“Транс сексийн хандлага Монголд “хөгжиж” байгаа нь гэр бүлд сөргөөр нөлөөлж байна”

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам болон бусад байгууллагаас хамтран тав дахь жилдээ зохион байгуулж буй Монголын гэр бүлийн харилцааны өнөөгийн байдалд хийсэн судалгааны үр дүнг танилцуулах уулзалт өнөөдөр болж өнгөрлөө.

Тус ажлын хүрээнд НҮБ-ын Хүн амын сан, ШУА-ийн ФСЭЗХ, Улаанбаатар дээд сургууль хамтран оролцож, нийслэл, орон нутгийн хүн амыг хамарсан өргөн судалгаа хийсэн байна. Энэхүү судалгааны үр дүнгийн талаар ШУА-ийн ФСЭЗХ-гийн эрдэм шинжилгээний ажилтан, судалгааны багийн гишүүн Д.Энхболдоос тодруулсан юм.

-Та бүхний хийсэн судалгааны үр дүнд анхаарал татсан ямар ямар асуудал ажиглагдсан бэ?
-Өмнө нь бид яг энэ чиглэлийн судалгааг 2004 онд хийж байсан. Өнөөдрийн танилцуулж буй судалгааны зорилго бол өмнөх үеэс одоог хүртэл Монголчуудын гэр бүлийн харилцаанд хэрхэн өөрчлөлт орсон бэ гэдэгт анхаарал хандуулах явдал байсан. Судалгаанд хэд хэдэн анхаарал татсан зүйл байсан. Нэгдүгээрт, гэр бүлийн хэлбэр, хэв маягт ихээхэн өөрчлөлт орсон. Тухайлбал залуучууд гэр бүлээ батлуулахгүйгээр хамтран амьдрах сонирхолтой болсон нь ажиглагдсан. Мөн ижил хүйстэн гэр бүл болох зэрэг олон асуудал нийгэмд байна.

Үүнийг ил тод болгож, хуулийн зохицуулалт хийх шаардлагатай байгаа нь судалгаагаар ажиглагдсан. Хоёрдугаарт, гэр бүлийн үнэт зүйлс болон залуучуудын үзэл баримжаалалд өөрчлөлт гарсан. Таван жилийн өмнө судалгаанд хамрагдсан залуучууд гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, итгэлцлийг хамгийн эрхэмд тооцож байсан бол өнөөдөр тэдний сэтгэхүйд мөнгө, эрх мэдэл, албан тушаал тэргүүлэх байр суурьтай нь харагдаж байна.

-Сүүлийн жилүүдэд дийлэнх хос гэрлэлтээ батлуулахгүйгээр хамтран амьдрах болсон. Энэ бүхэнд хууль эрх зүйн ямар зохицуулалт хийх шаардлагатай бол? Жишээ нь саллаа гэхэд хоёр тал эд хөрөнгөө хуваарилах зэрэгт асуудал үүсч болзошгүй юм.
-Одоогоор Гэр бүлийн тухай хуульд шинээр гэр бүл болж байгаа болон ижил хүйстэн хоорондоо гэрлэх гэх мэт шинэ хэв маягийг зохицуулах хуулийн зохицуулалт байхгүй. Тиймээс Гэр бүлийн тухай болон холбогдох хуулиудад хууль санаачлах ажлын хэсгүүд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Манай судалгааны багийн зүгээс тэдэнд шаардлагатай гэх баримт мэдээллүүдийг цуглуулан өгч байна.

-Ижил хүйстэн гэр бүлийг дэлхийн зарим улс л хүлээн зөвшөөрдөг. Харин манай улсын хувьд ямар хандлагатай байгаа бол?
-2004 онд судалгаанд оролцогчдын 1,6 хувь нь зөвшөөрнө гэж хариулж байсан бол өнөөдөр үүнийг дэмжигчдийн тоо 20,9 хувь болон өссөн байна. Эндээс цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүсийн дунд энэ үзэгдэл байх ёстой асуудал хэмээн хүлээн зөвшөөрөгдөх хандлагатай болсон нь ажиглагдаж байна. Нөгөө талаас ижил хүйстний гэр бүлийн асуудлаар төрийн бус байгууллагууд нэлээн эрчимтэй ажиллаж байгаа. Ер нь энэ чиглэлийн бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

-Гэр бүл салалтын гол хохирогч нь хүүхэд байдаг. Гэрлэлтээ салгуулсан эцэг эхчүүдэд хуулиар өгөх ямар хариуцлага байдаг бол?
-Хуулийн орчинд гэр бүлээ цуцлуулах гэж буй эхнэр нөхрийг эвлэрүүлэх асуудалд хуулийн зохицуулалт дутмаг байна. Учир нь хосуудад зургаан сар эвлэрэх хугацаа өгөөд л орхичихдог. Гэтэл гадны оронд тэрхүү зургаан сард нь эвлэрэх талаар зөвлөн туслах ажиллагаа явуулж, сургалтанд хамруулдаг юм. Манайд энэ тал дээр заавар зөвлөгөө өгч зөвлөн туслах байгууллага байдаггүй. Үүнийг бас хуулиар зохицуулах шаардлагатай юм. Мөн хүүхдэд өгөх тэтгэмжийн асуудал сайн дурын шинжтэй байгаа. Өөрөөр хэлбэл боломжтой нэг нь гэр бүлээ цуцлуулчихаад сар бүр тэтгэмж өгдөг бол боломжгүй нь албан ёсоор салаагүй хирнээ өөр хүнтэй хамтран амьдраад явдаг.

-Гэр бүлийн хөгжилд ямар ямар хүчин зүйлс сөргөөр нөлөөлж байгаа нь судалгаанд ажиглагдсан бэ?
-Гэр бүлд сөргөөр нөлөөлж буй гол хүчин зүйл нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн хяналтгүй байдал гэсэн хариултыг судалгаанд оролцогчдын 95 хувь нь хариулсан. Бас гадны шашны нөлөөлөл гэр бүлийн орчинд сөргөөр нөлөөлж байна гэж тэд үзсэн байгаа.

-Эдгээр сөрөг нөлөөллөөс болж ямар үр дагавар гарч байгаа вэ?
-Хүүхдийн төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа. Мөн сүүлийн үед дэлхий нийтээр бий болоод байгаа транс сексийн үзлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр илүүтэй мэдээлж байгаа юм. Энэ нь дэлхийн судлаачдын анхаарлын төвд байж сэтгэлийг ихэд эмзэглүүлж байгаа асуудал юм. Транс секс нь хэн хаана хэнтэй хэзээ ч бэлгийн харьцаанд орж болно гэсэн үзэл хандлага. Дэлхий нийтээр энэ хандлагыг өөрчлөх, хязгаарлах бодлого баримтлаж байгаа. Манай улсад аль хэдийнээ сууриа тавьчихсан байгаа нь судалгаанаас харагдсан. Энэ бүхнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр бодлогын чанартай зохицуулалт хийх шаардлагатай байна.

Г.Одгарав Эх сурвалж: www.gogo.mn

2 comments:

Нийгмийн ухаан said...

1. trans sex gedeg n tiim utgatai bish bhaa. za teriig bolie tiim utgatai bg gej bodie
2. trans sex suuria tavisan gedgiig yamar asuultaar asuusiin bol?
3. asuult n zuv bsan biya gehed, trans sex n suuria tavisan gesen uguulber olsonoos ene n mongol hugjij bn gej setguulchiin garchiglaglasniig olsonguiee..

ЗОРИГТ8 said...

Ариунаа:
энэ талаар найз нь сайн судлаж мэдээгүй байгаа тул хариулж мэдэхгүй байна. Судалгааг хийсэн хүмүүсээс нь асууж өгч болох юм