"Дээд боловсролын бодлогын шинжилгээ" судалгааны тайлан

Энэхүү бодлогын шинжилгээ нь МУИС-ийг 2011-2020 онд хөгжүүлэх стратегийн зорилтуудыг хангахад дэмжлэг үзүүлэх, дээд боловсролын талаарх МУИС-ийн бодлого, баримтлах үндсэн зарчмыг тодорхойлоход хэрэглэх зорилгоор МУИС-ийн судалгааны дотоод төслийн хүрээнд 2012 оны 12-р сард зарлагдсан “Дээд боловсролын бодлогын шинжилгээ” төслийн багийн тайлан юм. Төслийн ажлыг багийн үндсэн гишүүн Н.Батчимэг, Ч.Тамир нар, туслах судлаачаар Л.Мөнхбат нар 2013 оны 1-ээс 2-р сард гүйцэтгэж энэ хүрээндээ холбогдох хүмүүстэй уулзалт, ярилцлага хийж олон тооны баримт бичиг, материалыг ашиглаж гүйцэтгэжээ.
Судалгааны тайлан нь гурван хэсгээс бүрдэнэ. Үүнд эхний хэсэг нь “Дээд боловсролын талаарх төрийн бодлого, хувьсал өөрчлөлт (1990-2002)” гэсэн хэсэг бөгөөд энэхүү хэсэгт 1990 оноос 2012 он хүртэлх Монголын төрөөс дээд боловсролын талаар баримталж байсан бодлогыг олонхи болсон намын мөрийн хөтөлбөр, ЗГ-ын мөрийн хөтөлбөр, холбогдох гол хууль тогтоомж, үндэсний хөтөлбөрт заалтуудыг харьцуулан шинжилжээ. Өмнө нь үндэсний хөтөлбөр ба хуулиуд дээр үнэлгээ хийгдэж байсан боловч мөрийн хөтөлбөрийг тусгаснаараа энэхүү ажил нь цогцолбор бас шинэлэг болсон байна.
Хоёрдугаарт хэсэгт “Багц цагийн системийн үнэлгээ” гэсэн нэртэй бөгөөд монголд хэрэгжиж байгаа багц цагийн тогтолцоог МУИС, ШУТИС, МУБИС гэсэн гурван сургуулийн жишээн дээр харьцуулан үнэлгээ хийжээ. Ингэж үнэлгээг хийхдээ холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, бичиг баримтын судалгааг нарийвчлан хийсэн байна.
Гуравдугаар хэсэг нь “Дээд боловсролын байгууллагын санхүүжилт” гэсэн хэсэг бөгөөд энэхүү хэсэгт 1990 оноос хойшхи дээд боловсролын санхүүжилтын байдлыг холбогдох тоо баримтаар судлан харуулсан бөгөөд мөн улсын сургуулиудийн жишээн дээр санхүүжилт дээр тулгамдаад байгаа асуудлыг дэлхий дээрхи бусад орнуудын судалгаа баримттай харьцуулан авч үзсэн. Мөн одоогийн байгаа нөхцөл тулгараад байгаа бэрхшээлүүдийг сайтар тодорхойлж түүнээс гарах арга зам, хувилбар, бусад орнуудын туршлага зэргийг нарийвчлан судалсан байна.
11-21-Higher-education-Final-report-March-6-2013.pdf

No comments: