ҮНИЙН ХЯНАЛТ, ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТАД ХИЙСЭН БОДЛОГЫН ШИНЖИЛГЭЭ |Н.БАТЗОРИГ|

Үнэд тавьдаг төрийн хяналт нь
жинхэнэ үнэ ямар байгааг
гуйвуулдгаараа хорлонт шинжтэй.

I: Ямар тохиолдолд үнэ нэмэгддэг вэ?
II: Үнийг төрөөс хянах, зохицуулах ёстой юу?
III: Үнийг зохицуулж байсан улс орнууд ямар үр дүнд хүрсэн вэ?
IY: Эдийн засаг дах төрийн оролцоо ямар үр дагавартай вэ?
Y: Монголын төр үнийг хянахад хэдий хэмжээний мөнгө зарцуулсан бэ?

Нэг: Үнэ нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, үйлдвэрлэхэд зарцуулсан цаг хугацаа, хөрөнгө хүч, эдийн засгийн өртгийг шингээсэн хэмжигдэхүүн юм. Үнэ бол дараах тохиолдолд нэмэгддэг.
 Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тарифыг шууд нэмэгдүүлэхэд
 Ямар нэг бараа бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлт багасанаар хомсдол бий болж хэрэглээг хангахгүй болоход
 Хэрэглээний зардал, цалин, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийн зардлыг хэт нэмэгдүүлэхэд
 Зах зээл дэх/иргэдийн гар дээрхи/ бэлэн мөнгө байвал зохих хэмжээнээс хэтэрэхэд үнэ тариф нэмэгдэж төгрөгийн инфляци бий болдог байна.
Манайд хүнснйи бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний барааны үнийг хамгийн их хөөрөгддөг дотоод хүчин зүйлс нь төсвийн хэрэглээний зардлын өсөлт, цалин, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийн зардлын өсөлт юм.
Яагаад эдгээр зардлын өсөлт үнийг хөөрөгддөг вэ?
Бага орлоготой хүмүүс, айл өрх цалин тэтгэвэр нэмэгдэхээр хамгийн түрүүнд хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа худалдан авах зардлаа нэмэгдүүлдэг юм. Дурдсан зардлууд хэрхэн нэмэгдсэнийг авч үзье.
 2007 онд улсын төсвийн хэрэглээний зардал өмнөх жилээс 40 хувь өсч, 1.3 триллион төгрөгт хүрсэн.
 Тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийн зардал 53 хувиар нэмэгдэж 395 тэрбум төгрөг болж гадаад зах зээлийн үнийн өсөлтийн импортын хамт инфляци 15.1 хувь болсон. 2007 онд л гэхэд манай улс нийгмийн халамжийн салбарт 160 тэрбум төгрөг зарцуулсан.
 2008 онд улсын төсвийн хэрэглээний зардал өмнөх жилээс 53.8 хувиар нэмэгдэж хоёр триллион төгрөгт хүрсэн.
 Тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийн зардал өмнөх жилээс 27.0 хувиар нэмэгдэж 508.5 тэрбум төгрөгт хүрчээ.
 Төрийн албан хаагчийн цалин 2004 онд 23, 2005 онд 22, 2006 онд 30, 2007 онд 43.6 хувиар нэмэгджээ.

Үнийн зохицуулалт зах зээлийг бүхэлд нь алдаатай мэдээлэлд тулгуурласан "хөөсөн бөмбөлөг" болгож хэтдээ том хямралын үүдийг нээх аюултай. Шингэсэн өртгөөрөө л *үнэ* гэдэг тогтох ёстой. -Дэвид Рикардо-

Хоёр: Хамгийн гол нь аль нэг салбарт үнийн хяналт тогтоох нь зөвхөн уг салбартаа биш нийт эдийн засагт нөлөөлөх бөгөөд энэ нь яваандаа зохицуулалтын төдийгүй хуваарилалтын эрх мэдлийг төрд олгох юм. Төрд эрх мэдэл ихээр төвлөрөх нь зах зээлийн эдийн засагт хамгийн муу үр дагавартай билээ. Хоёр зууны жилийн өмнө А.Смит “Төр нь хууль дүрэм сахиулах, иргэдийн аж төрөх зарчмыг томъёолох, маргаан таслах, зам тээвэр, харилцаа холбоог хөгжүүлэх мөнгөн дэвсгэртийн эмисст хяналт тавих зэрэг болно” гэж төрийн үүргийг томъёолжээ. Аж ахуйн болон төрийн эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлэх нь дарангуйллын шалгарсан жор юм.
Үнийг зохицуулж болно, тэр байтугай зохицуулах ёстой гэсэн үзэл манайд их түгээмэл байдаг. Манай төр зөвхөн эдйин засгийг төдийгүй боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт зэрэг нийгмийн бүх асуудалд эцэг ёсны анхаарал тавьдаг халамжит төр мөн . Үүнийг англи хэлнээ “протекционист бодлого” явуулдаг төр гэдэг. Үнэ ба цалинг “төр” шууд хянаснаар инфляцийн дарамтыг арилдаггүй гэсэн Фридманы үгийг санавал Монголын төр эдийн засгийнхаа нэг дарамт нь болж байгна хэмээг товч дүгнэж болох юм.
1995 онд Засгийн газраас махны үнийн дээд хэмжээг 350 төгрөгөөр тогтоон тогтоол гаргатал бараг маргааш нь шахам 500 төгрөг болон өсч байсан. талхны үнэ хэд байхыг худалдагч болон худалдан авагчид Засгийн газраас, эсвэл эдийн засагчдаас асуудаггүй. Үнийг хэдий чинээ их хянавал инфляци төдий чинээ өргөн хүрээтэй далдлагдаж нуугдмал болно. Ингэж далдлагдсан инфляци нь ил инфляцийг бодвол эдийн засгийн үйл ажиллагаанд ч, эрх чөлөөнд ч нэг илүү хүндрэл учруулдаг. Инфляцийг далдалснаас ил байлгах нь хамаагүй дээр.

Өөр сонголт ерөөсөө байхгүй. Нэг бол зах зээлийн чөлөөт тоглоомд хөндлөнгөөс оролцохоос татгалзах, үгүй бол үнийн хяналт, зохицуулалтыг ЗГ-т шилжүүлэх хэрэгтэй болно. Нэг бол капитализм, эс бөгөөс социализм. –Л.Ф.Мизес -

Гурав: Алан Гарсиа 1985 онд Перугийн Ерөнхийлөгч болсныхоо дараа хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг ядуу, орлого багатай иргэдэд хүргэхийн тулд цагаан будаа, элсэн чихрийн үнэд зохицуулалт хийх тушаал гаргасан.
Үүний дараагаар бараа бүтээгдэхүүний хомсдол бий болж хар захын үйл ажиллагаа идэвхжиж, Перугийн иргэд үндсэн гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахын тулд олон цагаар урт дараалалд зогсох болсон. Үүнээс таван жилийн дараа үнэ ихээр нэмэгдэж гипер инфляци үүсчээ. Гарсиа болон түүний ЗГ үнийг тогтоон барих бодлогыг авч хэрэгжүүлэхээс татгал¬заж байна.
Олон орны Засгийн газар зах зээлийн үнээс доогуур үнэ тогтоож иргэ¬дийнхээ бухимдлыг намжаах гэж оролдож байна. Тэгэхдээ урьдын хямралын туршлагаас үзэхэд энэхүү арга хэмжээ нь үнийн чиг хандлагыг өөрчлөхгүй, харин эсрэгээр сөрөг үр дагавар авчрахыг олон улсын эдийн засагчид онцолж байна. Дэлхийн банкны эдийн засагч Дон Мичел хэлэхдээ “Засгийн газраас улс орныг бүхэлд нь хамарсан арга хэмжээ авах биш харин ядуу, бага орлоготой иргэдэд чиглэсэн орлогын болон хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүлэх нь илүү үр дүнтэй арга хэмжээ болно” гэжээ.
Хятадын инфляци сүү¬лийн 11 жилд хамгийн өндөрт хүрч байгаа энэ үед Хятадын Засгийн газраас бэлэн гоймон, сүү зэрэг хүнсний төрөл бүрийн бүтээгдэхүүний үнэд зохицуулалт хийж, энэхүү үйлдлээ түр зуурын инфляцитай тэмцэх арга хэмжээг авсан гэж тайлбарлаж байна. Бээжингийн эрх баригчдын зүгээс сүүлийн 10 жилд ийнхүү анх удаа хүнсний бүтээгдэхүүний зах зээлд оролцон, үнийг зохицуулах арга хэмжээ авахаар шийдсэн байна.
Тайландын Засгийн газраас мөн ижил арга хэмжээг авч, бэлэн гоймон, хүнсний тосны үнэд зохицуулалт хийж, ОХУ-д талх, өндөг, сүүний үнэд зохицуулалт хийхээр төлөвлөж байна. Мексикийн зарим суурин газруудад эмх замбараагүй байдал үүссэний дараагаар талхны үнийг зохицуулж эхэлсэн, Венесуэль улс сүү, элсэн чихрийн үнийг тогтоон барьж байна. Дэлхийн банкнаас мэдээлсэн үндсэн гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэд зохицуулалт хийж байгаа 21 орны тоонд Монгол, Казахстан, Камерун, Ямайк, Египет, Йемен, Пакистан зэрэг нь багтжээ.
Эдийн засагчдын сэрэмжлүүлж байгаагаар үнийн зохицуулалт болон төрийн бусад оролцоо нь дотоодын үйлдвэрлэл, боловсруулалт болон худалдааг бууруулахад хүргэж улмаар нийлүүлэлт багасч, зах зээлийн зохицуулалт алдагдан сөрөг үр дагавар авчрах болно гэжээ.
Аргентин улс дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнэд зохицуулалт хийхийн зэрэгцээ үр тарианы экспортын татвар ногдуулснаас болж фермерүүд үндэсний хэмжээний гол замыг хааснаас мах болон сүү, сүүн бүтээгдэхүүний хомсдол үүсч, үр тарианы экспорт зогсоход хүргэсэн байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн өрхийн нийт хэрэглээнд бага хувийг эзэлж байгаа тохиолдолд үнийн зохицуулалт нь оновчтой арга хэмжээ болж чадна. Үнийн зохицуулалтыг хэт удаан хугацаанд хийвэл үнийн огцом өсөлтөд хүргэж болно. Ядуу, хөгжил буурай орнуудад өрхийн зарлагын дийлэнхийг хүнсний бүтээгдэхүүн эзэлдэг тул дэлхий нийтээр хүнсний бүтээгдэхүүний үнэ ийнхүү өсч байгаа нь тэдгээр ядуу буурай оронд хамгийн ихээр нөлөөлж байна. Үнийн зохицуулалтыг маш түргэн хугацаанд авч хэрэгжүүлж болох хэдий ч энэхүү аргаар инфляцийг бууруулж чадах эсэх нь эргэлзээтэй асуудал юм.
1971 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Ричард Никсон тухайн үеийн дөрвөн хувиас хэтэрсэн инфляцийг бууруулахын тулд АНУ-д цалин болон үнийн түвшинг 90 хоногийн туршид нэмэгдүүлэхгүй, тогтоон барих арга хэмжээ авсан. Тэрхүү 90 хоног нь цаашдаа 1000 болон 1974 оны дөрөвдүгээр сард энэхүү зохицуулалтын арга хэмжээг зогсооход АНУ-ын инфляцийн түвшин 10 хувиас давсан байна.
20 жилийн дараа дахин сонгогдсон Перугийн Ерөнхийлөгч Гарсиа энэ удаад инфляцийн эсрэг мөнгөний хумих бодлогыг авч хэрэгжүүлэх гэж байгаа нь ОУВС болон Дэлхийн банкны үзэж байгаагаар хамгийн зохимжтой шийдвэр юм. Харин манай улсын хувьд энэ арга нь тохирохгүй билээ. Яагаад гэвэл манай жижиг эдийн засаг эрүүл биш. Бодлогын хүүгээ нэмлээ гээд инфляцид нөлөөлж чадахгүй. Дэлхийн том, хөгжингүй эдийн засагтай орнууд л хэрэглэдэг. Монгол банкны мөнгөний нийлүүлэлтийг хумих бодлого оновчтой, үр дүнтэй арга биш.

Дөрөв: Эдийн засагчдын гаргасан хариу ихэнхдээ худлаа байдаг. Учир нь үнэ тогтоход нөлөөлдөг хэтэрхий олон хүчин зүйл байдаг учир тэр болгоныг олж тогтоож чаддаггүй. Үнэ тариф болон валютын ханшийг захиргааны аргаар зохицуулах гэсэн оролдлого бүр нь инфляци бий болгож, түүнийг нуугдмал байдалд оруулах үр дагавартай байдаг.
Инфляци нуугдмал байдалд орох тусам эдийн засаг эрүүлжих, үйлдвэрлэл өсөх боломж хумигдаж, хөрөнгө оруулалт хийх материаллаг сонирхол буурч, хөрөнгийг идэж ашиглах, луйвардах, орлогоо нууж татвараас зугтах, өртөг зардлыг буруу тодорхойлох зэрэг эрүүл бус байдал газар авч, эдийн засгийн байдал нуугдахад хүрдэг байна. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг зардал өсөх нь иргэдийн бодит орлогыг бууруулах гол нөхцөл байдаг бөгөөд энэ нь эцсийн дүнд цалин хөлс,тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахад хүргэнэ. Энэ сүлжээ буюу үйл явцыг эдийн засагт “зардлын инфляци” гэдэг.
Үнэ зөв байхын тулд өрсөлдөөн хэвийн байх ёстой. Өрсөлдөөн хэвийн байвал үнэ зөв тогтоно. Үнийг баримжаалж бизнесийн шийдвэрүүд гарна, хөрөнгө оруулалт хийгдэнэ, бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдэнэ. Энэ бол зах зээлийн эдийн засгийн суурь зарчим. Харин Засгийн газар дотоодын зах зээлийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлаа хангах үүднээс гадаад худалдааны бодлогоо зөв тодорхойлох шаардлагатай.
Зах зээлд үнийг зохицуулна гэдэг зүгээр үнийг тогтоогоод барьчихна гэсэн үг биш. Үнэ өөрөө зах зээлийн гол мэдээлэл дамжуулагч. Үнийг зохицуулна гэдэг мэдээллийг засварлана гэсэн үг. Үнэ мэдээлэл зөөж байдаг. Хэрэв төр үнийг хянаж, хөндлөнгөөс оролцоод эхлэх юм бол нягт нямбай мэдээлэл дамжуулж чадахаа больдог. Харамсалтай нь монголд энэ аюул улам бүр бодит зүйл болж байгаа энэ үед асуудлыг шийдэхээсээ илүү асуудалд дөрөөлөн төр /түшмэдүүд/ улам их төсөвтэй, улам их эрх мэдэлтэй, улам их увайгүй болж байгаад би санаа зовж байна ” гэж хуульч Тэмүүжин бичжээ.
Манай улсад инфляц сvvлийн 10 жилд тохиогоогvй их хэмжээнд хvрч, 18 хувийн босго давчихаад байна. Энэ бүхнээс харвал Монголын Төр инфляцийг хувийг жил бүр дараалан давуулан биелүүлж байна. Энэ нэг талаас мөнгөний бодлого алдаатай, нөгөө талаас эдийн засгийн ямар ч тооцоо, төлөвлөгөөгүй гаргаж байгаатай холбоотой юм.
2007 оны эцэст эдийн засаг дах төрийн оролцоо, үнэд тавьсан хяналтыг, зохицуулалт нь дэндэж “Үнийг тогтворжуулах хөтөлбөр” батлан гаргаж мөн үүнийг биечлэн хэрэгжүүлэх байгууллага болох “зөвлөл”-ийг бий болгосон нь үнийн хөөргөдөл, инфляийн хэмжээг улам дэвэргэв. Энэ хөтөлбөрийнхөө хүрээнд “жишиг үнэ” гээчийг бий болгож зах зээлийг хааж боогдуулж байгаа нь бодит үнийн мэдээллийг алдагдуулж байна.
Жишиг үнэ тогтоох нь үйлдвэрлэгч, хэрэглэгчдийг зөрчилдүүлсэн, хуучин социалист аргаа санагалзсан, амьдралд нийцэхгүй арга. Хүнсний бүтээгдэхүүн, тухайлбал, гурил, талхны зах зээлийг аль болох төгс өрсөлдөөнтэй байлгах, монополь, давамгай байдалтай үйлдвэрлэгчид гарч ирэхээс сэргийлэх, шинэ үйлдвэрлэгч уг зах зээлд нэвтрэн орох боломжоор хангах арга хэмжээ авах ёстой.
Чөлөөт зах зээлийн нөхцөл дэх үнийн өсөлт нь эрэлт хэрэгцээг их байгаа буюу хангалт бага байгааг илэрхийлнэ. Үнийн дээд хэмжээ хомсдлыг бий болгодог бол доод хэмжээ илүүдлийг бий болгоно.
Төрөөс үнийн талаар хаалт босгож, зах зээлийн үнээс зориудаар доод хэмжээнд байлгаад байх юм бол нийгэм мөдхөн тухайн зүйлээр дутагдаж эхэлдэг. Төр засаг бараа үйлчилгээний үнийн асуудалд хөндлөнгөөс оролцоод ирэхээр нэг бол дутагдал, эс бөгөөс илүүдэл гарч эхэлнэ.

Тав: Монголын төр үнийг хянахад, зохицуулахад хэдий хэмжээний мөнгийг зарцуулсан бэ?
Төр маань ихээхэн үрэлгэн, үр дүн муутай төсвийн мөнгийг зарцуулдаг нь илэрхий тул үнийг зохицуулах, хянахад их хэмжээний мөнгийг зарцуулажээ.
Засгийн газар инфляцийн эсрэг арга хэмжээ авч чадаж байна уу?
1. Шатахууны үнийг тогтоон барьж зохицуулахад 2007 оны 6 сарын мэдээгээр10 гаруй миллиард төгрөг зарцуулагджээ. Бензин шатахууны үнийг зохицуулахаар төсвөөс 12 тарбум төгрөг гаргасан байна.
2. Автобусны үнийг хянахад ЗГ 12.3 тэрбум төгрөг, өдгөө 24 тэрбум зарцуулахаар төлөвлөсөн байна. /Нөхөн олговорт 8.2 тэрбум төгрөг олгосон/
Төр засгийн *Автобусаар үнэгүй зорчих арга хэмжээ үр дүнгээ өгсөн үү?
3. Үнийн хөөрөгдлөөс сэргийлж гурил, мах нөөцөлөхөд болон гурилын үнийн гаалийн татварыг чөлөөлөхөд 4.2 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүний 2.4 тэрбум нь татварын хөнгөлөлт хэлбэрээр зарцуулагджээ.
ЗГ үнийн хөөрөгдлөөс сэргийлж мах, гурил нөөцөлсөн нь үр дүнгээ өгсөн үү?

ЗГ-ын гурилын үнийн гаалийн татварыг чөлөөлсөн арга хэмжээ үр дүнгээ өгсөн үү?

4. Нийт 20 орчим тэрбум төгрөгийг Засгийн газар үнийн зохицуулалт, тогтвортой байдлыг хангах, “Үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийг батлаж хэрэгжүүлэхэд зарцуулсан байна. Энэ нь бага тоо хэдий биш ч ард түмний халааснаас гарах мөнгө өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.
ЗГ үнийн хөөрөгдлийг зохицуулах хөтөлбөр баталсан нь үр дүнгээ өгсөн үү?

5. “Татварын өршөөлийн хууль”-ийг батлаж төсөвт орох байсан 29 тэрбум төгрөгийг үгүй хийлээ. Иргэд үүнд сэтгэл дундуур байна.

6. Давхардсан тоогоор хоёр сая 10 мянга орчим хүн жилд 691 тэрбум төгрөгийг тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлж байна.
Энэхүү бодлогын шинжилгээгээ аугаа их монетарист үзэлтэн Мильтон Фрийдманий “аливаа асуудлыг шийдэх гэсэн төрийн оролдлого нь түүнээсээ дор асуудлыг үүсгэх болно” гэсэн сонгодог либериал сургаалиар өндөрлөе.

Ашигласан материал, зарим тоо баримт, ишлэл:
• П.Цэрэнбазар “Монгол дах иргэний эдийн засгийн эрхийн хэрэгжилт” Социологи-7 сэтгүүл
• М.Фридмен “Мөнгө ярьдагсан бол...” орч: Чимид УБ, 2002
• Эдийн засагч Даваадорж “Голланд өвчинд нэрвэгдсэн Монголын эдийн засаг” илтгэл
• Д.Моломжамц “ Санхүү мөнгө зээлийн харилцаа” УБ 2008 он 138-р тал
• Л.Ф.Мизес “Либериализм” УБ 2004 97-р тал
• Ерөнхий сайд асан Амаржаргалын ярилцлага “Нийгмийн толь” сонин 2008/04/17-ны дугаар
• Мөн тэнд 356-р тал
• М.Фридман, Р.Фридман “Хувь заяагаа сонгох нь” 209-р тал
• Х.Тэмүжин “ПАРКИНСОНЫ ХУУЛЬ БОЛОН МОНГОЛ ПАРАДОКС” нийтлэл
• “Өдрийн сонин” 2007/12/01 2 –р тал
• МУИС-ын Эдийн Засгийн сургуулийн багш Мэндсайхантай хийсэн стандартчилагдсан сурвалжлага
• Д.Боаз “Либертарианизм” 212-р тал
• Мөн тэнд 275-р тал
• “Нийгмийн толь” 2008/03/28 Баасан гаригийн дугаар
• Том оврын автобусаар 65 мянга гаруй ахмад настан, 5000 гаруй цэрэг, цагдаагийн ажилтан, 20 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 45 мянган оюутан үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй зорчдог.
• /Тээврийн үйлчилгээний төвийн веб сайтаас авав/
• 1995 онд батлагдсан “Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ахмад настан “… нийслэл, аймгийн төвд нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр үнэ төлбөргүй…” зорчихоор заасан.
• “Өдрийн сонин” 2008/03/04 Мягмар гаригийн дугаар

2008 он

2 comments:

горкий said...

энэ бас сайн ажил шүү хэнтийд надад их хэрэг болж байсан

ЗОРИГТ8 said...

Горкий:
Ямар ажилд чи ашигласан билээ...За бараг сар шахам сонин эргүүлж, нет ухаж байжл бүтсэн эд дээ...