Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны мониторингийн явцын дүн

Хэвлэлийн хүрээлэнгээс “2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн мониторинг”-ийг өдөр тутмын болон долоо хоног тутмын сонинуудад болон МҮОНР-гийн нэвтрүүлэгт хийж байгаа билээ. Энэ удаад сонгуулийн сурталчилгааны дунд үе болох 5 сарын 11-17-ны нэг долоо хоногийн сонины нийтлэлд хийсэн мониторингийн дүнг танилцуулж байна.

Тухайн долоо хоногт сонгуультай холбоотой 312 ширхэг мэдээлэл гарсанаас 167 нь далд сурталчилгаа (сэтгүүл зүйн бичлэгийн хэлбэрээр аль нэг нэр дэвшигчийг илт дэмжсэн, эсвэл нэр хүндийг сэвтээх гэсэн оролдлого бүхий материал), 134 нь сонгуулийн сурталчилгаа (тухайн нам, нэр дэвшигчийн зүгээс нийтэлсэн, сонгуулийн сурталчилгаа гэдэг нь танигдахуйц лого, булан, таних үг ашигласан материал), үлдсэн 11 нь сонгуулийн тухай мэдээлэл (сонгогчдод зориулан нийтэлсэн сонгуулийн тухай ерөнхий мэдээлэл) байлаа.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Энхбаяр, Ц.Элбэгдоржийн тухай мэдээлэл хэмжээний хувьд ойролцоо талбай эзэлж байв: нийт талбайн 50,8 хувьд Ц.Элбэгдоржийн нэр дурьдагдсан бол 49,2 хувьд Н.Энхбаярын тухай дурьджээ.

Ц.Элбэгдоржийн тухай нийт мэдээллийн 69 хувь нь сөрөг, 24,5 хувь нь эерэг хандлагатай байв. Харин Н.Энхбаярын тухай нийтлэлийн 37 хувь сөрөг, 50,5 хувь нь эерэг мэдээлэл байлаа.
Сурталчилгааны хэлбэрийн хувьд нийт сурталчилгааны материалын талаас илүү буюу 54.4 хувь нь далд сурталчилгаа байв. Ингэхдээ нэр дэвшигч Н.Энбаярын сурталчилгаанд далд сурталчилгаа харьцангуй давамгай буюу 58.6 хувьтай байсан бол Ц.Элбэгдоржийн сурталчилгааны 51.8 далд хэлбэрээр нийтэлжээ.
“Өдрийн сонин”, “Ардын эрх”, “Нийгмийн толь” сонинд гарсан сонгуулийн сурталчилгааны талбайн дийлэнх буюу 66-94 хувь нь нэр дэвшигч Н.Энхбаярын тухай сөрөг мэдээлэл байсан бол “Зууны мэдээ”, “Өглөөний сонин”, “Өнөөдөр”, “Үндэсний шуудан”, “Сэрүүлэг”, “Хүмүүс”, “Монголчуудын амьдрал” сонины сурталчилгааны 60-100 хувийг Н.Энхбаярын тухай эерэг мэдээлэл эзэлж байв.
Нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн тухайд “Өдрийн сонин”-оос бусад бүх сонины нийт мэдээллийн 50-аас дээш хувьд сөрөг мэдээлэл нийтлэгджээ. Харин “Өдрийн сонин”-ы нийт мэдээллийн 78 хувь нь эерэг бол “Ардын эрх”, “Өглөөний сонин”, “Хүмүүс” сонины 23-30 хувьд түүний тухай эерэг хандлагатай мэдээлэл нийтэлжээ.
Монголчуудын амьдрал сонинд тухайн долоо хоногт гарсан сурталчилгааны бүх материал 100 хувь Н.Энхбаярыг дэмжиж, харин Ц.Элбэгдоржийн тухай 100 хувь сөрөг мэдээлэл гаргажээ.
Түүнчлэн Өдрийн сонинд Н.Энхбаярын тухай гарсан сурталчилгааны материалын 93,3 хувь нь сөрөг мэдээлэл байсан бол Зууны мэдээ сонинд Ц.Элбэгдоржийн тухай гарсан нийт материалын 94 хувь нь сөрөг мэдээлэл байв.
Сонгуулийн мониторингийн төгсгөлийн тайланг 2009 оны 5-р сарын 27-нд хэвлэл мэдээлэл, олон нийтэд нээлттэй танилцуулж, хэвлэл мэдээллийн байгууллагууд сонгуулийн сурталчилгааны үеэр хэрхэн ажилласан тухайн хэлэлцүүлэг өрнүүлэх болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг PDF-р татаж авах...

No comments: