“Сайхан бол үнэн, үнэн өөрөө сайхан. Ингээд л боллоо” Монетар эдийн засгийг үндэслэгч “инфляцийн дайсан” Мильтон Фрийдман гуай энэ үгийг ишлэх дуртай байсан юм гэнэлээ. Харамсалтай нь манайд өнөөдөр чөлөөт зах зээл дээр аливаа хөндлөнгийн зохицуулалтгүйгээр эрэлт нийлүүлэлтийн харьцаан дээр тогтсон тэнцвэрт үнэ л хамгийн шударга байдаг гэсэн энгийн үнэнг үл ойшоогчид ард түмний амьдралыг өөд татах “илүү шударга, илүү сайхан” уриа лоозонгуудыг дэвшүүлэх болжээ. Мэдээж хэрэг үнийн өсөлт ард иргэдийн худалдан авах чадварыг унагаж эдийн засгийг хорлон сүйтгэж байгаа явдлыг анзаарахгүй байж болохгүй. Ялангуяа Үндэсний статистикийн газрын тооцсон 13 хувиас хамаагүй илүүгээр өргөн хэрэглээний барааны үнэ, тэр дотроо өрхийн зарлагын 40 гаруй хувийг эзэлдэг хүнс, бусад бүтээгдэхүүний зардалд хүчтэй нөлөөлдөг шатахууны үнэ ханш тэнгэрт хадаж буй өнөөгийн нөхцөлд.
Гэхдээ үнийн комисс байгуулах зэргээр үнэ тогтоолт, түүгээр дамжуулан баялагийн хуваариалтад хуруу гараа дүрэхийг санаархагчдын санал болгож буй аргаар инфляцитай тэмцвэл өр төлөөс нь бүр ч их байх болно.
Ямар ч асуудалд “удаан, хүлээцтэй” ханддаг гэсэн имижтэй Ерөнхий сайд Үйлдвэрчний эвлэлийн шинэхэн даргын хэт идэвхитэй санаачлагыг өдөрт нь шүүрэн авч үнийн өсөлттэй тэмцэх комисс/нэг тиймэрхүү нэртэй байсан санана/ байгуулсан тухай хэвлэл мэдээллээр сайрхан сурталчилж байна. Иймэрхүү ажлын хэсэг нь эрдэмтэн судлаачдаас бүрдэж эдийн засгийн боломжит арга хэрэгслүүдийг судалж, санал болгож болох юм. Харин дан дарга нараас бүрдсэн уг комисс үнийн өсөлтийн учир шалтгааныг судлах ажлаа эхлээгүй мөртлөө шийдвэрлэх арга замуудаа дурайтал яриад эхэлсэн нь эрх мэдэлтнүүдэд эдийн засгийг найдаж болохгүй гэдгийг илхэн харуулна.
Үнэн хэрэгтээ тэдний ярьж байгаа шиг цалин нэмэх сураг гармагц цөөн тооны олигополь компаниуд бүтээгдэхүүнийхээ үнийг санаатайгаар нэмчихснээс үүдэлтэй энгийн үзэгдэл манай эдийн засагт явагдаад байгаа юм биш. Хэрэв тийм байсан бол шийдэл нь ч ойлгомжтой байх байлаа. Чухамдаа өнөөгийн инфляцийн үр хөврөл нилээд хэдэн жилийн өмнөөс бүрэлдсэн бөгөөд гол буруутан нь өдгөө ард түмнээ авран хамгаалах гээд байгаа эрхэм Төр өөрөө юм. Төсвийн зарлага сүүлийн дөрвөн жилийн дотор 8 дахин нэмэгдсэн явдал бол өнөөгийн инфляци болоод угтан буй хямралын шинж тэмдэг билээ. Яг л ханиад авсан хүн халуурдаг шиг. Энэхүү “халуурлын” учир шалтгаануудыг тоймлох гэж оролдоё.
Төсөв, мөнгөний бодлого
Алт, зэсийн үнэ өсөж гэнэт мөнгөжсөн засгийн газар миний л санахын сүүлийн 4-5 жилд гуравыг нь ямар нэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил гэсэн лоозонтойгоор үдсэн. Үүний цаана төсвийн маш их хэмжээний хөрөнгө оруулалт явагдаж байлаа. Энэ байдал тасралтгүй үргэлжилж байгаа төдийгүй хүүхдийн, шинэ гэр бүлийн гэх мэтээр их хэмжээний бэлэн мөнгө тараах нийгмийн халамжийн зардлаар баяжиж байна. Албан ёсны тооцоогоор ДНБ-ийхээ тал хувийг эзэлдэг төсвийн зарлага ийнхүү эдийн засгийн өсөлтөөсөө өндөр хурдтайгаар нэмэгдэж эхэлснээр цацаж буй мөнгө нь хэзээ нэгэн цагт үнэ цэнээ алдана гэдгийг ихэнхи хүн гадарлаж байсан. Монгол банк сангийн энэхүү тэлэх бодлогыг алга ташин сайшаахын зэрэгцээ өөрсдөө ч мөнгөний нийлүүлэлтийг аль болох нэмэгдүүлэх бодлогыг доноруудтай зөрчилдөн байж баримталж байв. Үүнийгээ тэд манай эдийн засаг мөнгөөр ангаж цангаж байгаа тул аль болох ахиухан услах хэрэгтэй гэж тайлбарлаж байсан юм. Гэлээ ч эдийн засаг бол зохистой харьцааны ухаан бөгөөд инфляци нь хэзээд, хаана ч мөнгөний л үзэгдэл байдаг билээ.
Татвар, төлбөр, зөвшөөрөл
Хорин хоёрын товчоон дээр 1200 төгрөгийн өртөгтэй ирж буй мах хүнсний зах зээр очихдоо 2500 төгрөг болж байгаа нь дан ганц ченжүүдийн шуналаас үүдэлтэй юм биш. Олон төрлийн зөвшөөрөл, хяналт шалтгалт, төлбөр, хураамжууд нь ийм байдалд хүргэдэг. Гэхдээ энэ бол хуулиар тогтоосон татвар биш ердөө л дүрэм журмуудаар бий болгосон төлбөр, хураамжуудын үнэ. Дээр нь татварын асуудлыг ч ярьж болно.
Мянган төгрөгөөр зарагдаж байгаа бензиний үнийн 260 төгрөг нь татварын буюу шууд бус зардал болдогийг ШБӨХЗХороо тооцжээ. Өөрөөр хэлбэл онцгой татвар, гаалийн татвар зэргийг 50% бууруулахад л литр бензиний үнэ 870 төгрөг болгох боломжтой гэсэн үг. Татвар төлбөрийн аль аль нь биш боловч төрийн түрэмгийллээс үүдэлтэй үнийн өсөлтийн өөр нэг жишээ авъя. Хайрга ашиглах лиценз авах нь алт, зэсийн орд олж авахтай адил хэцүү ажил болоод удаж байгаа. Ийм зөвшөөрөл авахын тулд нэг га тутамд 100 сая төгрөгийг авилгалд хаях, тухайн нутгийн сумын даргад 5-10 сая төгрөг өгөх жишигтэй гэдэг. Энэ мөнгийг эцэстээ шинэ байр авч буй иргэд л төлнө.
Татвар хураамж болоод элдэв зөвшөөрлийн шат дамжлага нь үнэндээ хэрэглэгчдийн нуруун дээр л дарамт болдогийг эдгээр жишээ харуулж байна. “Инфляци бол хуульгүй татвар” гэдэгчлэн татвар, төлбөр өөрөө инфляцийн шалтгаан болсоор.
Давуу эрх олголт ба протекционизм
Сүүлийн өдрүүдэд улс төрчид “Алтан тариа”, “Улаанбаатар гурил” болон нефть импортлогч компаниудад жигтэйхэн дургүй болж. Үгсэн хуйвалдаж үнээ нэмээд миний ард түмнийг хохироолоо гэж. Яс юман дээр өмнө нь бүгд л үндэсний үйлдвэрлэлээ хамгаалан хөгжүүлдэг баатрууд болохоо амлаж хилээр гадны гурил оруулахгүй, Алтан тариа, Улаанбаатар хоёрыг айл бүрт хүргэхийн төлөө төсвийн мөнгө, зээл тусламжаар бүх талаар дэмжиж байгаагаа гайхуулдаг байсан шүү дээ. Ингэснээрээ тэд өөрсдөө гурилын зах зээлийг өрсөлдөх чадваргүй болгож хоёрхон компани үгссэн ч бай үгүй ч бай ямар нэг шалтгаанаар үнээ нэмэхэд улсаараа өлсдөг байдлыг бий болгосон билээ. Хавар бүхэн болдог махны үнийн өсөлтийн цаад шалтгаан ч гэсэн нийлүүлэлтийн хомсдол биш, цөөн тооны нийлүүлэгчийг дэмжин давуу эрх олгодогоос үүдэлтэй. Мобиком ч мөн адил ганцаараа монополь байхдаа өндөр үнээр шулдаг гэсэн шүүмжлэлд байнга өртдөг байсан бол өрсөлдөгчид олширсноор энэ салбарын үнийн түвшин илт буураад байна.
Гар утас, гурил, нефть, мах гээд аль ч салбарыг илүү либералчилж чөлөөт өрсөлдөөнийг бий болгох нь л хэрэглэгчид төдийгүй нийт эдийн засагт жинхэнээсээ ашиг тусаа өгөх болно.
Цаг хугацааны бусад хүчин зүйлс
Үнийн өсөлтийн шалтгааны арай ойрын цаг хугацаанаас хайя гэвэл хоёр хөрш болоод дэлхийн зах зээл дээрх зарим бүтээгдэхүүний үнийн болоод татварын өсөлт нь манай эдийн засагт яах аргагүй нөлөөлж байгаа. Нөгөө талаас аль эртнээс үргэлжилсээр байгаа газар, капиталын үнэ, хөдөлмөрийн хөлсний өсөлт нь хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлж бизнес мөчлөгийнхөө дагуу бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг өсгөх шалтгаан болсон байх магадлалтай. “Урбанек” компанийн захирал Лхагважав энэ оны эхээр татварын хувь хэмжээ буурч аж ахуйн нэгжүүд хоёр балансаас нэг балансад шилжих болсонтой холбоотойгоор зардал, татварын тооцоолол бодитой болж буй тул үнэ бодит түвшиндээ ирж байна гэсэн сонирхолтой санааг дэвшүүлжээ. Үнэ бол мэдээлэл гэдэг утгаар авч үзвэл уг таамаглал ч үнэний хувьтай байж таарна.
Ямар боловч энэ жилийн инфляци нь өнөөдөр өсөөд маргааш буурч нэг оронтой тоондоо орчих хялбархан үзэгдэл биш бөгөөд харилцан хамааралтай илүү удаан хугацааны учир шалтгаануудтай. Эдгээр шалтгааны ихэнхи нь төрөөс хамааралтай байгаа тул төр өөрийнхөө үйл ажиллагаан дээр биш гарсан үр дүн дээр нь засвар хийх гэж оролдох нь үнийн өсөлтийг шийдэх арга зам биш юм. Тухайлбал зарим хүн үнийн хяналтын байгууллага байгуулж зах зээлийн дээд доод үнийг тогтоож байх санаачлага гаргаж байна. Ингэснээр бараа бүтээгдэхүүн үнэтэй ч болов байж байхаа больж нийлүүлэгчид хэрэглэгчдийн аль аль нь хохирох болно. Ийм туршлага манай төрд байхгүй биш хангалттай байгаа. Нүүрсний үнийг хүчээр барьж ирсэнийг эсэргүүцэж уурхайчид бослого гаргахдаа тулсан, хэдийгээр өнөөдөр тэд ажил хаялт хийгээгүй Засгийн газрын гуйлт шахаасаар ажиллаж байгаа ч гэр хорооллын айл өрхүүд өнгөрсөн жилээс хоёр дахин үнэтэй нүүрс хэрэглэж байна. Баахан барилга бариад бүгдийг нь орон сууцанд оруулна гэж уриалсан төр гуай ипотекийн хуулиа ч гаргаагүй байж дараагийн алхамаа бодолгүй өчнөөн тендер зарлаж зах зээлд буруу дохио өгсний гороор иргэд нь үнэтэй байраа хүлээж барилгачид нь цементээ харж сууна. Одоо байрны үнийн дээд хязгаарыг тогтоон баригдах барилга ч үгүй болж санаа амрах тухай ярьцгааж байна.
Хамгийн гол нь аль нэг салбарт үнийн хяналт тогтоох нь зөвхөн уг салбартаа биш нийт эдийн засагт нөлөөлөх бөгөөд энэ нь яваандаа зохицуулалтын төдийгүй хуваарилалтын эрх мэдлийг төрд олгох юм. Хар ухаанаар бодвол Оюутны холбооны шаардаад байгаачлан төр дээд боловсролын сургалтын төлбөрт хязгаар тогтоон хянаж эхэлбэл ихэнхи дээд сургууль хаалгаа барьж цөөхөн нь үлдэнэ. Үүний дараа дээд боловсролтой болох гэсэн энэ олон залуусыг байгаа цөөн сургууль нь дийлэхгүй. Тиймээс жилд хэдэн хүн их дээд сургуульд элсэх, тэр нь хэн хэн байхыг мөнөөх л төрийн нэр баригчид мэддэг болно гэсэн үг.
Эцэст нь бидний чөлөөт эдийн засгийн энгийн үнэнийг ойлгож сургамж авахад төлөөс болж байгаа инфляцийн талаарх энэхүү өгүүллийнхээ эхэнд дурдсан ноён Фрийдманаас дахин нэг ишлэе. “Аливаа асуудлыг шийдэх гэсэн төрийн оролдлого нь түүнээсээ дор асуудлыг үүсгэх болно”
Хэвшмэл ойлголт гэж юу вэ? Тогтсон хэвшмэл ойлголт гэдэг нь хэсэг бvлэг хvмvvсийн, тухайлбал нийгмийн хэсэг бvлгvvд эсвэл угсаатны бvлэг хvмvvсийн тухай ихэвчлэн мухар сvсэг дээр тулгуурласан ерөнхий дvгнэлтvvд юм. Иймэрхvv хэвшмэл ойлголтууд нь буруу, ташаа байдаг. Тэдгээр хэвшмэл ойлголтууд нь хэн нэгнийг хувь хvн гэдгээр нь биш хvйс, арьсны өнгө, гадаад өнгө vзэмжээр нь дvгнэж байдаг.Жендэрийн хэвшмэл ойлголт нь "Эцгийн эрхт ёс буюу Патриархат" тогтолцоогоор хамгаалуулж бэхждэг байна. Патриархат тогтолцоо нь эцгийг овгийн буюу өрхийн тэргүүнд тавьж, эмэгтэйчүүдийг нөхөн үржихүйн үүрэг, гэр бүлийн байр сууриар нь тодорхойлдог байна. Мөн хүмүүсийг жендэр, нас, өмч, гэр бүл дэх байр сууриар нь эрэмбэлж, зөвхөн "эр", "эм" гэсэн хоёр хүйс байдаг гэж номлодог.
Энэ номлолын дагуу эмэгтэй хүн бол гоо сайхан төгс, удирдагч бус гүйцэтгэгч, хүүхэд төрүүлж өсгөх ёстой, нийгэм, гэр бүлийн зорилгод үйлчилдэг хоёрдогч этгээд, удмын санг цэвэр ариун байлгаж, хадгалах үүрэгтэй гэж үздэг.
Харин эрэгтэй хүнийг ямагт манлайлагч, түрэмгийлэгч, хүчирхийлэгч, өмгөөлөгч, хамгаалагч, сэтгэлийн тэнхээтэй, уйлдаггүй, аюул эрсдэлийг үүрэгч байх ёстой хэмээн тулгадаг.
Хэн ч байсан эдгээр дүрээс хазайсан тохиолдолд аюултай. Энэ тогтолцоо нь гадуурхан, үзэн ядаж, үл тоомсорлох зэргээр шийтгэж, сул дорой болгодог байна. Тухайлбал, эршүүд эмэгтэй хүнийг эр ч тоохгүй, эрлэг ч тоохгүй амьтан гэх. Олонхийн ойлголтоор "Эмэгтэйлэг" зан төрхтэй харчуулыг эр хүний шинжгүй, яаж гэр бүлээ авч явна даа, хүүхэдгүй эмэгтэйг хөлийг нь хэн хучна даа зэргээр шүүмжилдэг.
Иймд энэхүү тогтолцоо нь жендэрт суурилсан хүчирхийллийг бий болгож, хүний эрх, эрх чөлөөг зөрчдөг шударга бус ялгаварлалыг үүсгэсээр байна.
21-р зуунд хүний эрхийг зөрчиж буй патриархат тогтолцоо, сэтгэхүйгээс өөрсдийгөө чөлөөлөх ёстой болж байнаа.
Социологич А.Долгион, МУИС-ын социологийн тэнхмийн багш Ч.Тамир нарын 2007 онд бичиж байсан нэгэн сонирхолтой нийтлэлийг хүргэж байна. Forum.mn, Olloo.mn зэрэг томоохон сайтууд дээр тавигдаж нэлээн шуугиан дэгдээж байсан санагдана.
МУИС-ийн багш Ч.Тамир А.Долгион“2007 онд Монгол улс түүхэндээ байгаагүй их мөнгийг төвлөрүүлж, тvvнийгээ хэрхэн оновчтой зарцуулах талаар толгойгоо гашилгаж сууна” гэсэн мэдээлэл бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон. Үүнийг сонссон олон хүн одоо л нэг улс орны эдийн засгийн байдал тогтворжиж, бидний ч амьдралд эерэгээр нөлөөлөх байх гэсэн бодлыг өөртөө тээж байсан биз ээ. Гэтэл эдийн засгийн өсөлт, бүтээн байгуулалт зэрэг сүржин мэдэгдэл, том тоотой зэрэг 2007 оны сүүлийн хэдэн сард үнэ эрчимтэй өсч байна. Хүн бүрийн амьдралд тулгамдсан, нийгмийг хамарсан энэхүү асуудалд эдийн засгийн өсөлт, үүнийг дагаад улсын төсвийн зарлага хэрхэн, ямар замаар нөлөөлж байна вэ гэдгийг судлах зайлшгүй шаардлага бий болоод байна.
Тиймээс юуны түрүүнд:
1. Төрийн албан хаагчдын цалиндаа хандах хандлага, түүнийг зарцуулж буй зан үйл
2. Засгийн газраас цалингийн талаар явуулж буй бодлого
3. Үнийн өсөлт гэсэн гурван хүчин зүйлсийн хоорондын харилцаа хамаарлыг тогтоох нь чухал байгаа бөгөөд энэ чиглэлийг баримтлан судалгааны ажлаа эхлүүллээ.
Ингэхдээ үнийн өсөлтөд цалингийн өсөлт яаж нөлөөлж байгааг төрийн албан хаагчдаас авсан санал асуулга дээр тулгуурлан тайлбарлахыг оролдсон буюу мэдээллээ бодит амьдралаас авч судалгааны эх баримттай болгосон юм.
Үнийн өсөлтөд яг юу нөлөөлж байгаа маш олон хүчин зүйл байгаа, тухайлбал төсвийн зардал ихэссэн, бэлэн мөнгө иргэдийн гар дээр ихээр очих болсноор эрэлт ихэсч, нийлүүлэлт хомсдох болсон, цалинг тодорхой үндэслэлгүй, хий хоосон байдлаар нэмсэн зэрэг шалтгаан нь тодруулж хэлбэл “төрийн албан хаагчдын дундаж цалинг нэмсэн нь инфляци буюу үнийн өсөлтөд нөлөөлсөн” гэдгийг үндэслэлтэй судалгаа шинжилгээ, албаны эх сурвалж дээр тулгуурлан батлах болно.
1. Монгол улсын эдийн засгийн эрчимтэй өсөлт юуг дагуулав?
2005 оноос хойш гадаад орчны таатай нөлөөллийн дүнд Монгол улсын эдийн засгийн байдал харьцангуй тогтвортой байгаа нь төсвийн орлогод эерэгээр нөлөөлж сүүлийн 3 жилд улсын нэгдсэн төсвийн орлого жилд дунджаар 30 хувиар өсчээ. 2005 онд 838.8 тэрбум, 2006 онд 1360.4, 2007 онд 1768.1, харин 2008 онд нэгдсэн төсвийн орлого 40 гаруй хувиар буюу 600 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 2.4 триллион болохоор төлөвлөгджээ. Ингэж орлого нэмэгдэхэд зарлага нэмэгдэж байгаа нь тун аюултай зүйл болоод байна. Тухайлбал 2006 оны төсвийн нийт зардал 1237 тэрбум төгрөг, 2007 онд 1832 тэрбум төгрөг болж, 2008 онд нийт зардал нь 2568 тэрбум төгрөг болохоор прогноз гарч байна. Үүгээр эдийн засаг хурдацтай өсч байгаа нь харагдаж байгаа боловч орлого, өсөлтөө хэрхэн, юунд зарцуулж байгаа, тус зарцуулалт нь эргээд нийгэмд ямар үр дагавар авчирч байна вэ гэдгийг авч үзвэл нэлээн өөр дүр зураг харагдах болно. Дүгнэлтээ шууд хэлбэл эдийн засгийн өсөлт эргээд үр ашиггүй зардлыг бий болгож байгаа юм. Үүнийг доор авч үзсэн болно.
2. Засгийн газрын үргүй зардлын хэмжээ хэт ихэсч байна. Монгол улсад засгийн газрын зарлага ДНБ-ний хэдэн хувийг эзэлж байгааг нь бусад улс оронтой харьцуулж үзвэл маш өндөр байна.
Төсөвт зарлагын эзэлж байгаа хувь хэмжээ нь Америк зэрэг хөгжингүй орнуудаас, хүчтэй төртэй ОХУ, мөн нийгмийн халамжийн бодлогыг амжилттай явуулдаг Голланд зэрэг орнуудаас өндөр байна. Харин манай орны хувьд олсныхоо хэрээр идэх гэж буй мэт үрэлгэн, тансагласан байдалтайгаар зарлагаа тодорхойлжээ. Гэтэл ЗГ-ын зардал нь эдийн засгийн өсөлттэй шууд хамааралтай байна.
Энгийн тооцоо хийгээд үзэхэд ЗГ-ын нийт зарлагын 85 хувийг иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр олгож байгаа, нийгэмд буй халамжийн нүсэр систем, хөрөнгө оруулалтын үр өгөөжгүй байдал зэргээс хамаарч үнийн өсөлт үүсч байгааг хүчнэгтээс харж болно.
Хүснэгт 1. Нийт зардалд бэлэн мөнгөний эзлэх хувь
Дээрхээс харахад нийт зардлын 21 хувийг цалин хөлсөнд зарцуулж байгаа нь үнийн өсөлтийн гол шалтгааны нэг болоход хүргэсэн байна. Тэгэхээр эндээс улсын төсвийн орлого ихсэх тусам, нийгмийн халамжийн зардлын зарцуулалт ихэсч улмаар инфляци нэмэгдэж байна гэсэн дүгнэлт хийж болохоор байна.
3.Эдийн засгийн өсөлт ба цалин нэмэгдэх хэрээр үнийн өсөлт явагддаг тогтолцоо бий болжээ.
Сүүлийн дөрвөн жилд эдийн засгийн гол үзүүлэлтийг судалж үзвэл инфляцид ДНБ ба Засгийн Газрын зардал, тэр дундаа цалин хөлс, халамжийн зардал хүчтэй нөлөөлж байгааг олж харж болно.
Хүснэгт 2.
2008 оны төсвийн төлөвлөлтөд инфляцийг 5.5 хувь гэж тусгасан боловч энэ нь бодит байдалд нийцэхгүй юм. Тиймээс бид 2008 онд инфляцийн түвшинг 12.9 хувиар тооцсон ингэхдээ ДНБ-н өсөлт, ба зарлагын өсөлт зэрэгтэй холбон үзсэн болно. Хүснэгтийг графикаар үзүүлбэл илүү тодорхой харагдах болно
График 1. ДНБ(эдийн засгийн өсөлт), инфляци(үнийн өсөлт), цалин хөлсний зарлага гурвын харилцаа хамаарал
Графикаас үзэхэд 2004-2005 онд ДНБ эрс буурсан, халамжийн зардал хэвэндээ шахуу байжээ. Энэ үед инфляцийн түвшин буурсан нь халамжийн зардалтай гэхээсээ илүүтэйгээр ДНБ буурсантай илүү холбоотой. 2006 онд инфляцийн түвшин сүүлийн 4 жилд хамгийн бага байжээ. ДНБ өссөнийг халамжийн зардал мөн цалин хөлсний зардлыг хамгийн бага байдлаар тусгаж өгсөн нь үүнд нөлөөлсөн байна. 2006 оноос хойш ДНБ тасралтгүй өсч байгаа ба үүнийг дагаад төсвийн орлого нэмэгдсээр ирсэн нь ойлгомжтой. Харин төсвийн зарлагад халамжийн зардал, цалин хөлсний зардал эрс өсөх тутамд инфляци төдий чинээ өсч байна. Цаашид 2008 онд эдгээр бүх үндсэн үзүүлэлт хэвээрээ, бүр түүнээс ч илүү өндөр хувьтай байгаа учраас үнийн өсөлт дахин явагдах нь илэрхий байна.
4. Инфляци бол нэрлэсэн цалингийн өсөлтөөс ажлын бүтээмжийн өсөлтийг хассан ялгавар мөн.
Засгийн газар, УИХ-с ямар учраас цалинг нэмэх шийдвэр гарсан боловч яагаад 250000 төгрөг байхаар тооцсоныг асуувал хэн ч хариулж чадахгүй юм. Хэрэв тэд үнэхээр төрийн албан хаагчид, төсвийн ажилтнуудын цалинг нэмэх нь зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа юм бол нэмснээр гарах үр дагаварыг давхар тооцсон байх учиртай. Гэтэл сонгуулийн өмнө сонгогчдоос оноо авах гэж хийсэн энэ бүх халамжийн тогтолцоо үндэслэлгүй цалин нэмэлтийг “үнэ өссөөр байхад цалинг нэмэхгүй бол болохгүй” гэсэн ганц л тайлбараар хааж болохгүй юм. Цалинг нэмэхдээ ажилчдын хөдөлмөрийн бүтээмжтэй хэрхэн уялдуулснаас хамаарч эдийн засаг, нийгэмд томоохон үр дагавар бий болдог билээ. Эдийн засгийн энэ хялбар томъёо нь нэрлэсэн цалингийн өсөлтөөс бүтээмжийн өсөлт хоцорвол инфляци үүсдэг гэж үздэг. Үүний томъёо нь Инфляци=Нэрлэсэн цалингийн өсөлт- Бүтээмжийн өсөлт юм. Жишээлбэл, цалин 2 хувиар нэмэгдэхэд хөдөлмөрийн бүтээмж 2 хувиар өсч байвал инфляцийн түвшинд цалингаас хамаарсан ямар нэг өөрчлөлт орохгүй. (0=2-2) Харин бүтээмж 1 хувь болон буурахад цалин хөлсний хэмжээ 6 хувь болж өсвөл инфляци 6-1=5 хувьтай байна.
Тэгэхээр өнөөдөр нэгэнт цалин нэмэгдсэн нь үнэн болохоор хөдөлмөрийн бүтээмжийн хувьд ямар өөрчлөлт гарсан бэ? гэдэг асуулт тун чухал юм. Тиймээс бид төрийн албан хаагчдын дунд бяцхан санал асуулга хийж судлав. Үүнд төрийн албан хаагчид өөрсдийнхөө ажлын бүтээмжийг үнэлүүлэх хэлбэрээр асуултыг тавьсан болно: “Төрийн албан хаагчдын дундаж цалинд өөрчлөлт оруулснаас хойш таны ажлын хариуцлагад тавигдах шаардлага хэрхэн өөрчлөгдсөн бэ?” гэсэн асуултанд албан үүргийн хариуцлага өндөрсөж, илүү их ажиллах шаардлагатай болсон гэж 30 хувь нь хариулсан бол ямар нэг өөрчлөлт гараагүй, хэвэндээ байгаа хэмээн дийлэнх нь буюу 66.6 хувь нь үзжээ. Бүр албан үүргийн хариуцлага багассан гэж 3.4 орчим хувь нь хариулжээ. Мөн ДНБ-ний өсөлтөд 25 хувийг хөдөлмөрийн бүтээмжээр, 75 хувийг ажиллагсдын тоогоор хангаж байгаа гэсэн дүн гарсан байна.
Эдгээр баримтууд нь хөдөлмөрийн бүтээмж дээшлэхгүй байхад цалинг нэмэх нь буруу гэдгийг харуулж байна. Тэгэхлээр цаашид ЗГ бүтээмжээ нэмж цалингаа өсгөе, эсвэл зардлаа нэмж цалингаас өсгөе гэж л ярих ёстой болж байна. Цалин нэмэгдэж байгаа хүмүүс ч мөнгөө шууд л өдөр тутмын хэрэглээндээ зарж байгаа бөгөөд цаашид ч нэмэгдвэл хуримтлал үүсгэх төлөвлөгөө тун бага байна. Үүнийг судалгаандаа оруулж 2008 оны төсвийн төлөвлөгөөнд сарын дундаж цалин 300000 болгож өсгөхөөр тусгасан байгаа. Үүнтэй холбоотойгоор та юу хийх вэ? гэж асуухад цалингаа аль болох хуримтлуулахыг бодно гэж 27 хувь нь, цалин нэмэгдэх тул зээл тавьж тулгамдсан болон хэрэгцээтэй асуудалд зарцуулна гэж 23 хувь нь, цалингаа өдөр тутмын болон ойр зуурын хэрэгцээнд зарцуулж дуусгана гэж 50 хувь нь хариулсныг тэмдэглэх хэрэгтэй.
5. Бодит байдал дээр цалин нэмэгдээгүй.
Цалингийн өсөлттэй зэрэгцэн сүүлийн 4 жилд өргөн хэрэглээний зарим нэр төрлийн бараа хэрхэн өссөнийг тооцож үзэх нь цалин хэр зэрэг нэмэгдсэнийг тодорхойлоход тусална.
Хүснэгт 3. Өргөн хэрэглээний зарим нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг 2004 ба 2007 оны харьцуулсан харьцуулалт
Бидний сонгон авсан 2004-2007 онд бүх бараа бүтээгдэхүүн дунджаар 1.7 дахин өссөн, харин дундаж цалин энэ хугацаанд 86.3 мянгаас 162.4 мянга болж 1.8 дахин өсчээ. Эндээс л цалин яг бодит амьдрал дээр бараг нэмэгдээгүй гэдэг нь тодорхой болно. Бидний судалгаанд оролцогчид сүүлийн 4 сард таны цалингийн хэмжээнд ямар өөрчлөлт орсон вэ гэж асуудтанд 70 хувь нь бага зэрэг нэмэгдсэн, дөнгөж 16 хувь нь л мэдэгдэхүйц нэмэгдсэн, 13.4 хувь нь хэвэндээ гэж хариулжээ. Мөн “сүүлийн 4 сард таны худалдан авах чадварт ямар өөрчлөлт гарсан бэ?” гэсэн асуултанд 80 хувь нь жирийн үед зарцуулдаг хэмжээндээ л байгаа, харин жирийн хэрэглээнд ч хүрэлцэхээ больсон гэж 13 хувь нь үзжээ. Тиймээс 96.6 хувь нь хуримтлал бий болгож чаддаггүй байна.
6. Намуудын халамжийн уриа лоозон иргэдийн амьдралд халтай.
Бодлогын шинжилгээнээс харахад Ерөнхий сайд асан М.Энхболдын тодорхойлсон “бүтээн байгуулагч, хүний төлөө Засгийн газрын” ачаар цалин хөлс бодитоор “нэмэгдээгүй”, бөгөөд харин үнийн өсөлтөнд жирийн иргэд нэрвэгджээ гэсэн дүгнэлт гарч байна. Ингэж цалин хөлс 1.8 дахин өсөхөд өргөн хэрэглээний барааны үнэ мөн төдий чинээ өссөн тул ирэх онд инфляцийн түвшин түшмэдийн амалж байгаа шиг 5.5 хувь биш харин 2 оронтой тоонд хүрч өргөн хэрэглээний барааны үнэ одоогийнхоос 1.7 дахин өсөх магадлал тун өндөр байна. Тиймээс цалинг үндэслэлгүй, сонгуулийн шоу болгож нэмэх нь ихээхэн сөрөг үр дагавартай ажээ.
Засгийн газраас өргөн барьсан 2008 оны улсын төсвийн төсөлд хийх дүгнэлт
Мөн тэнд
Economics, 5th edition, David C.Colander, McGraw-Hill, 2004 , p.686
Өдрийн сонин, 2007.11.09, №-267, Сэтгүүлч Б.Болд
1. Тодорхойлолт:5-р сарын дундуур болон сүүлээс 30-45 хоног хөдөө орон нутагт ажиллах, зохион байгуулах чадвартай, дээд боловсролтой, хариуцлагатай хүнийг нас, хүйс харгалзахгүй ажилд урьж байна.Шаардлага:-Дээд боловсролтой-Хариуцлагатай-Зохион байгуулах чадвартай-Хөдөө орон нутагт удаан хугацаагаар ажиллах боломжтой-Комьютер дээр ажиллах чадвар сайтай
Хаяг: Чонон Бөртэ Оффисын байр, 301 тоот
Утас: 99095284
Э-шуудан: doljoo91@yahoo.com
Байгууллага: MMCG LLC
2. Тодорхойлолт:
SPSS болон excel програм дээр ажилладаг, хурдан шуурхай, хариуцлагатай оюутан залуусыг судалгааны анхдагч мэдээлэл шивэх, боловсруулах ажилд байнга авна.
Хаяг: Монголын Хэвлэлийн Хүрээлэн Мэдээлэл Судалгааны Алба
Утас: 70113475 96649649
3. Ажлын байрны нэр: Судалгааны ажилтан
Орон тоо: 3
Үндсэн чиг үүрэг:
Бизнес шинэ санал санаачилга, техник технологийг судлаж, холбогдох төсөл,
бизнес төлөвлөгөө боловсруулах, гадаадын үйлдвэрлэгч, нийлүүлэгчтэй
харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэх, өргөжүүлэх
Тавигдах шаардлага:
Эдийн засаг, инженер, технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй (Япон хэл эзэмшсэн бол давуу тал болно);
Судалгаа, төслийн ажил хийх арга зүйг бүрэн эзэмшсэн;
Багаар болон бие даан ажиллах чадвартай;
Хувийн зохион байгуулалт сайтай;
Цаг хатуу баримталдаг, хариуцлагатай;
Мэргэжлээрээ өмнө нь 2-3 жил ажиллаж байсан туршлагатай;
Идэвх санаачлагатай, шинийг эрэлхийлэгч;
Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;
Интернетийн орчинд ажиллах чадвартай;
Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой;
23-40 насны;
Харилцааны өндөр соёлтой, элдэв муу зуршилгүй.
Бүрдүүлэх материал:
Анкет (CV болон Resume хэлбэрээр ирүүлсэн анкетыг хүлээн авахгүй болно.)
Боловсролын дипломын хуулбар
Иргэний үнэмлэхийн хуулбар
Ажилд орохыг хүссэн иргэд бүрэн гүйцэд материалыг доорх хаягаар авчирч өгөх буюу электрон шуудангаар явуулж болно.
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, 4-р хороо, Нью прогресс группын байр, Улаанбаатар - 37, Ш / х -186
Утас: 976-11-632238, 632283, 99089512
Э-шуудан: human@newprogressgroup.mn
Байгууллага: НьюПрогресс Групп
4. Тодорхойлолт:
Бизнес шинэ санал санаачилга, техник технологийг судлаж, холбогдох төсөл,
бизнес төлөвлөгөө боловсруулах, гадаад, дотоодын үйлдвэрлэгч, нийлүүлэгчтэй харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэх, өргөжүүлэх
Шаардлага:
Эдийн засаг, инженер, технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй
Судалгаа, төслийн ажил хийх арга зүйг бүрэн эзэмшсэн;
Багаар болон бие даан ажиллах чадвартай;
Хувийн зохион байгуулалт сайтай;
Цаг хатуу баримталдаг, хариуцлагатай;
Мэргэжлээрээ өмнө нь 2-3 жил ажиллаж байсан туршлагатай;
Идэвх санаачлагатай, шинийг эрэлхийлэгч;
Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;
Интернетийн орчинд ажиллах чадвартай;
Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой;
23-40 насны;
Харилцааны өндөр соёлтой, элдэв муу зуршилгүй.
Хаяг: УБ хот Чингэлтэй дүүрэг 5 р хороо ялалтын талбай барс центр 206 тоот
Утас: 976-11- 322498
Э-шуудан: euaz_holding@mongol.net
Байгууллага: ЕУАЗ ХХК
Засгын газрын зарлагыг мөнгөний хэмжээг нэмэгдүүлэн санхүүжүүлэх нь ямар нэгэн хий хоосон юмны төлөө ямар нэгэн юм авахтай адил илбэ жатгын зүйл юм. Энгийн жишээ авъя. Засгийн газар зам бариулаад хөлсийг нь Төв банкны шинэхэн дэвсгэртээр төллөө гэж бодъё. Эхэндээ бүгд л хожиж буй мэт байдаг. Зам барисан ажилчид хөлсөө авч түүгээрээ хоол хувцас бас байр сууц ч авч болно. Хэн ч илүү татвар төлөхгүй. Урьд өмнө нь байхгүй байсан зам ч бий болчихлоо. Үнийг нь хэн төлөв?Мөнгийг бариж буй хүмүүс төлж байгаа юм. Ажилчдыг үйлдвэрлэлийн өөр салбарт ажиллуулахын оронд замын ажилд шилжүүлэхэд зарцуулсан мөнгө үнийг өсөхэд хүргэнэ. Энэхүү илүүдэл мөнгөний ажилчнаас худалдаалагч, худалдаачинаас бусад руу гэх зэргээр хэрэглээний киркуляцийн дунд үнийн өсөлт хадгалагдсаар байдаг. Yнэ өндөр байна гэдэг нь хүмүүст урьд байсан мөнгө өмнөхөөсөө бага зүйл авна гэсэн үг. Өмнө байсан мөнгөний худалдан авах хэмжээнд хүртэл мөнгөтэй болохийн тулд тэд орлогынхоо хэрэглээг багасган зарим хэсгийг мөнгөнийхөө балансд нөөцөлнө.
Илүү нэмж гаргасан мөнгөний хэмжээ гэдэг нь мөнгөний балансд тавиж буй татвартай утга нэг юм. Хэрвээ илүүдэл мөнгөний хэмжээ үнийг 1%-иар өсгөвөл мөнгө хадгалж буй бүх хүн буцаагаад өөрийн хадгаламждаа нэг хувийн татвар төлнө гэсэн үг юм. Түүний өмнө байсан мөнгөний худалдан авах чадвараа хадгалахын тулд нэмж хадгалах мөнгө бүхэн нь түүний хувьд татварын тасалбараас ялгаагүй.
Энэхүү татварын үзэгдэх нөгөө нэг биет хэсэг нь уг замыг барихад зориулсан нөөцөөр бүтээгдэх байсан бараа юм. Өөрт байгаа мөнгөний худалдан авах чадвараа хадгалахын тулд орлогийнхоо багаахан хувийг зарцуулж буй хүн дээрх бараа үйлчилгээг, засгийн газар түүнийг бүтээх нөөцийг заманд зарцуулсан учраас, хэрэглэж чадалгүй алдаж байгаа хэрэг юм.
Дэлхийн 1-р дайны дараах инфляцын тухай Кейнс яагаад "Байдлыг эргүүлэх итгэлтэй бөгөөд дам арга алга байлаа. Үйл явдал эдийн засгийн бүх нууцлаг хучин зүйлийг нураах устгах чиглэл руу хөдлөж хэн ч үүнийг дүгнэн шинжлэх боломжгүй болгож байлаа."3 гэж бичсэнийг ойлгож байгаа байх. Нэмж гаргасан мөнгө болон засгийн газрын Төв банкны дансан дах нэмэлт өр хоёр нь засгийн газарт ноогдох ашгийн хэсэг юм.
Инфляци бас шууд бусаар татварын үелэлд нүлээлнэ. Инфляцаас болж үүссэн хүмүүсийн мөнгөн орлого татварын шинэ үелэл руу оруулж татварын хэмжээг нэмэгдүүлнэ. Байгууллагын орлого ч гэсэн зардлын өсөлтөөс болоод нэмэгдэнэ. Дунджаар, хэрвээ инфляцын 10 хувийн өсөлтийг гүйцэхийн тулд орлого 10 хувиар өслөө гэж үзвэл холбооны татварын орлого 15-аас илүү хувиар өснө. Энэ байдал ерөнхийлөгч, конгресс, мужуудын захирагчид болон хууль тогтоогчдод татварын дарамт өсөхөөс хамгаалж татвар бууруулахад хүргэнэ. Жил бүр татварыг бууруулах яриа гардаг ч татвар үнэн хэрэгтээ буурдаггүй. Нөгөө талаас шилжүүлсэн хэлбэрээр татвар нь холбооны хэмжээнд 1964 онд 22 хувь байснаас 1978 онд 25 хувь болж өссөн, муж орон нутагт 1964 онд 11 хувь байснаа 1978 онд 15 хувь болон өсчээ.
Инфляцаас олох засгийн газрын бас нэг ашиг бол төлбөр төлөх үед гардаг. Засгийн газар доллараар зээл авч доллараар төлнө. Инфляцын үр дүнд эргэж төлөгдөж байгаа долларын худалдан авах чадвар зээлэх үеийнхээс буурсан байна. Гэвч хэрвээ засгийн газар завсрын үед зээлдүүлэгчид инфляцын нөхөн төлбөр болгож өндөр хэмжээний хүү төлсөн бол энэ нь засгийн газрын хувьд ашиг болж чадахгүй. Дийлэнх тохиолдолд ийм юм тохиолддоггүй. Хадгаламжийн бонд нь үүний нэг тод жишээ юм. !968 онд та арван жилийн хугацаатай хадгаламжийн бонд худалдан аваад түүнийгээ 1978 мөнгө болгосон гэж саная. Уг нь та 50 долларын өртөгтэй бондыг 37.50 доллараар худалдан авсан ба 10 жилийн дараа 64,74 доллар хүлээн авна. (учир нь засгийн газар инфляцыг гүйцэхийн тулд зээлийн хууг нэмэгдүүлсэн) Гэвч 1968 оны үеийн 37.5 долларт 1978 оны 70 доллартай тэнцэнэ. 64.74 доллар авсан тул та төлсөн болон авсан мөнгөний ялгавар 27.24 долларт орлогын татвар бас төлнө. Таны засгийн газарт зээлдүүлсэн явдал өр төлбөрөөр дуусна.
Инфляцийн үед засгийн газар өрөө төлнө гэдэг нь хэдийгээр засгийн газрын алдагдал жил ирэх тусам өсөхийн зэрэгцээ засгийн газрын өр бас нэмэгдэх ч өрийнх нь өсөлтийн хурд худалдан авах чадвартай харьцангуйгаар удаан байх ба ингэснээр үндэсний засгийн газрын өрийн үндэсний орлогод эзлэх хувь нь багасана гэсэн уг юм. 1968 аас 1978 оны хоорон дахь арван жилийн хугацаанд холбооны засгийн газрын хуримтлагдсан өр 260 тэрбум доллар байсан бол засгийн газрын өр 1968 онд 30 хувь байснаас 1978 онд 28 хувь болж буурчээ.
Инфляцийг эмчлэх:
Инфляцийг эмчилэх тухай ярихад амархан боловч хэрэгжүүлэхэд хүнд зүйл юм. Мөнгөний илүүдэл өсөлт инфляцийн цорын ганц шалтгаан учраас энэхүү үсэлтийг бууруулах нь инфляцийг эмчлэх цорын ганц арга хэмжээ юм. Асуудал учир шалтгааныг мэдэхгүйд байгаа юм биш. Засгийн газар мөнгөний өсөлтийг бага хурдтайгаар өсгөхөд л болох зүйл. Асуудлын гол нь засгийн газар зохих арга хэмжээг авах улс төрийн сонирхолд байгаа эсэхэд байгаа юм. Хөгжингүй нийгэмд инфляцийн өвчин тусвал шаардлагатай арга хэмжээг авахад их хэмжээний цаг алддаг ба түүнээс үүдэн гарах үр дагавар нь маш хүнд байдаг.
Уг асуудлыг дараах хоёр өвчинтэй адилтгаж болно. Нэгдүгээрх нь цусан хангамжийг зогсоон эрхтэнийг үхширэлд оруулдаг Бөргерийн өвчин гэгчийг туссан залуутай зүйрлэж болно. Залуу хөл болон гарынхаа хурууг алдаж мэдэх ба эмчилгээ нь ойлгомжтой-тамхи татахаа зогсоох. Залуу тамхиа хаяж чадахгүйгээр архаг тамхичин гэж бодё. Түүний өвчин нэг талаар эмчилж болох боловч нөгөө талаар эдгэхгүй.
Өөр бас нэг том жишээ бол инфляц ба архидалт хоёрын төстэй тал юм. Архичин архи ууж эхэлж байх үед түүний сайн үйлчилэл нь эхэлж илрэх ба маргааш өглөө босоод шартахаас сөрөг дагавар нь сүүлд илэрч эхлэх ба шар тайлахыг тэвчих хэрэг гарна.
Инфляц үүнтэй ижил. Инфляцад нэрвэгдэж байх үед эхний үр дүн дажгүй боломжийн байдаг. Мөнгөний хэмжээ ихэссэн нь түүнтэй харьцдаг хэн бүхэнд тааламжтай, ялангуяа засгийн газрын хувьд. Ажлын байр хаа сайгүй нэмэгдэж, бизнесс цэцэглээд бүгд л эхэндээ аз жаргалтай байдаг. Эд бүхэн нь сайн үр дагавар нь. Гэвч хэрэглээний өсөлт нь үнийг ихэсгэж, ажиллагсад цалин нь үнийн дүнгээрээ өссөн ч худалдан авах чадвар нь буурсныг мэдэх болно. Бизнесс эрхлэгчдийн хувьд зардал нь өссөн байх ба иймээс борлуулалтын өсөлт нь үнийг хурдан хурдан өсгөхээс нааш ашиг өгч чадахгүй байгааг анзаарах болно. Ингээд муу үр дагаварүуд гарч ирэх болно. Yнэ өсөж, эрэлт бууран инфляц нь тогтворгүй байдалтай холилдоно. Архидалттай ижлээр мөнгийг ихэсгэх дур хүсэл улам ихсэх ба бидний өмнө үзсэн хэлбэлзэл ажиглагдана. Хоёр тохиолдолд хоюуланд нь их хэмжээний архи болон мөнгө нь архичин болон эдийн засагт хүнд цохилт болно.
Архидалт болон инфляцийн адил төстэй байдал эмчилгээг ч бас адилтгана. Архидалтыг эмчилэх арга нь хэлэхэд маш хялбар, эрдөө л уухаа болих. Энэ нь хэргэжүүлэхэд маш хэцүү яагаад гэвэл энэ удаад муу үр дагавар нь эхэлж илрэх ба сайн үр дагавар нь хожим ирдэг. Юугаар ч хязгаарлаж болохгүй хүслээ дарж чадвал архичин архинаас амжилттайгаар ангижирч чадна. Инфляцийн хувид ч бас адил. Мөнгөний өсөлтийг бууруулсны муу үр дагавар нь маш хүнд: эдийн засгийн өсөлт удааширч, ажилгүйдэл ихэснэ. Сайн үр дагвар хожим нэг, хоёр жил түүнээс ч хойно ирэх ба энэ нь бага инфляц, эрүүл эдийн засаг, эдийн засгийн инфляцаас ангид цэвэр өсөлт зэрэг болно.
Эмчилгээний хүнд үр дагвар нь архичин болон инфляцтай байгаа улсад замаасаа буцах нэг шалтаг болдог. Мөн замаас буцах бас нэг шалтаг бол инфляцийг бууруулах өвчний эхний үе шатанд эмчилгээг эцэст нь хүргэх үнэхээрийн хүсэл үгүй байх явдал юм. Архидалтын эхэн үед архичин архиндаа сэтгэл хангалуун төдийгүй тэр өөрийгээ үнэхээр архичин болчихсон, түүнд эмчилгээ хэрэгтэй гэдэгтэй санал нийлэхгүй байдаг. Инфляцтай байгаа улсад ч байдал ижил байдаг. Инфляц нь түр зуурын бөгөөд хэвийн зүйл иймээс удахгүй аяндаа зүгээр болдог хүнээс хамааралгүй зүйл гэж итгэх үзэгдэл бас байдаг.
Мөн бидний ихэнх нь инфляцтай байхад сэтгэл хангалүүн байдаг. Бид юмны үнэ буурч үгүй ядахдаа өсөхгүй байвал дуртай байдаг. Харин бидний зарж буй барааны үнэ, бидний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний үнэ, бидний эзэмшиж буй байрны үнэ өсөж байвал бид бүр улам баяртай байдаг. Фермерүүд инфляцийн тухай үгүүлэл тавьдаг ч өөрсдийн бүтээгдэхүүний үнийг өсгөх талаар Вашингтонд лобби хийдэг. Бидний ихэнх нь үүнтэй төстэй зүйлийг ямар нэг хэмжээгээр хийж л байгаа.
Инфляцийн нэг уршиг бол зарим хүмүүс бусдыгаа хохирч байх явцад маш ихээр хождог явдал ба үүгээр нийгэм хожигч ба хохирогч гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Ялагсад өөрсөддөө тохиолдсон явдлыг өөрсдийн хүч, авьяас билгээрээ бүтээгдсэн зүйл гэж үздэг. Тэд үнийн өсөлт гэх зэрэг тааламжгүй зүйлийг тэдний хяналтаас гадуур үйлдэгдэж бүй зүйл гэж үздэг. Бараг бүгд инфляцийн эсрэг гэж хэлдэг ч энэ инфляцаас үүдэн тэдэнд тулгарч буй муу үр дагварын тухай л яриж буй хэрэг.
Тодорхой жишээ авч үзье. 1965-1985 оны хооронд байшин эзэмшиж байсан бараг бүх хүмүүс инфляцаас хожсон. Тэдний байшингийн үнэ гэнэт өссөн ба хэрэв тэд үл хөдлөх хөрөнгийн зээл авбал зээлийн хүү инфляцийн хэмжээнээс үргэлж доогуур байсан. Yнэн хэрэгтээ үндсэн болон хүүгийн төлбөр нь үндсэн хөрөнгийн зээлийг төлөх болно. Зээлийн хүү болон инфляц адилхан 7 хувь байна гэж үзье. Хэрэв та зөвхөн хүүг төлөх 10000 долларын үл хөдлөх хөрөнгийн зээл (мортгеж) авсан бол нэг жилийн дараах таны мортгеж нэг жилийн өмнөх 9300 доллартай тэнцэнэ. Бодит тооцоогоор бол та хүүнд төлж буй үнэтэй тэнцүү буюу 700 $-ын өртэй болох байв. Бодит тоогоор бас танд 10000 $ хэрэглэсний төлөө хэдийг ч төлөхгүй байв. (Түүгээр барахгүй хүүгийн ашиг таны ашгийн татварт тооцогдохгүй учир та бас л хожиж байна. Та зээл авсаны төлөө танд төлж байна.) Yр дүнд нь байшинг эзэмшигчийн хөрөнгө нэмэгдэж байна. Нөгөө талд гарч буй хохирлыг үл хөдлөх хөрөнгийн зээлийг олгох сан бүрдүүлдэг жижиг зээлдүүлэгчид үүрч гарч байгаа юм. Жижиг зээлдүүлэгчидэд үүнээс өөр гарцгүй ба учир нь засгийн газар тэдний зээлдэгчдийг хамгаалах үүднээс зээлийн хүүгийн дээд хэмжээний хязгаарлалт тавьдаг.
Засгийн газрын өндөр зардал мөнгөний өсөлтийн нэг шалтгаан болдог бол засгийн газрын хэмнэлттэй байдал мөн мөнгөний өсөлтийг хязгаарлахад нэг дөхөм болдог. Энд бас бид шизофреник байдлаар ханддаг. Бид бүгдээрээ бидний ашгийг нь хүртдэг биш л бол засгийн газрын хэрэглээ буурахад дуртай байдаг. Бас бид бүгдээрээ бусдад ноогдсон татвараар санхүүждэг зүйлийн алдагдал бага байхыг хүсдэг.
Инфляц хуримтлагдвал эрт орой хэзэ нэгэн цагт нийгмийг маш их хохиролд учруулах ба өдий төдий хэмжээний хууль бус байдлыг ч гарахад хүргэдэг ба жинхэнэдээ олон нийт ч инфляцийн эсрэг туршлага хуримтлуулдаг. Инфляцийн түвшин тухайн улс болон тус улсын түүхээс бас хамаардаг. Германд дэлхийн нэг ба хоёрдугаар дайны дараах уршигт инфляцийн сургамж байгаа учир одоо ч германы инфляцийн түвшин бага байдаг ба UK, Япон дахь инфляцийн түвшин хамгийн өндөр үедээ ирээд байна. АНУ-д одоогоор ийм явдал тохиолдоогүй байна.
Эмчилгээний сөрөг үр дагавар:
Бид маш олон удаа өндөр түвшний ажилгүйдэл, удаан өсөлт нь инфляцийн эмчилгээ гэж уншсаар, сонссоор ирсэн. Өндөр инфляц уу эсвэл өндөр ажилгүйдэл үү гэдгийг сонгох хэрэгтэй ч гэж ярьдаг. Ойрын хэдэн арван жилд АНУ-гын эдийн засаг удааширч ажилгүйдлын түвшин өндөрсөж байгаа боловч инфляцийн түвшин нэмэгдсээр л байна. Бид инфляц, өндөр ажилгүйдэл хоёрыг хамтад нь амссан үе ч байсан. Бусад орнуудад ч ийм явдал тохиолдож байв. Яагаад?
Өндөр түвшний ажилгүйдэл, удаан өсөлт нь инфляцийн эмчилгээний сөрөг үр дагвар болохоос эмчилгээ биш юм. Эдийн засгийн өсөлтийг удаашруулан, ажилгүйдлыг ихэсгэх бодлого нь инфляцийг ихэсгэх ч боломжтой. Yнэ болон цалингийн доод түвшин, засгийн газар бизнест оролцох зэрэг арга хэмжээнүүд нь засгийн газрын зардлыг улам ихэсгэн улмаар мөнгөний нийлүүлэлтийг эрс нэмэгдүүлдэг.
Эмнэлэгтэй холбоотой бас нэгэн жишээ нь та бүхэнд эмчилгээ болон түүний үр дагвар хоёрын ялгааг тод харуулах байх. Танд хурц олгой үргажээ. Эмч танд мэс засал хийхийг санал болгох ба үүний дараа хэсэг хугацаанд хэвтэрт байхыг сануулна. Та мэс заслаас татгалзан оронд нь эмчилгээ болгон орондоо хэвтээд байна гэж бодоё. Тэнэг хэрэг гэвч энэ нь ажилгүйдэлийг инфляцийн эмчилгээ юу үр дагавар уу гэдгийг ялгахгүй байгаатай яг ижил юм.
Эмчилгээний сөрөг үр дагавар нь маш хүнд учир яагаад ийм болдог түүнийг хэрхэн зөөллөх вэ гэдгийг бодох нь чухал юм. Сөрөг үр дагавар яагаад гардаг тухай 1-р бүлэгт дурьдсан билээ. Мөнгөний өсөлт нь үнийн систэм дэхь мэдээллийг гажуудуулдаг ба түүнийг засагдтал цаг алддаг учраас эмчилгээний сөрөг үр дагавар гардаг.
Эхлээд инфляцад хүргэхүйцээр мөнгөний хэмжээ нэмэгдлээ гэж үзье. Шинээр үйлдвэрлэсэн мөнгөний улмаас бий болсон эрэлтийн өсөлт эхэндээ бараа худалдаалагч, ажилчин эсвэл бусад үйлчилгээнийхэнд мэдэгддэггүй. Жишээ нь харандаа худалдагч хуучин үнээрээ улам олон харандаа зарж болох нь гэж мэдрэх ба үнээ өөрчилөхгүй. Тэр бөөний худалдаалагчид улам олон захиалга өгөх ба бөөний худалдаачин үйлдвэрлэгчид гэх мэт цааш хүвөрнө. Хэрэв харандааны эрэлт инфляцаас биш эрэлтийн өөр нэг хэсгийн зардлаас болж үүрчилөгдсөн бол жишээ нь балны зардлаас болж өөрчилөгдсөн бол дээрхтэй ижилээр балны хувьд захиалга буурах гэх мэтээр үргэлжилнэ(балны бөөний худалдаалагч, үйлдвэрлэгч г.м.). Харандаа болон түүнийг бүтээхэд оролцдог бүтээгдэхүүний үнэ нэмэгдэн бал болон түүнийг бүтээхэд оролцох бүтээгдэхүүний үнэ буурах байсан. Энд дундаж үнэ өөрчилөгдөх үндэс байхгүй юм.
Харандааны үнэ шинээр нэмэгдсэн мөнгөний хэмжээнээс болж үнэ өсөхөд шал өөр дүр зураг гарч ирнэ. Харандаа болон бал тэдгээрийн орцын эрэлт хоюул өснө. Хоюуланд нь зарцуулагдах мөнгөний хэмжээ өснө. Гэвч үүнийг харандаа худалдаалагч мэдэхгүй. Тэрээр үнийг тогтмол хэвээр борлуулалтаа өсгөхөөр мэрийнэ. Харандаа болон үзэгний доош үргэлжилэх сувгаар хоюуланд нь үнэ, зардал өсөн үргэлжилнэ. Захиалгийн өсөлт нь ажиллах хүч болон матэриалын эрэлтийг өсгөх ба энэ үе дэхь ажиллах хүч болон материалыг үйлдвэрлэгчидэд дээрх жижиглэн худалдаалагчидтай ижил хандлага илэрнэ. Энэ үед тэд аль болох ихээр ажиллаж аль болох их бүтээгдэхүүн үйлдвэрлэх аль болох их ашиг олохоор тэмүүлнэ. Энэ үед ямар нэгэн өөрчилэлт гарахгүй, эрэлт нь өмнөх эрэлтийн өсөлтийн хурдтайгаа зэрэгцэн нэг их хоцрохгүй, үнэ ч өмнөх үнийн өсөлтийн хурдаасаа хоцролгүй бүүрахгүйгээр үргэлжилнэ. Эхэндээ энэ нь хэнд ч анзаарагдахгүй. Бодит амьдрал дээр эрэлт өргэлж өөрчилэгдэж байдаг ба үнэ ч гэсэн зарим үед өсөж зарим үед буурч байдаг билээ. Эрэлтийн ерөнхий өсөлтийн дохио нь харьцангүй эрэлтийн өсөлтийн дохиотой холилдон будилуулдаг. Ийм учираас инфляцийн эхэн үед үйлдвэрлэл өсөж ажил эрхлэлтийн түвшин өндөр байдаг. Гэвч удалгүй дараагийн дохио ирдэг.
Ажилчид, үйлдвэрлэгчид, жижиглэн худалдаалагчид удалгүй хуурагдсанаа ойлгоцгооно. Тэд зөвхөн тэдний барааны хувьд л эрэлт ингэж өссөн гэж хууртадгсан ба өөрсдийн худалдан авдаг зүйлийн үнэд нэг их анхаарал хандуулсангүй. Тэд өөрсдийн алдааг олж харангуутаа цалин болон үнээ өсгөж эхэлнэ. Тэд ингэснээр бас л эрэлтийг өсгөх ба өөрсдийн худалдан авдаг барааны үнийг ч хөөрөгдөнө. Бид ингэснээр үнэ-цалингийн спиралд орох ба энэ нь инфляцийн үр дагвар болохоос шалтгаан биш билээ. Хэрэв мөнгөнийн өсөлт цаашид хурдан өсөхгүй бол ажил эрхлэлт болон гарцын анхны үеййн байдал эсэргээр эргэнэ. Өндөр үнэ болон цалингийн улмаас хоюул буурах болно. Баяр баясгаланг шарталт ийнхүү залган авна.
Энэхүү сөрөг реакц эхэлтэл цаг алддаг. АНУ, Их британи болон барууны бусад орнуудад тохиолдож байсан инфляцийн үед мөнгөний өсөлтийн хэмжээ огцом нэмэгдсэнээс хойшхи эхний 6-аас 9 сар орчим сард үйлдвэрлэл ба ажил эрхлэлтийн түвшин өссөн байдаг. Инфляцийн өсөлт улам хурдсах хүртэл дахиад 12-аас 18 сар үргэлжилж байв. Энд ингэж цаг зарцуулдаг байсан нь дайны цаг байсанаас гадна энэ үед дэхь мөнгөний өсөлтийн хурд нь үе үедээ харилцан адилгүй өсөж буурч байв. Дэлхийн хоёрдугаар дайны босгон дээрх бууны худалдааны үнийн индэx их британид бараг 200 жилийн өмнөхтэй АНУ-д бараг зуун жилийнхтэй ижийл байв. 1945 оний дараах үеийн инфляц нь эдгээр улсуудад шинэ үзэгдэл болсон юм. Эдгээр улсуудад олон удаа инфляц өгсөж буурч байсан боловч удаан үргэлжилдэггүй байв.
Харамсалтай нь өмнөд америкын олон оронд "завсрын" хугацаа нь бага байлаа. Энд голдуу хэдхэн сараар үргэлжилсэн цагийн хүлээлт тохиолдож байв. Хэрвээ АНУ одоогийн инфляцийн асуудлаа яаравчлан шийдэхгүй бол цагийн хүлээлт бас л богиносох болно.
Мөнгөний өсөлтийг удаашруулахаас үүдэн гарах үр дагавар нь дээр дурьдсаны эсрэг дарааллар явагдана. Зарцуулалт буурсан нь эрэлтийн бууралт мэт тусгагдах ба хэсэг хугацааны дараагаар энэ нь гарц болон ажил эрхлэлтийг бууруулна. Инфляц удааширсны цаг хугацааны дараагийн үед ажил эрхлэлт болон гарцыг нэмэгдүүлнэ. Архидалтын эцсийн үе шат дуусаж эрүүл биед саруул ухаан үргэлжилж эхэлнэ.
Дээрх бүх зохицуулалт мөнгөний өсөлт болон инфляцийн харилцан байршилаар илэрхийлэгдэж байна. Мөнгөний өсөлт алгуур бөгөөд өндөр жишээлбэл жилд 10 % байна гэж үзэүе. Эдийн засаг үүнтэй зохицож чадна. Цалин ч энэхүү инфляцийг угтан жилд 10 хуви өсөөд, зээлийн хүү ч бас үүнд бэлнээр жилд 10 хуви өсөөд, энэ бүхэнтэй зохицоод татвар ч ихсэж багасаад эр нь бүгд л энэхүү өсөлтөд бэлэн байх болно.
Ийм хэлбэрийн инфляци ямар ч хор хохирол учруулахгүй бөгөөд бас ямар ч үүрэг гүйцэтгэхгүй. Энэ нь зүгээр л хэрэггүй баахан зохицуулалтын ажил удна. Хамгийн чухал нь ийм байдал хэрвээ байдаг бол тогтвортойгоор оршин тогтнож чадахгүй. Хэрвээ 10 хувийн инфляц үүсгэх нь улс турийн хувид ашигтай бүгөөд боломжтой байгаад хэрвээ инфляцийг тэгээд тогтоож чаддаг бол инфляцийг 11, 12 15 хувь хүргэх сонирхол их байх болно. Тэг хувийн инфляц улс төрийн хувьд боломжтой бол 10 хувийн инфляц боломжгүй зорилго юм. Энэ бол өнгөрсөн туршлагаас хийгдсэн дүгнэлт.
Монголын Хэвлэлийн Хүрээлэнд "Сэтгүүл зүйн шүүмж"-ийн томоохон төсөл хэрэгжиж эхэлж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд судлаачдыг бэлтгэх чиглэлээр Данийн Аархусын ИС-ын доктор, профессор Пол Эрик Нилсон 7 хоногын сургалт зохион байгуулж байна. Миний бие энэ төсөл дээр ажиллаж байгаа юм. Сургалтын хүрээнд олж мэдсэн стеоротипын талаарх өгүүлэлээ хуваалцаж байна.Англи хүмүус маш их бороо, Аргөнтин хоёроор л латин Америкийг төсөөлдөг бол Хятадын их цагаан хэрэм Берлиний хананы хоорондохийг л орос гэж ойлгодог байна. Харин хар Африкийг бол зөвхөн өлсгөлөнгөөр л дүрслэн ойлгодог аж. Ямар сайндаа л шуудайтай гурилын хажууд зогсож буй жаал хүүгийн зургийг Данийн нэгэн сонин өөрийн хуудаснаа нийтэлж энэ зурагтаа тайлбар бичихийг уншигчдаасаа хүсчээ. Санал асуулганд оролцогсдын дийлэнх нь дээрх зурагт бидний тусламжийг дөнгөж аваад байгаа африк жаал гэсэн утгатай тайлбар бичсэн байна. Үнэн хэрэгтээ Данийн засгийн газар улсын төсвийнхөө тун өчүүхэн хэсгийг Африкийн улсуудад тусламж болгон өгдөг ажээ.
Хүмүүсийн ой тойнд гүн бат хоногшсон дэлхий ертөнц хийгээд тодорхой улс, ард түмний тухай иймэрхүү хэвшмэл төсөөлөл, ойлголт, хэвшмэл дүрслэлийг СТЕОРОТИП гэж нэрлэдэг. Судлаач Липманн стеоротипийг “хувь хүн нийгэм дэх юмс, үзэгдлийг үзэж харахдаа толгойдоо буй болгосн зураглал” гэсэн бол судлаач Тажфел Форгас “соёл заншлаараа холбоотой бүлэг хүмүүстэй холбогдож байвал гол утгаа хадгалдаг” гэжээ.
Ихэнх хүмуүсийн иймэрхүү хэвшмэл дүрслэл хийгээд төсөөлөл нь өрөөсгөл байдаг аж. Тэгээд ч хүмүүс энэхүү хэвшмэл дүрслэл, төсөөллийнх нь эсрэг үнэн зүйлийг тэр бүр хүлээж авдаггүй шууд л итгэдэггүй байна. Харин хүмүүсийн иймэрхүү хэвшмэл төсөөлөл, ойлголтонд улс төрчид хийгээд засгийн эрх барьж буй хүмүүс дуртай байдаг ажээ. Тухайлбал дээрхи шуудайтай гурилын хажууд зогсож буй жаал хүүгийн зургийг Данийн засгийн газар ард түмэндээ болж өгвөл байнга үзүүлэх сонирхолтой байдаг гэнэ.
Бидний хувьд Монгол улс, монголчуудын маань тухай гадаадынхан ямаршуухан ойлголт, төсөөлөлтэй байдаг нь сонин байх нь мэдээж. Хэвлэлд гардаг өгүүлэл, тэмдэглэлүүдийг уншвал гадаадынхан бидний тухай муугүй мэддэг баймаар. Гэтэл үнэн хэрэгтээ тийм биш ажээ. Данийн сэтгүүл зүйн их сургуулийн профессор Ханс Хенрих Холм сүүлийн хоёр жилд барууны хэвлэлүүдэд бичигдсэн монголын тухай материалуудыг судалж үзээд Монголын тухай гадаадынханы хэвшмэл дүрслэл, төсөөллййг гаргасан байна. Монгол гэхээр гадаадынханы ялангуяа европчуудад дөрвөн зүйл л толгойд нь буудаг байна. Юуны түрүүнд гадаадынхан Монгол улс бол хэтэрхий алс холын орон учраас юунд ч хамааралгүй, юунаас ч хамаардаггүй орон гэж ойлгодог гэнэ. Тийм ч учраас Монголыг бол авч хэлэлцээд байх орон биш гэж үздэг байна. Дараагийн зүйл нь их эзэн Чингис хааны маань нэр юм. Мэдээж их хааны маань нэр цус, нулимс, зэр зэвсэгтэй холбогдсон ой тойнд нь буудаг биз дээ. Гуравдахь зүйл нь Монголын маань унаган байгаль юм байна. Харамсалтай нь гадаадынханд онгон дагшин, сайхан байгалийн зэрэгцээ аюултай байгаль гэсэн ойлголт байдаг аж. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл гадаадынхан Монголд хүмүүс нь байгалиа биш харин байгаль нь хүмүүсээ захирдаг гэж ойлгодог байна. Гадаадынхан монголчуудыг байгалийн бүрэн эрхшээлд байдаг гэж л ойлгодог бололтой. Монголын тухай гадаадынханы хэвшмэл төсөөллийн сүүлчийнх нь Монгол бол ямар ч хөгжилгүй, хоцрогдсон орон, ард түмэн нь харанхуй, бүдүүлэг гэсэн ойлголт аж. Монголын талаар Америкийн хэвлэлд нийтлэгдсэн материалыг хэвлэл мэдээлэл судлаач А.Оюунгэрэл 1999-2000 оны үеийг 1989-1990 оныхтой харьцуулахад буурсан байгаа нь тухайн орны талаар төсөөлөлд өөрчлөлт гараагүйтэй шууд холбоотой гэсэн дүгнэлтийг хийж байжээ./А.Оюунгэрэл “Төсөөллийн тухай онол” Сэтгүүлч сэтгүүл 2002 №04/ Энэ хоёр үеийн мэдээн дэх төсөөөлөл нь “том газар нутагтай, цөөн хүнтэй, алс холын орон, чингис хаан, нүүдлийн амьдралтай, зочломтгой” гэсэн байдлаар хязгаарлагдаж байжээ. Ингэж ховор цөөн мэдээлэх нь хуучин төсөөллийг эвдэж шинэчлэхийн оронд харин ч баталгаажуулж байдаг байна.
Энэ бүхэн Монголын маань бодит амьдралаас асар их зөрж байгаа хэдий ч гадаадынхан биднийг ингэж л ойлгож төсөөлдөг байна. Монголчууд бол дэлхийд цуугай ард түмэн, сайхан цаг ирж, дэлхий ертөнц биднийг шинээр нээж эхэллээ. Манай урлаг, спортынхон эх орныхоо нэрийг цуурайтуулж явна гэхчилэн өөрсдийгөө бид дөвийлгөдөг ч тэр бүхэн тодорхой явцуу хүрээнд л ойлгогддог болохоос тухайн тив, улс, орны нийт хүмүүсийн хувьд юу ч болоогүй мэт өнгөрдөг ажээ. Тэгэхээр гадаадынханы оюун ухаанд гүн бат хоногшсон бидний тухай энэ мэт хэвшмэл ойлголт, төсөөллийг тэдний толгойноос хэрхэн таягдан хаяж өөрчлөх вэ? Иймэрхүү хэвшмэл дүрслэл, төсөөллийг эвдэх янз бүрийн арга зам байдаг байна. Тухайлбал, дээр дурьдсан Данийн профессор Монголын тухай европынхны хэвшмэл төсөөллийг эвдэхийн тулд Пол Маккартинийг урьж болох юм гэж хэлж байсан. Энэ нь юу гэсэн үг вэ? гэвэл тухайн нийгэм, улс, орондоо ихээхэн нэрд гарсан, өөрийн гэсэн нэр хүндтэй хүнийг урьж авчраад түүнд өөрсдийн бодит амьдралаас танилцуулж улмаар түүгээр дамжуулан бусад хүмүүст өөрсдийнхөө тухай бодитой, үнэн мэдээллийг түгээнэ гэсэн үг юм. Пол Маккартини мэтийн нэрд гарсан урлаг, соёлын зүтгэлтнүүд, алдартай тамирчдын үгэнд бишрэн шүтэгчид нь бүгд итгэдэг учраас иймерхүү арга зам нь хэвшмэл дүрслэлийг эвдэх хамгийн хурдан бөгөөд хялбар зам ажээ. Харин энд хэн нэгэн улс төрийн зүтгэлтнийг авч хэлэлцэх хэрэггүй юм байна.
Тэгэхээр Англиас Битлсийн гишүүдийг, Америкаас Майкл Жордан юм уу, Рианаг, Оросоос Каспаровыг, Канадаас Жастин Бэйберийг урьж авчиран монголын сайхан оронтойгоо танилцуулах юм биш үү?
2009 оны 12 сард "Монгол дах социологийн шинжлэх ухааны хөгжил, төлөвшил" сэдэвт онол аргазүйн семинар болж “Монголын Социологийн Холбоо”-г шинэчлэн байгуулах талаар ярилцаж байсан билээ. Хоёр дахь удаагийн хурал өчигдөр буюу 2010 оны 05 сарын 04-нд ШУА-ын Хүрээлэнгүүдийн нэгдсэн 2-р байранд болж социологийн шинжлэх ухааны өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж “Социологийн Холбоо”-ны дүрмийг баталлаа.
Тус хурлыг Социологи, Эрх зүйн хүрээлэнгийн (ФСЭЗХ) Социологийн сектороос зохион байгуулсан бөгөөд дүрэм боловсруулах ажлын хэсгийнхээ ажлыг тайланг сонсож цаашдын хийх ажил, үйл ажиллагааны талаар ярилцсан юм. Тус хуралд олон ахмад социологичид, судлаачид, эрдэмтэд уригдан оролцсоноос МУИС-ын социологийн тэнхмийн багш нар, 2,3-р үеийн социологичид, шинэ залуу судлаачид оролцсон нь гол онцлог байлаа.
Н.БАТЗОРИГ
Социологичдийн холбоог шинэчлэн байгуулах тухай хоёр дахь удаагийн хурал зохион байгуулах гэж байгаа тул эрхэм социологич Таныг хуралд хүрэлцэн ирж социологийн шинжлэх ухааны өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн талаар өөрийн саналыг мэргэжил нэгт нөхөдтэйгөө хуваалцахийг урьж байна.
Хурлын тов: 2010 оны 5 дугаар сарын 4-ний 15 цагт ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн II байрны 40 тоот хурлын зааланд болно.
Жич: Нэмэлт мэдээллийг 99772018 дугаарийн утаснаас авна уу!
ШУА-ийн ФСЭЗХ-ийн Социологийн сектор