрийн ээлжинд мөн “Би” болдог байна.
Харин физик обьект нь энэхүү “Би” тэй харилцан үйлдэлд эс орох, “Би”-д хариу үйлдэл эс хийх эмпирик мөн чанарууд буюу үйлдлийн “Би” болох социаль обьектын нөхцөл байдал, арга хэрэгсэл мөн юм. Физик объект бол үйлдэгчийн “Би” тэй харилцан үйлдэлд ороогүй этгээдийг хэлнэ.

Соёлын обьект бол соёлын уламжлалын бэлэг тэмдгийн элемент, үйлдлийн “Би”-ийн үнэт зүйлс, итгэл үнэмшил, үзэл санааг бүрдүүлдэг аж. Энэ утгаараа соёлын объект гэдэг нь үйлдэгч «Би» өөрийн баримжаалалдаа баримталж байгаа бодол санаа, итгэл үнэмшил, үнэт зүйлсийн стандарт гэх зэрэг соёлын элементүүд юм.

Т.Парсонс нийгмийн үйлдлийг задлан шинжлэхдээ дээд, доод гэсэн хоёр үндсэн түвшинд авч үзэх нь зүйтэй гэжээ. Доод түвшин нь дээд түвшнийхэд зайлшгүй хэрэгцээт нөхцөл байдлыг бүрэлдүүлж, эрчим хүчийг бий болгоно.

Доод түвшинд
1.Физик орчин
2.Органик орчин гэсэн хүний бодгалийн бэлэгдэл бус (nonsimbolic) талууд (анатоми физиологи) орно.
Дээд түвшинд
1.Үзэл бодол, зовлон жаргал зэрэг хүний оршихуйн явцад бий болох зүйлс орох аж.
Хүний үйлдэл нь хэзээ ямагт тодорхой зорилгод хүрэхээр тэмүүлж байдаг гэж Т.Парсонс үзээд үйлдлийн сэдэл, элементүүдийг 3 бүлэг болгон хуваажээ.
•Когнитив (Зорилгодоо хүрэхэд хамаарах объектуудын тухай мэдээлэл, санаа бодол)
•Катектик (Зорилгод хүрэхэд шаардагдах эмоционал харьцаа)
•Yнэлэмж (Зорилгодоо хүрэх арга замын хэрэгслээ сонгох боломж)
Yйлдлийн элементүүд харилцан үйлдлийн үйл явцаар дамжин нийгмийн буюу социаль шинж чанарыг олж авдаг.

Нийгмийн харилцан үйлдэл нь олон тооны харилцан үйлчлэлцэж буй нэгжүүд, харилцан үйлдэл ба тэдгээрийн системийн баримжааллыг зохион байгуулах олон тооны дүрэм горим дэг жаяг болон харилцан үйлдлийн тогтолцоо хэрэгжих орчин гэсэн хэд хэдэн аспектыг өөртөө агуулна. Харилцан үйлдлийн тогтолцоо, түүний хэрэгжих орчин нь үйлдлийн тогтолцооны нэгэн адил үндсэн шинжүүд, элементыг агуулж, тэдгээрээр дамжин хэрэгждэг байна.

Т. Парсонс: Хүний үйлдлийн ерөнхий онол
Т.Парсонсын бүхий амьдралын гол зорилго бол үйлдлийн ерөнхий онолыг боловсруулахад чиглэж байв. Энэ чиглэлээрх өөрийн гол санааг нийгмийн үйлдлийн бүтэц, нийгмийн системийн талаарх бүтээлүүддээ онцгойлон тусгасан байдаг. /Тэмдэглэл: Т.Парсонс үйлдлийн талаарх үзэл бодлоо Parsons.T (1966) Societies: Evolutionary and comparatives. Englewood: Prentice-Hall. Parsons.T (1936) Structure of social action. N.Y: McGraw-Hill бүтээлдээ нарийвчлан тайлббарласан байдаг/
Хүний үйлдлийг өөрийгөө зохицуулах чадвар бүхий тогтолцоо гэж үзээд физик ба биологийн үйлдлийн тогтолцооноос:
1.Символик шинжтэй буюу /хэл яриа, үнэт зүйлс гэх мэт тохируулга зохицуулалтын механизмтай/
2.Норматив шинжтэй буюу хувь хүний үйлдэл нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэт зүйлс, хэм хэмжээнээс шалтгаалдаг
3.Волюнтарист шинжтэй буюу орчны нөхцлөөс шалтгаална.

Т.Парсонс эхний бүтээлдээ XIX ба XX зууны эхэн үеийн нийгмийн сэтгэлгээний олон тооны урсгалыг синтезлэхийг «нийгэмжүүлэхийг» оролдсон. Эдгээр чиглэлүүдийг «үйлдэл» хэмээх ойлголттой холбогдуулан, “индивидуал” ба “холист” /Холист грек үг бөгөөд судалж буй бүхлийг түүний хэсгүүдтэй холбож болохгүй «бүхэл нь түүнийг бүрдүүлэгч хэсгүүдийн нийлбэрээс их» гэсэн зарчмыг баримталдаг онолыг хэлнэ. / хэмээн ангилах нь бий.

Т.Парсонс үйлдлийн онолын дээрх хэв шинжийн төлөөлөгчөөр М.Вебер, Э.Дюркгейм нарыг нэрлэсэн нь бий.
М.Веберын хувьд үйлдэл бол бусдын үйлдэлд баримжаалагдсан субьектив агуулга бүхий хувь хүний үйлдэл буюу зориудын эс үйлдэл бөгөөд энэ утгаараа индивидуаль шинжтэй байна. Харин Э.Дюркгеймын хувьд үйлдэл бол хэдийгээр ач холбогдлыг агуулдаг ч хүний гадна хүний дээр оршдог социаль баримт сэлт лугаа адил бөгөөд макро бүхэллэг шинжтэй аж.

Т.Парсонс үйлдлийн ерөнхий загварыг “нэгэн удаагийн үйлдэл” (единичный акт орос, unit act англи) гэсэн схемын дагуу боловсруулжээ.
Энэхүү загвар нь
•үйлдэл хийж буй хүн /актор/ буюу тодорхой зорилготой түүндээ хүрэх арга замыг дүрсэлж чадахуйц ба үйлдэл хийж чадахуйц
•Нөхцөл байдал ба тойрон хүрээлэл /орчин/, үйлдэл хийж буй системийг хүрээлсэн орчны өөрчлөгдөх ба үл өөрчлөгдөх хүчин зүйлс бөгөөд нөхцөл байдлын хүрээлэл нь үйлдлийг боломжтой болгож сонголтын орон зайг хязгаарлаж буй социал, соёл, физик хүчин зүйлсээс тогтоно.

Индивидуал үйлдлийн хувьд хүний зан үйлийн хэв загварыг тодорхой билэг тэмдгийн тогтолцооноор илэрхийлэгдсэн ухамсарт зорилт дээр суурилсан тодорхой зорилгод хүрэх явдал гэж тодорхойлж болно.
Хүн тодорхой үйлдэл хийхийн тулд организм билэг тэмдгийн тогтолцоо /хэл яриа бичиг үсэг/ шаардлагатай.

Yйлдлийн тогтолцооны нөхцөл байдлын хүрээлэлд Т.Парсонс хүрээллийн анхдагч хүчин зүйлээр Т.Парсонс биологийн организмыг тодорхойлж байна. Биологийн организм гэдгийг Т.Парсонс тусгайлан авсан хүний анатомын байгууламж бус homosapiers-ийг төрлийн ялгааг тэмдэглэн биологийн шинжүүдийн нийлбэр хэмээжээ. Энэ нь хүний хийсвэр биологийн загвар болдог.

Хэрэв хүний индивидуал биологийн онцлогууд тухайн нөхцөлд тухайн хүний үйлдэлд нөлөөлдөг бол үйлдлийн нэгдсэн загварт нөлөөлөх хүчин зүйлсийн хувьд төрлийн бүх л шинж орно. Жишээ нь: хүйсний ялгаа

Yйлдлийн болон харилцан үйлдэл нь системийн шинж чанартай энэхүү систем нь нэг буюу олон тооны үйлдэл хийж буй хүмүүс /жүжигчид/, өөр үйлдэгчдэд хандан баримжаалсан байдалтай байдаг.
Yйлдэл нь үндсэн 2 хэсэг буюу
•Ханамж /үйлдэгч бусад объекттой харилцан солилцож буй солилцооны агуулгыг хэлэх ба
•Баримжаалал /үйлдэгчээс бусдад хандах хандлага, харилцааг хэлнэ/
Yйлдэгч бие хүн болгон биологийн организм юм. Өөрөөр хэлбэл бие хүн бол тодорхой нөхцөл байдалтай харилцан үйлчлэлцэж байгаа амьд организмын харилцааны систем мөн. Бие хүний системийн хувьд зохион байгуулалт, интеграци нь зөвхөн өгөгдсөн ганц бие хүний хүрээнд явагдана.

Т.Парсонс: Нийгмийн бүтцийн асуудлыг судалсан нь

Т. Парсонс нийгмийн хөгжлийн асуудлыг судлахдаа нийгмийн ялгарлыг номнолынхоо үндэс болгон авсан байна. Түүний үзсэнээр хүний нийгэм эволюци хөгжлийнхөө явцад:
1.Бүдүүлэг
2.Завсрын
3.Орчин үеийн
гэсэн хэв шинжийг дамжиж ирсэн бөгөөд “завсрын” хэв шинжийн үед нийгмийн ялгарал буюу социаль давхраажилт бий болсон аж. Давхраажилт гэдэг нь нийгмийн систем дэх нэгжүүд (бүлэг давхарга) -ийг нийтээр хүлээн зөвшөөрсөн үнэт зүйлсийн стандартын дагуу зэрэг дэвийн шатлалд оруулахыг хэлнэ. /Parsons. T (1953). “Working papers in the theory of action”. Free Press. P.3-5/

Т. Парсонсын үзсэнээр социаль ялгарлын шинж чанарыг 3-н бүлэгт хувааж болох аж.
1-р бүлэгт Яс үндэс, хүйс, садан төрлийн холбоо, бие бялдрын болоод оюуны онцлог гэх зэрэг төрөлхийн заяагдмал шинжүүд ордог бол,
2-р бүлэгт хүмүүсийн хөдөлмөрийн үйл ажиллагаатай холбоотой (Жишээ нь мэргэжлийн ялгаа гэх мэт) шинжүүд,
3-р бүлэгт өмч хөрөнгө, оюуны үнэт зүйлс, эрх ямба гэсэн социаль шинжүүд хамаарагддаг аж. Т. Парсонс “социаль дүрийн” -ийн асуудлыг давхраажилтын онолд гарган ирсэн юм.

Бие хүн нийгмийн харилцан үйлдэлд янз бүрийн “дүрээр” дамжин ордог бөгөөд дүрүүд зохион байгуулагдан нэгдэж хамт олныг бий болгох ба хамт олон нь илүү дээд шатны институциональ хэм хэмжээгээр удирдан зохицуулагддаг байна. /Т. Парсонс (1965).Уровни организации социальной структуры. В кн: “Социолигия сегодня” перевод с англ. М., стр 30/

Өмнө дурдсанчлан Т.Парсонс бүтцийн шинжилгээг амжилттай болгох үүднээс бүтцийн зохион байгуулалтын
1.Анхдагч буюу техникийн
2.Менеджераль (удирдлагын)
3.Институциональ
4.Социеталь гэсэн дөрвөн түвшинг санал болгожээ. /Парсонс Уровни организации социальной структуры /в кн: “Социолигия сегодня” пер с англ. М., 1965 С 37/
Эдгээр дөрвөн түвшин ялгаварлалын хоёр үндсэн бүлэг функцийг (тухайлбал: а. Бүтэц болон түүний гадаад хүрээллийн хооронд харилцаа тогтоох, б. Бүлгүүдийн тогтвортой байдал нэг нэгэндээ интеграчлагдах чадварыг хадгалан үлдээх) хангаж байдаг ажээ.
Түүнчлэн социаль бүтэц зорилгодоо хүрэх, дасан зохицох (адаптаци), интеграчлагдах болон статик байдлаа хадгалах ялгавартай байна. гэж Т. Парсонс үзжээ.

Ер нь Т. Парсонс бүтцийн шинжилгээг макро түвшин буюу институциональ, дундаж буюу социаль түвшинд хийсэн болох нь дээрхээс харагдаж байгаа юм.
Т. Парсонс социаль бүтэц дэх ялгарлын онолын (анхдагч) үндэслэлийг улс төрийн, боловсролын, эдийн засгийн гэсэн үйл явцтай холбон тайлбарласан байдаг.
Эдгээрээс боловсролыг нийгмийн статусын гол шалгуур хэмээн онцлон үзсэн нь бий.
Т. Парсонс нийгмийн социаль ялгарлын асуудлыг дан ганц орчин үеийн америкийн нийгмийн жишээн дээр тулгуурлаж авч үзэхдээ эл нийгмийг боломж (chance) -ын хувьд тэгш байдалтай гэж тодорхойлоод хүний социаль статус тухайн хүний хувийн хүчин чармайлтаас голлон шалтгаална гэжээ.

Нийгмийн бүтэц дэх өндөр статусын төлөө өрсөлдөөн хүнийн нийгэмшх үйл явцад зонхилох байр эзэлдэг аж.

Т. Парсонс бие хүний нийгэмшлийн үндсэн үе шатыг авч үзсэн нь:

1.Гэр бүлийн
2.Бага болон дунд сургуулийн
3.Колледж ба их дээд мэргэжлийн сургуулийн гэсэн гурван хүрээнд шинжилсэн байдаг. /Парсонс(1965). Процесс социализации и структура референтных групп. В кн: “Социология сегодня” перевод с англ. М: стр. 59/

Эл нийгэмших үйл явцад хүн нийгмийн янз бүрийн түвшний бүтцэд өөрийн эзлэх байр сууриа зорилго болгон тодорхойлж бүхий л хүчин чармайлтаа түүнд чиглүүлнэ. Энэ өрсөлдөөнд бие хүний боловсрол мэдлэг тэргүүлэх ач холбогдолтой бөгөөд нийгмийн бусад (өндөр мэдлэг, их орлого гэх мэт.) эрх ямбад хүрэх гол гүүр болдог ажээ.
Т. Парсонс нийгмийн социаль бүтцийн тухай үзэлдээ нийгмийн мобиль (хэвтээ ба босоо) хөдөлгөөн ямар нэгэн хязгаарлалтгүй, нээлттэй нийгмийн тогтолцооны нөхцөлд л үйлчлэх чадвартай болохыг олонтоо тэмдэглэж байсныг дурдах нь зүйтэй.

No comments: