Эмэгтэй улс төрчдийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн мэдээлсэн бэ?

Глоб интернэшнл ТББ-аас “УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүдийг дэмжих нь” төслийн хүрээнд өргөн хэрэглээний сонин, цахим хуудсуудад эмэгтэй улс төрчид, эмэгтэй нэр дэвшигчид, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн талаар хэрхэн мэдээлсэн байдлыг илрүүлэх түргэвчилсэн мониторинг хийлээ.

Мониторингийг 2008 оны 6-р сарын 21-27, 2011 оны 6-р сарын 13-19, 2011 оны 10-р сарын 12-25-ны өдрийг дуусталх хугацаанд өдөр тутмын “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, долоо хоног тутмын “Хүмүүс”, “Сэрүүлэг” сонин, http://www.news.mn/, http://www.olloo.mn/, http://www.factnews.mn/, http://www.caak.mn/, http://www.medee.mn/, http://www.amjilt.com/, http://www.gogo.mn/, http://www.shuud.mn/ цахим хуудсуудад нийтлэгдсэн мэдээллүүдэд хийсэн.

Ажиглагчид тусгайлан боловсруулсан түлхүүр асуулт бүхий тэмдэглэлт хүснэгтийн дагуу тоон болон чанарын мэдээлэл цуглуулж, excel программд оруулж кодлон, SPSS 16.0 программаар боловсруулав.

Мөн www.google.mn хайлтын системээс “эмэгтэй улс төрч”, “эмэгтэй нэр дэвшигч” гэсэн түлхүүр үг ашиглан 2008 оноос 2011 оны 10-р сарын 25-ны өдрийг хүртлэх хугацаанд санамсаргүй байдлаар илэрсэн эхний 50 мэдээлэлд дүн шинжилгээ хийлээ.

Мониторингийн хугацаанд нэр бүхий таван сонин, цахим хуудсуудад эмэгтэй улс төрч, эмэгтэй нэр дэвшигчидтэй холбоотой 350 мэдээлэл гарсан байна. Үүний 287 буюу 82 хувь нь тодорхой нэр заасан эмэгтэйчүүдийн тухай байв. Үүнээс 230 буюу 80,1 хувь нь цахим хуудсанд, 57 буюу 19,8 хувь нь сонинд нийтлэгджээ.

Нийт 42 эмэгтэйтэй холбоотой мэдээлэл байснаас нийт мэдээллийн 39,3 хувь нь УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Арвин, Д.Оюунхорол нарын тухай байна. Эдгээрээс С.Оюунтай холбоотой мэдээлэл хамгийн их буюу нийт мэдээллийн 22,3 хувийг эзэлж байгаа боловч 18,2 хувь нь шууд буюу өөрөөс нь авсан, үлдсэн нь нэр нь дурьдагдсан мэдээлэл байлаа.

Таван сонинд нийтлэгдсэн эмэгтэйчүүдийн тухай бичвэр хэмжээний хувьд сонины нэг нүүрийг 1565 см2 гэж үзвэл нийт сонины 105 нүүр болсноос нэр бүхий эмэгтэйчүүдийн тухай бичигдсэн 57 мэдээлэл 12,4 нүүр эзэлж байна. Энэ нь дан эрчүүдтэй холбоотой мэдээллийн хэмжээнээс 5,9 дахин бага талбай байна. Цахим хуудсан дахь мэдээлэл Times New Roman 9 фонтоор бичигдсэн А4 хэмжээтэй 27,9 нүүр материалтай тэнцэж байна.

Мэдээллийн өнгө аясын хувьд нийт мэдээллийн 58 хувь нь дундаж утгаар, 25 хувь эерэг, 16,7 хувь сөрөг агуулгатай байна. Эмэгтэй нэр дэвшигч, эмэгтэй улс төрчидтэй холбоотой таван мэдээлэл бүрийн дөрөв нь нэр дурьдагдсан мэдээлэл байна.

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд зайлшгүй хэрэгтэй 41 хувь, тодорхой хэмжээгээр байх хэрэгтэй 36 хувь, байж ч болно, байхгүй байсан ч болно 18 хувь, бараг хэрэггүй 4 хувь, огт хэрэггүй гэсэн агуулгатй мэдээлэл нэг хувь байна.

Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС татаж авна уу

No comments: