МУ-ЫН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТАЙЛАН

Засгийн газраас баталсан “Компанийн засаглалын хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Компанийн засаглалын үндэсний зөвлөлөөс “Монгол Улсын Компанийн засаглалын Үндэсний тайлан-2013”- боловсруулан гаргасан байна.

Тайланд байгууллагуудын засаглалын өнөөгийн төвшин, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан бөгөөд тайлангийн хавсралтад арилжааны банк, хувьцаат компани, ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний нэрс, даатгалын компани, банк, санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодын 2012 оны тайланд хийсэн шинжилгээг оруулжээ. Сайн засаглалыг хэрэгжүүлэхэд салбарын тоон мэдээлэл, үзүүлэлт урьд нь хангалтгүй байснаас энэ чиглэлээр дэмжих тодорхой ажил өрнүүлэхэд бэрхшээлтэй байсан юм. Ийнхүү мэдээллийн сан бүрдсэнээркомпаниудын үнэлгээг сонирхон,  хамтран ажиллах, хөрөнгө оруулах, үйлчлүүлэхэд дөхөм болох бөгөөд энэ хэрээр компанийн ашиг орлого нэмэгдэх боломжтойг албаныхан онцоллоо. 

Эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд компанийн засаглалыг сайжруулах зайлшгүй шаардлагатай бөгөөд Монголд энэ асуудлыг сүүлийн гурван жилд эрчимтэй ярих боллоо. Өөрөөр хэлбэл, 2011 онд Компанийн тухай хууль шинэчлэн найруулагдсанаас хойш компанийн засаглалын асуудал улам тодорхой болсон юм. Энэ ойлголтын дор хэд хэдэн чухал жишээ хэлж болно. Тухайлбал, сайн засаглал гэдэгт компанийн удирдлагын шийдвэр, үйл ажиллагаа, санхүүгийн ил тод байдлыг хангахыг ойлгож болно. Мөн хувьцаат компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж, нягт хамтран ажиллах, тэдэнд ногдол хувийг тухай бүрт нь олгож, хуралдаж байх юм. Эцсийн бүлэгтээ компанийн бүхий л үйл ажиллагаа хуулийн дагуу ил тод байж чадвал сайн засаглалыг бүрдүүлж, энэ хэрээр тухайн компанийн ашиг орлого нэмэгдэж, хөрөнгө оруулагчид, хэрэглэгчдэд итгэл төрүүлдэг байна. Ингэж компани ашиг, орлоготой, зөв арга барилаар ажиллаж чадсанаар эдийн засгийн хөгжлийг зөв голдиролд оруулж чадах юм. 

“Компанийн засаглалын тайлан-2013”-ыг энд дарж харах боломжтой. 

No comments: