Жендэрийн талаарх олон нийтийн санал бодлын шинэ судалгаа

УИХ-ын сонгуулийн тухай хуульд УИХ-ын сонгуульд нийт нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь нь эмэгтэй байна хэмээн анх удаа квот тавьж өгөв. Нам бүр нэр дэвших 76 хүнийхээ 15-ыг эмэгтэй байлгах үүргийг хуулийн өмнө хүлээлээ. Тэгвэл эмэгтэй нэр дэвшигчдийн сонгогдох магадлал ямар байгаа вэ. Сонгогчид тэднийг хэрхэн үнэлдэг вэ?

“Сант Марал” сангаас АНУ-ын Азийн сангийн захиалгаар Жендэрийн талаарх олон нийтийн санал бодлын шинэ судалгаа хийж дүнг гаргажээ. Судалгааг 2011 оны аравдугаар сарын 21-24-нд нийслэлийн 800 иргэний дунд хийсэн байна.
“Одоогийн УИХ гуравхан эмэгтэй гишүүнтэй, таны бодлоор яагаад ийм цөөхөн эмэгтэй гишүүн сонгогдсон бэ” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын хамгийн олон буюу 32,4 хувь нь “Одоогийн бий болсон улс төрийн сүлжээнд эмэгтэйчүүд нэвтэрч орох боломжгүй” хэмээн хариулжээ. Эрчүүдийн 25,3 хувь, эмэгтэйчүүдийн 37,6 хувь үүнийг хүлээн зөвшөөрсөн байна. “Хэрэв танай тойргоос сонгуулиар эмэгтэй нэр дэвшигч өрсөлдвөл та санал өгөх үү” гэсэн асуултад эрчүүдийн 41,5 хувь, эмэгтэйчүүдийн 65,2 хувь буюу нийт судалгаанд оролцогчдын 55,1 хувь нь “Тийм” гэж хариулжээ. Эндээс харвал сонгогчид эмэгтэй нэр дэвшигчдийг урьд өмнөхөөс илүүтэй дэмжих сэтгэл зүй бүрдсэн байна.

Харин “хэрэв дэмжихгүй бол яагаад” гэсэн асуултад “Энэ бол манай парламентын уламжлалт ёсонд нийцэхгүй” гэж эрчүүдийн 8,5 хувь, эмэгтэйчүүдийн 13,8 хувь хариулжээ. “Эмэгтэйчүүд гэртээ байж гэр орноо авч явах ёстой” гэж эрчүүдийн 28 хувь, эмэгтэйчүүдийн 31 хувь үзсэн байна. Эндээс харвал эмэгтэй сонгогчид эрчүүдээсээ илүү хуучинсаг үзэлтэй болж таарлаа.
Анхаарч үзвэл зохих нэг зүйл нь “намуудад нэр дэвшиж гарч ирэх үнэлүүштэй эмэгтэй алга” гэж эрчүүдийн 61 хувь, эмэгтэйчүүдийн 51,7 хувь үзсэн нь улс төрийн намууд эмэгтэй гишүүдээ сайн сурталчилж таниулж чадаагүй, чадалтай бүсгүйчүүд эрчүүд шиг өөрийнхөө РR-ыг хангалттай хийж чаддагүйтэй холбоотой гэж үзэхээр байгаа юм.

Эмэгтэй нэр дэвшигчийн сул талыг “зан аашийн байдал” гэж эрчүүдийн 12,9 хувь, эмэгтэйчүүдийн 14,3 хувь үзжээ. Бас л эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ сул үнэлсэн байна. Сурталчилгаа муу, сонгогчидтой холбоо тааруу гэж эрчүүд, эмэгтэйчүүд бараг эн тэнцүү 4,4 орчим хувь нь үзжээ. “Улс төрд орон зайгүй учраас эмэгтэйчүүд дундаж гишүүнээс илүү ухаалаг байх ёстой” гэж эрчүүдийн 38,5 хувь, эмэгтэйчүүдийн 44,6 хувь хариулжээ. Бас л эмэгтэй нь эмэгтэйгээ дутуу үнэлдгийн илрэл гарч ирсэн байна. “Идэвхтэй, шийдэмгий, манлайлагч бай” гэж эрчүүдийн 1,5 хувь нь эмэгтэй нэр дэвшигчдийг зоригжуулсан нь эмэгтэйчүүдээс 0,3 хувиар илүү байна. Бас багаар сайн ажиллавал амжилтад хүрнэ гэж эрчүүд эмэгтэйчүүдээс нэг хувь илүү дэмжжээ.
“Сонгуулийн үеэр адилхан шинж чанартай эрэгтэй, эмэгтэй хоёр нэр дэвшигч байгаа тохиолдолд эмэгтэй нэр дэвшигчид санал өгөх магадлал хэр байгаа вэ” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 54,8 хувь нь “эмэгтэйд нь” гэжээ. “Орчин үеийн Монголын нийгэмд эмэгтэйчүүдийн байр суурь хүчтэй” гэж эрчүүдийн 39,1 хувь, эмэгтэйчүүдийн 54,8 хувь, “хүчтэй тал руугаа гэж” эрчүүдийн 37,4 хувь, эмэгтэйчүүдийн 29,3 хувь хариулжээ. “Сул” гэж гурав орчим хувь нь л үзсэн байна. Харин улс төрийн хүрээнд эмэгтэйчүүдийн байр суурь сул гэдгийг эрчүүдийн 29,7 хувь, эмэгтэйчүүдийн 25,7 хувь хүлээн зөвшөөрсөн байна. Иймд энэ байдлыг засах ёстой гэж хариулт өгсөн иргэдийн 50 гаруй хувь үзжээ.

Дээрхээс харахад харин ч эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дутуу үнэлдэг, сул гэж үздэг ажээ. Тиймээс нэр дэвшигч эмэгтэй ч, сонгогчдын 51 хувийг бүрдүүлдэг сонгогч эмэгтэйчүүд ч зоригтой байвал ялах магадлал байгааг “Сант марал” сангийн судалгаа харуулж байна.

No comments: