“Богд уулын дархан цаазат бүс дотор барьсан барилга, байгууламжийг цаашид хэрхэх вэ?” СУДАЛГААНЫ ТАЙЛАН

Энэ оны эхээр нэгэн байгууллагын захиалгаар “Богд уулын дархан цаазат бүс дотор барьсан барилга, байгууламжийг цаашид хэрхэх вэ?” сэдэвт судалгааг хийж хүлээлгэж өгч байлаа. Ярилцлагын асуулга, интернет хэрэглэгчдийн асуулга болон фото анализын аргаар мэдээлэл цуглуулж трангуляци хийж байсан юм. Тус судалгааныхаа тайланг нийтэлж байна.
Өмнөтгөл
Дэлхийн газар нутгийн байгалийн сонин сайхан тогтоцтой уул, гол мөрөн зэргийг НҮБ-ийн салбар байгууллага болох ЮНЕСКО бүртгэн хамгаалдаг. Манай улсаас энэ байгууллагад цөөн хэдэн байгалийн үзэсгэлэнт тогтоц данслагдсаны нэг нь нийслэл хотын урд зүгт дүнхийх Богдхан уул билээ.
УИХ-аас 1995 онд “Төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийг боловсруулан баталж, улс даяар дагаж мөрдөж эхэлснээс хойш уг хуульд 2002, 2003, 2004, 2006 онд дөрвөнтөө нэмэлт өөрчлөлт оруулжээ. Энэ хуульд “Богд уулыг дархан цаазат газар нутаг мөн” хэмээн батлан оруулсан билээ. Өдгөө Богдхан уулын дархан цаазат бүс, амуудад олон арван хотхон, жуулчны бааз, хувийн хаус, орон сууцны хороолол, амралтын газар, зугаа цэнгээний газар байгуулж хуульд заасан зүйл заалтуудыг зөрчиж ирлээ. Тухайлбал, “Royal green wella”, “Глобал”, “Цэлмэг хотхон”, “UB таун”, “Скай таун”, “Анома”, “Буянт-Ухаа хотхон”, “Sky Resort” зэрэг байгууламжууд үүний тодоос тод жишээ баримт мөн.

Report_Bogd_Khan -
Дархан цаазат газрыг хувийн эзэмшил мэт болгон ашиглаж ирснийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлж, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Олон улсын болон Монголын олон байгууллага, иргэний нийгмийнхэн тодорхой баримт, санал хэлж сануулж байгаа ч дээрх байдал төдийлөн өөрчлөгдөхгүй байна. Богдхан уул хэдийгээр дархан цаазат газар ч тэнд хорих анги, сургууль, амралт цэнгээний газар, хувийн байшин гээд олон зүйл байгуулжээ.

2004 онд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж зөвшөөрөл авчихаад хувийн орон сууц барьчихсан нэр бүхий 5 аж ахуйн нэгжийн асуудал ч өнөөдөр мартагдаж байна. Одоогоор Зайсангийн аманд л гэхэд 27 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах зориулалтаа өөрчлөн хувийн сууц барьжээ. Тэдгээр аж ахуйн нэгжийн ард ихэвчлэн Монголын томоохон улс төрч, бизнесмэнүүд байж хуулиа зөрчсөн үйлдэл хийж байгааг Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай ярьж, бичсэн бөгөөд тэдгээр мэдээллийн мөрөөр хийсэн албан ёсны мониторинг ч алга, бас тэдгээрийг няцаасан мэдээлэл ч мөн байхгүй байна.

No comments: