Социологийн шинжлэх ухааны хандлага, үүргүүд

1. Социологийн түвшин, хандлагууд
Социологичид янз бүрийн баримтыг судлах, тайлбарлах 5 үндсэн хандлагыг ашигладаг.
1. Хүн ам зүйн хандлага
2. Сэтгэл зүйн хандлага
3. “Хамт олны” хандлага
4. “Харилцан холбогдлын” хандлага
5. Соёл судлалын хандлага
Энэхүү 5 хандлагыг социологичид дараах 2 зорилгоор хэрэглэдэг. Үүнд:-
1/ судалгаагаар цуглуулсан мэдээллийг задлан шинжлэх.
2/ олж авсан мэдээ сэлтийн төсөө ба ялгааг илрүүлж шинжлэх ухааны үүднээс сайтар тайлбарлах зорилготой.

Мэдээ сэлтийг шинжилснээр социологичид хүний нийгмийн тогтвортой ба хувьсамтгай байдлын шалтгааныг танин мэднэ. Чухамдаа нийгэм дотор хүчний харилцаа харилцан тогтворгүй байдаг. Нийгмийн хүчнүүдээс чадалтай нэг тогтолцоо нь тогтвортой байдал нийгмийн институтүүд болон мөн нийгмийн бусад тогтоомжийг хадгалах эрмэлзлэлтэй байна. Гэтэл хүчний нөгөө тогтолцоо нь нийгмийн хуучин хэлбэрийг задлан унагах, шинийг тогтоох зэргээр хувьсган өөрчлөхийн тулд ажилладаг.

Социологийн шинжлэх ухаан бүтэцийн хувьд дараах түвшинд хуваагддаг.Үүнд:-
1.Суурь судалгааны түвшин
2.Хавсарга судалгааны түвшин
3.Нийгмийн инженер зүй
Дээрх ангилал нь социологийн шинжлэх ухааны бүтцийг онолын социологи, хавсарга социологи, нийгмийн инженер зүй гэсэн 3 түвшинд хуваан авч үзэх бололцоог ойлгодог.

2.Социологийн шинжлэх ухааны үүргүүд
1.Танин мэдэхүйн үүрэг:- Бусад шинжлэх ухааны нэгэн адил социологийн чухал үүргүүдийн нэг. Социологи нь бүхий л түвшин, бүтэцийн бүхий л элементүүддээ нийгмийн амьдралын хүрээнүүдийн тухай шинэ мэдлэгийг бий болгож, нийгмийн хөгжлийн зүй тогтол, хөгжлийн чиг хандлагыг нээж байдаг. Үүний тулд нийгмийн үйл явцыг танин мэдэх арга зүйн зарчмуудыг боловсруулдаг онолын суурь ойлголтууд үйлчлэхээс гадна энэ шинжлэх ухааны цуглуулсан баялаг баримт материал, нийгмийн амьдралын аль нэгэн салбарын тодорхой мэдээллийн эмпирик судалгаанууд мөн адил үйлчилдэг байна.
2.Хэрэглээний үүрэг:- Социологийн шинжлэх ухааны нэгэн чухал шинж бол түүний онол , практикийн нэгдэл юм. Социологийн судалгааны үлэмж хэсэг нь практик асуудлуудыг шийдэхэд чиглэнэ. Энэ хүрээнд авч үзвэл тэргүүн ээлжинд хэрэглээний үүрэг чухал ач холбогдолтой бөгөөд энэ үүргийн дотор түүний бусад үүргүүд илэрч байдаг.
3.Нийгмийн хяналтын үүрэг:- Социологийн судалгаа нь нийгмийн үйл явцыг хянах, нийгмийн үр нөлөөтэй хяналтыг хэрэгжүүлэх тодорхой мэдээлэл өгдөг. Ийм мэдээлэлгүйгээр нийгмийн түгшүүрт байдал, хямрал, мөргөлдөөнүүд өсөх боломж нэмэгдэнэ. Дэлхийн ихэнх улсуудын гүйцэтгэх болон хууль тогтоох байгууллагууд, улс төрийн нам, холбоод нь нийгмийн амьдралын бүхий л хүрээнд зорилго чиглэлтэй бодлого явуулахын тулд социологийн шинжлэх ухааны боломжийг өргөнөөр ашигладаг байна. Энд социологийн шинжлэх ухааны нийгмийн хяналтын үүрэг илэрдэг.
4.Төлөвлөлтийн үүрэг:- Социологийн практик чиглэл нь юуны өмнө тэрээр нийгмийн үйл явцын ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй таамаглал дэвшүүлдэгт оршино. Ингэснээр түүний төлөвлөлтийн үүрэг илэрдэг. Ялангуяа нийгмийн хөгжлийн шилжилтийн үед ийм төрлийн таамаглал чухал үүрэг гүйцэтгэнэ. Учир нь энэ тохиолдолд социологи нь :- 1/ Түүхийн тодорхой үе шатан дахь үйл явцад оролцогчдын өмнө ямар хэмжээний бололцоо, магадлал нээгдэж байгааг тодорхойлох. 2/ Аливаа нэгэн шийдэлтэй холбоо бүхий ирээдүйн үйл явцуудын зэрэгцээ асуудлыг дэвшүүлэн тавих, 3/ Тухайн зэрэгцээ шийдлүүдийн доторх алдагдлын магадлалыг тогтоох бололцоотой байдаг. Нийгмийн амьдрал, түүний салбар хүрээнүүдийн хөгжлийн төлөвлөлтөнд социологийн судалгааг хэрэглэх нь ихээхэн ач холбогдолтой байдаг. Нийгмийн төлөвлөлтөнд нийгмийн тогтолцооноос үл хамааран дэлхийн бүх улсуудад байдаг. Энэ төлөвлөлт дэлхийн хамтын нөхөрлөл, тусгай бүс нутаг, улсуудын амьдралын тодорхой үйл явцаас хот, хөдөө, үйлдвэр аж ахуйн газар, хамт олны амьдралын нийгмийн төлөвлөлт хүртэлх бүхийл салбарыг хамардаг.
5. Үзэл суртлын үүрэг:- Социологийн шинжлэх ухаан нь социологич- эрдэмтэдийн хувийн үзэл бодлоос үл хамааран үзэл суртлын үүргийг гүйцэтгэсээр ирсэн ба одоо ч гүйцэтгэж байна. Судалгааны үр дүн яман нэгэн нийгмийн бүлгийн тодорхой зорилгыг хэрэгжүүлэх зорилгоор ашиглагдаж болох юм. Социологийн мэдлэг ч хүмүүсийн зан төрх, тодорхой хэвшмэл бус сэтгэхүйг тодорхойлж, нийгмийн болон үнэт зүйлсийн харьцааг тодорхойлж байдаг.
6.Хүнлэг энэрэнгүйн үүрэг:- Социологийн судалгаа нь хүмүүсийн хоорондын харилцан огтлолцолд түлхэц өгч, эцсийн эцэст нийгмийн харилцааг боловсронгуй болгоход нөлөө үзүүлдэг. Энэ тохиолдолд түүний хүнлэг, энэрэнгүйн үүрэг илэрдэг.

Эх сурвалж: http://www.sodon.ikhzasag.mn/index.php//home/post/63

No comments: