Төрийн албан хаагчдын цалинг нэмэх нь үнийн өсөлтийн шалтгаан мөн үү?

Социологич А.Долгион, МУИС-ын социологийн тэнхмийн багш Ч.Тамир нарын 2007 онд бичиж байсан нэгэн сонирхолтой нийтлэлийг хүргэж байна. Forum.mn, Olloo.mn зэрэг томоохон сайтууд дээр тавигдаж нэлээн шуугиан дэгдээж байсан санагдана.

МУИС-ийн багш Ч.Тамир А.Долгион


“2007 онд Монгол улс түүхэндээ байгаагүй их мөнгийг төвлөрүүлж, тvvнийгээ хэрхэн оновчтой зарцуулах талаар толгойгоо гашилгаж сууна” гэсэн мэдээлэл бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон. Үүнийг сонссон олон хүн одоо л нэг улс орны эдийн засгийн байдал тогтворжиж, бидний ч амьдралд эерэгээр нөлөөлөх байх гэсэн бодлыг өөртөө тээж байсан биз ээ. Гэтэл эдийн засгийн өсөлт, бүтээн байгуулалт зэрэг сүржин мэдэгдэл, том тоотой зэрэг 2007 оны сүүлийн хэдэн сард үнэ эрчимтэй өсч байна. Хүн бүрийн амьдралд тулгамдсан, нийгмийг хамарсан энэхүү асуудалд эдийн засгийн өсөлт, үүнийг дагаад улсын төсвийн зарлага хэрхэн, ямар замаар нөлөөлж байна вэ гэдгийг судлах зайлшгүй шаардлага бий болоод байна.

Тиймээс юуны түрүүнд:
1. Төрийн албан хаагчдын цалиндаа хандах хандлага, түүнийг зарцуулж буй зан үйл
2. Засгийн газраас цалингийн талаар явуулж буй бодлого
3. Үнийн өсөлт гэсэн гурван хүчин зүйлсийн хоорондын харилцаа хамаарлыг тогтоох нь чухал байгаа бөгөөд энэ чиглэлийг баримтлан судалгааны ажлаа эхлүүллээ.
Ингэхдээ үнийн өсөлтөд цалингийн өсөлт яаж нөлөөлж байгааг төрийн албан хаагчдаас авсан санал асуулга дээр тулгуурлан тайлбарлахыг оролдсон буюу мэдээллээ бодит амьдралаас авч судалгааны эх баримттай болгосон юм.

Үнийн өсөлтөд яг юу нөлөөлж байгаа маш олон хүчин зүйл байгаа, тухайлбал төсвийн зардал ихэссэн, бэлэн мөнгө иргэдийн гар дээр ихээр очих болсноор эрэлт ихэсч, нийлүүлэлт хомсдох болсон, цалинг тодорхой үндэслэлгүй, хий хоосон байдлаар нэмсэн зэрэг шалтгаан нь тодруулж хэлбэл “төрийн албан хаагчдын дундаж цалинг нэмсэн нь инфляци буюу үнийн өсөлтөд нөлөөлсөн” гэдгийг үндэслэлтэй судалгаа шинжилгээ, албаны эх сурвалж дээр тулгуурлан батлах болно.

1. Монгол улсын эдийн засгийн эрчимтэй өсөлт юуг дагуулав?

2005 оноос хойш гадаад орчны таатай нөлөөллийн дүнд Монгол улсын эдийн засгийн байдал харьцангуй тогтвортой байгаа нь төсвийн орлогод эерэгээр нөлөөлж сүүлийн 3 жилд улсын нэгдсэн төсвийн орлого жилд дунджаар 30 хувиар өсчээ. 2005 онд 838.8 тэрбум, 2006 онд 1360.4, 2007 онд 1768.1, харин 2008 онд нэгдсэн төсвийн орлого 40 гаруй хувиар буюу 600 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 2.4 триллион болохоор төлөвлөгджээ. Ингэж орлого нэмэгдэхэд зарлага нэмэгдэж байгаа нь тун аюултай зүйл болоод байна. Тухайлбал 2006 оны төсвийн нийт зардал 1237 тэрбум төгрөг, 2007 онд 1832 тэрбум төгрөг болж, 2008 онд нийт зардал нь 2568 тэрбум төгрөг болохоор прогноз гарч байна. Үүгээр эдийн засаг хурдацтай өсч байгаа нь харагдаж байгаа боловч орлого, өсөлтөө хэрхэн, юунд зарцуулж байгаа, тус зарцуулалт нь эргээд нийгэмд ямар үр дагавар авчирч байна вэ гэдгийг авч үзвэл нэлээн өөр дүр зураг харагдах болно. Дүгнэлтээ шууд хэлбэл эдийн засгийн өсөлт эргээд үр ашиггүй зардлыг бий болгож байгаа юм. Үүнийг доор авч үзсэн болно.

2. Засгийн газрын үргүй зардлын хэмжээ хэт ихэсч байна. Монгол улсад засгийн газрын зарлага ДНБ-ний хэдэн хувийг эзэлж байгааг нь бусад улс оронтой харьцуулж үзвэл маш өндөр байна.
Төсөвт зарлагын эзэлж байгаа хувь хэмжээ нь Америк зэрэг хөгжингүй орнуудаас, хүчтэй төртэй ОХУ, мөн нийгмийн халамжийн бодлогыг амжилттай явуулдаг Голланд зэрэг орнуудаас өндөр байна. Харин манай орны хувьд олсныхоо хэрээр идэх гэж буй мэт үрэлгэн, тансагласан байдалтайгаар зарлагаа тодорхойлжээ. Гэтэл ЗГ-ын зардал нь эдийн засгийн өсөлттэй шууд хамааралтай байна.

Энгийн тооцоо хийгээд үзэхэд ЗГ-ын нийт зарлагын 85 хувийг иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр олгож байгаа, нийгэмд буй халамжийн нүсэр систем, хөрөнгө оруулалтын үр өгөөжгүй байдал зэргээс хамаарч үнийн өсөлт үүсч байгааг хүчнэгтээс харж болно.

Хүснэгт 1. Нийт зардалд бэлэн мөнгөний эзлэх хувь
Дээрхээс харахад нийт зардлын 21 хувийг цалин хөлсөнд зарцуулж байгаа нь үнийн өсөлтийн гол шалтгааны нэг болоход хүргэсэн байна. Тэгэхээр эндээс улсын төсвийн орлого ихсэх тусам, нийгмийн халамжийн зардлын зарцуулалт ихэсч улмаар инфляци нэмэгдэж байна гэсэн дүгнэлт хийж болохоор байна.

3.Эдийн засгийн өсөлт ба цалин нэмэгдэх хэрээр үнийн өсөлт явагддаг тогтолцоо бий болжээ.

Сүүлийн дөрвөн жилд эдийн засгийн гол үзүүлэлтийг судалж үзвэл инфляцид ДНБ ба Засгийн Газрын зардал, тэр дундаа цалин хөлс, халамжийн зардал хүчтэй нөлөөлж байгааг олж харж болно.

Хүснэгт 2.
2008 оны төсвийн төлөвлөлтөд инфляцийг 5.5 хувь гэж тусгасан боловч энэ нь бодит байдалд нийцэхгүй юм. Тиймээс бид 2008 онд инфляцийн түвшинг 12.9 хувиар тооцсон ингэхдээ ДНБ-н өсөлт, ба зарлагын өсөлт зэрэгтэй холбон үзсэн болно. Хүснэгтийг графикаар үзүүлбэл илүү тодорхой харагдах болно

График 1. ДНБ(эдийн засгийн өсөлт), инфляци(үнийн өсөлт), цалин хөлсний зарлага гурвын харилцаа хамаарал
Графикаас үзэхэд 2004-2005 онд ДНБ эрс буурсан, халамжийн зардал хэвэндээ шахуу байжээ. Энэ үед инфляцийн түвшин буурсан нь халамжийн зардалтай гэхээсээ илүүтэйгээр ДНБ буурсантай илүү холбоотой. 2006 онд инфляцийн түвшин сүүлийн 4 жилд хамгийн бага байжээ. ДНБ өссөнийг халамжийн зардал мөн цалин хөлсний зардлыг хамгийн бага байдлаар тусгаж өгсөн нь үүнд нөлөөлсөн байна. 2006 оноос хойш ДНБ тасралтгүй өсч байгаа ба үүнийг дагаад төсвийн орлого нэмэгдсээр ирсэн нь ойлгомжтой. Харин төсвийн зарлагад халамжийн зардал, цалин хөлсний зардал эрс өсөх тутамд инфляци төдий чинээ өсч байна. Цаашид 2008 онд эдгээр бүх үндсэн үзүүлэлт хэвээрээ, бүр түүнээс ч илүү өндөр хувьтай байгаа учраас үнийн өсөлт дахин явагдах нь илэрхий байна.

4. Инфляци бол нэрлэсэн цалингийн өсөлтөөс ажлын бүтээмжийн өсөлтийг хассан ялгавар мөн.
Засгийн газар, УИХ-с ямар учраас цалинг нэмэх шийдвэр гарсан боловч яагаад 250000 төгрөг байхаар тооцсоныг асуувал хэн ч хариулж чадахгүй юм. Хэрэв тэд үнэхээр төрийн албан хаагчид, төсвийн ажилтнуудын цалинг нэмэх нь зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа юм бол нэмснээр гарах үр дагаварыг давхар тооцсон байх учиртай. Гэтэл сонгуулийн өмнө сонгогчдоос оноо авах гэж хийсэн энэ бүх халамжийн тогтолцоо үндэслэлгүй цалин нэмэлтийг “үнэ өссөөр байхад цалинг нэмэхгүй бол болохгүй” гэсэн ганц л тайлбараар хааж болохгүй юм. Цалинг нэмэхдээ ажилчдын хөдөлмөрийн бүтээмжтэй хэрхэн уялдуулснаас хамаарч эдийн засаг, нийгэмд томоохон үр дагавар бий болдог билээ. Эдийн засгийн энэ хялбар томъёо нь нэрлэсэн цалингийн өсөлтөөс бүтээмжийн өсөлт хоцорвол инфляци үүсдэг гэж үздэг. Үүний томъёо нь Инфляци=Нэрлэсэн цалингийн өсөлт- Бүтээмжийн өсөлт юм. Жишээлбэл, цалин 2 хувиар нэмэгдэхэд хөдөлмөрийн бүтээмж 2 хувиар өсч байвал инфляцийн түвшинд цалингаас хамаарсан ямар нэг өөрчлөлт орохгүй. (0=2-2) Харин бүтээмж 1 хувь болон буурахад цалин хөлсний хэмжээ 6 хувь болж өсвөл инфляци 6-1=5 хувьтай байна.

Тэгэхээр өнөөдөр нэгэнт цалин нэмэгдсэн нь үнэн болохоор хөдөлмөрийн бүтээмжийн хувьд ямар өөрчлөлт гарсан бэ? гэдэг асуулт тун чухал юм. Тиймээс бид төрийн албан хаагчдын дунд бяцхан санал асуулга хийж судлав. Үүнд төрийн албан хаагчид өөрсдийнхөө ажлын бүтээмжийг үнэлүүлэх хэлбэрээр асуултыг тавьсан болно: “Төрийн албан хаагчдын дундаж цалинд өөрчлөлт оруулснаас хойш таны ажлын хариуцлагад тавигдах шаардлага хэрхэн өөрчлөгдсөн бэ?” гэсэн асуултанд албан үүргийн хариуцлага өндөрсөж, илүү их ажиллах шаардлагатай болсон гэж 30 хувь нь хариулсан бол ямар нэг өөрчлөлт гараагүй, хэвэндээ байгаа хэмээн дийлэнх нь буюу 66.6 хувь нь үзжээ. Бүр албан үүргийн хариуцлага багассан гэж 3.4 орчим хувь нь хариулжээ. Мөн ДНБ-ний өсөлтөд 25 хувийг хөдөлмөрийн бүтээмжээр, 75 хувийг ажиллагсдын тоогоор хангаж байгаа гэсэн дүн гарсан байна.

Эдгээр баримтууд нь хөдөлмөрийн бүтээмж дээшлэхгүй байхад цалинг нэмэх нь буруу гэдгийг харуулж байна. Тэгэхлээр цаашид ЗГ бүтээмжээ нэмж цалингаа өсгөе, эсвэл зардлаа нэмж цалингаас өсгөе гэж л ярих ёстой болж байна. Цалин нэмэгдэж байгаа хүмүүс ч мөнгөө шууд л өдөр тутмын хэрэглээндээ зарж байгаа бөгөөд цаашид ч нэмэгдвэл хуримтлал үүсгэх төлөвлөгөө тун бага байна. Үүнийг судалгаандаа оруулж 2008 оны төсвийн төлөвлөгөөнд сарын дундаж цалин 300000 болгож өсгөхөөр тусгасан байгаа. Үүнтэй холбоотойгоор та юу хийх вэ? гэж асуухад цалингаа аль болох хуримтлуулахыг бодно гэж 27 хувь нь, цалин нэмэгдэх тул зээл тавьж тулгамдсан болон хэрэгцээтэй асуудалд зарцуулна гэж 23 хувь нь, цалингаа өдөр тутмын болон ойр зуурын хэрэгцээнд зарцуулж дуусгана гэж 50 хувь нь хариулсныг тэмдэглэх хэрэгтэй.

5. Бодит байдал дээр цалин нэмэгдээгүй.
Цалингийн өсөлттэй зэрэгцэн сүүлийн 4 жилд өргөн хэрэглээний зарим нэр төрлийн бараа хэрхэн өссөнийг тооцож үзэх нь цалин хэр зэрэг нэмэгдсэнийг тодорхойлоход тусална.

Хүснэгт 3. Өргөн хэрэглээний зарим нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг 2004 ба 2007 оны харьцуулсан харьцуулалт
Бидний сонгон авсан 2004-2007 онд бүх бараа бүтээгдэхүүн дунджаар 1.7 дахин өссөн, харин дундаж цалин энэ хугацаанд 86.3 мянгаас 162.4 мянга болж 1.8 дахин өсчээ. Эндээс л цалин яг бодит амьдрал дээр бараг нэмэгдээгүй гэдэг нь тодорхой болно. Бидний судалгаанд оролцогчид сүүлийн 4 сард таны цалингийн хэмжээнд ямар өөрчлөлт орсон вэ гэж асуудтанд 70 хувь нь бага зэрэг нэмэгдсэн, дөнгөж 16 хувь нь л мэдэгдэхүйц нэмэгдсэн, 13.4 хувь нь хэвэндээ гэж хариулжээ. Мөн “сүүлийн 4 сард таны худалдан авах чадварт ямар өөрчлөлт гарсан бэ?” гэсэн асуултанд 80 хувь нь жирийн үед зарцуулдаг хэмжээндээ л байгаа, харин жирийн хэрэглээнд ч хүрэлцэхээ больсон гэж 13 хувь нь үзжээ. Тиймээс 96.6 хувь нь хуримтлал бий болгож чаддаггүй байна.

6. Намуудын халамжийн уриа лоозон иргэдийн амьдралд халтай.

Бодлогын шинжилгээнээс харахад Ерөнхий сайд асан М.Энхболдын тодорхойлсон “бүтээн байгуулагч, хүний төлөө Засгийн газрын” ачаар цалин хөлс бодитоор “нэмэгдээгүй”, бөгөөд харин үнийн өсөлтөнд жирийн иргэд нэрвэгджээ гэсэн дүгнэлт гарч байна. Ингэж цалин хөлс 1.8 дахин өсөхөд өргөн хэрэглээний барааны үнэ мөн төдий чинээ өссөн тул ирэх онд инфляцийн түвшин түшмэдийн амалж байгаа шиг 5.5 хувь биш харин 2 оронтой тоонд хүрч өргөн хэрэглээний барааны үнэ одоогийнхоос 1.7 дахин өсөх магадлал тун өндөр байна. Тиймээс цалинг үндэслэлгүй, сонгуулийн шоу болгож нэмэх нь ихээхэн сөрөг үр дагавартай ажээ.

Засгийн газраас өргөн барьсан 2008 оны улсын төсвийн төсөлд хийх дүгнэлт
Мөн тэнд
Economics, 5th edition, David C.Colander, McGraw-Hill, 2004 , p.686
Өдрийн сонин, 2007.11.09, №-267, Сэтгүүлч Б.Болд

No comments: