Үндэсний хэмжээний бодлогын семинар болно

Монгол Улсын Засгийн газар ЮНЕСКО, НҮБХС, ДЭМБ, НҮБХХ байгууллагуудын 2009-2012 онд хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсын Хөдөөгийн Хүн Амын Амьдралын Баталгааг Нийгмийн Иж Бүрэн Үйлчилгээгээр Хангах нь” төслийн Үндэсний хэмжээний бодлогын семинар 2012 оны 05-р сарын 7-8-ны өдрүүдэд МҮХАҮТ-ын Уулзалт үзэсгэлэнгийн их танхимд болно.
Уулзалтад Монгол Улсын Шадар сайд, ЗГХЭГ, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд, холбогдох яамдын төлөөлөгчид, төслийн Удирдах хороо, ажлын хэсгийн гишүүд, төсөлд хамрагдсан аймаг, сумдын төлөөлөгчид, төсөл хамтран хэрэгжүүлсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын ажилтнууд, олон улсын донор байгууллагууд, хөгжлийн банк зэрэг төлөөлөгчид оролцоно. Уулзалтын үеэр төслийн ололт амжилт, хуримтлуулсан тэргүүн туршлагыг дүгнэн хэлэлцэж, сурсан, хийсэн зүйлээрээ үзэсгэлэн гаргаж, мэдлэг, туршлагаа хуваалцах бөгөөд хүн амын нийгмийн үндсэн үйлчилгээг хүртэх боломжийг сайжруулахад нийгмийн хүчин чармайлтыг нэмэгдүүлэх, бодлогын таатай орчин бүрдүүлэх зөвлөмж боловсруулж Засгийн газарт өргөн барих юм.

“Монгол Улсын Хөдөөгийн Хүн Амын Амьдралын Баталгааг Нийгмийн Иж Бүрэн Үйлчилгээгээр Хангах нь” төсөл алслагдсан хөдөө нутгийн иргэдийн амьдралын баталгааг хангах, нийгмийн үйлчилгээг цогц байдлаар сайжруулах үндсэн зорилготойгоор Ховд, Увс, Баян-Өлгий, Хөвсгөл, Дорнод аймгийн 20 суманд мэдээллийн хүртээмж, боловсрол, эрүүл мэнд, өрхийн амьжиргааг дэмжих гэсэн дөрвөн чиглэлд хэрэгжсэн юм.
Төслийн хүрээнд МҮОНРТ-ийн 2-р сувгийг байгуулж, өдөр бүр казах, тува хэл, буриад аялгаар 10 минутын мэдээ явуулж, 18-24 цагт нэвтрүүлэг дамжуулж байна. 4 аймгийн 10 суманд FM радио станц суурилуулж, “нутгийн радио” байгуулав. Эдгээр сумын иргэд орон нутгийнхаа мэдээллээр хангагдах боломжтой болж, нутгийн иргэд, нутгийн радиогийн зөвлөл, сайн дурын ажилтнууд орон нутгийн түвшинд радио нэвтрүүлэг бэлтгэх анхан шатны мэдлэг, мэдээлэлтэй болсон. 5 аймгийн хэвлэх үйлдвэрүүдийн менежмент, маркетинг болон үйл ажиллагааны туршлага нэмэгдэж, шинэ арга барилд суралцсан нь цаашид орон нутагт хэвлэмэл материал бэлтгэх чадварыг дээшлүүллээ. Амьдрах ухаанд суурилсан бичиг үсгийн сургалтын хөтөлбөрийг боловсруулан, амьдрах ухааны нийт 8 багц материалыг видео сургалтын материалын хамт бэлтгэв. Төслийн хүрээнд нийт 3147 хүн бичиг үсэгт тайлагдан, амьдрах ухааны сургалтад хамрагдаж, амьдралаа дээшлүүлэх арга ухаанд суралцав. Мөн нийт давхардсан тоогоор сургууль завсардсан 3735, давхардаагүй тоогоор 1368 хүүхэд боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөрийн 6 удаагийн сургалтад хамрагдсанаас 244 нь ЕБС-д шилжин орж, 338 хүүхэд суурь боловсрол эзэмшиж, 40 хүүхэд бүрэн дунд боловсрол эзэмшиж гэрчилгээ авлаа. Энэ үйл ажиллагааг дэмжин хорин суманд “гэр сургууль”-тай болгов. Сонгогдсон сумдын эрүүл мэндийн төвийн 60 хувь буюу Дорнод аймгийн Хөлөнбуйр, Баян-Өлгий аймгийн Толбо, Улаанхус, Буянт, Увс аймгийн Зүүнговь сумдын эмнэлгийн усан хангамж сайжирсан. 9 сумын эрүүл мэндийн төвийн бие засах газрыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн сайжруулсан нь бусад байгууллага, айл өрхөд загвар болж байна. Сумын эрүүл мэндийн төвүүдийн хог хаягдын менежментийг сайжруулахад шаардлагатай 16 төрлийн багаж, хэрэгслээр ханган, олон янзын сургалтын материал, гарын авлагыг шинээр боловсруулан ашигласан нь сумдын иргэд, эмнэлгийн ажилтан, эрүүл мэндийн сайн дурынхны мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд үр дүнгээ өгч байна. Увс аймгийн Давст, Хяргас, Тэс, Зүүнговь, Ховд аймгийн Алтай, Дөргөн, Дуут, Ховд сумын орон нутгийн бизнесийн орчин, хөгжлийн боломжийн талаар судалгаа хийж, 500 гаруй хүнийг бизнес сургалтад хамруулж, талх, нарийн боов, ноос самнах, ээрэх, оёдол, мужаан, гутал засварын тоног төхөөрөмжөөр ханган, бүтээгдэхүүний сав баглаа боодлыг сайжруулснаар нутгийн иргэдийн бизнесийн хөгжлийн талаарх мэдлэг дээшилж, 20 гаруй бизнесийн бүл/хоршоо байгуулагдаж, зах зээлээ олж авсан, 5 бизнес төсөлд техникийн тусламж үзүүлсэн, бизнес эрхэлж эхэлсэн хүмүүсийн орлого 5-20 хувиар нэмэгдсэн зэрэг олон бодит үр дүнд хүрлээ.
Төслийг Монгол улсын талаас Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, ЗГХЭГ удирдан ажиллав. Төслийг хэрэгжүүлэн хамтран ажилласан байгууллагууд, төслийн олон улсын үнэлгээний баг “... Төслийн бүх бүрэлдэхүүн хэсгүүдийн хүрээнд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, сургалтын материал, хэрэглэгдэхүүн зэргээр ханган бодит дэмжлэг үзүүлээд зогсохгүй хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт гаргаж чадсан, төслийн бүх түвшинд олон талын хамтын ажиллагааг хөгжүүлсэн олон давуу талтай байлаа...” гэж дүгнэж байна.
Төслийг Япон Улсын Засгийн газрын санхүүжилттэй “НҮБ-ын Хүний аюулгүй байдлыг хангах итгэлцлийн сан”-гийн тэтгэлгээр хэрэгжүүлсэн бөгөөд Үндэсний хэмжээний бодлогын семинарт уригдсан олон улсын хөгжлийн болон санхүүжүүлэгч байгууллагууд төслийн амжилтыг цааш үргэлжлүүлэн хэрэгжүүлж, түгээн дэлгэрүүлэх боломжийг эрэлхийлнэ хэмээн тохиролцсон юм.

Холбоо барих:
“Монгол Улсын Хөдөөгийн Хүн Амын Амьдралын Баталгааг
Нийгмийн Иж Бүрэн Үйлчилгээгээр Хангах нь”
төслийн удирдах хороо
Утас: 266131, 99145677, 99096865;

No comments: