Бодлогын Судалгааны Тэтгэлэгт Хөтөлбөр 2010

Бодлогын Судалгааны Тэтгэлэгт Хөтөлбөр 2010

Нээлттэй Нийгэм Форум нь бодлого боловсруулах үйл явцыг бие даасан судалгаа, шинжилгээгээр баяжуулах, Монголын судлаачдад бодлогын дүн шинжилгээний аргазүйг эзэмшүүлэх зорилгоор хэрэгжүүлдэг Бодлогын Судалгааны Тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаж байна.

2010 оны бодлогын судалгааны сэдэв


2010 оны Бодлогын Судалгааны Тэтгэлэгт Хөтөлбөрийн хүрээнд дараах сэдвээр судалгаа хийх судлаач, судалгааны багуудыг урьж байна. Доорх сэдэв нь судалгааны хүрээ, ерөнхий чиглэлийг гаргаж байгаа бөгөөд судлаачид сонирхол, туршлагадаа тулгуурлан хүрээг нарийсган бодлогын тодорхой асуудалд төвлөрүүлэх шаардлагатай.

1. Бие даасан статустай төрийн байгууллагын хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох нь
Хүний эрхийг хамгаалах, авлигатай тэмцэх зэрэг чиглэлээр нийтийн эрх ашгийн үүднээс төрд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг хараат бус статустай төрийн байгууллагуудын хариуцлага хүлээх механизм тодорхойгүй байна. Эдгээр байгууллага нь тайлангаа УИХ-аар хэлэлцүүлэх, эсвэл дэргэдээ олон нийтийн зөвлөл ажиллуулах зэргээр ажлаа хянуулж байгаа ч бие даасан байдалд нь халдахгүйгээр тогтмол хэрэгждэг хяналт үгүйлэгдсээр байна. Энэ сэдвийн хүрээнд судлаач бие даасан, хараат бус статустай төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлага тооцох механизмыг оновчтой, боловсронгуй болгоход чиглэсэн бодлогын зөвлөмж боловсруулах юм.

2. Сонгуулийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн орчин, институтчиллыг сайжруулах нь
УИХ болон орон нутгийн сонгуулийн дараа сонгуулийн зохион байгуулалт болон санал тоолохтой холбоотой асуудлаар нэр дэвшигчдийн дунд маргаан үүсэж, шүүх, захиргааны байгууллагад ханддаг ч ихэнх нь шийдвэрлэгдэхгүй өнгөрдөг. УИХ-ын сонгуулийн тухай хууль 2006 онд шинэчлэгдсэн ч маргаан шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалтыг улам боловсронгуй болгох шаардлага байгааг 2008 оны сонгууль дахин харууллаа. Энэхүү бодлогын судалгаагаар судлаач сонгуулийн маргааныг шийдвэрлэх үр дүнтэй процесс, түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон институцийн өөрчлөлттэй холбоотой бодлогын зөвлөмж боловсруулна.

3. Хүний эрхийг хамгаалах үндэсний механизмыг бэхжүүлэх нь

Монгол Улсад Хүний эрхийн үндэсний комисс, УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хороо зэргийг багтаасан хүний эрхийг хамгаалах үндэсний механизм бүрэлдсэн хэдий ч хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд түргэн шуурхай таслан зогсоох талаар дорвитой өөрчлөлт гарахгүй байгааг эрх зүйн орчин болон институцийн төлөвшлийн сул талтай холбон тайлбарладаг. Энэ судалгаагаар судлаач хүний эрхийг хамгаалах бүтцүүдийн эрх хэмжээ болон үйл ажиллагааны уялдаа холбоог судалж, Монгол улсад хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх шуурхай, мэдрэмжтэй, үр дүнтэй механизм бий болгоход чиглэсэн шийдлийг дэвшүүлнэ.

4. Шоронгоос суллагдсан хүмүүст нийгэмд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх бодлого боловсруулах нь
Сүүлийн жилүүдэд гэмт хэргийн тоо нэмэгдэж байгаа нь Монгол улс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлогоо боловсронгуй болгох шаардлагатай байгааг харуулж байгаа юм. Шоронгоос суллагдсан дөрвөн хүн тутмын нэг нь давтан гэмт хэрэгт холбогддог гэсэн статистик мэдээ байгаа бөгөөд эдний зарим нь амьдрах орон байр, амьжиргаагаа залгуулах эх үүсвэргүй байдаг нь давтан гэмт хэрэг үйлдэх нэг шалгаан болдог байна. Энэхүү судалгааны хүрээнд судлаач нь бусад улсын жишээн дээр тулгуурлан шоронгоос суллагдсан хүнийг нийгмийн амьдралд эргэж ороход нь туслах замаар дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэхэд чиглэсэн бодлого, бүтэц зэргийн загварыг боловсруулж, Монголын нөхцөлд хэрэгжүүлэх зөвлөмжийг гаргана.

Бодлогын Ахлах судлаачийн хөтөлбөр


Бодлогын судалгааны арга зүйг бүрэн эзэмшсэн, бодлогын судалгаа шинжилгээ хийж ирсэн туршлагатай судлаачдыг дор дурдсан сэдвээр судалгаа хийхийг урьж байна.

1. Иргэдийн мэдээлэл авах эрх, эрх чөлөөг хангах зорилгод нийцүүлэн нууцын холбогдолтой хууль тогтоомжийг шинэчлэх нь
Үндсэн Хуулиар олгогдсон иргэдийн мэдээлэл авах эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэх арга хэрэгсэл нь Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль бөгөөд энэ хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаад нэлээд хэдэн жил болж байна. Иргэдийн мэдээлэл авах эрхийн хэрэгжилтийг хангахад саад болж байгаа нэг хүчин зүйл нь одоо үйлчилж буй нууцын тухай хуулиуд юм. Судлаач мэдээллийн эрх чөлөөг хуульчилсан орнуудад нууцын холбогдолтой ямар зохицуулалтууд байдгийг (тухайлбал, төр иргэдээсээ нууцалж болох мэдээллийн жагсаалтыг гаргахад ашигладаг аргачлал) судлахын зэрэгцээ олон улсын ерөнхий хандлага, нийтлэг жишгийг судлан Монголын нөхцөлд тохиромжтой, оновчтой бодлогын хувилбар боловсруулах юм.

2. Санхүүгийн зах зээлийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох нь
Монголын хөрөнгийн зах зээл дээрх хяналтгүй байдал нь хөрөнгө оруулагчид, ялангуяа жижиг хөрөнгө оруулагчдын мөнгийг эрсдэлд оруулж, хөрөнгө оруулалт хийх сонирхлыг нь бууруулж, улмаар бизнесийн байгууллагууд бизнесээ өргөжүүлэх боломжийг алдахад хүргэж байна. Энэ нь Монголын хоёрдогч санхүүгийн зах зээлийн хөгжлийг удаашруулж байгаа нэг хүчин зүйл юм. Бодлогын судлаач хөрөнгийн зах зээлийн хяналтын тогтолцоо, хяналт тавих байгууллагын үүрэг хариуцлага зэргийг нарийвчлан тодорхойлж, эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн бодлогын зөвлөмж боловсруулна.

3. Тусгай сангуудын удирдлага менежментийг сайжруулах нь
“Засгийн газрын тусгай сангуудын тухай” хуулийн дагуу ажиллаж буй 27 төрлийн сангийн үйл ажиллагаа төдийлөн ил тод биш, зарцуулалттай холбоотой шийдвэр гаргаж буй үйл явц нь хаалттай байна. Ялангуяа Тэтгэврийн болон Эрүүл мэндийн даатгалын сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Улсын автозамын сан, Хүний хөгжил сан зэрэг зорилтот сангийн хувьд цугларсан хөрөнгөө үнэгүйдлээс сэргийлэх сайн бодлого, ил тод үйл ажиллагаа нэн чухал. Уг судалгаагаар судлаач тодорхой сангийн жишээн дээр хөрөнгө санхүүгийн зохистой бодлого явуулж чадах, хариуцлагатай бөгөөд ил тод ажиллагаатай удирдлагын бүтэц, эрх үүргийн хуваарилалтыг санал болгосон бодлогын зөвлөмж гаргана.

Судлаачид тавих шаардлага
Шаардлагууд нь бүх судлаач, үүний дотор нэг багийн гишүүн тус бүрт хамааралтай.

Нийтлэг шаардлага

1. Судалгааны нийт хугацааны туршид ажлын цагийн 50-иас илүү хувийг судалгаанд зориулах (ажил олгогчоос албан ёсоор зөвшөөрөл авсан байх)
2. Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан
3. Компьютерийн хэрэглээний болон судалгааны программ ашиглах чадвартай
4. Хувийн зохион байгуулалт, хариуцлага сайтай, төлөвлөсөн ажлаа хугацаанд нь гүйцэтгэдэг, багаар ажиллах чадвартай
5. Цаашид бодлогын судалгаа, нөлөөллийн ажил хийх хүсэл эрмэлзэлтэй байх

Бодлогын судлаачид тавих нэмэлт шаардлага:

1. Магистр ба түүнээс дээш зэрэгтэй (дипломын баталгаат хуулбарыг хавсаргана)
2. Судалгаа, шинжилгээний ажлын зохих туршлагатай
3. Гадаад хэл дээр судалгааны материал, бусад эх сурвалж ашиглах чадвартай
4. Судлах асуудлын хүрээ, салбарын бодлогын талаар зохих мэдлэгтэй байх

Бодлогын ахлах судлаачид тавах нэмэлт шаардлага:

1. Бодлого боловсруулах, бодлогод нөлөөлөх ажлын туршлагатай, судалгааны аргазүй эзэмшсэн (бодлогын түвшний ажлын туршлагыг харуулах баримт/ жагсаалт, ЭСВЭЛ өндөр хөгжилтэй орны их дээд сургуульд магистр ба түүнээс дээш зэрэг хамгаалсан дипломын баталгаат хуулбарыг хавсаргана)
2. Гадаад хэл дээр судалгааны материал, бусад эх сурвалж ашиглах, боловсруулалт хийх чадвартай
3. Судлах асуудал, тухайн салбарын талаар өргөн мэдээлэлтэй, мэдлэгтэй байх

Бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хугацаа, нөхцөл
Судалгааны үргэлжлэх хугацаа сэдвийн онцлогоос хамааран 5-10 сар байна. Судлаач энэ хугацаанд ННФ-аас зохиох бодлогын судалгааны аргазүйн гурван сургалтад хамрагдахын зэрэгцээ тодорхой асуудлаар бодлогын хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулах, оролцох юм. Судлаач дотоод, гадаадын зөвлөхтэй хамтран ажиллах боломжтой.

Хөтөлбөрийн хүрээнд сар бүр олгох тэтгэлгийн хэмжээ өндөр байх ба судалгааны ажилтай холбоотой гарах бусад боломжит зардлуудыг хөтөлбөрөөс санхүүжүүлнэ. Мөн ННФ бодлогын судалгаа, шинжилгээнийхээ тайланг хэвлүүлэх, нөлөөллийн ажлаа төлөвлөх, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно.

Шалгаруулалтад бүрдүүлж ирүүлэх материал
Шалгаруулалтад дараах материал бүрдүүлж ирүүлэх ба судалгааны баг оролцож байгаа бол сүүлийн 4 зүйлийг багийн гишүүн тус бүрээр ирүүлэхийг хүсье:

1. Хөтөлбөрт хамрагдах өргөдөл ( ННФ-аас боловсруулсан маягтын дагуу)
2. Хөтөлбөрт хамрагдах сонирхлоо илэрхийлсэн захидал. Уг хөтөлбөрт хамрагдах сэдэл шалтгаан, хөтөлбөрөөс хүлээж буй үр дүн, сэдвийн ач холбогдол (1 нүүр).
3. Судалгааны төлөвлөгөө. Зарласан судалгааны сэдвийн хүрээнд нарийвчлан сонгосон бодлогын асуудлын томъёолол, үндэслэл, судалгааны зорилго ба зорилтууд, нарийвчилсан аргазүй, судалгааны ажлын ач холбогдол, гарах үр дүн (5-8 нүүр)
4. Хөтөлбөрт хамрагдахыг дэмжиж байгаа тухай байгууллагын албан захидал. Судалгааны ажил нь байгууллагын зорилго, үйл ажиллагааны чиглэлтэй хэрхэн уялдаж байгаа, байгууллагын оролцоо дэмжлэг, ажлын цагийг бүтнээр болон 80-аас илүү хувийг судалгаанд зарцуулахыг зөвшөөрсөн зөвшөөрөл (1 нүүр)
5. Хөтөлбөрт хамруулахыг дэмжсэн тодорхойлолт (2 хүнээс)
6. Товч анкет
7. Бүтээлийн жагсаалт
8. Бичлэгийн загвар (5-10 хуудас). Үүнд судлаачийн бичсэн судалгааны тайлангийн хураангуй, нийтлэл гэх мэт

Шалгаруулалтад ирүүлэх материалыг 2010 оны 2 дугаар сарын 19-ний Баасан гаригийн 17:00 цаг хүртэл хүлээж авна. Материалыг ННФ-ын байранд биеэр болон шуудангаар хүргүүлж болохоос гадна цахим шуудангийн oyunsaruul@forum.mn хаягаар ирүүлж болно. Шуудангаар илгээх тохиолдолд материал хүлээж авах сүүлийн өдрөөс хэтрэлгүйгээр ННФ-д хүлээлгэж өгсөн байхаар төлөвлөхийг хүсье. Хугацаа хэтэрсэн материалыг хүлээж авах боломжгүй бөгөөд задлалгүй буцаах болно.

Хөтөлбөрийн холбогдолтой мэдээлэл өгөх уулзалтыг 2010 оны 1 дүгээр сарын 28, 2 дугаар сарын 11-ний өдрийн 16:30 цагаас ННФ-ын байранд нэгдсэн байдлаар өгөх болно. Ганцаарчилсан зөвөлгөө болон утас, цахим шуудангаар нэмэлт мэдээлэл, лавлагаа өгөх боломжгүй тул хүлцэл өчье.

No comments: