Иргэд 38,7 тэрбум төгрөгийг үнэгүй хүртэх ёстой үйлчилгээгээ авахын тулд төлжээ


-Үндэсний хэмжээнд хийгддэг авлигын түвшин тогтоох 7 дахь судалгааны тайлан-

АНУ-ын Азийн Сан үндэсний хэмжээнд хагас жил тутам явуулдаг авлигын түвшин тогтоох судалгааныхаа долоо дахь тайланг гаргажээ. Авлигын түвшин тогтоох судалгааг анх 2006 онд эхлэн нийт дөрөв дэх жилдээ явуулж байгаа бөгөөд энэ удаагийн судалгаа 2008 оны есдүгээр сараас 2009 оны гуравдугаар сар хүртэлх хугацааг хамарсан байна. Энэхүү судалгаа өрхийн түвшинд гардаг авлигын тохиолдлууд, шалтгаан, түүний цар хүрээ, хор уршиг болон цаг хугацаа улирахын хэрээр авлигад хандах иргэдийн хандлага, ойлголтод ямар өөрчлөлт гарч байгааг бодитоор тогтоох боломжийг олгодог билээ. Долоо дахь судалгаагаар гарсан гол зарим үзүүлэлтээс дурьдвал:

-Хээл хахууль нэхсэн тохиолдолд өгөхгүй гэсэн иргэдийн тоо өнгөрсөн судалгаатай харьцуулахад 10 хувиар өсч 51,8 хувь болсон нь хүн амын тэн хагасаас илүү нь авлигыг үл тэвчиж байгааг харуулж байна.

-Мөнгө нь байвөл төлнө гэсэн иргэдийн тоо тогтмол буурч байгаа бөгөөд 2007 оны гуравдугаар сард 45,7 хувь байсан бол энэ судалгаагаар 32,3 хувь болжээ.

-Хахууль өгсөн айл өрхийн тоо 2006 онд 28 хувь байсан бол энэ удаа 15 хувь болж буурсан нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлд амжилт гарч байгааг илэрхийлж байна.

-Хахуулийн дундаж хэмжээ 289 мянган төгрөгөөс 397 мянган төгрөг болтол өссөн бөгөөд өрхөд ноогдож буй авлигын хэмжээг ойролцоогоор тооцвол өндөр тоо гарч байна. Монгол улсад дунджаар 650 мянган өрх байдаг гэж үзвэл эдгээрийн 15 хувь нь өнгөрсөн гурван сарын хугацаанд хахууль төлсөн гэж судалгаанд хариулжээ. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлбэл 2008 оны есдүгээр сараас хүртэлх 2009 оны гуравдугаар сар хүртэл хугацаанд 38,7 тэрбум төгрөгийг үнэ төлбөргүй хүртэх ёстой үйлчилгээгээ авахын тулд төлжээ.

Хэдийгээр дээр дурдсанчлан байдал зөв тийшээ тогтвортой өөрчлөгдөж байгаа ч авлига ядуурал, ажилгүйдэл, инфляцитай зэрэгцэн Монгол улсад тулгарч буй асуудлуудын нэг хэвээр байна.

-Иргэдийн 70,6 хувь буюу дийлэнх олонхи нь хууль, журмын дагуу хүртэх ёстой үйлчилгээгээ хүртэхийн тулд хахууль төлсөн нь судалгаагаар харагджээ.

-Хахууль танай өрхийн орлогод хэр их нөлөөлсөн бэ гэсэн асуултад оролцогчдын 42,5 хувь нь ноцтой хэмээн хариулжээ. Тэр дундаа хөдөө орон нутгийн иргэдийн 52,4, хотын хүн амын 31,3 нь хахууль өрхийн санхүүд ноцтой нөлөө үзүүлж байна гэж үзжээ.

Авлига нэхсэн тохиолдолд 2007 онд иргэдийн 15,2 хувь нь “Авлигатай Тэмцэх Газарт мэдэгдэнэ” гэж хариулж байсан бол одоо 17,4хувь нь ингэж хариулсан байна. Энэ нь олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлд амжилттай ажиллаж чадсаныг харуулж буй ч АТГ авлигыг мэдээлэхэд иргэдийн татан оролцуулах талаар илүү их сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажил хийх шаардлагатай юм.

Хонконгийн АТГ-ын дэд комиссар асан, олон улсын зөвлөх Тони Квок “Монгол улсад авлига тулгарч буй гол асуудал хэвээрээ байна. Гэхдээ байдал дордолгүй бага багаар сайжирч буй нь маш сайн үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч авлигын эсрэг тэмцлийн үр дүнг бататгах, нэмэгдүүлэхийн тулд илүү ихийг хийх хэрэгтэй. Авлигын эсрэг тэмцэлд ард иргэдийн дэмжлэг чухал нөлөөтэй бөгөөд иргэдийн зүгээс Авлигатай тэмцэх газарт үзүүлэх итгэлээ нэмэгдүүлж, төр засгаас хууль эрхзүйн орчинг илүү боловсронгуй, үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгохыг шаардах хэрэгтэй” хэмээн дүгнэжээ. Мөн авлигатай үр дүнтэй тэмцэхийн тулд хуулинд дараах заалтуудыг оруулах шаардлагатай гэжээ.

Үүнд:
-Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах эрх зүйн орчинг бий болгох
-Хөрөнгө, орлогын мэдүүлгийг санаатайгаар буруу мэдээлсэн нь нотлогдсон тохиолдолд эрүүгийн хэрэг болгох
-Мөнгө угаах гэмт хэргийг Авлигатай Тэмцэх Газрын харьяалалд шилжүүлэх
-Хууль бусаар баяжих явдлыг эрүүгийн хэрэг болгох
-Эрүүгийн хэрэгт холбогдсон Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг боловсронгуй болгох зэрэг заалтууд багтаж байна.

Авлигын түвшин тогтоох хагас жил тутмын судалгааг олон түвшний санамсаргүй түүврийн аргыг ашиглан явуулдаг бөгөөд судалгаагаар олон нийтийн чиг хандлагад гарсан өөрчлөлт болоод бусад улс орнуудтай харьцуулах боломжтой үндэсний онцлогтой үзүүлэлт аль алийг нь хэмжихийг зорьдог юм. Судалгааны зарим асуулгын хуудсыг Transparency International Global Corruption Barometer (GCB) дэлхий нийтийн авлигын барометрийн дагуу загварчилсан бөгөөд ингэснээр төсөөллөөс гадна хувь хүмүүсийн авлигатай тулгарсан туршлагыг хэмждэг юм. Энэхүү цуврал судалгаа нь Монгол улсын авлигын эсрэг тэмцэлд олох ололт, амжилтын хэмжүүр болж байна.

9 comments:

ЗОРИГТ8 said...

Anonymous :“Хальт уншсан хүн бол бид баахан мөнгө хүртэх ёстой юм шиг ойлгогдохоор болжээ.…”

ЗОРИГТ8 said...

A.Амарсайхан :“Дээр нь загалмайлсан эцэг ивээж байгаа юм хойно аргагүй ээ”

ЗОРИГТ8 said...

AnonymousД: чиний комментыг санаандгүй устгаж орхилоо. эхний хэсэг нь нэг ииймэрхүү байсан байх.
Гол санаагаа дахиж бичвэл баярлах болно

ЗОРИГТ8 said...

Амараа ахд: ТОм шар хувалзуу

Anonymous said...

Хальт уншсан хүн бол бид баахан мөнгө хүртэх ёстой юм шиг ойлгогдохоор болжээ.

Иргэд үнэгүй хүртэх ёстой үйлчилгээгээ авахын тулд 38,7 тэрбум төгрөгийг төлжээ гэвэл зөв болох ёстой юмаа гэж бичсэн байсан байхаа.

Буруу ойлгоод хоёр толгой яриад хадуураад явчих хүмүүс зөндөө гарна шүү. Судлаач хүн маш сайн найруулгатай бичих хэрэгтэй. Чиний бичлэгийг унших дуртай шүү. Амжилт хүсье.

Anonymous said...

Би өөрөө баахан найруулгын алдаатай бичжээ. хаха. өршөөнө биз дээ.

ЗОРИГТ8 said...

Anonymous:
Мэргэн үгээрээ зэмлэж зөвлөгөө заавар өгсөнд залуу судлаач хүний хувьд талархаж байна.
Тэр хадууралтаас яг одоогийн байдлаар салж чадахгүй л явна.
Амжилт хүсье өөрт тань...

Anonymous said...

Зөвхөн гарчигний тухай л хэлж байгаа гэдэгээ тодруулах хэрэгтэй юм байна. Агуулгын тухай биш шүү. Өөрөө ийм байж хүний алдааг хараад л тээ.

ЗОРИГТ8 said...

Anonymous
Alddaggui hun gej yu baihav.
Oor busad medeelel heregtei bol, asuuh zuil garval, zovlogoo zaavar baival holboo barij heleerei