ХЯМРАЛЫН ҮР, ТҮҮНД ТАВИХ ОНОШ /Судлаач: Д.Ганхуяг/

Судлаач Д.Ганхуягын олон олон нийтлэл нийгмийн аль ч цаг үеийн үнэн төрх, бодит байдлыг тусгаж чаддаг социологийн бүтээгдэхүүн байдаг билээ. Иймийн тул "Ерөнхийлөгчийн сонгууль" гээд ид бужигнаж буй өнөөгийн нөхцөлд судлаач, эрдэмтэд ер нь хүн бүхний уншвал зохих "Хямралын үр, түүнд тавих онош" өгүүллийг блогтоо тавьж байна. Энэхүү өгүүллийг 2006 онд буюу Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан бичиж байжээ.

Манай нийгэм юм юм нь болохоо байчихаад байна. Төр засгаасаа эхлээд бөх, морь хүртэл үүнд хамаарна. Энэ нь хэн бүхэнд ойлгомжтой, нүднээ ил үзэгдэл юм.
Юу гэгч нь болохоороо арав гаруй жилийн мөрөөдөл маань ердөө л зүүд зэрэглээ болдог билээ ? Үүнд хариулахын тулд эхлээд шинжлэх ухааны үндэстэй онош тавьж, дараа нь гарцыг тодорхойлох ёстой.
Өнөөгийн төрийн байгууламжид аль ч нам, ямар ч хүн сонгогдон гарч ирлээ гэсэн анхнаасаа санаатай болон санамсаргүйгээр буруу бүрдүүлж, төлөвшүүлсэн улс төрийн системийг үндсээр нь засаж өөрчлөхгүйгээр амжилт олох ямар ч боломж байхгүй гэдэг нь олон жилийн судалгааны дүнгээс төдийгүй бидний практикаас тодорхой байна. Ямбий машины жолоон дээр ямар ч сайн жолооч суулгаад түүнийг засахаас нааш хөдөлгөж чадахгүйтэй бидний байдал төстэй юм.

Өнөөдөр эргэн тойрон шүүмжлэл, хараалаас их юм алга. Бүгдээрээ шахам өөрөөсөө бусдыг харааж буй боловч нийгэм, үндэстнээ аврах, хэрхэн өөрчлөхийг бодож байгаа нь тун цөөн.
Олонхи иргэд “бүгдээрээ адилхан луйварчин” гэсэн дүгнэлт хийж, цөхрөлд ороод байна. Харин улс төрчид, намууд л би, бид сонгуульд ялбал ёстой гоё болгоно гэж улигт үгээ зэхэж байна. Тэдний сөнөөсөн, нураасан нь багадаагүй байлтай…

Тэдэнд улс орныг хөгжүүлэх төлөвлөгөө байтугай, нийгэм бүхэлдээ дампуурал мухардалд орсны шалтгаан, нөхцөл, бодит үр дүнг үнэлсэн дүгнэлт үзээд өгье гэсэн ч байхгүй юм.
Энэ нь шинжлэх ухаан гээч юмыг уландаа гишгэсэнтэй шууд холбоотой. Өнөөдөр төрийн машин нь гацаж ямбийгаад, нийгэм нь тарсан шагай шиг задраад ирэхлээр одоо л орой руу нь орсон шинжтэй хааяа нэг системийн хямрал, системийн өөрчлөлт гэж ярьдаг болж.
БНМАУ – аас Монгол Улс руу
Ардчилал, зах зээлд шилжсний гол агуулга нь социалист БНМАУ –аас Монгол Улс руу төр, нийгмийн байгууламжийн хувьд шилжсэн явдал юм. Энэ нь ХХ зуунд монголын нийгэмд хийсэн хоёрдахь том трансформаци байв.
Бидэнд цаасан дээрх шинэ Үндсэн Хуулийг бодитой үйлчилдэг хууль болгох том шилжилт хийх хэрэгтэй байв. Монгол Улсыг байгуулах энэ үйлс бидний тун цөөн ярьдаг Үндсэн Хуулийн хавсралт хуулийн дагуу явагдсан бөгөөд 1992 – 1996 оны УИХ шинэ Монгол Улсын төрийн байгууламжийг бүтээх нүсэр ажлыг хийж гүйцэтгэсэн билээ. Энэ үеэс эхлэн системийн гажилт санамсаргүй, мэдэхгүйн хажуугаар бюрократ ангийн аминч, хорлогчинтой үйлдлийн улмаас аажим аажмаар хуримтлагдаж эхэлжээ.
Ингэж шилжих явц дунд гажуудлыг мэдэж ойлгох нөхцөл, цаг хугацаа, сэтгэлгээний боломж байгаагүй байх. Асар удалгүй энэ нь илт мэдэгдэж, 1996 - 2000 оны улс төрийн хөгийн үйл явдлууд төрийн шинэ байгууламж ихээхэн эмзэг, тогтворгүй болсныг тод харуулав.
Тун цөөхөн сэхээтэн үүнийг анзаарч системийн ноцтой оношлогоо, дүгнэлт хийсэн юм. Улмаар буурьтай сэтгэгч, нарийн мэдрэмжтэй цөөн хүн энэ гажуудлыг засаж залруулах анхны оролдлого хийж, шинэ Үндсэн Хуулийн төсөл хүртэл боловсруулсан байдаг.
Гэтэл төрийн энэхүү эмх цэгцгүй байдлыг ашиглан хязгааргүй эрх мэдэлд хүрэх гэсэн явцуу бүлэглэл гарч ирсэн юм. Тэд эхлээд төрийг үймүүлэх, бусниулах ажлыг амжилттай хийж, улмаар Үндсэн Хуулинд халдан, 2000 оноос эхлэн төрийг шууд дарангуйлал, авилга, арилжааны тогтолцоо болгон хувиргав. Үүний үр дүн нь төрийн бүрэн дампуурал, эвдрэл болоод байна. Ингээд улс төрийн системийг үндсэн бүрдэл, хүчин зүйл тус бүрээр нь шинжилж үзье.
1. Зорилт
Дэлхийн практикт эдийн засгаас гадна нийгэм, соёл, үндэстэн, угсаатан, шашин, ёс суртахуун, хүмүүжил, нийгэмшил, гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан зэрэг нийгмийн систем бүрдүүлэгч хүчин зүйлсийг цогц харгалзан хөгждөг гэдгийг батлахаараа нэг болсон билээ.
Аливаа нийгмийн системд гүн ухааны хэллэгээр субстрат буюу амь гэж байдаг бөгөөд энэ нь миний бодлоор үндэсний эх оронч үзэл болно. Энэ нь бид хаанаас ирсэн бэ, бид хаана байна вэ, бид хаашаа явах вэ гэсэн энгийн боловч мөнхийн асуултад үндэсний буюу өөрийн гэсэн үзэл санаа, чиг баримжаатай байна гэсэн үг юм. Манайхаас бусад олонхи улс гүрэн, ард түмэн ийм үзэл, баримжаатай болчихсон бөлгөө. Гэтэл бид геополитикийн хувьд аварга том соёлуудад хуваагдан тасдуулах гэж буй бялуу шиг, эсвэл тэдний алийг нь дагахаа мэдэхээ байж төөрсөн хүүхэд шиг, даяаршил гэх том урсгалд зоргоороо хөвөх зомгол шиг байдалд ороод байна. Энэ нь эцсийн бүлэгт өөрийн амь буюу субстратыг олоогүйтэй холбоотой юм. Үндэсний үзэл санаа, зорилт хэмээх энэ амин чухал зүйлийг бид аль болох хурдан бүтээх шаардлагатай.
2. Зорилго
Энэхүү үндэсний эх оронч үзэл санаанд тулгуурлан нийгмийг хөгжүүлэх зорилгуудыг тодорхойлж, түүндээ хүрэх дэс дараатай алхам хийх явдал нэн чухал байдаг.
Аливаа юманд авах гээхийн учир жанцан гэж буй. Намтраасаа салж чаддаг хүн байдаггүйн адилаар түүхэн бодит байдлаасаа ангижирч чаддаг нийгэм гэж байдаггүй юм. Бид уламжлал шинэчлэлийн харьцаа, түүхэн тасралтгүй буюу топологи хэмээх түгээмэл зарчмыг умартжээ.
Удирддаг яамтай биш, бодлогын яамтай болно гэж давхисаар байгаад ийм яамдтай болоод авав. Асар удалгүй агентлаг бий болгож, нөгөө яамдынхаа бодлогыг дахин бодлого болгодог, мөн удирддаг 60 – 70 газар байгуулаад авав. Энэ жилүүдэд төрийн захиргааны бүтцийн болон функциональ өөрчлөлтийг лавтайяа 5 удаа хийв. Нэг мэдсэн чинь шийдвэр гаргах эрх мэдлийг хэт жижигрүүлэн хэрчиж, төрийн удирдлагын эмх цэгц, шүтэлцээг алдагдуулснаа бүх юм баларсан хойно сая мэдэцгээв. Дор хаяж л хүчээр баталсан төрийн удирдлага, санхүүжилтийн хууль өнөөдөр лай ланчиг болж, үүнийгээ цуцлах дээрээ тулаад байна.
Ардчиллын амин сүнс нутгийн өөрөө удирдах ёсыг бүрэн устгав. Засаг захиргааны хуваарь социализм, капитализмтай нэг их хамаагүй атал түүнийг удирдлагын бусад функцээс салангид өөрчлөх гэж зүтгэснээр монголчуудын хамгийн эмзэг асуудлыг сэдрээж, орон нутгийн удирдлага, улмаар бүсчилсэн хөгжил, төрийн удирдлагатай холбоотой гацаанд ороод байна. Хэдэн жил цангатлаа ярьж байсан “Төвлөрлийг сааруулах үндэсний хөтөлбөр”-өө төр нь өөрөө хайгаад олохоо байчихаад байна.
Бүгдээрээ шахам бодлого боловсруулаад байтал Монгол улс нэг мэдэхэд 300 шахам төрийн бодлоготой болчихдог юм байна. Энэ нь үнэн хэрэг дээрээ ямар ч бодлогогүйн шинж. Цагаан болон ногоон хувьсгал, мянганы зам, ногоон хэрэм, нэг сая мод, бүсчилсэн хөгжил зэрэг сүржин нэртэй даржин хөтөлбөрүүд манай төрд зорилго гээч юм огт байхгүйг нотолж байна. Асар их өртгөөр “Сайн засаглал” хөтөлбөр хэрэгжүүлж адгийн муу засаглал тогтоохыгоо бид бодлого гэж нэрлэх бөлгөө.
3. Бүтэц
Манай төрийн шинэ байгууламж дөрвөн дугуй нь өөр өөр, бараг бүх эд анги нь барууны гэгдэх орон болгоноос хуулбарлаж, хүчээр холбож зүйсэн ямбий машин шиг хөгийн эд болсон юм. Харин гадуур нь ардчилал гэж нэг сайхан бүхээг тавьсан нь түүнийг гоё харагдуулж байжээ. Үүнд гадаадынхан хүртэл хууртаж, Монголын ардчилал бараг хамгийн шилдэг нь гэж дүгнэж байв. Үнэн хэрэг дээрээ Монголын нийгмийн ямар ч онцлогийг тусгаагүй учраас төрийн энэ машин анхнаасаа зөв ажиллах бололцоогүй байсан юм.
Жишээлбэл, Тагнадаг чагнадаг гэж загнасаар байгаад Тагнуулын байгууллагаа бараг сөнөөж, үүний эсрэг Цагдааг сөргөлдүүлэн тавив. Үүнээс Хилийн цэрэг ч хоцорсонгүй, өөрийн тагнуулын албатай болж санаа амрав. Учир нь тагнуул, цагдаа хоёр гаалийнхантай нийлж контрабанд хийгээд байхад хилийнхэн зүгээр хараад сууж болохгүй биз дээ. Дараа нь эдгээр байгууллага дахь түлхүүр албан тушаалуудыг нь улс төрийн нөлөөллийн бүс болгон хэрчин хувааж өрсөлдөгч бүлэглэлүүд хувьчилж, өмчилж авах болов. Ингэснээр манай хүчний байгууллагуудыг улс төрийн өрсөлдөөний зэвсэг, залхаан цээрлүүлэх машин болгож, нийгэмд үйлчлэх үүргээ биелүүлэх, хуулийн дагуу ажиллах чадварыг нь алдагдуулав. Дэлхийн аль ч улсын хүчний байгууллагын систем эрх мэдлийн хатуу шатлалтай байдгийг бид мартжээ.
Энэ мэтээр бүх байгууллага, салбарын дотоод бүтэц, орчны ая тухыг хангаж өгснөөр, тэднийг эдийн засаг, эрх мэдлийн төлөө өрсөлдөөнд татан оруулснаар төр нь ард түмний эсрэг биежсэн бүтэц, зохион байгуулалттай хүчин болон хувирав.
4. Технологи
Тогтвортой байх ёстой төрийн бодлого, үйл ажиллагаа хэдхэн жил болоод орвонгоороо өөрчлөгддөг хуучтай болов. Энэ нь шийдвэр гаргах технологийг устгаж, төрийн нэр барьсан луйварчид дураар дургих болсонтой шууд холбоотой.
Дэлхийн дээрх бүх төрийн удирдлагын хамгийн гол, мөнхийн асуудал нь салбарын болон орон нутгийн удирдлагын зохист харьцаа байдгийг бид ор тас умартав.
Бид салбарын удирдлагаар дагнан, нутгийн удирдлагыг зөнд нь орхисон нь төрийн удирдлагад гаргасан зарчмын томоохон алдаа байлаа. Энд би удирдлага гэдэгт дарга нарыг биш, тодорхой үр дүнд хүрэх ёстой үйл явцыг хэлж байна. Үүний улмаас нутгийн удирдлагад илт феодалын шинжтэй засаглал тогтож, манай улс монголын аймгуудын холбооны (федераци) зарчмаар ажиллах болов. Салбарын удирдлагад төвлөрөл дэндэж, бүхнийг хэдхэн хүн удирдаж, бараг хаант засгийн хэлбэрт (унитар) ороод байна. Ийнхүү төрийн удирдлага унитар, федератив гэсэн хоёрдмол шинжтэй болов. Огт нийцдэггүй юмыг бид л хийж чадах бөлгөө. Манайд угсаа залгамжлах ёс үлэмж бэхжиж байгаа нь үүний нотолгоо болно.
Төрийн байгууламж нь ийм хөгийн бантан болсон тохиолдолд түүнийг удирдах шиг амархан юм гэж хорвоод байхгүй билээ. Улс төрийн намын нэрээр явцуу бүлэглэл эрх мэдэлд хүрнэ, тэгээд нам төрийн аппаратыг нэгтгэнэ, дарангуй арга барил тогтооно, улмаар энэхүү хосолсон хүчийг ашиглан хуульгүй мэт дураараа дургина гэсэн технологитой.
Удирдлагын арга барилыг огт өөрчлөөгүйгээс явцуу бүлгүүд дарангуйлалд шилжиж, ил тод байдлыг хангаагүйгээс ард түмний болон бусад аливаа хяналтаас ангид байх цоорхой гаргасан нь хуйвалдаан, далд улс төр, авилгал цэцэглэх нэн таатай нөхцлийг бүрдүүлж өгчээ. Бүхий л салбарт удирдлагын дарангуйлах, боолчлох бурангуй арга барил тогтов. Ингэж улс төрийн технологийг холион бантан болгосноор төрийн удирдлагын бүхий л механизмыг гацаанд оруулжээ.
Улс төрийн технологи, артикуляци, механизмын цогц байхгүй тохиолдолд төр гэдэг зүйл байхгүйтэй адил юм.
5. Ажилтнууд
Хуучин төрийн номенклатур аппарат төрийн байгууламжийн бүх хуулиудыг өөрөө боловсруулсан нь системийн гажиг үүсэх голлох нөхцлийг бүрдүүлжээ. Өөр ч олигтой арга байгаагүй байх.
Эдүгээ энэхүү бюракрат анги тооны хувьд социализмын үеийнхээс ч даван гарч, чанарын хувьд нам, төрийн ажил гүйцэтгэх чадамж нь бараг бүрэн алдарсан хэдий ч бохир эдийн засаг, далд улс төрийг удирдах гол бааз суурь болоод байна. Төрийн албыг эрх мэдэлтнүүдийн харилцан гуйлгаар бүрдүүлсээр байтал эдүгээ овгийн байгуулал шиг болж хувираад байна. Үүнийг тэмдэглэх нэр томъёо шинжлэх ухаанд одоохондоо алга. Төрийн алба арилжааны зарчмаар ажиллах болсон нь түүнийг авилгын сүлжээг ивээн өөгшүүлэгч гол зангилаа болгон хувиргажээ.
Энэ анги аль болох их эрх мэдэл, аль болох бага хяналт, өөрөөр хэлбэл тусгаар тогтнол доторхи тусгаар тогтнол мандтугай хэмээн ажилласан нь ийм үр дүнд хүргэжээ. Төрийн боловсон хүчний бодлогыг бүрмөсөн алдсан нь том гажуудал болж байна.
Төрийн жолоон дээр нийгмийн дунджаас дээш боловсролтой хүмүүс байж л түүнийг удирддаг гэсэн зарчмыг бид ноцтой зөрчжээ. Дилетант буюу Ринчен авгайн хэлснээр хуурамбууд монголын төрийн жолоог атгах болов. Францын нэрт дипломат, ноён Талейран “Их мөнгөтэй байхын тулд их ухаан хэрэггүй, ердөө л сэтгэл зүрхгүй байх хэрэгтэй” гэж хэлсэн нь буй. Манай хуурамбууд яг л ийм бөлгөө.
Хамгийн хорлогчинтой нь тэдэнд мэдэхгүй чадахгүй зүйл гэж огт үгүй, бүхнийг сэглэж зэмдэглэж явдаг бөлгөө. Тэднийг зөвхөн баяжих хөлжих инстинк л жолооддог аж. Тэдэнд чадахгүй юм ганц л байдаг бөгөөд энэ нь асар их сэтгэл зүтгэл, ухаан, цаг хугацаа, хүч хөдөлмөр заран байж бүтээх сонгодог бүтээл туурвил, түүхэн гавъяа юм.
Нам, төрийг бүхэлд нь залуужуулах практик үнэхээр хуурамч болох нь одоо нотлогдож байна. Ямар ч улсад залуу хүн эхлээд анхан, дунд шатнаас олон түмэн, хамт олны дунд ажиллаж, алдаж онож, мэргэжиж, төлөвшиж байж алба тушаал, нэр хүндийг шат шатаар хөдөлмөр зүтгэлээрээ олж авдаг жамтай. Гэтэл нусаа ч арчиж чадахгүй байж би гадаадад боловсорсон, би шинэ үеийн хүн хэмээн улайрах залуус бол ирээдүйн дарангуйлагч болно гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Энэ нь манай төр ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог алдсаны гамшигт үр дүн мөн. Энэ холбоогүйгээр төр ч, нийгэм ч оршин байх боломжгүй юм. Хүүхэд нь хүртэл парламент болж тоглодог, тэднийгээ манай дарга ирлээ гэж айлгадаг, залуус нь төрд орох гэж намд дугаарлан зогсдог манайх шиг хөгийн газар цөөн л байх.
Төрд бизнесүүдийг огтоос хавьтуулж болохгүй аж. Эхний саяыг хулгайлж олдог гэдэг нь үнэн юм байна. Хэрэв энэ үндэслэлийг худлаа гэх зоригтой бизнесмен байвал үүнийгээ нэртэй устайгаа ил хэлээч гэж хүсэх байна. Би түүний хулгайч, дээрэмчин гэдгийг нотлох л болно. Шилжилтийн үеийн замбараагүй нөхцөлд бэлэн баялгийг таслаж авах замаар зүгээр шахам баяжсан хүмүүс томхон кампанийг ч, эдийн засгийг ч, улс төрийг ч удирдаж чаддаггүй юм байна. Тэдэнд улс төрийн эрх мэдлээр дамжуулан хөрөнгөө хамгаалах, арвижуулах ганц л арга үлдсэн бөгөөд тэдний энэ утгагүй шуналаас болж Монгол улс бүхэлдээ сүйрч байна.
Манай хөрөнгөтнүүд гадаадын эрх ашгийг шууд хамгаалагч компрадор, мөн хөрөнгө хогшил хураах, тансаглахаас өөрийг мэдэхгүй нувориш гэсэн хоёрхон хэсэгт хуваагдаад байна. Зүй нь үндэсний хөрөнгөтөн төрөн гарвал зүгээрсэн. Тэдэнд ингэж нүнжиг суух шинж огт алга.
Тэд бүхэлдээ шахам улс төрийн эрх мэдэлтэй, мөн улс төрийн нөлөөний бүсэд хамаарах болсон учраас эрх мэдэл, мөнгө хоёроороо юуг ч худалдан авч болно гэж аархаж, галзуурч байна.
Уг нь тэдний хөрөнгийг хураана гэсэн хэн ч байхгүй, хэтэрсэн шуналаа арай татаач гэсэн шаардлагыг л ард түмэн тавьж байгаа. Гэтэл тэд хорвоод хоёр амьдрах мэтээр авирлаж байна. Төрийг хөнөөж байгаа гол шалтгаан энэ болж байна. Эсвэл тэдний аалзны тор шиг сүлжээг таслах, эсвэл тэдний оролцоотойгоор тоглолтын шинэ дүрэм тогтоох хоёрын нэгийг сонгох цаг болоод байна. Эхний зам нь хувьсгал болно, удаах зам нь шинэчлэл болно. Шинэчлэл буюу тоглолтын шинэ дүрэм зохиох боломж хараахан шавхагдаагүй байгаа бөгөөд эрх баригчид үүнийг ухаарвал мөнөөх маань шиг уншдаг үндэсний эв нэгдэл чинь тэр болно.
Төрийн удирдлага жолоодлого, шатлал, эмх цэгц, субординаци болон координаци харилцаа алдарч, технологи, артикуляци, механизм гацаж, төрийн байгууламж үр нөлөөгүй шахам болсны учир шалтгаан юу вэ ? Энэ нь төрийн удирдлагын орчин гэж нэрлэгдэх системийн үндсэн хүчин зүйлүүдээс хамаардаг.
1. Улс төрийн үйл явц
Ардчиллын эхний жилүүдэд хуучин системийг нураах эвдлэх ажлыг голлон хийж иржээ. Ер нь хорвоо дээр үүн шиг амархан ажил гэж байдаггүй байх. Үүнийгээ орлуулах шинэ зүйлийг хийхдээ агуулгын хувьд ердөө л гаднаас хуулбарлах ажлыг хийжээ. Энэ нь мөн л дэндүү амархан ажил байлаа.
Зүгээр ч нэг хуулчихсангүй тэргүүний, дэвшилтэт гэж үзсэн болгоныгоо улс улсаас аван зүйж орхив. Гажуудал эндээс л эхтэй. Дэвэн дэлхийгээр хэсч, хийсэн хурал, зөвлөгөөн, семинарынхаа тоогоор Гиннесийн номонд орохоор их ажил хийв. Сайн санаа, ирмүүн хөгжих санааны үүднээс хийсэн шинэ төрийн байгууламж нь яг ажиллаад ирэхлээрээ гацаж эхэллээ.
Төрийн шинэ байгууламжийг бид бүтээхдээ эрх мэдлийг зааглах гэдгийг эд юм хуваахтай адил ойлгож, ямар ч хяналтгүй, автономи байдалтай, хариуцлагын аливаа ойлголтоос ангид олон салаа, олон шатлалтай, монголын жижиг нийгэмд хэт томдох төөрдөг байшин шиг болгож орхижээ.
Эдүгээ манай төрийн байгууламжид дутуу зүйл бараг байхгүй боловч ажилладаг, хөдөлдөг, авцалддаг, зохицолддог нь мөн адил байхгүй билээ. Хариуцлага гэхээр бид л дээрээс доошоо чиглэсэн босоо зүйлийг ойлгодог болохоос биш, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх субъектуудын үйл ажиллагааг зохицуулах хэвтээ хариуцлага байдаг гэдгийг оргүй хаяжээ. Үүнийгээ дагаад гаднынхан байтугай өөрсдөө ч учрыг нь олохгүй энэ хөгийн системд үр өгөөж гэж ёстой нэг байхгүй гэдгийг бидний амьдрал нотолсоор байна.
Зээл тусламж сайн хэдий ч яам, агентлагийн дэргэд ажиллаж буй гадаадын төслийн багийн ажилтны тоо яамдынхаа ажилтны тооноос аль хэдийнээ даван гараад байна. Гадаадын зээл тусламжийн хэмжээ манай ДНБ- ий 90,6 хувьд хүрээд байна. Энэ нь Монгол Улс бие даасан улс төр, эдийн засгийн бодлого явуулах чадвараа алдсаны тод жишээ болно. Хэн нь манай улсыг удирдаж байгааг мэдэж байгаа хүн байхгүй болоход ойрхон байна.
Улс төрийн намаар халхавчилсан явцуу бүлэглэлүүдийн хуйвалдаан нам дамжсан хэлбэрт орж эрх мэдлээ хадгалах тоглолт хийж байгаа, нөгөө талаас тэдний өрсөлдөөн ямар ч дүрэмгүй болсон нь нийгмийн хөгжлийн гол тээг болж байна. Нам гэгч мам болоод удаж байна. Эдгээр нөхцөл байдлын улмаас манайд далд, бохир, хуйвалдааны улс төр зонхилох болов. Үндсэн Хуулийг ч сахихаа байв.
2. Эдийн засгийн төлөв байдал
Эрх баригч явцуу бүлгийн дур зоргийн авир өнөөдөр эхэлсэн ч юм биш. 1993 оны 4 дүгээр сард АНУ – ын Сан франциско хотноо манай Засгийн газар АНУ – ын “Айбекс” групптэй “Түншлэлийн гэрээ” гэгчийг байгуулав. Энэ гэрээнд: Айбекс групп болон түүний холбогдох компаниуд Монголын эдийн засгийн гол салбаруудын төслүүдийн санхүүжилт, хэрэгжилтийг зохион байгуулах, Монгол улсыг гадаад орны компаниудын түшиц газар болгох, Хятадын зохих мужуудтай хамтарсан чөлөөт бүсийг Монголд байгуулах, Монгол Улс энэхүү хамтын ажиллагаанд өөрийн улсын хилийн доторхи байгалийн болон бусад нөөц баялгаар оролцох, Монгол улсын засгийн газар хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах үүднээс хөрөнгө оруулалтын хууль болон холбогдох бусад хуулийг өөрчлөх, хянах арга хэмжээг авах, энэ гэрээнд тусгагдсан бүх нөхцөл, эрх ашгийг Монгол Улс, Монголын засгийн газар батлан хангаж гэрээний хугацаанд тэдгээрийг Засгийн газрын тухайн үеийн болон цаашдын үйл ажиллагаагаар, түүнчлэн аливаа хууль тогтоомжоор өөрчилж, засаж, буцаахгүй гэж заасан бөгөөд дээр нь энэхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш 99 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байхаар тохиролцжээ.
Эх орон, ард түмэн, тусгаар тогтнолоо шууд худалдсан энэ гэмт хэргийг энгийн хүн мартаж болох боловч судлаач хүн мартдаггүй юм. Цааш нь ч ярих юм их бий…
Эл аюумшигт жишээ нь шинэ Монгол Улсын төр анхнаасаа хэсэг хүний мэдэлд аль хэдийн орчихсныг тод харуулдаг. Одоо ч гэсэн энэ төлөвлөгөө ид хэрэгжиж байгаа бус уу ?
Анхлан Монгол Улс байгалийн нөөц баялаг, тааруухан орны тоонд багтаж, барууны орнуудыг түшиглэж хөгжлийнхээ хандлагыг тогтоож байсан. Монгол Улс саяхнаас дэлхийн хамгийн баян 10 улсын нэгд багтах болов. Арав гаруй жил төрийн өмчийг дээрэмдэх, өмч хувьчлалаас завших, гадаадын зээл тусламжаас зувчуулах хэдхэн аргаар хөлжиж байсан олигополи бүлэглэлүүдэд тоолшгүй их мөнгө харагдаж болов. Ядуу хүн гэнэт баяжих шиг хэцүү юм хорвоод үгүй билээ. Энэ нь нэг талаас манай ирээдүй, нэг талаас зовлон болон хувирч байна.
Энэ замгүй их баялгийг дангаар ноёрхогч бүлэглэл ганцаараа идэх гэж байгаад 2004 оны сонгуулиар улс төрийн хүчний харьцаа тэнцсэний улмаас илчлэгдэж эдүгээ шуналтнуудыг галзуурлын байдалд, тэдний өрсөлдөөнийг шууд дайны байдалд оруулаад байна.
Байгалийн болон нийгмийн баялгийг эзэмших, хуваарилах асуудал нь улс төр, нийгмийн хямралыг өдөөгч үндсэн хүчин зүйл болж байна.
Манайхны хийсэн холион бантан олон улсын зөрчил маргаан болж хувирч байна. Том гүрнүүдийн идэвхи эрс нэмэгдсэн нь байдлыг улам түвэгтэй болгож байна. Манай эрх баригчид сүүлийн үед томоохон гүрнүүдийг үл тоомсорлох хандлага илт гаргаж байна.
Мөн эдийн засгийн шударга бус байдал төрөөс ивээдэг хулгай дээрмийн түвшинд хүрсэн нь нийгмийн зөрчлийг тэсрэлтийн байдалд хүргээд байна. Зах зээлийн хамгийн гол зүйл болох шударга өрсөлдөөний зарчмыг устгасан болохоор манайд хэвийн эдийн засаг байх ямар ч үндэсгүй юм.
Засгийн эрх авмагцаа банк дээрэмддэг, түүгээр дамжуулан луйвар хийх явдал ердийн үзэгдэл болсноор банк нь мөнгө угаах, хулгайлах, зувчуулах бүхий л бохир ажлын үүр уурхай болоод байна. Төр мөнгөнийхөө бодлогыг алдаж, Монгол банк нь УИХ, Засгийн газраас илүү эрх мэдэлтэй болов. Эдийн засаг дахь цусны эргэлтийн гүрээний судсан дээр банкны хамгийн хорт хувалз тавьж, үндэсний баялгийн шим шүүсийг нь ховх, өм цөм сорж, дураараа луйвардах үүр уурхай болгожээ. Энэ паразитууд энэ гэмт хэргээ халхлах, хаацайлах цагдаа, прокурор, шүүхийн хамгаалалт бий болгов. Үүнийгээ тэд төр гэх бөлгөө. Бүх нийтийн ядуурал, хадгаламж зээлийн хоршоодыг дампуурлын гол шалтгаан нь энэ юм. Одоо эдийн засгийн нэг сэгсрэлт болоход арилжааны банкууд дампуурах цаг ойрхон байна. Энэ нь манай төр үндсэндээ гэмт этгээдүүдээр дүүрч, ард түмний эсрэг шинж чанартай болсны тод нотолгоо мөн.
3. Нийгэм – соёлын нөлөө, өөрчлөлт
Манай нийгэм – соёлын түүхэн нөлөө, бодит байдал нь ардчилалд харш, үл зохицох шинжээрээ хосгүй юм. Нэгэн зууны туршид хийсэн нийгмийн хоёр том трансформаци нь манай нийгмийг нүүдлийн феодализм, зөвлөлтийн социализм, бүдүүлэг капитализмын хольц болгожээ.
Энэ нь дундаж монгол хүн эрхэмлэл, үнэлэмж, ёс суртахууны хэвшсэн тогтолцоогүй, улмаар төр, нийгэм нь хөгжлийн чиг баримжаагүй байгаагийн суурь шалтгаан мөн.
Монгол хүн дураараа байх, залхуурахад нь саад болохгүй л бол эрх чөлөө, шударга ёсыг нэг их хүсч, түүний төлөө тэмцээд байдаггүй менталитеттэй. Харин хуулийн цоорхой, төр, нийгмийн байгууламжийн эмзэг сул газрыг олж, танил талын өвөрмөц харилцаагаа ашиглан бусдаас давуу байдал олж авахдаа асар их идэвхи, заль, овсгоо, хэн ч атаархам шургуу тэвчээр гаргах гайхалтай өндөр чадвартай. Энэ тохиолдолд судалгааны хүрээлэн ч атаархмаар нарийн судалгаа, тооцоо хийж чаддаг. Чингэхдээ хуулийг биш, албан тушаалтныг судалдаг.
Дорны нүүдэлчний нэн өвөрмөц энэ чадвар нь шууд утгаараа хууль ёсыг үл сахих, түүнийг үгүйсгэх, тойрох, зайлсхийх, улмаар дарангуйлагч төрүүлэх чиглэмжтэй байдаг юм. Ийм менталитет нь төлөвлөгөө, үр ашиг гэсэн соёлжсон, түгээмэл ухагдахуунд хавьтах зүйл огт байхгүй учраас монгол хүний алив үйл ажиллагаа импульсив буюу гэнэтийн цочролын шинжтэй байдаг. Ийм авир манай хувь хүнд төдийгүй, төрд түгээмэл.
Оюуны хөдөлмөрийн үнэ цэнэ, хуваарь гээчийг мэдэхгүй шахам, үлгэрлэвээс байгал, техникийн ухааныхан нь эдийн засаг ярьдаг, эдийн засагчид нь эрх зүй ярьдаг, хуульчид нь улс төр ярьдаг, улс төрчид нь бараг бүх юмыг чалчдаг ажгуу. Иймээс манайд хагас дутуу гүн ухаантан, онолын яруу найрагчид, шинжлэх ухааны уран сайханчид, эрх зүйн илбэчид, улс төрийн хип хопчид хэтэрхий олон байдаг. Ний нуугүй хэлэхэд манай сэхээтнүүдийн дийлэнхи олонхи нь эрдэм ном сурахаа аль хэдийнээ мартсан ердөө л ишлэлийн цуглуулгууд мөн. Үүнийгээ дагаад бид бараг бүгдээрээ өөрийгөө ертөнцийн төв, эцсийн төгс үнэн мэт үздэг. Матери, ухамсар хоёрын аль нь анхдагчийн талаар маргалдан зодолдож эрүүлжүүлэхэд очсон хоёр согтуугийн явдал үүний сонгодог жишээ болно. Энэхүү өөр үзэл бодлыг үл тэвчих менталитет нь олон ургальч үзэл гээчийг ёстой нэг хөнөөдөг юм.
Өнөөдөр ч гэсэн монгол хүн эрх чөлөө гэдгийг зүгээр байх, дураараа байх, хэнээс ч үл хамаарах гэж, ардчилал гэдгийг сонгууль, юу дуртайгаа ярих гэж, төр гэдгийг ивээн тэтгэхийн хамт захирдаг дарга гэж ойлгож явдаг нь олон судалгаагаар батлагдсан юм. Улс төрчид нь бүгдээрээ шахам ардчилал, эрх зүйт төр, иргэний нийгэм гэдгээ ч мэдэхгүй лалартаж явахад ард түмэн ийм байх нь аргагүй юм.
Үндэстэн (нация), угсаатан (этнос), ард түмэн гэдэг нь нэг мөн чанарын гурван тал гэдгийг ухаарахгүй ястны асуудлыг үндэстний түвшинд тавьж тэмцэлддэг нь үнэхээрийн хоцрогдсон, балай гаж үзэгдэл мөн. Үүнийгээ засаг захиргааны нэгжтэй, тухайлбал аймагтай хольж балайрдаг бурангуй зуршлаа арилгаж байж л соёлжингуй нийгэмд дөхөж очиж магадгүй. Монгол хоёрхон үндэстэнтэй бөгөөд чингэхдээ нэг аймагт нь дандаа тэнэгүүд, нөгөөд нь дандаа ухаантнууд байдаггүйгээс хойш аймагчлах, ястнаараа талцах бурангуй, тэнэг явдлыг таслан зогсоох нь зүй.
Даяаршил болон дангааршлын харьцааг алдаад бид тун удаж байна. Бид дэлхий дээрх шашны элдэв төрлийн сект, культуудын бараг л хогийн сав болж байна. Манай уламжлалт шашин ч гэсэн нийгмийг нигүүлсэх, гэгээрүүлэх үүргээ аль ч талаар биелүүлж чадахгүй байгааг дурдах нь шударга хэрэг болно. Үндэсний гэсэн ямар ч шүүлтүүргүй нэвтэрч буй барууны нийтийн соёлын гамшиг биднийг бүр ч илүү нэрвээд байна.
Манай хамгийн том аюул оюуны салбарт байгаа юм. Гэтэл үүнийг анхаарч байгаа ямар ч субъект монголд байхгүй болсон нь үндэсний эмгэнэл юм. Хүнээ хүмүүжүүлэх, боловсруулах, соёлжуулах, нийгэмшүүлэх, иргэншүүлэх чиг баримжаагаа ч алдчихаад байж улс үндэстэн, эдийн засгаа хөгжүүлэх тухай ярих нь утгагүй хэрэг бөлгөө.
Бидний дунд хэвийн үзэгдэл болсон ёс суртахуунгүй, гэмт хэрэгжсэн, эдийн шуналтай, эрдэм оюуныг үл тоох, хүнийг үл хайрлах үзэл үйлдэл манай хойч үеийнхнийг үнэхээр хөнөөж байна. Бид эсвэл гадаадад амьдрахад зориулсан хүн, эсвэл дуулгавартай боол, эсвэл гэмт хэрэгтнийг бэлтгэх болов. Ирээдүйд ихээхэн уршигтай энэ том гажуудлыг арилгахад ихээхэн цаг хугацаа, хөдөлмөр зарах ёстой болоод байна.
4. Бүлгийн ашиг сонирхол
Төрөл садан, нутаг ус, нэг анги, нэг мэргэжил гэсэн нийгмийн харилцааны үндсэн сувгаар дамжин монголын нийгмийн анхдагч социал бүлэг үүсдэг. Монгол хүн энэ бүлэгтээ хэт конформист буюу аялдах зан гаргадаг. Сүүлийн үед эдийн засгийн эрх ашиг гэсэн шинэ харилцаа бий болсон боловч энэ нь дээрх суурь харилцаанд дагавар шинжтэй.
Социал том бүлэгт ажиллах үед жижиг бүлгийн үзэл илт давамгайлдгаас нийгмийн капитал буюу хамтран ажиллаж хамтын үр дүнд хүрэх чадвар бараг үгүй. Энэ нь манай нийгмийн харилцааны суурь шинж болдог.
Олигополи гэж нэрлэдэг явцуу аль ч бүлэглэл цөм болсон 3 – 5 хүн, тойрон хүрээлэлтэйгээ нийлээд их л сайндаа 8 – 12 хүнтэй байдаг. Хор найруулах, булхайгаа уудлалцах зэрэг дүрэмгүй өрсөлдөөний адгийн аргуудыг хэрэглэлээ ч гэсэн эдгээр бүлгүүд бие биенээ дийлэх боломжоор тун хомс учраас байнгын хуйвалдаан төрүүлэгч социал шалтгаан бий болдог. Энэ нь манай төр шиг зүйлийг тогтвортой мэт харагдуулдаг боловч үнэн хэрэг дээрээ системийн хамгийн тогтворгүй, эмзэг төлөв байдал болно.
Манай төрийн удирдлага хууль ёсны институт, танил талын холбоо гэсэн эсрэг тэсрэг, огт үл авцалдах хоёр зарчмаар зэрэгцэн хэрэгждэг учраас үр нөлөөтэй байх ямар ч бололцоогүй юм. Жижиг бүлгийн зарчим нь хууль ёсны зарчмаа илт давамгайлж, ёс суртахуун болон нийгмийн тогтсон хэм хэмжээ байхгүй учраас төрийн институтжсэн харилцаа ялгаран тогтож чадахгүй байна. Иймээс бүлгийн түвшний эрх баригчдыг халж, үндэсний түвшинд сэтгэж, үйлддэг удирдагчдыг төрүүлэх цаг болоод байна.
Аливаа төрийн бодлого, үйл ажиллагаа шинжлэх ухаанд тулгуурладаг атал манайд эрх мэдэлтнүүдийн хэрэг болон хувирсан нь бидний жинхэнэ эмгэнэл билээ. Тэд шинжлэх ухааныг оргүй шахам болгож сөнөөв. Хүн толгойтой болгон доктор болсон ч дээрдсэн юм огт үгүй. Жилдээ ганц өгүүлэл бичдэггүй, насаараа ганц судалгаа хийж үзээгүй доктор нэртэй дилетантууд, мөн тэднийг удирдагч хэдхэн хүн монголыг хөнөөж байна.
Эдүгээ манай нийгэм бүхэлдээ аноми буюу гаж, гэмт хэрэгжсэн нийгэм болоод байна. Бид мөнгөнөөс өөр юуг ч бодохгүй араатан болж хувирч байна. Гаж нийгэм нь “соёлоор тодорхойлогдсон зорилт” болон “институтжсэн хэрэгсэл” хоёрын зөрчлөөс үүсдэг юм. Энэ төр соёлын зорилго, нийгмийн хэм хэмжээний алиныг нь ч тогтоож чадсангүй.
Системийн өнөөгийн төлөв байдал.
Орчин үеийн сиэнергетикийн арга зүйгээр бол монголын нийгмийн систем материал баялаг, хүн хүч, зохион байгуулалт болон мэдээллийн дэд систем тус бүрээрээ энергийн алдагдалд орж, бүхэлдээ хаосын төлөв байдалд орж, төрийн байгууламжийн шүтэлцээт шинж бүрэн алдарчээ. Системийн эвдрэл хаяанд ирэв.
Биднийг аврах ганц зүйл бол бараагүй хол хөгжсөн шинжлэх ухаан болоод байна. Дампуу улс төрдөө түүнийг ашиглах аваас эрхбиш хандах зүгээ гаргаж, үр ашигтай болгож чадах нь гарцаагүй.
Дээрх бүх гажуудал нийлээд хавсраад ирэхлээрээ мөнөөх системийн хямрал гэдэг нь болчихож байгаа нь тэр. Гажуудсан төрийг сармагчин шиг хүмүүс жолоодохлоор төрөө ч, өөрийгөө ч, ард түмнээ ч хөнөөдөг бөгөөд үүнийг нь системийн эвдрэл гэдэг юм. Энэ хямрал нь буруутныг гэсгээн цээрлүүлсэн эсэхээс үл хамаарах бодит шинж чанартай юм.
Иймээс манай төрийн байгууламж, хөгжлийн стратегийг системээр нь эрс шинэчлэх түүхэн зайлшгүй үүсээд байна. Ажиллахаа больсон Үндсэн Хуулиас эхлээд төрийн байгууламж, төрийн удирдлагын гажуудлыг бүхэлд нь засах шаардлага үүсээд байна. Энэ нь шинжлэх ухааны судалгаа дүгнэлт, ард түмний хүсэл зориг, нийгмийн амь буюу субстрат гуравт тулгуурлах ёстой. “Бүгдээрээ адилхан луйварчин”, “Хэн ч гарсан адилхан” гээд хараагаад бид юу ч өөрчилж чадахгүй юм. Харин хэн ч гарсан шударга, ил тод, хүнлэг ажиллах бүтэц, зохион байгуулалт, функцитэй, хяналттай төрийн систем бидэнд хэрэгтэй байна. Аливаа юманд хэмжээ хязгаар гэж байдаг болохоор ядахдаа луйварчин, дээрэмчдээ дахин дахин сонгож залаад байдаггүй төр байгуулж болноо доо…
Сайн гэгч нь сонгууль явуулж, сайн нам, сайн хүн олох гэсэн хүүхэд шиг гэнэн төсөөллөөсөө салах цаг тулчихаад байна.
Энэ үгийг би төрийн байгууламж буруу ажиллаж эхлэх үед мянга хэлсэн, одоо төрийн бүрэн эвдрэлийн өмнө ахиад нэг хэлж байна. Энэхүү дүгнэлтүүд огт шинэ зүйл биш бөгөөд үүнийг хийх үүрэгтэй төр, намууд нь хийхгүй болохоор аргаа бараад системчилж байгаа царай маань энэ юм. Мөн энд дурдсан бүх дүгнэлт туйлын үнэн гэж би үзэхгүй, зөвхөн бүгдээрээ хэлэлцвэл л болох нь тэр.
Хувь судлаачаас долоон дор төр, нам гэж баймгүй учраас хуучин шигээ хоосон онолддог, мэдэмхийрдэг, хувийн өш хонзонд автсан, тэр ч бүү хэл номын цагаан солиотой, шизотой гэж хочлохоо жаахан азнаж, хүн бүхэнд там болсон, эцэс төгсгөлгүй энэ чөтгөрийн тойргоос гарах тоглолтын шинэ дүрмийн санааг олохыг оролдвол надад биш, Та нарт л тустай байх.
Санаа ч байхгүй, сачий нь хүрэхгүй улс төрчид, намуудыг харах, хүлээх боломж шавхагдлаа. Хямралаас ангижрах гарц олох энэ их үйлсийн үзэл санааны шан, эхлэлийг зөвхөн үндэсний түвшинд сэтгэдэг, манай оюуны сор болсон системийн аналитикууд л хийж чадна. Хэдийгээр тэд маань гарын арван хуруунд багтахаар цөөрсөн ч Монголын заяа буян дуусчихсан биш, чадаж л таарна даа…
Оюун сэтгэлгээний хүчээр зайлуулж, зайлсхийж болох аюул зовлонг заавал биеэрээ амсаж байж ухаардаг балай тэнэг зангаа татахгүй бол бидний тусгаар үндэстний хувьд оршин тогтнох хугацаа дуусч байгаа шүү…
Судлаач Д.Ганхуяг
2006 оны 7 дугаар сарын 22.

No comments: