“Монголын нийгмийн бүтцийн судалгаа, шинжилгээ” бүтээлийн эмхтгэл

Философийн хүрээлэн байгуулагдсаны 45 жил болоод ахмад эрдэмтэн, социологич Ц.Уртнасангийн 70 насны ойг тохиолдуулан Социологи, нийгэм сэтгэлзүйн салбарын хамт олон энэхүү бүтээлийг эмхэтгэн хэвлүүлжээ.
Уг бүтээлээс ахмад эрдэмтэн, социологич Цоохорын Уртнасангийн эрдэм шинжилгээний гол бүтээлүүд болон түүний 70 насны ойг тохиолдуулан 2017 оны 4 дүгээр сарын 4-нд зохион байгуулсан “Монголын нийгмийн бүтцийн судалгаа, шинжилгээ” симпозиумд тавигдсан зарим илтгэлүүдтэй танилцах боломжтой.
Бүтээлийн эмхтгэлд Ц.Уртнасан докторын нийгмийн бүтцийн судалгаа шинжилгээний ажлуудыг нь голлон оруулсны дээр Монголын социологийн хөгжлийн түүхэн тойм, социологийн судалгааны арга зүй, аргачлалыг хэрхэн хөгжүүлэх, сайжруулах талаар өгүүлсэн болон нийгмийн хөгжлийн учир шалтгаан зүй тогтлыг шинжилсэн, хүмүүсийн амьдрал ахуй, хангамж нөхцөлийн байдлыг судалсан, олон нийтийн санаа бодлын өөрчлөлтийг тандсан судалгааны өгүүллүүд, судалгааны тайлангийн хэсгүүдээс оруулжээ.
Эл бүтээл залуу судлаачдад танин мэдэхүйн төдийгүй онол арга зүйд суралцах бас нэгэн хэрэглэгдэхүүн, гарын авлага болж байгаагаараа үнэ цэнэтэй бөгөөд нийгмийн бүтцийн судалгааны онол арга зүй болоод бусад судалгааны арга зүй, аргачлалтай танилцах, судалж суралцах боломжтой. Академич Г.Чулуунбаатар Ц.Уртнасан доктор (Ph.D)-ыг ”нийгмийн бүцийн” болон “амьдралын хэв маягийн” судалгааны өөрийн гэсэн дэг сургуулийг онол, арга зүй, аргачлалын төвшинд бий болгож чадсан хэмээн үнэлсэн байдаг. Ц.Уртнасан докторын огт хэвлэгдэж байгаагүй зарим судалгааны ажлыг нь эл эмхэтгэлд багтааж, эрдэм шинжилгээний ажлын эргэлтэнд оруулж байгаа нь бүтээлийн үнэ цэнийг улам өргөж буй билээ.

“Монголын нийгмийн бүтцийн судалгаа, шинжилгээ”. Бүтээлийн эмхтгэл. (Ред. Ж.Батжаргал, Ц.Цэцэнбилэг). УБ.: Соёмбо принтинг ХХК. 2017. 30.1х.х – 363х. ISBN 978-99978-0-561-4.
  Urtnasan Nom by masphilosophy on Scribd

No comments: