Л.Сумати. Монголд улс төрийн төлөөлөл болчихоор нам алга

“Сант марал” сангийн захирал Лувсандэндэвийн Суматитай ярилцлаа.

-Намууд гишүүд дэм­жигчдээ бүртгээд байх хэрэггүй гэж үзээд байдаг юм биш үү? Тэгээд л сонгууль дөхөөд ирэхээрээ бүгдээрээ л зуу зуун мянган гишүүнтэй болчихдог биз дээ...

-Уг нь дэмжигчдийнхээ тоог нь ч, үзэл бодлын ангиллыг нь ч мэдэх ёстой байгаа юм. Тухайлбал, танай сонины талаар асуухад уншигчдаа дотор нь ангилсан сегментүүд гаргаж төлөвлөгөө стратеги боловсруулдаг биз дээ. Намууд ч мөн яг адилхан байх учиртай юм. “манайхыг ч ерөнхийдөө нэг тиймэрхүү хүмүүс дэмждэг. Тэдгээр хүмүүсийн гэхдээ яг сонирхол нь юу байдаг, тэдний төлөө юу хийж болох вэ” гэж төлөвлөж байх л хэрэгтэй. Гэтэл энэ чиглэлээрээ мэдлэг тун тааруухан байна. Би арав гаран жил судалгаа хийж ажиглалт хийж явахдаа юу хүлээж байсан бэ гэхээр энэ намууд өөрсдийг нь дэмжиж хүрээлээд байгаа хүмүүсийн талаар мэдэж авах гэсэн оролдлого гарах нь уу гэж харсан. Огт алга. Мөн тэдгээр дэмжигчдийнхээ төлөө ямар зүйл хийх нь вэ гэж хүлээгээд байсан. Бас л дорвитой зүйл харагдаагүй. Бага зэргийн хөдөлгөөн бол гарах л юм, гэхдээ хангалтгүй. 2007 онд манай төвийн 13 жилийн судалгааг нэгтгэсэн ном гаргахдаа намыг дэмжигч байгаа хүмүүсийн талаар судалгаа хйисэн юм. Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүс либерал чиглэлийн үзэл суртлыг дэмжиж байна уу, эсвэл зүүний чиглэлийг дэмждэг хүмүүс байна уу гэж. Тэгээд нэлээд олон улстөрчдөд тэр номоо тарааж өгсөн л дөө. Гэтэл нэг ч улстөрч тэр дэмжигчдийн ангиллын талаар буюу тэр сегментүүдийн талаар асууж байгаагүй дээ. Нэг бол тийм сонэирхол байхгүй байж болно. Эсвэл тийм сонирхол байсан ч түүнийгээ яаж илэрхийлж, үр дүн болгохоо мэдэхгүй байна л гэж ойлголоо.

-Судлаагүй болохоор алдаа их гарна биз?

-Яг одоо МАХН-ын зовлон тэрнээс гарч ирсэн байхгүй юу. Надад яаж харагдаж байна гэхээр яг энэ намыг дэмжигч хүмүүс маань хэн бэ гэдгийг энэ нам мэдэхгүй юм шиг надад харагдаад байгаа юм. Хэрэв үүнийгээ мэддэг байсан бол төвийн нам байх уу, зүүн чиглэлийн нам байх уу, эсвэл бүр баруун чиглэлийн нам байх уу гэдгээ шийдэж ядаад байхаар хэцүү асуудал байхгүй. “Манай намын гишүүдийн тэр хэсэг нь ийм үзэл баримтлалтай, гэхдээ нийгмийн байдал эсрэг байгаа тохиолдолд ийм бодлого явуулах ёстой” гэсэн тийм тодорхой шийдвэр гаргахад дээрхи мэдлэг хэрэгтэй. Тэгэхгүй, нэг болохоор бид барууны чиглэлийг барьж байгаа гээд, нэг болохоор бид зүүний чиглэлээсээ ухрагүй гэх зэргээр нааш цаашаа шилжиж байгаа нь ерөнхийдөө бол дээр хэлсэн чиглэлээр мэдлэг муутай л гэдгийг харуулж байгаа юм.

-Намууд баруун зүүн гээд их л будилдаг болж дээ, ер нь бол...

-Ямар ч байсан намууд зөв тий­шээгээ хөдөлж байгаа нь харагдаж байх шиг. Гэхдээ энэ бол тусдаа асуудал. Өөр нэг зүйл нь намууд зарим нэг зүйлийг ойлгож эхлэв үү гэлтэй байгаа. Ардчилсан нийгэм гэдэг чинь эцсийн дүндээ иргэддээ үйлчлэх үүрэгтэй юм. Тэгвэл улс төрийн намуудын хувьд ч ижил байх ёстой. Дэмжигч, сонгогчдодоо үйлчлэх ёстой. Улс төрийн намуудын хямрал юун дээр илэрдэг гээч.

-Юун дээр?

-Дэмжигчид итгэхээ больж бай­гаагаар илэрдэг. Судалгаа хийгээд үзэхээр ийм байдал харагдаад эхэлсэн. Улс төрийн намуудын үйл ажиллагаа нь дэмжигч сонгогчдынхоо хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэхгүй байна гэсэн бодолтой хүмүүсийн эзлэх хувь судалгаа болгон дээр 50-иас илүү хувиар илэрч байгаа. Энэ байдлыг өөрчлөхгүй бол манай улстөрийн намуудын рейтинг өсөх боломж гарч ирэхгүй. Дээр нь судалгаанд оролцсон иргэдийн 70 хувь нь манай нийгэм шударга бус гэж үзэж байгаа тухай тоо гарсан. Энэ болгоныг засахгүй бол цаашдаа хэцүү болох байх. Сонирхвол би тоог нь яг хэлчихье. Нийгэмд шударга тал нь давамгйлж байна уу, шударга бус зүйл илүү байна уу гэж асуухад шударга бус зүйл илүү байдаг гэж 70 хувь нь хариулсан байгаа юм. Заримдаа шударга, заримдаа шударага бус гэж хариулсан нь 24 хувь байна. Шударга нь илүү байна гэж 4-хөн хувь нь л хэлсэн байхгүй юу.

-Сонирхолтой тоо баримт байна даа. Нийгмийн итгэл ингэтлээ алдарч байгаа болохоор л ний­гэм хямарч байгаа гэж ойлгож болох нь ээ?

-Улстөрийн хямралын гол шалтгаан ч энэ дээр л гарч ирж байгаа юм. Шударга байх хэрэгтэй гэж байгаа ч тийм байхын тулд юу хийх ёстой вэ гэсэн ойлголт энэ улс төрийн хүрээлэлд байхгүй байх шиг. Ардчилсан нийгэмд хууль л голлох ёстой байдаг. Гэтэл манайд хууль биш эрх мэдэл нь давамгайлсан харагддаг. Өөрөөр хэлбэл хууль бүгдэд үйлчлэх биш, харин хууль эрх мэдэлтнүүдэд л үйлчилж байна гэсэн ойлголт төрөөд байгаа юм. Улстөрийн намууд энэ байдлыг яаж өөрчлөхөд л анхаарлаа хандуулах ёстой гэж бодож байна. Ялангуяа эвслийн Засгийн газар байгуулаад ажиллаж байгаа хоёр намын хувьд их чухал. Хэрэв хууль бүгдэд тэгш үйлчилдэг болговол нийгэмд буглачихаад байгаа хямрал дорхноо л арилчихна.

-Та түрүүн намууд зөв тийшээ явж л байна л даа гэх шиг болсон. Сүүлийн үед баруун зүүнээ ялгаж, бас нэрээ ч сольё ч гэж байх шиг... Энийг хэлээд байна уу?

-Намууд зөв тал руугаа явж байна гэдгийг би арай өөр өнцгөөр хэлсэн юм. Тухайлбал улс орны сонирхол, намын сонирхол, бас хувь хүмүүсийн сонирхол гээд гурван зүйл яваад байдаг. Тэгвэл өнөөдөр ядаж намын сонирхол нь хувь хүний сонирхлоосоо илүү гарах хандлага бий болж байгааг би тэгэж хэлсэн юм. Арваад жилийн өмнөхтэй харьцуулахын бол хувийн тоглолт нэлээд багассан байна. Өөрөөр хэлбэл улс төрийн нам гэдэг “корпорате” ( хамтын үйл хэрэг) ажиллагаатай юм гэсэн тийм зөв ойлголт бүрдэж байна л гэсэн үг. МАХН энэ талаараа овоо хол явчихсан, харин АН энэ тал дээрээ одоо л нэг тогтож ирж байх шиг байгаа юм. Ямартай ч хамт олны ашиг сонирхол гэж байдаг, тэр нь чухал байна гэдэг үзэл яахын аргагүй гарч ирж байна. Нөгөө талаараа нам гэдэг бол тодорхой улс төрийн бүлгийн ашиг сонирхол нь нийгмийн мөн л тодорхой хэсэг бүлгийг ашиг сонирхлыг илэрхийлж гарч ирдэг гэж ойлгож эхэлж байгаа нь бас л зөв хандлага гэж хэлэх гээд байгаа юм л даа.

Тухайлбал, 2007 онд гаргасан судалгаанас харахад МАХН-ын дэмжлэг гэхэд өөр хоорондоо адилгүй сонирхлын бүлгүүдийн саналуудаар дэмжигдсэн харагдаж байсан л даа. Энэ нь намд өөрт нь хэцүү байдалд үүсгэдэг. Өөрөөр хэлбэл нэг зэрэг олон янзын ашиг сонирхлыг хэрхэн нэгтгэж илэрхийлэх вэ гэдэг хүнд юм. АН-ын хувьд ч баримтлалын тухайд бас л хөлөө олоогүй л явж байна. Энэ нь юунаас болсон бэ гэхээр анх бий болохоосоо л өөр өөр үзэл баримтлал бүхий олон намуудын нэгдэл болж гарч ирснээс болсон хэрэг. Өөрөөр хэлбэл нэг үзэл баримтлалаар бус харин эрх мэдлийн сонирхлоор нэгдэл болж байсан. Үзэл баримтлалын төлөө биш харин эрх мэдлийн төлөө илэрхийлэл юм шиг хүмүүсийн нүдэнд харагдаад байгаа болохоор энэ намын рейтинг нь бас дээшлэхгүй байна л даа.

-Таны судалгааны нэг сонир­холтой хэсэг нь нийгмийн доторхи үзэл бодлын таван сегмент буюу бүлгүүдийн хувь хэмжээг харуулсан тоо үнэл­гээнүүд байсан. Хараад байхад сүүлийн сегмент нь хамгийн их анхаарал татахаар байх шиг ...

-Ийм юм. Нийгэмд үндсэндээ санаа зорилгоор нь хуваасан таван бүлэг байгаа юм. Тэдгээр бүлгүүдийн тодорхой илэрхийлэл нь улс төрийн өндөрлөгүүдэд илэрхийлэгдээд сууж бай­гаа гэж үзвэл нэг бүлгийн төлөөлөл огт байхгүй харагддаг. Тэр нь одоогийн төр засаг, нийгмийн байдалд итгэхээ больсон бухимдалтай байгаа хэсэг бүлэг хүмүүс юм. Тэд сонгуулийн үеэр хэрхэн саналаа өгдөг вэ гэхээр тухайн үед сөрөг хүчин болж байгаа аль ч улс төрийн төлөөлөлд очоод саналаа өгчихдөг. Явж ирсэн хугацаанд АН дийлэнхдээ сөрөг хүчин байж ирсэн болохоор тэдгээр хүмүүс энэ намын төлөө л саналаа өгчихдөг байдал харагдсан. Харин хамгийн хэцүү нь хэрэв АН засгийн эрхэнд гарлаа гэхэд нөгөө бүлэг маань шууд энэ намын эсрэг болчихдог тийм тал ч бас бий.

-Вектор (чиглэл) өөр учраас уу?

-Тийм л гэсэн үг дээ. Тухайлбал, ерөнхийдөө консерватив болон либерал улс төрийн үзэл баримтлал ноёрхдог шүү дээ. Тэгэхэд эдгээрийн аль аль нь дээрхи бүлгийн хүмүүст таалагдахгүй байгаа юм. Тэгэхээр энэ бүлэгтэй одоо төлөвшсөн гээд байгаа, дэмжлэгийг нь аваад засгийн эрхийн гарсан намууд хэрхэн ажиллахаа бодох л учиртай болж байгаа юм. Хэрэв энэ бүлэг энэ хэвээрээ яваад байх юм бол ямар нэг радикал (хэт туйлширсан) улс төрийн хүчний дэмжигчид болж хувирах тийм төлөв харагдаж байна. Магадгүй тэдний анхаарлыг татах улс төрийн хүчин гэвэл зүүний радикалууд л байх болов уу гэж харагдаад байгаа юм даа. Жишээ нь нийгмийн баялгийг шинээр хуваарилалтад оруулах хэрэгтэй ч гэдэг юм уу. Баячууд хөрөнгө баялгаа шудараг бусаар олсон учраас дахин хуваарилалтад оруулья гэх маягийн марксист, ленинист дэглэмийг тогтоох гэсэн улс төрийн үзэл баримтлал сонирхогдож магадгүй юм.

-Энэ сегмент бараг хамгийн том нь байна уу, үгүй юу ?

-Энэ бүлэг одоо хэдэн хувьтай байгаа гээч. 34 хувьтай байгаа юм. Гуч гаруй хувь гэдэг бол бага тоо биш ш дээ. Тэгэхдээ эдгээр таван сегмент нь их хөдөлгөөнтэй л дээ. Жишээ нь Засгийн газар муу ажиллаад нийгэмд шударга бус байдал газар авч, хямрал нүүрлэхээр мэдээж энэ тав дахь сегмент нь өсөөд л байх юм. Өнгөрсөн онд энэ тав дахь буюу бухимдлын сегмент нь маш том байсан. Түүнээс гадна сегментүүдийн хувь хэмжээний хөдөлгөөн намын рейтингийг ч бас хөдөлгөж байгаа.

-Яаж?

-Яаж гэж үү. Жишээ нь бид иргэдээс “ Та аль намыг дэмждэг вэ” гэсэн асуултад хариулж байсан хувь хэмжээг харахад 2010 онд намуудын төлөө өгсөн санал ердөө л 42 хувь л болж байна. Гэтэл өмнөх онуудад энэ хувь нэлээд өндөр гарч байсан юм шүү дээ. Юуг харуулж байна гэхээр иргэд улс төрийн намуудад итгэхээ больж эхэлсэн гэж л харагдаад байгаа юм. Бас “онцолдог нам байна уу” гэсэн үзүүлэлт байгаа юм. Энэ асуулгад хариулсан иргэдийн хариултыг харахад зонхилогч хоёр намын санал нийлээд 41 хувь л болж байгаа юм. АН, МАХН хоёр хоёулаа 20,5 хувьтай мөр зэрэгцээд л явж байна. Ер нь энэ асуултад аль нэг намыг онцолж хэлсэн иргэдийн хувь гэхэд нийт асуултад хариулагчдын 44 хувь л болж байсан.

-Үлдсэн 55 хувь нь ...?

-Ерөөсөө л улстөрийн намуудад итгэхээ больчихсон байна. Тэр ч байтугай улстөрийн. баримжаа ч байхгүй нэг хэсэг байна, бас ерөөсөө энэ намуудыг хая, харин Ерөнхийлөгчийн засаглал тогтооё гэсэн хэсэг ч байна. Яг тоог нь хэлбэл энэ 55 хувийн 54 хувьд нь онцолдог, дэмжиж хэлэх нам байхгүй байна аа л гэсэн үг. Энэ бүхэн юуг харуулж байна вэ гэхээр Монголын улс төрийг төлөөлөх нам өнөөдөр байхгүй байна аа л гэсэн үг шүү дээ.

-Энэ байдал ер нь шинэ үзэгдэл үү?

-Тийм, шинэ үзэгдэл шүү. Бид 2008 оноос энэ асуултыг тавьж ирсэн юм. Өмнө нь болохоор “аль нам нь хамгийн сайн нь вэ” гэж асуудаг байсан л даа. Тэр үед асуулгад оролцогчдын намуудыг нэрлэх хувь нь 70 гаруй хувьтай л байдаг байсан. Тэгэхээр улс төрийн намуудыг өөрсдийнхөө төлөөлөл гэж үздэг хэсгийн хувь хэмжээ эрс доошилж байгааг л харуулж байгаа юм.

-Улс төрөөс өөр бас шалтгаан байна уу?

-Яахав бас бий л дээ. Ухаандаа Мон­голын нийгэм баруунжих ханд­лагатай болж байгаатай холбоотой байж болно. Баруун Европт ч , АНУ-д ч тэр улс төрөөс залхаж, хөндийрөх байдал нийгэмд нь гарч ирдэг л дээ. Тэр загвар бас нөлөөлж байгааг үгүйсгэхгүй.

-Тэдний залхалт манай залхалт хоёр өөр байх...

-За даа, үгүй болов уу. Хоорондоо адилхан байгаа гэж бодоод байна. Бага зэрэг ялгаатай талууд байж болох юм. Тэгэхдээ л үндсэндээ адилхан болж байгаа. Өөрөөр хэлбэл манайд ч ялгаагүй залуучууд нь улс төрөөс залхдаг, улс төрийг сонирхохоо больж ирсэн. 1990-ээд оны залуучуулаас огт өөр залуучууд гарч ирж байна шүү дээ. Их прагматик, аж ауйн сонирхлоо илүүд тавьдаг болж ирсэн гэж болно. Нэгэнт залуу үе зонхилж байгаа болохоор дүн үнэлгээнд бас нөлөөлж л байгаа.

-Арав гаруй жид судалгаа хийх хугацаанд та л ажигласан байгаа болов уу. Бид ер нь ямар ямар саадтай гүйлт хийгээд байгаа хүмүүс вэ гэж л ...?

-Судалгаа хийж ирсэн хугацаанд ажиглагпсанаа дүгнэхэд хамгийн эхний барьер бол төрийн тогтолцооны байгууллагыг жигд үйл ажиллагаанд нь оруулах байсан гэж би боддог юм. Тэр нь хамгийн хэцүү байсан, бас одоо ч дуусаагүй л байна. Үүнд, жишээ нь шүүх засаглалын байгууллагуудын реформ байгаа юм. Их хөрөнгө хаях хэрэгтэй байна, боловсон хүчний асуудал ч байгаа. Бас нэг барьер нь давхарга хоорондын шилжэлт байсан гэж болно. Өөрөөр хэлбэл дунд ба доод давхаргын хооронд, мөн түүнээс дээшлэх үзэгдэл гээд бий. Энэ нь одоо ч явж л байгаа. Энэ давхарга хоорондын шилжэлтээс хамаарч улстөрийн намуудын дэмжигчдийн хүрээлэл ч өөр болдог, бидний дээр ярьсан таван бүлгийн цар хүрээ ч өөрчлөгдөж байдаг. Мэдээж бүрэн байдлаар төлөвшиж дуусаагүй ч ийм бүлгүүд бий болсон гэдэг нь харагдаж байна. Бид чинь 1995 оноос судалгаа хийж эхэлсэн. Тэгэхэд ийм сегментүүд огт харагддаггүй байсан юм. Харин одоо ямар ч байсан тодорхой дүр зураг харагдахаар болж ирсэн нь олзуурхууштай. Яагаад гэвэл энэ чинь улстөрийн намуудын төлөвшилд ч бас хэрэгтэй. Юу гэмээр юм дээ, урд нь бөөн тоосон дунд л манараад байдаг байсан бол одоо тоос нь буугаад өнгө төрх нь харагдаж эхлээд байгаа хэрэг.

-Тоос ч яах вэ буудаг байж, тэгсэн хэрнээ л замаа ч олохгүй байгаа юм шиг л ярих юм байна шүү дээ. Улс төрийн намууд цаашдаа яах бол?

-За яахав, намынхаа үзэл баримт­лалыг больё гэхэд ядаж намынхаа гишүүдийн судалгааг ч мэдэхгүй байгаа явдал түгээмэл байгаа. Хэдэн гишүүнтэй вэ гэсэн тоо байхгүй, хэн дэмжиж байна вэ гэсэн судалгаа ч алга байна. Намуудын гол алдаа нь энэ юм. Дэмжигчдээ ч мэдэхгүй байна гэсэн үг. Цаашдын төлөвт юу харагдаж байна вэ гэхээр сонгуулийн үеэр намуудын дотор задрал гарах магадлал бий болж байна. Дэмжигчдийн дотор ч задрал гарах нь ойлгомжтой байгаа. Ер нь намын дотор гарсан задрал муу нөлөөтэй гэдгийн жишээ манайд бий ш дээ. Яг сонгууль болохын өмнө Ардчисан эвслээс социал демократ нам гээд га­раад явчихсан. Сонгуулийн да­раа социал-демократ нь ч тэр эвсэл нь ч тэр суудалгүй хоцорсон. Ж.Наранцацралт агсан л нутгийн секторынхоо дэмжлэгээр ганц суудал авч байсан гашуун түүх байгаа. Ийм олиггүй жишээ давтагдаж мэдэхээр л байгаа даа.

М.НАСТ www.news.mn

No comments: