Социологи ба нийгмийн ажилын харилцан хамааралын тухайд /Социологи сэтгүүлээс/


О.Мөнхбат (Ph.D)
Хүн төрөлхтний түүхэнд хар цагаанаар бичигдсэн эмгэнэлтэй болон , гайхамшигт үйл явдлаар дүүрэн хорьдугаар зууны нэгэн онцлог бол шинжлэх ухаан, техник, мэдээллийн үсрэнгүй хөгжил мөн юм. Эл хөгжил байгаль ертөнцийг танин мэдэх, эзэмдэн захирах төдийгөөр хязгаарлагдаагүй агаад хүн өөрийгөө, цогцлон бүтээсэн нийгмээ судлан таних, оршин тогтнохуйгаа боловсронгуй, аз жаргалтай болгох хэмээсэн хүн төрөлхтний туйлын хүсэл, бодит үйл ажиллагаагаар хаяагаа тэлсэн билээ.
Чухам энэ зуунд нийгмийн олон тооны шинжлэх ухаан шинээр бий болохын сацуу урьд өмнийн уламжлалт ухаанууд өөрчлөгдөн шинэчлэгдэж (дор хаяж ингэхийг чармайж ) хоосноор номнон сурталдах, уран зөгнөл, үл гүйцэлдэх мөрөөдлөөр хэрэгцээ нь хангагдахаа больж, практик үр өгөөж нэхэн шаардаж эхэлсэн нийгмийн хүлээхүй, захиалгад зохицон хөрвөж эхэлсэн аж. Шинжлэх ухаануудын дифференциацлагдах явц асар өндөр түвшинд хүрч аажмаар интеграчлагдан нэгдэх үйл явцад байраа тавьж өгч байгаа нь мөн энэ үеийн нэгэн онцлог билээ.
Нийгмийн ухаан хэн нэгэн сэтгэгчийн бясалгал, оюуны идеаль байгууламжийн цуглуулга төдий байхаа больж эмпирик судалгааны баримт сэлт, тодорхой онол аргазүй, аргачлалд суурилсан шинжлэх ухааны хэв шинжийг олж авч эхэлсэн үед социологи үүсэн бүрэлдэж үүссэн явдал онцгой чухал ач холбогдолтой болсон юм.
Социологи хүний нийгмийг сайжруулан, боловсронгуй болгохын тулд оргүй хоосноос шинээр эхлэх юмуу эс бөгөөс нийгмийн шинэ загварыг урьдчилан бий болгоод түүндээ бодит байдлыг хүчээр тааруулан тохируулахыг эрмэлзэх бус харин яг одоо өөрсдийн амьдарч байгаа нийгмээ судлан мэдсэний үндсэн дээр түүнийгээ илүү хүнлэг сайн сайхан болгох арга замыг эрж хайхыг чухалчилдгаараа уламжлалт ухаануудаас онцлог байв.
Түүнчлэн социологи зөвхөн танин мэдэхүйгээр хязгаарлагдахаас зайлсхийж нэгэнт судлагдан мэдэгдсэн баримт сэлт дээрээ тулгуурлан байж нийгмийн харилцааг төгс төгөлдөржүүлэхүйц шинжлэх ухааны үндэслэлтэй практик үйл ажиллагааг өрнүүлэхийг эрмэлздэг нь ихээхэн прагматик шинжтэй орчин үеийн нийгмийн эрэлт хэрэгцээнд илт нийцэж байлаа.
Yүний зэрэгцээ нийгмийг бүхэлд нь хамарсан бодлого хэрэгжүүлэх нь улс төрийн засаглалын институт, тэдгээрийн баримталж буй бодлоготой шууд холбоотой байдгаас социологи ( ер нь бүхий л шинжлэх ухаан ) зөвлөмж зөвлөгөө өгөх, хэрэгтэй баримт сэлтээр хангах зэрэг үйлчилгээнээс хэтрэхгүйд хүрдэг байна.
Шинжлэх ухаан төр засгийн хооронд эргэх холбоо бүхий боловсронгуй тогтолцоо үгүйгээс судалгаа шинжилгээний явцад олж авсан баримт материал, зөвлөгөө зөвлөмж дэмий үрэгдэхийн ( их сайндаа эрдэм шинжилгээний зориулалтаар ашиглагдана) хамт яваандаа олон нийтийн дотор амьдралгүй, хий онол ярихаас цаашгүй дэмий зүйл гэх зэргээр нийгмийн шинжлэх ухааны нэр хүндэд асар хортой ойлголт бий болоход хүрдэг ажээ. Энэ бэрхшээл зөвхөн социологид төдийгүй бусад нийгмийн ухаанд бүгдэд нь нийтлэг тохиолддог байна.
Социологи болон бусад нийгмийн шинжлэх ухаан өөрийн танин мэдэхүйн хүрээнд олж авсан мэдлэгээ хүний тусын тулд үр ашигтайгаар ашиглах арга замыг буюу нийгмийн практикт гарах гарцыг эрж хайсаар ирсэн бөгөөд эл эрэл хайгуул хорьдугаар зуунд ихээхэн эрчимжсэн юм.
Түүнчлэн нийгмийн хөгжилд хүний хүчин зүйлийн гүйцэтгэх үүрэг асар өсч түүний зан үйл, үйлдэл, хүсэл мөрөөдөл , сэдэл зэргийг ойлгон тайлбарлах нэг үгээр хэлэхэд хүн өөрийгөө танин мэдэх хэрэгцээ хурцаар тавигдах болсон үед энэ чиглэлийн шинжлэх ухаануудын практик функцийн ач холбогдол тулгамдсан шинжтэй болохын хамт бие хүн болон нийгмийн үзэгдэл юмс ганц нэг юмуу цөөн хэдхэн хүчин зүйлээс хамаарахаа больж , тэдгээрийн уялдаа холбоо, харилцан хамаарал урьд өмнө байгаагүйгээр өсөн нэмэгдсэн зэрэг нь дээрх эрэл хайгуулд түлхэц болов.
Дээр дурдсан болон өөр бусад олон нөхцөл байдал нийгмийн шинжлэх ухаануудаас үйл ажиллагааны шинэ хандлагыг буюу интеграчлагдах, нягт хамтран ажиллахыг шаардаж эхэллээ. (Дашрамд дурдахад энэ талаар байгалийн ухаан мөн л арван есдүгээр зууны нэгэн адил хүмүүнлэгийн ухаанд үлгэр жишээ болсон бөгөөд тэдний хамтын ажлын үр дүнд биохими, геофизик, биотехнологи зэрэг салбар дундын шинэ, шинэ ухаанууд төрөн гарсан билээ.)
Нийгмийн ухаануудын интеграчлал өнөө хир ихээхэн учир дутагдалтай байгаа агаад харин өмнөх зууны төгсгөлд бүрэлдэж эхэлсэн нийгмийн ажил эл чиглэлийн томоохон амжилт ( нийгэмд гарах гарцын хувьд ) болж чадсан юм.
Нийгмийн ажил бие даасан мэргэжил болохын хувьд хүмүүнлэгийн олон ухаан , түүний дотор социологи, нийгмийн сэтгэл судлал дээр тулгуурлан бий болжээ. Эдгээрээс ялангуяа социологи нийгмийн ажлын онол аргазүйн бааз, суурь ухаан нь болсон бөгөөд энэ талаар тодотгож ярихын өмнө нийгмийн ажил гэж юу болох тухай товчхон авч үзье.
Нийгмийн ажил гэдэг бол дэмжлэг тус шаардлагатай байгаа бие хүн болоод бүлэгт холбогдох байгууллагуудаас ( ихэвчлэн нийгмийн хамгааллын гэх зэрэг төр засгийн институтууд болон бусад ) үзүүлж буй зохион байгуулалттай тусламж бөгөөд хүсэж шаардсан бүхэнд бус зөвхөн дээрх байгууллагуудаас шаардлагатай гэж үзсэн хүмүүст үйлчилдгээрээ буяны байгууллагуудаас ялгаатай юм.
Нийгмийн ажил бол социаль баялагийн хомсдол , түүний тэгш биш хуваарилалтаас үүсэн гарч байгаагаас гадна бие хүмүүсийн мэдлэг чадварын хомсдлоос үүдсэн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгддэгээрээ онцлогтой.Чингэхдээ хүмүүсийг дотоод нөөц бололцоогоо илрүүлж, өөрөө өөрсдөдөө туслах чадамжтай, амьдрал хувь заяаныхаа эзэн байх чадвар эзэмшихэд тусалдаг ажээ.
Нийгмийн ажил бие хүн болоод социаль бүлэгт хандан баримжаалж өрнөдөг бөгөөд бүлэг үүсгэх үндсэн шалгуур нь эд баялаг, орлого төдий бус социаль ач холбогдолтой бүхий л асуудлууд байдгаараа ихээхэн өргөн хүрээтэй ажээ.Тухайлбал : Өндөр настан гэсэн бүлэг үүсгэх шалгуур бол хөгшрөл агаад үүнд нийгмийн ажлын субьект гэж томьёологдсон, баян ядуу гэлтгүй бүхий л ахмадууд орох г.м.
Дашрамд дурдахад нийгмийн ажлын статусын талаар харилцан адилгүй үзэл бодлууд оршдог бөгөөд тэдгээрийг бүлэглэж дараах байдлаар ангилж болно. Yүнд 1-рт, нийгмийн ажил бол бие даасан шинжлэх ухаан юм, 2-рт , энэ бол практик үйл ажиллагаа буюу мэргэжил мөн гэж үздэг үзэл.
Эл өгүүллийг бичигчийн хувьд нийгмийн ажлыг шинжлэх ухаан гэж үзэх нь хэт эртэдсэн асуудал агаад эдүгээ түүний дотоод гадаад институтчлагдах ( ялангуяа дотоод ) үйл явц эхлэл үедээ, энэ утгаараа парадигмийн өмнөх шатандаа явж байгаа бөгөөд алсдаа нийгмийн шинжлэх ухааны харилцан үйлдэл, интеграчлалын үр дүнд бие даасан социаль ухаан болох боломжтой юм.
Харин өнөөдрийн хувьд нийгмийн ажил бол социаль, ялангуяа социологийн шинжлэх ухааны практик үйл ажиллагааны илэрхийлэл, нийгэмд гарах гарц болсон шинэ мэргэжил мөн гэж хэлж болно. Эдүгээ нийгмийн ажил хөдөлмөрийн хуваарийн тогтолцоонд нэгэнт байраа эзэлж чадсан нь үүний нэгэн баталгаа мөн.
Нийгмийн ажлын үйл ажиллагааны гол цөм нь социаль ач холбогдол бүхий асуудал ба тэдгээр нь бие хүн , бүлгийн зан үйл, харилцан үйлдлийн үр дүнд бий болж байдаг социаль харилцаанаас урган гарч байдаг байна.
Нийгмийн ажлын шийдвэрлэхийг эрмэлзэж буй асуудлын цар хүрээ хэвийн ба хэвийн бус гэсэн ойлголтоор хязгаарлагдах ба энэхүү зааг хязгаарыг голлон шинжлэх ухааны тодорхой онол арга зүй дээр суурилсан судалгаа шинжилгээний тусламжтайгаар тогтоохоос өөр зам үгүй. Жишээлбэл : хэвийн ба хэвийн бус зан үйл гэдгийн ялгааг гаргаж байж гэмт хэрэгтнүүд, мансууруулах бодис хэрэглэгчид, архичид гэх мэт девиант бүлэгтэй ажиллах нийгмийн ажил боломжтой болно.
Дээр өгүүлснээс үзэх ахул нийгмийн ажлын судлах зүйл социологийн онолын мэдлэг ,ойлголт ухааны аппаратын хүрээнд бүрнээ илэрхийлэгдэж байгаа агаад тэдгээрт суурилахгүйгээр нийгмийн ажил үр өгөөжтэй оршин тогтнох бололцоогүй юм. Харин практик үйл ажиллагаа мэргэжил болохын хувьд ажлын арга барил, аргачлал, дадлын хувьд нийгмийн болоод хүнийг судалдаг өөр бусад шинжлэх ухаануудаас өргөнөөр авч ашиглах боломжтой билээ.
Бодит амьдралаас үзэхэд нийгмийн харилцаа, социаль үзэгдлүүдийн холбоо хамаарал , харилцан шүтэлцээ болон өөр өөрийн шинжлэх ухааны судлах зүйлийн онцлогыг ухан ойлгоогүйгээс судлагдхуунаа булаалдах, тэдгээ рт нарийн чанд хил хязгаар тогтоохыг эрмэлзэх, урт удаан жилийн өв уламжлалаараа ихэрхэн амбици гаргах зэргээр зөрчилдөх нь нийгмийн ухааны интеграчлагдах үйл явцад голлон саад тотгор болж байгаа билээ.
Харин нийгмийн ажил эл бүгдээс хол хөндий байх бүрэн боломжтой бөгөөд нийгмийн шинжлэх ухаануудын онолын мэдлэгийг практикт хэрэгжүүлэх арга зам болохын хувьд тэдгээрийн хамтын ажиллагааны бодит илэрхийлэл болж чадах юм.

No comments: