АЙЛД ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧ ХИЙЖ БАЙГАА ХҮҮХДҮҮДИЙН СУУРЬ СУДАЛГАА 2005

Монгол улс 1990-ээд оноос хойш зах зээлийн харилцаанд шилжсэнтэй холбоотойгоор нийгэмд гарсан сөрөг үзэгдлүүдийн нэг бол хүүхдийн хөдөлмөр эрхлэлт юм.
Хүүхдүүд хөдөлмөр эрхэлснээр тэдний сурч боловсрох, эрүүл аж төрөх, амьдралын баяр, баясгалан эдлэх зэрэг үндсэн эрхүүд зөрчигдөж байна.
Хүүхдийг ажил хөдөлмөрт сургах уламжлал, зан заншил манайд байдаг ч ядуурал газар авч, хямд ажиллах хүчийг ажиллуулах сонирхол бий болж байгаагаас хүүхдүүд эдийн засгийн үйл ажиллагаанд илүүтэй татагдан орж байна. Сургуульд суралцах боломж, бололцоо тааруу, ядуу өрхийн хүүхдүүд орлого олж, амьжиргаагаа залгуулах зорилгоор ажил хийх нь түгээмэл байна. Хүүхдүүд гар дээрээс худалдаа хийх, гутал тослохоос эхлээд ачаа зөөх, албан бус аргаар алт олборлох, хог хаягдал цуглуулах зэрэг ХАА-н, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний бараг бүхий л ажлуудад оролцож байна. Үүний сацуу хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн хэлбэр, цар хүрээ нэмэгдэхийн хэрээр тэд өөр айлд гэрийн үйлчлэгчийн ажлыг ил болон далд байдлаар хийх үзэгдэл Монголд хэдийнээ бий болжээ. Харин хот, хөдөөгийн айлд гэрийн үйлчлэгчийн ажил эрхэлж буй хүүхдүүдийн бодит нөхцөл байдал нэлээд ялгаатай юм. Тухайлбал, хотод гэрийн үйлчлэгч хийж буй хүүхдүүд ганцаарлагдмал, нуугдмал байдалд байхад хөдөөд айлд мал маллаж буй хүүхдүүд айлын малыг нь маллахын зэрэгцээ тухайн айлын гэр орны өдөр тутмын бүхий л ажлуудад гар бие оролцож байх жишээтэй. Мал маллах болон гэрийн үйлчлэгчийн ажлыг хүүхдүүдийн өөрийн гэртээ хийж байна уу эсвэл өөр айлд хийж байна уу гэдгийг нарийн зааглах нь чухал юм. Хүүхдээ айлд ажиллуулж буй эцэг эхчүүд хүүхдийнхээ суурь боловсролд төдийлэн анхаарахгүй байна. Хөдөөгийн сургуульд сурч буй хүүхдүүд голдуу дотуур байранд амьдардаг ч долоо хоногийн амралтын өдрүүдээр айлд мал маллах, гэрийн үйлчлэгчийн ажлуудыг хийж байна.
Харин зуны амралтаар тэд бүтэн цагаар мал маллах, гэрийн үйлчлэгчийн ажлуудыг хийдэг. Хөдөөгийн дэд бүтцийн хөгжил сул дорой байгаа нь ийм ажил хийж буй хүүхдүүд сургуульдаа тасралтгүй суралцах боломжийг (ялангуяа хөдөөгийн алсдагдсан багт ажиллаж буй хүүхдүүдийн хувьд) хязгаарлаж байна. Сүүлийн жилүүдэд Монголд хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар нэлээд судалгаа шинжилгээний ажлууд хийгдсэн боловч гэрийн үйлчлэгч болон айлд мал маллаж буй энэхүү өвөрмөц хэлбэрийн хөдөлмөрийг цогц байдлаар судалсан судалгаа, шинжилгээний ажил хараахан хийгдээгүй байна.

Дэлгэрэнгүйг эндээс татаж авна уу www.forum.mn

No comments: