Делитантууд буюу Хуурамбууд

"Аливаа мэргэжилд эцсийн бүтээгдэхүүн байдаг бөгөөд социологичдын хувьд бүтээгдэхүүний үндсэн хэлбэр нь өгүүлэл болно" хэмээн Судлаач Д.Ганхуяг багш маань хэлсэнчлэн сүүлийн үед муу ч гэсэн жижиг хэмжээний, тодорхой асуудал хөндсөн, шийдэмгий зоримог, залуу хүний зангарагаар өгүүлэл бичиж эхлээд байгаа билээ. Сүүлийн бичсэн "Судалгааг судлахуй" өгүүллийг багш маань уншчихаад сэтгэлд цучил нэмсэн урам хайрласанд жаахан хүүхэд мэт баярласнаа нуух юун. Танд баярлалаа.
"Социологийн судалгааг мэргэжлийн хүн хийдэг гэдгийг л ойлгуулчих санаатай л зүтгэсээр яваа" хэмээн судалгааны олон жилийн туршлагатай, тухайн үед судалгааг мэргэжлийн түвшинд хийж асан "Солбицол" судалгааны төвд ажиллаж, өдгөө Филантропи хөгжлийн төлөө төвийн социологич Р.Сэлэнгэ эгч маань хэлж билээ. Энэхүү учир зүйт үгэнд дулдуйдан өгүүлэлээ эхэлсүү.
УИХ-ын 2004 оны сонгуулийн үеэр оросын зөвлөхүүдийг урьж, МАХН-ын дэргэдэх хүрээлэнгээс эрхлэн нэг удаа л гэхэд 8000 гаруй хүнээс социологийн судалгааны мэдээлэл авчээ. Энэ бол Монголын түүхэнд тохиолдоогүй, социологийн шинжлэх ухаанд байхгүй түүвэр юм. Гэтэл манай сонгогчид тун мэдрэмжтэй болохоор ямар судалгаанд оролцож буй гэдгээсээ илүүтэй хаанаас явуулж буйд нь тэр дор нь таацуулж, нийцүүлж, хариулт өгдөг болчихоод байгаа юм. Тийм нөхцөлд 8000 ч, 800 ч (Монголын нөхцөлд ийм түүвэр ихдэхээс бус багаддаггүйг олон жилийн туршлага харуулсан юм) адилхан төлөөлөл, магадлал, үнэний хувьтай. Болгарт гэхэд Младневын ерөнхийлөгчийн сонгуулийн үед БКН-ын төв хороо 200 мянган хүнээс, АНУ-ын Голлэпийн хүрээлэн 247 хүнэээс мэдээлэл авахад сонгуулийн дүн ав адилхан гарсан сонгодог жишээ бий. /Социологийн шинжлэх ухааны доктор Х.Гүндсамбуу "2004 оны сонгуулийн туршлага, сургамжийн тухайд"/
Одоогоос яг жилийн өмнө буюу УИХ-ын сонгууль эхлэх дөхөөд байсан 2008 оны 4 сард сонгуульд нэр дэвшигчдийн болон намуудын рейтинг, иргэдийн сонгуулийн оролцоо, улс төрийн идэвхийг судалсан 2-3 байгууллага байсан бол хоёрхон сарын дараа 6 сард 11 болж 4 дахин нэмэгдсэн байна. Эдгээр судалгааны дүн танилцуулсан 11 байгууллагын үйл ажиллагаа, чиглэлийг судлаад үзсэн чинь социологид ямар ч хамааралгүй харь гарагийхан байх юм. Зорилго нь улс төрийн, эрх ашиг нь тодорхой бүлгийн, эдийн засгийн, цацаж буй мэдээлэл нь хуурамч аж. Тухайлбал: "Ард түмний санал бодлыг судлах нийгэмлэг" , ""МН социологийн төв", "Жинлүүр", "Төгс эрдэм", "Фокус" гээд л хөвөрнө. Олны сонирхлыг татсанаараа, социологчид, судлаачдын нэрийг барьснаараа, зах зээлийн сүүхээ гаргаснаараа сонгуульд ялж, улс төрд ордог юм бол энэ бол жинхэнэ завхрал гэдэгтэй санал нэг байна би. Сонгууль дөхөөд ирэхлээр аль дуртай хүн, байгууллага болсон болоогүй, чадсан чадаагүй судалгаа явуулдаг практик улам бүр явц муутай болсоор байна. Ер нь нам болон тодорхой хүмүүсийг дэмжиж байгаа хувь, процентыг гаргахыг судалгаа гэж нэрлэхэд төвөгтэй юм. Ийм ажлыг дунд сургуулийн захын хүүхэд ч хийж чадах бөлгөө. Иймэрхүү судлаач хэмээгчид хууртсан улс төрчид хөрөнгө мөнгө, алтан боломж, нэр төрөөрөө олонтаа хохирч байсныг бид мэдэх юм. /Ц.Болд "СОНГОГЧДЫН ИДЭВХ БУУРЧ БАЙНА"/ Сонгууль ойртохоор намуудын дэргэдэх судалгааны төвүүд, нэр дэвшигчийг дэмжигч клуб, төрийн бус байгууллагууд олширч сонгууль санал өгөх үйл явц буюу псепологийн шинжлэх ухааныг, нийгмийн харилцаа болон хувь хүний социал үйлдэлийг судалдаг социологийн шинжлэх ухааныг, улс төрийн институци, улс төрийн бодлого, төрийн байгууллыг судалдаг политологийн шинжлэх ухааныг түрүү барьж иргэд олон нийтийн тархийг угааж судалгааг угаадас болгодог нь маргашгүй теором.
Дилетант буюу Ринчен авгайн хэлснээр хуурамбууд монголд цэцэглэж буй социологийн шинжлэх ухааныг өөрсдийн муйхар сэтгэлгээ, хялбарчлах үзэл, менталитет, хуумгай боловсролоороо түрүү барин, чөдөр тушаа хийж аргамжиж байгаад сэтгэл нэн их эмзэглэж байгаа болно. Мэргэжлийн социологич бидний ажил эдгээр хуурамбуудтай тэмцэх, өөрсдийн профешнал судалгаа, арга зүй аргачлал, өгүүлэл нийтлэл, ном зохиолоороо ялгарахаас эхлэнэ хэмээн богино сэтгэж энэхүү өгүүллийг тэрлэв.


/Үргэлжлэл бий.../завгүйтэв//
/түүхий байгаа тул болгооно уу/


2 comments:

A.Амарсайхан said...

Манайхан хаанаас авч байгаа судалгаа гэдэгт нь тааруулж хариу өгдөг болчихоод байгаа гэдэг чинь маш үнэн үг шүү

Хүний толгойд чип суулгаад бүх бодож байгааг нь уншчихдаг бол судалгаа үнэн гарна.

За бас худлаа юм байна өө. Чип суулгачихсан шүү гээд бодно, тэгээд ХУ намын судалгааны төвийн чип шүү дээ энэ чинь гэж дараа нь бодогдоно. Тэгээд л...

ЗОРИГТ8 said...

Амараа ах: Судалгаа ойлгодог, боловсролтой хүмүүс хаанаас авч байгаа судалгаа гэдэгт нь тааруулж хариулдаг болсон нь илт үнэн. Энэ бол гэхдээ зөвхөн анкетын судалгаан дээр л дээ...
Тэр чипийн технологи уг нь байвал их үр дүнтэй арга юм байна...Бий болчуул бас л хүний үзэл бодлыг илт гаргалаа маргалаа, эвдэрхий байсан майсан гээд бөөн юм болно байх даа
Баярлалаа Амараа ах.. Амжилт хүсье