Ухаалаг төр ба судалгаанд суурилсан бодлого

Судалгаа шинжилгээний байгууллагуудын үйл ажиллагаа, төрийн бодлогын чанарын хамаарал
Улс орны хөгжилд хамгийн их нөлөөлдөг зүйл бол өөрийн гэсэн хөгжлийн үзэл, бодлого байдаг. Монгол Улс өөрийн гэсэн судалгааны байгууллагуудтай байх нь үндэсний аюулгүй байдлын амин чухал асуудал. Улс үндэснийхээ эрх ашгийг урьтал болгосон, өөрийн гэсэн судалгааны байгууллагуудын судалгаанд тулгуурлаж, бодлого боловсруулах нь өнөө маргаашийн эрх ашиг, хэсэг бүлгийн явцуу сонирхлоор бус, улс орны эрх ашигт нийцүүлж ажиллах суурь нөхцөл юм.
                         
Судалгаанд зарцуулж байгаа зардлын ДНБ-д эзлэх хувь, сая хүнд ноогдох судлаачийн тоогоор Монгол Улс хамгийн доогуур үзүүлэлттэй байна. Судалгаа шинжилгээний бага боловч байгаа чадавхиа ашиглах, их дээд сургууль, салбарын яамд, засгийн газар, мэргэжлийн байгууллагууд, үйлдвэрлэгчдийн хоорондын хамтын ажиллагааны механизм огт байхгүй. Өөрөөр хэлбэл Монгол Улс үндэсний инновацийн тогтолцоогоо өнөөг хүртэл бүрдүүлж чадсангүй. Ийм нөхцөлд судалгаа шинжилгээний ажлын үр дүн практикт нэвтрэх боломж тун бага харагдаж байна.
Улс үндэстний хэтийн хөгжлийн бодлого, аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, батлан хамгаалах, байгалийн баялгийн нөөцийн судалгааг төрөөс санхүүжүүлдэг нь дэлхий нийтийн тогтсон жишиг. АНУ 2012 онд зөвхөн холбооны төсвөөс 125.6 тэрбум долларыг судалгаа шинжилгээний ажилд зарцуулжээ.
Судалгаа шинжилгээний ажлын эдийн засгийн үр нөлөө нь урт хугацааны эдийн засгийн өсөлт, үндэсний сайн сайхан аж байдлаар илэрдэг гэж үздэг. Судалгаа шинжилгээний ажлын ашиг тусыг төр, хувийн хэвшил, нийт ард иргэдийн аль аль нь хүртдэг гэж дэлхий нийтээр үзэж байна.
Тодорхой шинжлэх ухаан, технологийн судалгаанаас гадна нийгэм, эдийн засгийн бодлогын судалгаа ч бас чухал ач холбогдолтой. Бодлого боловсруулах процессийг аль болох бодитой, судалгаанд тулгуурладаг болгох нь дэлхий нийтээр анхаарч буй асуудал юм.
Энэ нь санаснаар болох амар хялбар зорилт биш ээ. Нэг талаас бодлого боловсруулагчдын судалгаа шинжилгээний тухай ойлголт, түүнийг ашиглах анализ хийх чадвар, мэдлэг мэдээлэл, нөгөө талаас судалгаа шинжилгээний байгууллагуудын судалгааны ажлаа бодлого боловсруулагчдад хүргэх арга замын аль алиныг нь сайжруулах нь нийтлэг тулгардаг асуудал юм. Манай өнөөгийн нөхцөл байдал ч мөн л ялгаагүй. Судалгаанд тулгуурлан бодлого боловсруулах соёл нь аль хэдийн тогтож төлөвшсөн улс орнуудад ч гэсэн судалгаа шинжилгээний ажилд ихээхэн ач холбогдол өгч анхаарсаар байна.

Герман улсад бодлогын судалгааны 135 хүрээлэн байгаагийн олонх нь эдийн засгийн чиглэлээр ажилладаг, ялангуяа томоохон хүрээлэнгүүд нь бүгд төрөөс санхүүждэг. Энэ байгууллагуудын 60-аас дээш хувь нь 1975 оноос өмнө байгуулагдсан, дунджаар зуугаас дээш тооны ажиллагчидтай, жилд дунджаар 451 сая еврогоор санхүүждэг (зарим судалгааны байгууллагын санхүүжилт их өндөр дүнтэй).

АНУ-д бодлогын судалгааны чиглэлээр бүрэн бус тоогоор 1500 хүрээлэн ажиллаж, улсаас санхүүжиж байгаа гол 15 хүрээлэнгийн жилийн дундаж санхүүжилт нь 32.8 сая доллар ажээ. Эдгээр хүрээлэн тус бүрт дунджаар 206 хүн ажиллаж байна (G.McGann). Тэгэхдээ энэ бол 2005 оны мэдээлэл, одоогийн байдлаар энэ тоо улам их өссөн нь ойлгомжтой. БНХАУ, ОХУ, Турк, Канадын бодлогын судалгааны байгууллагууд ихэвчлэн төрөөс санхүүждэг.

Эдийн засаг хөл дээрээ тогтсон, нийгэмд филантропийн соёл төлөвшсөн, улс төрчид судалгаанд тулгуурлан бодлого боловсруулж дадсан, хувийн хэвшил ядаж л эдгээр судалгааны тавин хувийг санхүүжүүлэх боломжтой болсоны дараа аажмаар хувийн, тэгэхдээ ашгийн бус бодлогын судалгааны байгууллагуудыг дэмждэг практик бий. Өөрөөр хэлбэл аль ч орны бодлогын судалгааны байгууллагууд эхэн үедээ шууд төрөөс санхүүждэг байсан гэсэн үг.

Судалгааны хангалттай арвин мэдээ материал, туршлага хуримтлагдаж, үндэсний судалгааны чадавхи гүйцэд төлөвшөөгүй байгаа энэ үе шатанд салбарын яамны бодлого судалгаанд тулгуурлахын тулд байнга, өдөр тутамд хамтран ажилладаг, төрөөс санхүүжилттэй судалгааны байгууллагатай байхаас өөр аргагүй. Бидний өнөөг хүртэлх туршлага бодлогын яам судалгааны ажлыг шууд гардаж, давхар хийх боломжгүйг л харуулж байна. Өдөр тутмын бодлого, зохицуулалт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, судалгааны аль аль нь өөр өөр чиглэлийн ур чадвар, туршлага шаарддаг.

Судалгааны байгууллагууд, бодлогын яамдын ажил уялдахгүй байх нь аргагүй. Нэг нь судалгаагаа хийчихээд хүлээгээд суугаад байдаг, нөгөө нь судалгаа дутмаг байна гээд зовлон тоочоод суугаад байдаг. Бид улс дотроо өөр хоорондоо өрсөлдөх биш, бие биеэ сонсож хамтарвал асар их боломж бий. Тухайн салбарыг хариуцсан яамдуудтай илүү ойр ажиллуулах, хэрэглээний, технологийн,  салбарын бодлогын судалгааг давхар хариуцуулах нь зөв шийдэл болно.

Бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдад судалгааны байгууллагуудын ажлын үр дүн, дүгнэлт саналыг сонссон байхыг заавал биелүүлэх шаардлага болгоё. Үүнийг хийх олон арга бий. Мэдээж эхэн үедээ зөрчил гарна. Улс төрчид нь судалгааны байгуулллагаа үйл ойшооно, өөрийнхөөрөө зүтгэнэ. Хэлээд байхад үг авсангүй гэж судлаачид нь гомдоллоно. Үг хэлээ ололцохгүй, судлаачид нь санаагаа ойлгуулж чадахгүй, улс төрчид нь ойлгож чадахгүй үе ч бас зөндөө л гарна.

Улс төрчид өнөөдөр уулзаад “маргааш л хариу өгөөдхөөч, ганцхан өдрийн дотор хорвоо ертөнцийг шинээр нээгээд, судалгааныхаа үр дүнг ганцхан хоногт бэлэн болгож, ганцхан өгүүлбэрээр хэлээд өгөөч” гэдэг. Судалгааны байгууллагууд нь “ул суурьтай судлахгүй бол болохгүй” гэсээр заримдаа цаг алддаг, бодлого шийдвэрээс хожимддог. Ийм зөрүү ч гарах л биз.

Улс төрчидтэй ажиллаж, санаа бодлоо ойлгуулах, судалгааны байгууллагаар хүссэн ажлаа хийлгэхийн аль аль нь амар хялбар биш. Энэ үнэхээр хялбар байсан бол дэлхийн бусад орнууд өдийд хөгжлийн туйлд хүрчих л байсан. Тэгээгүйг бодоход санасан зоргоор болдоггүй бололтой. Улс төрчид нь ч судлаачидтай ажиллаж, юу хүсч байгаагаа ойлгуулж, сонсож сурах, судлаачид нь ч хурдтай ажиллаж, судалгааныхаа үр дүнг шийдвэр гаргагчид ойлгуулж сурах хэрэгтэй юм. Нэг тал биш, хоёр талын хичээл чармайлт байж байж энэ үйл явц урагшилна.

Цэргийг арван жил тэжээж нэг өдөр хэрэглэдэг гэдэг. Судалгааны байгуулагуудад үүрэг хариуцлагыг нь ноогдуулаад, ажлаар шахаад үз л дээ. Тэгж байж чадавхижна, ажилд нухлагдаж байж цэгцэрнэ.

Бодлого шийдвэр үр нөлөөтэй хэрэгждэг байхын үндсэн гол нөхцөл нь судалгаа, баримт нотолгоонд тулгуурлах гэдгийг бодолцвол яаж ийгээд “сэтгэгдэл, таамгаар бодлого боловсруулах” практикаас “судалгааны үр дүнгээр баримжаалж, бодлого боловсруулах” процесс руу, аль болох хурдхан шиг “судалгаанд тулгуурлаж бодлого боловсруулах” үйл явц руу шилжих л хэрэгтэй болж байна.

Судалгааны байгууллагуудад шийдээгүй асуудал олон бий
Судалгаа шинжилгээний ажилд зарцуулсан нэг төгрөг эдийн засагт дунджаар 25 төгрөг болж үр өгөөжөө өгдөг гэсэн судалгаа бий. Инноваци бол судалгаа шинжилгээний ажлын нэг бүрэлдэхүүн хэсэг. Жишээлбэл, Багануур ХХК-д зөвхөн өдөр тутмын, жижиг инновацид оруулсан хөрөнгө оруулалтын нэг төгрөг бүрээс 18 төгрөг олох тооцоо гарч байна.

Шинжлэх ухаан, технологийн сангийн үйл ажиллагааг ч бас өргөжүүлэх цаг болжээ. Энэ сангаас зөвхөн суурь судалгаанд зориулсан санхүүжилт гарч байгаа. Технологи шилжүүлэх, нутагшуулах, турших, сайжруулах ажил Монгол Улсад огт хийгдэхгүй шахам байна.

Эдийн засаг төрөлжихгүй, үйлдвэрлэл хөгжихгүй байгаагийн нэг гол шалтгаан нь салбарын яамдад судалгааны бааз суурь бага, удаан жилээр хуримтлуулсан туршлага, мэдээллийн бааз, технологи шаардсан судалгааг зарим тохиолдолд байнгын ажиллагаатай биш, мэргэшээгүй багаар, богино хугацаанд хийлгэх гэж оролдож байгаатай холбоотой. Энэ тохиолдолд судалгааны үр дүн чанарт хэр зэрэг итгэж найдаж болох вэ?

Манайхан зарим нэг хүрээлэнгийн чиг үүрэг давхцаад байна гэх нь бий. Эдийн засгийн чиглэлийн ганцхан хүрээлэн бүх судалгааг дангаараа хийчих байсан бол ХБНГУ эдийн засгийн зуугаад хүрээлэнг төрөөс санхүүжүүлэх үү? АНУ бодлого судлалын чиглэлээр 1500 хүрээлэн ажиллуулах уу? Жишээлбэл, эдийн засаг гэдэг шинжлэх ухаан хэдхэн хүн ажиллаад бүхнийг мэдэх, шийдэх боломжтой талбар мөн үү? Жижиг эдийн засаг, өөрийн гэсэн онцлогтой эдийн засгийн хувьд Монголд барууныхны, том эдийн засгийн практикийг тэр бүр шууд хэрэгжүүлж болохгүй. Бас л судалгаа шинжилгээ, нөхцөл байдлын сайн анализ хэрэгтэй. Аль болох олон хүрээлэн, олон судалгааны байгууллага байх тусам олон шийдэл, шинэ санаа, хувилбар гарч ирнэ. Тэгж байж бодлого олон сонголттой, илүү бодитой, үр өгөөжтэй байх нөхцөл бүрдэнэ. Төрийн, хувийн, их сургуулиудын судалгааны хүрээлэнгүүдийн аль аль нь хэрэгтэй, гүйцэтгэх үүрэг роль нь ч ялгаатай.

Хэрэглээний судалгаа, туршилтгүйгээр, туршилтын баазгүйгээр суурь судалгааны үр дүн эдийн засагт шууд өгөөжөө өгдөггүй нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн практик билээ. Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийн үйл ажиллагаа одоогоор зөвхөн суурь судалгаагаар хязгаарлагдаж байна. Ямар ч суурь судалгааны үр дүн шууд хэрэглээнд нэвтрэх боломжгүй. Суурь судалгааны үр дүнгээс ашиг хүртэхийн тулд үйлдвэрлэлд нэвтрүүлэх, бүтээгдэхүүнээ сайжруулах, чанарыг тогтворжуулах, хэрэглэгчдэд хүргэх хэрэгтэй болдог.  Дахиад нэмэлт судалгаа, хөрөнгө мөнгө, цаг хугацаа, хүн хүч хэрэгтэй. Нэгэнт хийсэн суурь судалгаагаа цааш нь ахиулаагүй, үр дүнг нь үзээгүй байж, өөрөөр хэлбэл соёолж ургах боломжийг нь өгөөгүй байж сайн муугаар нь дуудах хэрэг байна уу? Шинжлэх ухааны байгууллагуудын суурь судалгааг цаг алдалгүй, яаралтай хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр ажиллахгүй бол бид бодитой үр шимийг нь хүртэхгүй л гэсэн үг.

Хүрээлэнгүүдийн хийсэн суурь судалгааг өөр хэн нэгэн үргэлжлүүлж, хэрэглээнд нэвтрүүлэхгүй. Үүнийг хийж чадах хүн нь нөгөөх л суурь судалгааг гардаж хийсэн эрдэмтэн болохоос өөр хэн нэгэн биш. Суурь судалгаа тодорхой үр дүнд хүрсэн л бол цааш нь хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр богино хугацаатай судалгаа хийх, инноваци хийх боломжийг нь өгвөл, хувийн хэвшилтэй холбож, ажлыг нь уялдуулбал жинхэнэ утгаараа эдийн засгийн ашиг ирнэ.

Их дээд сургуулиуд, судалгааны хүрээлэнгүүдийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр ямар ч ажил хэрэгжээгүй. Их дээд сургуулиудад ч бас суурь судалгаа, судлаачид хэрэгтэй. Судалгааны байгууллагуудад ч бас судалгааны ажлынхаа үр дүнг хүргэх нь, багш, оюутнуудын тус дэм хэрэгтэй. Ядахдаа лаборатори, техник технологийг нь орчин үеийн жишигт хүргээд, хамтран ашиглахаар шийдчихээгүй л байна. Ширээ, принтер, компьютер гурав өгөөд лаборатори, шаардлагатай програм хангамж, тоног төхөөрөмжгүйгээр биологийн туршилт, судалгаа хийгээд үр дүн гаргаад ир гэж байгаагаас нэг их ялгаагүй.  Өнөөдөр Монгол Улс даяар төсвөөс судалгаанд зарцуулж байгаа зардал Израйлийн бол 2-оос гурван эрдэмтний, Шведийн бол 5-аас 6 эрдэмтний л зардал. Цалиндаа гол нь биш, тэдний ард нь судалгааны ажлын мэргэжлийн баг ажилладаг, туршилтын бааз, лаборатори, тоног төхөөрөмж, програм хангамж, мэдээллийн бааз ашигладаг.

Өнөөдөр бид ядахдаа EBSCO эрдэм шинжилгээний хайлтын системд судалгааны байгууллагуудыг нэгдсэн журмаар холбочихоогүй л байна. Хүрээлэн бүр энэ системд холбогдож мэдээлэл авахын тулд жил бүр 3-аас 10 мянган доллар төлөх хэрэгтэй болдог ч төсөв хүрэлцэхгүйн улмаас чаддаггүй. Санхүүжилт багатайгаас шалтгаалан эдгээр судалгааны байгууллагуудын аль нь ч өнөөг хүртэл  олон улсын байгууллагуудын эрдэм шинжилгээний мэдээллийн  EBSCO зэрэг интернет баазад холбогдоогүй байгаа.  Мэдээ, мэдээлэл дутмаг, санхүүжилт хүрэхгүй тохиолдолд судалгааны үр дүн хэр зэрэг чанартай байх вэ?

Вашингтонд өнөөдөр танилцуулсан судалгааны үр дүнг маргааш нь Сөүлд, Токиод, Бээжинд хэлэлцэж, практикт ашиглах, эдийн засгийн үр ашигтай хөрөнгө оруулалт болгохоор ажиллаж байгаа ийм л цаг үед бид энэ тухай ярьж байна. Дэлхий нийтээр уншиж буй мэргэжлийн түвшний, судалгааны үр дүнг бичсэн нэг  номыг худалдаж авах өртөг 50-иас 500 америк доллар.   Нэгэнт Венийн конвенцид нэгдсэн улс орны хувьд бид оюуны бүтээлийг  тэр үнэ өртгөөр нь л авахаас өөр аргагүй.

Бэлэн технологи нэвтрүүлэх, нутагшуулах, импортлохыг ч бас судалгааны бааз суурь, мэргэжлийн байгууллагуудгүйгээр төсөөлөх аргагүй. Технологигүйгээр эдийн засаг хүчгүйдэж байна. Үйлдвэржээгүйнхээ горыг бид өнөөдөр амсаж, гаднаас валют гуйлгачилж байна. Бүтээж чаддаг больё гэвэл бидэнд технологийн мэдлэг хамгийн түрүүнд хэрэгтэй. Технологийн, мэдлэгийн бэлтгэл хамгийн их хэрэгтэй. Бид өнөө хэр салбар бүрээр техонлогийн тухайд баримтлах бодлогоо тодорхойлж чадаагүй л байна. Хувийн хэвшилд хөрөнгө оруулалтын чиг баримжаа болох, салбарын яамдад бодлого боловсруулах үндэслэл болох технологийн судалгаа зайлшгүй хэрэгтэй. Техник эдийн засгийн үндэслэл, судалгаа, бэлтгэл нь хийгдсэн бэлэн байсан бол бид өдийд овоо хэдэн том төслүүдээ урагшлуулсан байж болох л байсан.

Энэ хэдэн судалгааны байгууллагуудаа бүтээн байгуулалтад ч бас оролцуул л даа. Томоохон төслийн ТЭЗҮ боловсруулна гэхээр дандаа гадны компаниудаар хэдэн сая доллараар мөнгө зарж хийлгэхийн оронд Монголын орчин нөхцөл, зовлон бэрхшээл, практикаа мэддэг мэргэжилтнүүд, эрдэмтдээр, багахан зардлаар хийлгэж бас болно шүү дээ. Бидэнд мэдлэг чадвар байхгүйд биш, бие биесээ чамлаж, гадныхныг шүтдэгт л асуудал байна. Улсаа гэсэн сэтгэлтэй, мэдлэг чадвартай, туршлагатай эрдэмтэд цөөнгүй бий. Гаднаас ирсэн технологийг хэрэгжүүлэх, ашиглах нь монголчууд, буцаад явчих биш, эх орондоо үлдэх, амьдрах нь монголчууд бид өөрсдөө. Гадны мэргэжилтнүүдийг бүгдийг нь муу гэж байгаа юм биш. Дотооддоо байгаа нөөц боломжоо эхлээд шүүрдэж үзчихээд, болохооргүй бол асар өндөр үнэ төлж гадагш хандаж болох л байх.

Судалгааны байгууллагуудын менежментийг сайжруулж, судалганы чанар, түвшинг олон улсынхад хүргэхийн тулд хийх ажил ч зөндөө бий.

Цаашид ийм байгаад байвал бид залуу эрдэмтдээ гадагш алдсаар л байх болно. Санхүүжилтээс гадна судалгааны байгууллагын хүн хүч цөөн байгаа нь ч бас сөргөөр нөлөөлж байна. Насаараа сурч, боловсролдоо асар их хөрөнгө зарцуулсан залуу эрдэмтэд дөрвөн зуу хүрэхгүй доллараар цалинжиж, тоног төхөөрөмж, олигтой лабораторигүйгээр ажиллах гэж оролдсоноос хэдэн мянган долларын цалингаар гадаадын, орчин үеийн өндөр технологитой лабораторид ажиллахыг илүүд үзэж байгаа нь ч бий. Хүний л амьдрал учраас тэднийг буруутгах аргагүй. Сурсан мэргэжлээрээ ажиллахын оронд цалин хөөгөөд уул уурхайн компанид ажиллая гэж байгаа нь ч бий. Эрдэмтдийн залуу халааг бэлтгэх, ажиллуулахад төр анхаарах цаг болжээ.

Глобаль орчин дахь өрсөлдөөн, судалгааны байгууллагуудаар дамжин илрэх эрх ашгийн зөрчил
Судалгааны аливаа байгууллага санхүүжүүлэгч, санхүүгээс бүрэн хамааралтай. Тийм ээ, энэ бол аль ч улсад, бас олон улсад хэрэгждэг дүрэм. “Судалгаанд суурилсан бодлого”-ын эсрэг тал нь “аль хэдийн томьёологдсон бодлогод зориулж судалгааны үр дүнг гажуудуулах” явдал юм. Бизнесийн, эрх ашгийн сонирхол орж ирсэн нөхцөлд судалгааны байгууллага санхүүжүүлэгчийн сонирхол, таалалд нийцүүлж бодлогын судалгааныхаа үр дүнг дүгнээд эхэлбэл энэ нь нийгэмд, эдийн засагт, улс орны хөгжилд асар их хор урхагийг дагуулдаг. Энэ бол мэдлэг бүтээх, боловсруулах үйл явцыг төр гартаа атгах гэж хичээхийн үндсэн шалтгаан юм.

Гадны судалгааны байгууллагуудыг, гадны зөвлөхүүдийн үгийг шүтэж гүйцгээсэн зангаасаа бид өнөө хэр салсангүй. Гадны судалгааны байгууллага мөнгөө бодож зоосны нүхээр л Монгол Улсыг харна. Авахыгаа аваад, гээхийгээ гээж чаддаг байх эсэх нь монголчууд, Монголын төр засгийн л дотоод асуудал. Гадны судалгааны байгууллагууд нь төрөөс санхүүждэг, Монголын судалгааны байгууллага шиг эх орноо гэсэн сэтгэлээр хандаж, дараа нь хариуцлагаа бүрэн хүлээж, эрх ашиг, сонирхол нэгтэй байж чадах уу даа.

Олон улсын зах зээлд үндэстэн дамнасан корпорациудын ашиг сонирхлыг хамгаалдаг, санхүүжүүлэгч компани, санхүүжүүлэгч улс орон, санхүүжүүлэгч улс төрийн намын эрх ашгийг хамгаалдаг судалгааны байгууллагууд алхам тутамд бий. Цаана нь тэдний өөрсдийнх нь эрх ашиг, эх орных нь, төр засгийнх нь сонирхол бий. Тэд яагаад өөртөө хамаагүй асуудалд мөнгө зарж, гадны орны эрх ашиг, сонирхолтой холбоотой судалгаа хийлгэдэг вэ? Цөөхөн тохиолдлоос бусдад нь тухайн улс гүрний, түүний ард тэдний компаниудын ашиг л явж байдаг нь нууц биш. Тэгээд тэдэнд хамаг гэдэс дотроо дэлгэж, байдаг бүх мэдээллээ өгөх нь бас зөв үү? Тэднийг буруутгах аргагүй. Хамгийн гол нь бид хэр зэрэг дотроо бодолтой, хэр зэрэг арчаатай вэ гэдэгт л учир бий.

Тусгаар тогтносон, бүрэн эрхэт улс байж гадны судалгааны байгууллагуудаар дамжуулаад гадны улс орны, бүр хувийн компани, корпорациудын ашиг сонирхлын хүлээсэнд орчихоос болгоомжлох үндэслэл бий. Олон улсын практикт батлан хамгаалах, зэвсэглэл, уул уурхай, мөн бусад салбарт зөвөлгөө, судалгааны байгууллагууд санхүүжүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж их хутгалдаж байна. Хэвлэл мэдээллийг эзэгнэж, улс орны нэр хүндэд нөлөөлөх нь ч бий. Ийм ч учраас бусад улс орнууд сүүлийн үед судалгааны байгууллагуудаас санхүүжүүлэгчээ ил тод зарлаж, мэдээлэх, эрх ашгийн ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ нотлохыг шаардах болжээ.

Төрийн хэдэн судалгааны байгууллагаа ад үзэж, хувьд гаргавал яваандаа судалгааны үр дүнд найдах итгэх аргагүй болж, гадаад улс орон, үндэстэн дамнасан корпораци, уул уурхайн компани, мафийн санхүүжилтээс хамаарч, тэдний эрх ашгийг хамгаалсан гадны судалгааны байгууллагуудын ашиг сонирхлын хүлээсэнд багтлагдах тийм л ирээдүй хүлээх болно.

Гадны судалгааны байгууллагууд, эсвэл янз бүрийн ашиг сонирхол дагасан, авилгалд автсан, санхүүжүүлэгчээс шууд хамааралтай, аль нэг талыг барьж дуугарах гоё нэртэй байгууллагуудын үгээр бодлого шийдвэрийг тодорхойлж эхэлбэл тусгаар тогтнол, аюулгүй байдлын тухай мөрөөдөх ч хэрэггүй.

Төр нь арчаатайхан байвал судалгааны хэдэн байгууллагаа чамбайруулж, өөд татах л учиртайсан.  Төр ухаалаг байхын нэг гол үндэс нь итгэл даасан, найдвартай судалгааны байгууллагууд биш үү? Ухаалаг төр улсын хөгжлийн үндэс гэдэггүйсэн бил үү.

Б.Энхбайгаль (доктор, дэд профессор)
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал
2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр

No comments: