Төрөөс үүдэлтэй инфляци, нийгмийн сөрөг үр дагавар

2007 оны 11 сараас эхэлж бэлтгэн 2008 оны хавар буюу МУИС-ыг төгсөх жилээ нэлээд олон эрдэм шинжилгээний хурлуудад тавьж асан, сүүлд нь Өөрийн Баклаврын дипломын ажлаа болгож нарийвчлан судалсан /Монгол дах инфляцийн социал үр дагавар: Социологийн шинжилгээ/ нэгэн илтгэлээ блогын нийт уншигч, социологичид, оюутнууддаа зориулан нийтэлж байна. Санал сэтгэгдэлээ хуваалцана хэмээн найдаж байна.

Илтгэлийн бүтэц

•Оршил
•Сэдвийн үндэслэл, шаардлага
•Инфляци-мөнгөний үзэгдэл
•Инфляфи-хуульгүй татвар
•Инфляцийн нийгмийн үр дагавар
•Дэвшүүлэх санаа
•Дүгнэлт
•Ашигласан материал
•Хавсралт

Оршил
-Инфляци өсгөдөг олон хүчин зүйл бий, харин гагцхүү мөнгөний тоо хэмжээний өсөлт л үргэлжилсэн инфляцийн шалтгаан болно. –М.Фридмен-
Инфляци олон хүчин зүйлээс хамаарч өсдөг эдийн засгийн үзэгдэл. Инфляцийн өсөлтийн ихэнхи хувь үнийн өсөлтөөс шалтгаалдаг юм шиг боловч үнэндээ нийлүүлэлтийн хүчин зүйлтэй илүү хамааралтай байдаг. Монголын төр энэ онд инфляцийг нэг оронтой тоонд барихаар төлөвлөсөн ч өнөөдөр 17,1 хувьд /хятадад 6,5%/ нэгэнт хүрч хоёр оронтой тоонд шилжсэн нь улс орны өмнө тулгамдаад буй томоохон бэрхшээл болжээ. Энгийн тооцоо хийгээд үзэхэд ЗГ-ын нийт зарлагын 85%-ыг иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр олгож байгаа, Монголд л байдаг нийгмийн халамжын нүсэр тогтолцоо, татварын өндөр хувь зэргээс хамаарч инфляци үүсээд байна. Өнгөрсөн онд л гэхэд 120856.2 сая төгрөг зарцуулсан нь инфляцид хамгийн их нөлөөллөө.
Инфляци нь төрийн орлого олох нэгэн хэрэгсэл болон хувирсан гажуу явдал нь оюутан миний анхаарлыг татаж эрдэм шинжилгээний илтгэл бичих, эрдмийн ажил болгох бодол өвөртөлсөн юм. Ингээд судлаач багшийн мэдлэг, шинжлэх ухааны бэлэн жорыг өөрийн бодол эргэцүүлэлтэйгээ сүлэн энэхүү илтгэлийг бичлээ.

Сэдвийн үндэслэл
-Инфляци бол мөнгөний тоо хэмжээ өссөнөөс үүдсэн үзэгдэл мөн.
Инфляци нь орчин үеийн эдийн засагт амь бөхтэй оршиж байгаа “эмчлэхэд” ихээхэн хүндрэлтэй архагшсан “эдийн засгийн” болоод “нийгмийн” өвчин юм. Инфляци нь үнэ өсөж мөнгөний худалдан авах чадвар буурах хэлбэрээр илэрч улам гүнзгийрч үйлдвэрлэл буурах, барааны хангамж муудах эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр алдагдахад хүргэнэ. Үнэ болон валютын ханшийг чөлөөт тогтолцоонд шилжүүлсэн, гадаад худалдааг либералчилсан, өмчийн олон хэлбэр бүхий эдийн засгийн харилцаатай орнуудын эдийн засгийн инфляци ил хэлбэртэй байдаг. Монголд энэ утгаар авч үзвэл ил инфляци байх ёстой. Тэгвэл нуугдмал инфляци байнаа. Энэ хэлбэр нь гол төлөв төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай болон захиргааны аргаар эдийн засгийг удирдах, зохицуулах арга барил ноёлсон эдийн засгийн харилцааны үр дагавар болж илэрнэ. Хүүхэд болгонд сар бүр, шинэ гэр бүлд 500 мянга, шинээр төрсөн хүүхдэд 100 мянга гээд л нийгмийн халамжийн арга хэмжээнүүд(ЗГ-ын нийт зардлын 11%). Энэ нь баялгийг дахин хуваарилж байгаа алхам мөн ч өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн чадавхийг тооцож үзвэл гарах үр дагавар нь нэлээд хор, урхагтай инфляцийг хөөрөгдөж байгаа гол хүчин зүйл юм. Нөгөө талаас энэ нь орчин үеийн либертари ойлголтоор авч үзвэл халамжит төрийн харалган бодлого болдог.

Инфляци бол мөнгөний үзэгдэл
-Инфляци бол мөнгөний тоо хэмжээ үйлдвэрлэлийнхээ хурдацаас даван өсөхөд үүсдэг монетар үзэгдэл.–М.Фридмен-
Улс орны өмнө тулгамдаад буй бэрхшээлүүд /Сумати захиралтай “Сант марал сангийн” ээлжит судалгааны үр дүн/
Судалгаанаас харахад тэр бүр анзаарагддаггүй нэг асуудал байгаа нь инфляци байгаа юм. 2006 оны 3 сард 1,5 хувь нь л тулгамдаж буй бэрхшээл гэж үзсэн байхад 2007 оны 9 сард 16,8% болтлоо өссөн байна.
Инфляцийн ийнхүү үүссэн байдал нь доорхи судалгааны үр дүнгээс эх үүсвэртэй. Том амжилт нь хүртэл инфляци өсгөсөн байна.
Жолоодлогогүй инфляцийн үед үнэ нь мөнгөний нийт тооны өсөлтөөс олон дахин хурдан өсдөг. Энэ хуулиар үзэх юм бол Монголд гипер инфляци бий болжээ. Энэ нь нийгмийн хувьд сүйрүүлэгч шинжтэй, ажилгүйдлийг эрс ихэсгэдэг, нөөцийг үхэн таран хйидэг бөгөөд хүний эрх чөлөөнд аюул занал учруулдаг. Гүйцэтгэх засаглал болон Монголбанкныхан мөнгөний бодлогыг "цутгах" буюу үрэлгэн хэлбэрээр явуулж буй учраас инфляцийг ийн даврааж байгаа хэрэг. Өнгөрсөн онд инфляци буюу өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг долоон хувьтай байна гэж Засгийн газар, Монгол банкнаас мэдэгдсэн боловч юу болов. Одоо нөгөө инфляци чинь 16 хувьд хүрчихсэн байна. Судлаачдын үзэж байгаагаар нийгэмд мөнгөний нийлүүлэлтийн үр дүнд ханш унах үзэгдэл 6 сарын дараагаас эхэлдэг бол манайх шиг далд эдийн засагтай нийгэмд энэ нь 1,5-2 жилийн дараагаас мэдрэгддэг байна. Албан ёсны тооцоогоор ДНБ-ийхээ тал хувийг эзэлдэг төсвийн зарлага ийнхүү эдийн засгийн өсөлтөөсөө өндөр хурдтайгаар нэмэгдэж эхэлснээс цацаж буй мөнгө нь хэзээ нэгэн цагт үнэ цэнээ алдана гэдгийг судлаачид тооцож л байсан.
Чухамдаа өнөөгийн инфляцийн үр хөврөл нилээд хэдэн жилийн өмнөөс бүрэлдсэн бөгөөд гол буруутан нь өдгөө ард түмнээ авран хамгаалах гээд байгаа эрхэм Төр юм. Төсвийн зарлага сүүлийн дөрвөн жилийн дотор 8 дахин нэмэгдсэн явдал бол өнөөгийн инфляцийн болоод угтан буй хямралын шинж тэмдэг билээ.
Шалтгаан: Инфляцийн шалтгаан бол ТӨР
1.Эдийн засгийн суурь зарчмуудыг харгалзан үзэлгүйгээр их хэмжээний мөнгийг төсвийн зардал талаасаа нийлүүлсэн нь инфляцид нөлөөллөө.
2.Засгийн газар 370 тэрбум төгрөгийг улсын эдийн засагт ямар ч бодлогогүйгээр цутгалаа.
3.Улс орны эдийн засгийг ЗГ эдийн засгийн бодлогоор, Монгол банк санхүү, мөнгөний бодлогоор муу зохицуулаж байна.
Эксперт №1
Сүүлийн жилүүдэд Монгол банк мөнгөний бодлогоо хэрэгжүүлж мөнгөний нийлүүлэлтээ хянаж чадахгүй байгаа. Жилд 300 орчим тэрбум төгрөгийг нийгмийн хамгааллын чиглэлээр зах зээлд гаргаж байгаа нь инфляцийн гол шалтгаан болж байна. –СЭЗДС-ын багш: Б.Баярдаваа
4.2007 онд төсвийн урсгал зардал 40 гаруй хувь, түүний дотор цалин, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгаалал 30 гаруй хувь нэмэгдсэн нь инфляци бий болголоо.
5.Монгол дах татварын хувь хэмжээ өндөр байгаа нь үнийн өсөлтийн үр дүн болох инфляцид ноцтой нөлөөлж байна.

Инфляци бол хуульгүй татвар.
Малчдын гар дээрээс 1200 төгрөгийн өртөгтэй ирж буй мах Улаанбаатарын хүнсний зах дээр очихдоо 2500 төгрөг болж байгаа нь дан ганц ченжүүдийн шуналаас үүдэлтэй юм биш. Олон төрлийн зөвшөөрөл, хяналт шалгалт, төлбөр хураамжууд мах болоод бусад хүнсний барааны үнийг нэмэгдүүлж улмаар инфляци бий болгодог байна. Гэхдээ энэ бол хуулиар тогтоосон татвар биш, ердөө л дүрэм журмуудаар бий болгосон төлбөр хураамжуудын үнэ. ХХОАТ-ын хуулиар иргэн бид олж буй орлого бүрээсээ 10%-ын татвар төлдөг. Энэ татвар хэзээ ч буурч байгаагүй. ЗГ-аас саяхан төрийн албан хаагчдын цалинг нэмсэн. Энэ нь инфляцид тодорхой байдлаар нөлөөлж эдийн засагт эерэг гэхээсээ сөрөг үр дагаврыг авчирлаа. 1200 төгрөгөөр зарагдаж байгаа бензиний үнийн 260 төгрөг нь татварын буюу шууд бус зардал болдог байна. Өөрөөр хэлбэл онцгой албан татвар, гааоийн татвар зэргийг 50% бууруулахад л литр бензиний үнэ 940 төгрөг болох боломжтой гэсэн үг. Татвар хураамж болоод элдэв зөвшөөрлийн шат дамжлага нь үнэндээ иргэдийн тэр дундаа төрийн албан хаагч, бага дунд орлоготой иргэдийн нуруун дээр л дарамт болдог гэж дүгнэж болно. “Инфляци бол хуульгүй татвар” гэдэгчлэн татвар, төлбөр өөрөө инфляцийн шалтгаан болж байна.

Инфляцийн нийгмийн үр дагавар
Төрөөс үүдэлтэй инфляци нь нуугдмал байдалд орох тусам эдийн засаг эрүүлжих, үйлдвэрлэл өсөх боломж хумигдаж хөрөнгө оруулалт хийх материаллаг сонирхол буурч өмч хөрөнгийг идэж ашиглах, луйвардах, орлогоо нууж татвараас зугтах, өртөг зардлыг буруу тодорхойлох зэрэг эрүүл бус байдал газар авч эдийн засгийн байдал муудаж нийгэмд төрд ажилладаггүй, хүн амын гуравны хоёрыг бүрдүүлдэг орлого багатай хэсэгт хүнд тусч байна. Мөн төсвийн мөнгийг бий болгодог бизнесийнхэнд том цохилт болж байна. Төрөөс үүдэлтэй буюу нийлүүлэлтийн шалтгаантай инфляци нь мөнгийг үнэгүйдүүлж ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын мөнгөн орлогыг бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулдаг, үйлчилгээ үзүүлдэг компани, хувь хүмүүст далдуур хуваарилж дээрэмддэгээрээ төсөв, санхүү, мөнгө зээлийн тогтолцоог сүйтгэж, хүн амын төлбөрийн чадварыг унагаж бага дунд орлоготой айл өрхийг ядууруулдаг аюултай дайсан юм. 2006-2007 онд цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсний жаахан орлогыг төрөөс үүдэлтэй инфляци залгисан. Ингэхээр төрийн албан хаагчдад үр дагавраа авчирсан гэсэн үг. Бага дунд орлоготой өрхийн амьдрал дээрддэггүй нь мөн л инфляцитай холбоотой. Инфляцийн хорлонтой үр дүнгийн нэг нь нийгмийг хуваадаг. Нэг хэсэг нь ашиг олж байхад нөгөө хэсэг нь хохирч зовно, хожсон хохирсноороо нийгэм хуваагдана.
Дээрхи ангилалаас харахад хамгийн их хохирдог нийгмийн бүлэг нь бага дунд орлоготой иргэд цаашлаад ядуу, нэн ядуу иргэдэд инфляци хүнд тусдаг байна. Нийгмийн давхраажилтын бүтцэд энэ нь хэрхэн тусч буйг авч үзвэл:
Монгол гэр бүлийн орлогын зарцуулалтын байдал: Өрхийн орлогын зарцуулалт нь эдийн засаг, нийгмийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг. /Д.Моломжамц “Санхүү, мөнгө-зээлийн харилцаа” УБ 2008 он 290-р тал/
Өрхийн орлогоо хэрэглээнд зарцуулах зардлыг өдөр тутмын хэрэглээний урсгал зардал болон хөрөнгө оруулалтын шинжтэй зардал гэж хувааж болно. Урсгал зардалд хоол хүнс, хувцас, эрүүл мэнд, нийгмийн чанартай үйлчилгээний зардал зэрэгийг оруулна. Өрхийн гишүүдийн өдөр тутмын хэрэглээний зардал нь өрхийн зарлагын дийлэнх хэсгийн эзэлдэг. Жишээ: өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэхэд /гурил, будаа/ тухайн гэр бүлийн амжиргаанд нөлөөлдөг. Монгол айл өрхийн хоол хүнсэндээ орлогоо зарцуулах байдал дэлхийн хаана ч байхгүй өвөрмөц сонин. Хүн амын хэрэглээний бүтцийг авч үзэхэд өрхийн нийт зардлын 44 хувийг хүнсний зүйлийн зардал эзэлж байгаа юм. /ҮСГ, ДБанк, UNDP “Өрхийн орлого, зарлага, амьжиргааны түвшний түүвэр судалгаа 2002-2003” 2004/
Үүнийг бусад улсуудтай харьцуулан үзвэл Монгол айл өрхийн орлогынхоо ихэнхийг хоол хүнсэндээ зарцуулж байна.
Монголд бага дунд орлоготой иргэд хоол хүнсэндээ 60-70%-ыг, ядуу нэн ядуу амьдралтай өрхүүд 100% зарцуулдаг гэж үзэж болохоор дүр зураг ажиглагдаж байна.
Инфляци өсөхөд өргөн хэрэглээний барааны үнэ (хүнсний бүтээгдэхүүн) болоод бусад импортын барааны үнэ нэмэгддэг. Энэ нь орлогынхоо дийлэнхийг хоол хүнсэндээ зарцуулдаг монгол өрхийн амьжиргаанд, амьдралын чанарт маш хүнд тусч ядуурлыг тэтгэдэг байна. Судалгаагаар цалингаа өдөр тутмын болон ойр зуурын хэрэгцээнд буюу хоол хүнсэндээ зарцуулна гэсэн хувь 50%-тай байгаа юм.
Инфляциас өндөр татвар хураах сонирхол бий болно. Төр мөнгө үнэгүйдсэн сайхан боломжийг ашиглан татвараа нэмэх замаар гэр бүлийн орлогын 20-40%-ийг авдаг байна. Дээр өгүүлсэнчлэн “инфляци хуульгүй татвар” гэгчээр иргэдийг татвар гэгч аргаар мөлжинө. Бусад улсуудтай харьцуулахад манай улсын татварын хэмжээ харьцангуй өндөр юм. 2004-2007 онд манай улсын татварын орлого ДНБ-ний 29-32%-тай тэнцэж байна. Энэ үзүүлэлт ОХУ-д 25-27%, Малайзид 16-17%, Хятадад 17-18%, АНУ-д 25-26%-тай байдаг байна. /Олон Улсын Валютын сангийн албан ёсны судалгааны дүн /
МУ-д хүн амын зөвхөн аравны нэг нь банканд мөнгөө хадгалуулдаг. Хот суурин газрын хүн амын 15 % нь, хөдөөд 7% нь мөнгөн хөрөнгөтэй байна.

Дэвшүүлэх санаа
-Инфляцийн эсрэг юу хийхийг тодорхойлоход амархан, харин хэрэгжүүлэхэд тун хэцүү.
Мөнгөний тоо хэмжээг нэмэгдүүлсэн нь инфляцийн ганц шалтгаан учраас мөнгөний тоо хэмжээг хорогдуулах нь инфляцийг тогтоох ганц арга. Төрөөс үүдэлтэй инфляцийг хязгаарлах дараах механизмууд бидэнд хэрэгтэй байна.
•Үнэ тарифийг захиргааны аргаар зохицуулахаас төр аль болох татгалзах
•Төсвийн алдагдлыг хэвийн хэмжээнд байлгах
•Төрийн зарлагыг бууруулах. Ингэснээр мөнгөний тоо хэмжээ багасна.
•Инфляцитай тэмцэх үндэсний бодлогын хөтөлбөр боловсруулах, үр дагаврыг сайтар судлах
•Үүсээд байгаа татварын дарамт, өндөр хэмжээг багасгах болоод эргээд инфляцид нөлөөлөх байдлыг арилгах
Эксперт №2
•Инфляцийг бууруулах чиглэлээр Монгол банк, Монгол банкыг УИХ-ын эдийн засгийн байнгын хороо хяналт тавих хэрэгтэй байна.
•Инфляцийг жилд таван хувиас ихгүй байлгах бодлого явуулж түүнийг урт хугацаанд тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байна.
•Инфляци монгол айл өрхөд, ялангуяа бага дунд орлоготой иргэдийн нуруун дээр дарамт болдог учраас хэт инфляцитай үед зохицуулалт хийх шаардлагатай.

Дүгнэлт
-Нийгмийн тогтож байгаа тэнцвэрийг алдагдуулахад мөнгийг нь баллахаас илүү найдвартай арга үгүй. –Ж.Кейнс
2006 онд нийт мөнгө 1,5 триллион төгрөг байсан бол 2007 онд 2,2 триллионд хүрч 47,7 хувиар өссөн байна. Төр яагаад ийм их мөнгө бий болгов? Мөнгөний тоо хэмжээ ингэж огцом нэмэгдсэнд гагцхүү ТӨР л буруутай болно. Төрөөс сүүлийн хэдэн жил хавтгайдаа нийгмийн хамгааллын буюу халамжит төрийн бодлого явууллаа. Жилд 300 орчим тэрбум төгрөг нийгмийн хамгааллын шугамаар зах зээлд гарч байна. Гэтэл нэг талаас иргэдийн авах мөнгө нэмэгдээд байгаа юм шиг боловч нөгөө талаас үүнээ дагаад инфляци болоод байхаар нийгмийн амьдрал дээшлэхгүй байна. Төв банк төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, үндэсний валютын ханшны тогтвортой байдлыг хангах үүргээ биелүүлж чадсангүй. Үүнээс болж инфляци өсч, төгрөгийн ханш унаж иргэдийн худалдан авах чадвар сайн биш боллоо. Өнгөрсөн мөн үеийнхээс 16 төгрөг буюу 1,4 %-иар суларсан байна. Үүнээс үүдээд жолоодлогогүй инфляци үүслээ. Үнэ тариф, ханш, өмч хувьчлал, гадаад, дотоод зах зээлийн либериалчлал зэрэг олон асуудал иж бүрэн шийдэгдээгүй учраас инфляци өсөх бодит хөрс, суурь байсаар байна. Мөнгө үйлдвэрлэж байгаа нь ашиг олдог, тэр утгаараа инфляциас ч олно. Ингэхлээр инфляци үүсгэх сонирхол төрд хамгийн их байна хэмээн дүгнэж байна. Мөн нөгөө талаас Монголын төр төсвийн зардалаа шинээр мөнгө гаргах байдлаар санхүүжүүлдэг нь үнэн хэрэгтээ хувийн өмчид халдаж иргэдийнхээ эдийн засгийн чөлөөт байдлыг зөрчиж байгаа хэрэг юм.

Ашигласан материал
•Д.Аюурбунь “Эрдэм шинжилгээний илтгэл бичих шилдэг аргууд” УБ 2007
•Д.Моломжамц “Санхүү, мөнгө, зээлийн харилцаа” УБ 2008
•М.Фридмен “Хувь заяагаа сонгох нь” Орч: Баабар УБ 2002
•М.Фридмен “Мөнгө ярьдагсан бол......” УБ 2007
•Л.Ф.Мизес “Либериализм” УБ 2007
•В.Отгоннасан “Социологийн судалгааны үндсэн аргууд” УБ 2005
•Ц.Уртнасан “Нийгмийн шинэчлэл: Амьдралын хэв маягын өөрчлөлт” УБ 2001
•ҮСГ, Дэлхийн Банк, UNDP “Өрхийн орлого, зарлага, амьжиргааны түвшний түүвэр судалгаа 2002-2003” УБ 2004
•“Нийгмийн тухай мэдлэг” сурах бичиг УБ 2003
•Сант марал сангийн судалгааны материал
•“Цаг төр” сэтгүүл 2007/7
•“Алтангадас” сэтгүүл
•Социологийн тэнхмийн судалгаа
•Монгол банкны веб сайт: www.mongolbank.mn


No comments: