ШУА-ын Социологийн салбарт хийгдэж буй суурь судалгаануудын мэдээлэл

“ХӨДӨӨГИЙН АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ: ӨӨРЧЛӨЛТ, ТӨЛӨВ ХАНДЛАГА” СУУРЬ СУДАЛГААНЫ СЭДЭВТ АЖИЛ

 Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбараас “Хөдөөгийн амьдралын хэв маяг: өөрчлөлт, төлөв хандлага (малчдын жишээн дээр)” (2014-2016) суурь судалгааны сэдэвт ажлын хүрээнд 2016 онд суурь судалгааны тайлан, санал зөвлөмж, нэг сэдэвт бүтээл бичиж, 5 илтгэл, 6 өгүүлэл нийтлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Одоогоор 7 эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, гадаад болон дотоодын эрдэм шинжилгээний хуралд 4 илтгэл тавьсан.
“Хөдөөгийн амьдралын хэв маяг: өөрчлөлт, төлөв хандлага” социологийн судалгааны тайлан, санал зөвлөмж (8х.х) бичив. Мөн төслийн сэдвийн хүрээнд нэг сэдэвт бүтээлийн анхны бичлэг гарч, засварлаж байна.
Хөдөөгийн амьдралын хэв маягт гарч буй өөрчлөлт, цаашдын төлөв хандлагын талаар эрдэм шинжилгээний хурал 2016 оны 11 дүгээр сарын 9-нд зохион байгуулагдсан.

“ӨӨРЧЛӨГДӨЖ БУЙ ОРОС БОЛОН МОНГОЛЫН НИЙГМИЙН ИНТЕГРАЦИ, ЗАДРАЛЫН ҮЙЛ ЯВЦ” ХАМТАРСАН ТӨСӨЛ

БСШУЯ, ОХУ-ын Хүмүүнлэгийн ухааны сангийн “Өөрчлөгдөж буй Орос болон Монголын нийгмийн интеграци, задралын үйл явц” (2014-2016) сэдэвт хамтарсан төслийн ажил энэ онд өндөрлөх учир төсөл хэрэгжсэн хугацаанд хэрэгжүүлсэн судалгааны ажлын үндсэн дээр эрдэм шинжилгээний өгүүлэл 4-ийг нийтлүүлэх, илтгэл 2-ыг бичиж, эрдэм шинжилгээний хуралд тавьж хэлэлцүүлэх, хурлын илтгэлийн эмхэтгэлийг хэвлүүлэх юм.
Уг хамтарсан төслийн хүрээнд “Нийгмийн оролцоо, гадуурхал”, “Тэтгэврийн насныхан” гэсэн үндсэн 2 социологийн судалгааны ажил хийгдсэн. Эдгээр ажлууд 2015 онд дуусаагүй тул энэ онд үргэлжлэн хийгдлээ. “Нийгмийн оролцоо, гадуурхал” судалгааны хүрээнд хөдөөгийн мэдээлэл цуглуулах ажил дутуу байсныг гүйцээж, 379 хүнээс судалгааны мэдээлэл цуглуулан, мэдээллийг шивж боловсруулж, дүн шинжилгээ хийлээ. Мөн “Тэтгэврийн насныхан” судалгааг Улаанбаатар хотын 6 дүүргийн  тэтгэврийн насны 402 хүнээс анкет сурвалжлагаар тоон мэдээлэл, чанарын судалгааг аман түүхийн ярилцлагаар авч, мэдээллийг боловсруулсан.
Хамтарсан төслийн хүрээнд хийгдэж буй эрдэм шинжилгээний ажил, судалгааны үр дүнгүүдээс танилцуулах, эрдэм шинжилгээний ажлын онол арга зүйг хэлэлцэх зорилгоор тус салбараас “Өөрчлөгдөж буй Орос, Монголын нийгмийн нэгдэл, задралын үйл явц, онцлог” ОУ-ын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав. Хуралд ОХУ-ын ШУА-ийн Социологийн хүрээлэнгийн захирал, философийн шинжлэх ухааны доктор, академич М.К.Горшков, ОХУ-ын ШУА-ийн Хүн амын нийгэм-эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал, профессор, доктор (Sc.D) В.В.Локосов тэргүүтэй ОХУ-ын ШУА-ийн Социологийн хүрээлэн,  Буриадын Монгол төвд, буддын судалгааны хүрээлэн, Буриадын УИС-ийн багш судлаачид, монголын талаас тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд, бусад эрдэмтэн судлаачид оролцон илтгэлүүдээ хэлэлцүүллээ. Илтгэлийн эмхэтгэлийг хэвлэлтэнд бэлтгэж байна.
Салбарын эрдэм шинжилгээний ажилтнууд судалгааны үр дүнгээрээ эл олон улсын эрдэм шинжилгээний хуралд нийт 5 илтгэл тавьж хэлэлцүүллээ.

“МОНГОЛ, ОРОСЫН ЗАЛУУЧУУДЫН УЛС ТӨРИЙН ИДЭВХ, ОРОЛЦОО (ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА)” ХАМТАРСАН ТӨСӨЛ

2016 онд уг төслийн хүрээнд судалгааны арга зүй, аргачлал боловсруулан, бичиг баримтын судалгаа хийгдсэн. Бичиг баримтын судалгаагаар залуучуудын улс төрийн идэвх оролцооны талаар өмнө хийгдсэн судалгааны дүн, тайлангууд, бодлогын баримт бичиг, хууль эрх зүйн баримт бичиг, статистик дүн мэдээнд анализ шинжилгээ хийлээ.
Уг хамтарсан төслийн хүрээнд хийгдсэн нэг чухал арга хэмжээ нь 2016 оны 8 дугаар сарын 17-нд тус хүрээлэнгээс ОХУ-ын ШУА-ийн Социологийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан “Орос, Монголын залуучуудын улс төрийн идэвх оролцоо: асуудал, шийдэл” дугуй ширээний ярилцлага юм.
Дугуй ширээний ярилцлагад ОХУ-ын ШУА-ийн Социологийн хүрээлэнгийн захирал, философийн шинжлэх ухааны доктор, академич М.К.Горшков “Орчин үеийн ертөнц дэх залуучууд: нийгмийн нөхөн үйлдвэрлэлийн үйл явцад гүйцэтгэж буй үүрэг ба байр суурь”, ШУА, Философийн хүрээлэнгийн захирал, академич Г.Чулуунбаатар “Монголын залуучуудын улстөрийн идэвх оролцооны өөрчлөлт”, ОХУ-ын Социологийн хүрээлэнгийн тэргүүлэх ЭШТА, багш, доктор (Ph.D) И.О.Тюрина “Орчин үеийн Оросын залуучууд: улстөрийн оролцооны хэлбэр ба үзэл суртлын тогтсон хандлага”, ОХУ-ын Буриадын улсын их сургуулийн Азийн орнуудын түүх, бүс нутаг судлалын тэнхмийн багш, доктор (Ph.D) В.А.Родионов “Монгол улсын пост социалист трансформацийн үзэл санааны үндэс”, ОХУ-ын ШУА-ийн Социологийн хүрээлэнгийн Улстөр судлал, улстөрийн социологийн төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (PhD) Т.Н.Литвинова “Дэлхий ертөнц дэх залуучуудын улстөрийн идэвхийн судалгааны орчин үеийн хандлагууд (Монреальд болсон ОУ-ын ЭШ-ний хурлын дүнгээс)”, ОХУ-ын Буриадын улсын их сургуулийн Улстөр, социологийн тэнхмийн профессор ,социологийн ухааны доктор /Sc.D/ Э.Д.Дагбаев, ОХУ-ын Буриадын улсын их сургуулийн Азийн судлалын төвийн захирал, доктор (PhD), дэд профессор И.Г.Актамов нар “Орчин үеийн монголын залуучуудын улстөрийн ухамсрын зарим чиглэлүүд ”ШУА-ийн Философийн хүрээлэн, Улс төр судлалын салбарын ЭШДэА, доктор(Ph.D) О.Хатанболд “Хөдөөгийн залуучуудын улстөрийн идэвх, оролцоо” гэсэн илтгэлийг хэлэлцүүлж, тухайн сэдвийн хүрээнд ярилцлага хэлэлцүүлэг өрнөв.

Товч мэдээлэл бэлтгэсэн: 
Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбарын ЭШ-ний дэд ажилтан Ж.Батжаргал
Эх сурвалж: ШУА Социологийн салбар 
2016 оны 3-р улирлын байдлаар

No comments: