Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын “Нэгдсэн дүн” ном хэвлэгдэн гарлаа.

Хүн ам, орон сууцны тооллого нь хүн амын тоо, нас хүйсийн бүтэц, бүрэлдэхүүн, байршил, боловсрол, эдийн засгийн идэвх, орон сууцны төрөл, нөхцөл зэрэг нийгэм, эдийн засгийн маш дэлгэрэнгүй тоо баримтыг агуулдаг цорын ганц мэдээллийн эх үүсвэр билээ.

Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнд үндэслэн өөрийн орны нөхцөл байдалд нийцсэн, хөгжлийн зохистой загвар, үзэл баримтлалыг тодорхойлох сайхан боломж нээгдэж байна. Ялангуяа шинээр барьж байгуулах нийгэм соёлын газрууд, сургууль, эмнэлгийг хаана ямар багтаамжтай, хүчин чадалтай байгуулах, орон сууцны нөхцөл, хангамжийг зөв төлөвлөж, хэрэгжүүлэхэд тооллогын дүн үндэслэл болох учиртай. Түүнчлэн хүн ам зүйн олон үзүүлэлтүүд үүний дотор хүн амын суурьшил, байршлыг зөв оновчтой зохицуулах, төвлөрлийг сааруулах талаарх Төр засгийн бодлого, хөтөлбөрийг боловсруулахад тооллогын дүн чухал ач холбогдолтой юм.

Энэхүү ном нь 12 бүлэгтэй бөгөөд “Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогыг зохион байгуулж явуулсан тухай “эрх зүйн үндэс түүний зохицуулалт болон тооллогын төлөвлөлт, онцлог, ухуулга сурталчилгаа зэрэг зохион байгуулалтай холбогдолтой арга хэмжээнүүдийг цогц байдлаар тусгасан.

Хүн амын тоо, өсөлт, улсын харьяалал, үндэс угсаа, нягтрал, суурьшил зэрэг хүн ам зүйн гол үзүүлэлт, хүн амын дотоод шилжих хөдөлгөөн, хотжилт, өрх, гэр бүлийн байдал, эдийн засгийн идэвх, орон сууцны нөхцөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, интернэт, гар утас хэрэглэгчдийн тоо, бүтэц, гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэдийн талаар тус бүрд нь бүлэг болгон оруулав.

Энэ удаагийн тооллогын дүнгийн тоо баримт нь өмнөх 2000 оны тооллогын дүнгийн бүх үзүүлэлттэй зэрэгцүүлэн жиших боломжтойгоос гадна сумын төвшинд зарим онцлог мэдээллүүдийг шинээр нэмж тусгалаа.

Удахгүй тооллогын дүнгээр газар зүйн мэдээллийн системийг ашиглан улс, аймаг, нийслэлийн хэмжээнд атласууд анх удаа хэвлэгдэнэ. Мөн тооллогын дүнг үндэслэн Монгол Улсын хүн амын хэтийн тооцоог аймаг, нийслэлээр, тооцож, тодорхой сэдвээр гүнзгийрүүлсэн судалгаануудыг хийж, хэвлэмлээр, техникийн зөөгчөөр, онлайн хэлбэрээр тархаана.

Хураангуй ppt-ыг татаж авах

Эх сурвалж: www.toollogo2010.mn

No comments: