Монгол хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа

Монголын хүүхдийн хөдөлмөрийн судалгааг олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан нийтлэг тодорхойлолт, арга зүйг ашиглан хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар өргөн хэмжээний мэдээлэл цуглуулан, үндэсний хэмжээнд томоохон судалгаа явуулсан юм.

Энэхүү түүвэр судалгаанд Монгол Улсын бүх аймаг, Улаанбаатар хотын 5-17 насны хүүхдүүд хамрагдсан юм.

5-17 насны хүүхдийн тоо
Судалгааны тархаалтын тооцоогоор нийт 679049 хүүхэд судалгаанд хамрагдсаны 53.1% нь хот, суурин газарт, 46.9% хөдөө орон нутагт амьдарч байна. Насны бүлгээр авч үзвэл 31.2 хувийг 5-9 насны, 43.4 хувийг 10-14 насны, 25.4 хувийг 15-17 насны хүүхдүүд тус тус эзэлж байна. Нийт хүүхдүүдийн 51.2 хувь нь хөвгүүд, 48.8 хувь нь охид байна.

Хүүхдийн боловсролын түвшин
Хүүхдийн эдийн засгийн идэвхийн талаарх асуулганд 2138 хүүхэд хариулаагүй тул хүүхдийн хүн ам зүйн болон эдийн засгийн идэвхийн талаарх үзүүлэлтүүдийг асуулганд хариулсан 676911 хүүхдээр тооцсон болно. Судалгаагаар 5-17 насны нийт хүүхдийн 19.2 хувь нь сургуульд огт суралцаагүй байгаагийн 92.0 хувь нь 5-9 насны хүүхдүүд байгаа нь сургуульд орох насны доод хязгаар 6 нас байгаатай холбон үзэх хэрэгтэй. Сургуульд огт суралцаагүй хүүхдийн дотор 10-17 насны хүүхдүүд 8.0 хувийг эзэлж байгаа нь анхаарал татаж байна.
Түүнчлэн нийт хүүхдийн дөрөвний нэг (24.2 хувь) нь бага сургууль төгсөөгүй байгаагийн бараг 44.0 хувь нь 10-17 насныхан байна. Хүүхдүүдийн боловсролын түвшинг хүйсээр авч үзэхэд нэг их ялгаа гарахгүй байгаа боловч 10-17 насны хөвгүүдийн 2.9 хувь нь сургуульд суралцаагүй байхад мөн насны охидын зөвхөн 1.5 хувь нь сургуульд суралцаагүй байна. 15-17 насныханд 4-8-р анги болон 9-10-р ангид сурсан охидын эзлэх хувь 51.5% буюу 6.7% байхад харин хөвгүүдийнх 48.6 болон 4.5 хувьтай байна. Эндээс дүгнэхэд охидын боловсролын түвшин хөвгүүдийнхээс өндөр байна.

Хүүхдийн сургуульд хамрагдалт, эдийн засгийн идэвхи
Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийг сургуульд сурч байгаа болон сургуульд суралцаагүй гэж ангилаад, ангилал бүрийг
1) эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлсэн (гэрийн ажил хийхэд оролцсон хүүхдийг оролцуулаад)
2) зөвхөн гэрийн ажил хийхэд оролцсон (эдийн засгийн бус үйл ажиллагаа эрхэлсэн)
3) зөвхөн сургуульд сурсан
4) юунд ч оролцоогүй буюу эдийн засгийн идэвхигүй, өвчтэй, тахир дутуу хүүхдүүд гэж бүлэглэж хуваасан. Судалгааны дүнгээр 5-17 насны нийт 676911 хүүхдийн 74.6 хувь нь сүүлийн 7 хоногийн байдлаар сургуульд суралцаж байна. Насны бүлгээр нь авч үзэхэд сургуульд сурч байгаа хүүхдүүдийн эзлэх хувь 7-9 насанд 70.6 хувь, 10-14 насанд 93.7 хувь, 15-17 насанд 78.7 хувьтай байна.
Нийт хүүхдийн 74.8 хувь нь зөвхөн гэрийн ажил хийхэд оролцсон гэж хариулсан байна. Гэхдээ эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлсэн зарим хүүхэд гэрийн ажил хийсэн байж болох талтай. 10-14 насныхан гэрийн ажилд хамгийн их тусалж байна. 5-17 насны нийт хүүхдийн 10.0 орчим хувь нь эдийн засгийн үйл ажиллагаанд татагдан орсон байна. Энэ тоог хүйсээр задлан харуулбал хөвгүүд 11.6 хувьтай байхад охидууд 7.7 хувь байна. Ерөнхийдөө бүх насны бүлэгт эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлсэн хөвгүүдийн тоо охидынхоос өндөр байгаа бөгөөд эдийн засгийн идэвхитэй хүүхдийн дийлэнх нь 15-17 насныхан байна. Нийт хүүхдийн 8.2 хувийг эдийн засгийн ямар нэгэн үйл ажиллагаа эрхэлдэггүй, гэрийн ажил хийхэд ч оролцдоггүй зөвхөн сургуульд суралцдаг хүүхдүүд, харин 7.3 хувийг юунд ч оролцдоггүй буюу сургуульд сурдаггүй мөн эдийн засгийн болон эдийн засгийн бус үйл ажиллагаанд оролцдоггүй хүүхдүүд тус тус эзэлж байна.
Харин сургуульд хамрагдсан бүх хүүхдийн 11.0 хувь нь зөвхөн сургуульд сурч (эдийн засгийн ямар нэгэн үйл ажиллагаа эрхэлдэггүй, гэрийн ажил хийхэд оролцдоггүй), 4.8 хувь нь сурахын хажуугаар ажил эрхэлж байна. Сургуульд суралцагчдын дийлэнх буюу 84.2 хувь нь гэрийн ажилд тусалж байна. Сургуульд суралцдаггүй хүүхдийн 24.3 хувь нь эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлж (түүнчлэн гэрийн ажилд тусалж байж болно), 47.0 хувь нь зөвхөн гэрийн ажилд тусалж байна. Сургуульд сурахын хажуугаар эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлж буй хөвгүүдийн эзлэх хувь 10-14 болон 15-17 насанд тус тус 5.0, 7.2 хувь байхад охидынх 3.6, 5.8 хувьтай байна. Сургуульд суралцдаггүй, эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлсэн 10-14 болон 15-17 насны хөвгүүдийн эзлэх хувь 53.8, 63.2 хувь, харин охидынх 33.8, 55.4 хувьтай байна.
Өрхийн ам бүлийн тоо нэмэгдэх тусам гэрийн ажилд туслалцаж буй хүүхдийн тоо багасч буй нь өрхийн насанд хүрсэн бусад гишүүн энэ ажлыг хийж байгаатай холбоотой байж болох юм. Судалгаагаар 5-17 насны бүх хүүхдийн 10.3 хувь буюу 70215 нь 6 сараас дээш хугацаагаар өрхөөс гадуур амьдарч байна. Хөдөөгийн нийт хүүхдэд өрхөөс гадуур амьдарч буй хүүхдийн эзлэх хувь 20.0 (318299 хүүхдийн 63546) байхад хот, суурин газарт энэ үзүүлэлт нэлээд доогуур буюу 1.8 хувь (360750 хүүхдийн 6669) байгаа нь хөдөө орон нутагт сургууль хүрэлцэхгүй байгаатай холбоотой. Өрхөөс гадуур амьдарч байгаа хөдөөгийн хүүхдүүдийн 95.5 хувь нь хот, суурин газрын хүүхдүүдийн 84.4 хувь нь суралцах зорилгоор өрхөөс гадуур амьдарч байна. Өрхөөс гадуур амьдарч буй хот, суурин газрын хүүхдийн 10.0 гаруй хувь нь суралцах, эсвэл ажиллах зорилгогүй, улмаар шалтгаан нь тодорхой бус байгаад анхааран гүнзгийрүүлэн судлах нь зүйтэй гэж үзлээ. Ялангуяа энэ үзүүлэлт Улаанбаатар хотод 21.4 хувь (711 хүүхдийн 152) байна. Өрхөөс гадуур амьдарч буй хүүхдүүдийн 2.3 хувь нь ажил хийх гэсэн үндсэн шалтгаантай байна. Ийм хүүхдийн эзлэх хувь хөдөө орон нутагт 2.1 хувь, хот, суурин газарт 4.9 хувь байна.

Сургуульд суралцаагүй шалтгаан
Сүүлийн 7 хоногийн байдлаар 5-17 насны нийт хүүхдийн 25.4 хувь буюу 171677 хүүхэд нь сургуульд суралцаагүй байгаагийн дотор 45.9 хувь нь 6-8 насны хүүхдүүд байна. Суралцах сонирхолгүй, өрхийн орлогод нэмэр болох, хичээлийн хэрэгсэл, сургуулийн дүрэмт хувцас зэрэг сургалтын зардлыг төлөх чадваргүй гэх мэт шалтгааны улмаас хүүхдүүд сургуульд хамрагдаагүй байна. Сургуульд хамрагдаагүй шалтгааныг хүйсээр авч үзэхэд онцын ялгаа ажиглагдсангүй. 10-14 нас (20.6 хувь) болон 15-17 (29.4 хувь) насанд гэрийн ажилд туслах зорилгоор сургуульд хамрагдаагүй гэсэн хариулт зонхилж байгаа нь сонирхол татаж байна. Эдгээр насны бүлэгт өрхийн орлогод нэмэр болох зорилгоор сургуульд сураагүй хүүхдийн эзлэх хувь 8.3, 18.5, өвчтэй, тахир дутуугийн улмаас гэж хариулсан хүүхэд 21.7, 8.6 хувьтай байна.

Хүүхдийн эдийн засгийн идэвхи
Ажил эрхэлж буй хүүхэд гэдэг нь ажил болон хөдөлмөр эрхэлж буй хүүхдийг хамруулсан өргөн хүрээний ойлголт юм. Хувиараа хөдөлмөр эрхэлж буй, эсвэл хөлстэй, хөлсгүй, байнгын болон түр зуурын ажил хийж буй, хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийг эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзнэ. Эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлнэ гэдэг нь ажил эрхлэлтийг тооцох олон улсын жишиг ойлголт юм. 5-17 насны хүүхдийн эдийн засгийн идэвхийг тооцохдоо:
а) ажил эрхэлж буй буюу эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлсэн
б) эдийн засгийн үйл ажиллагаа эрхлээгүй
в) ажил ч хийдэггүй, сургуульд ч сурдаггүй гэж гурав ангилан, ангиллын түвшин бүрд эдийн засгийн идэвхийн байдлыг маш нарийвчлан давхардуулалгүйгээр гаргасан бөгөөд ингэснээр нэг хүүхэд зөвхөн нэг ангилалд байхаар тооцсон. Хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн тоог тооцохдоо хоёр нөхцөл байдлыг анхааралдаа авах ёстойг тэмдэглэх нь зүйтэй. Үүнд:
а) зөвхөн ажил эрхэлж буй хүүхдүүд
б) суралцахын зэрэгцээ ажил эрхэлж буй хүүхдүүд.
Хүүхдүүдийн өөрийн гэртээ хийж буй ойр зуурын гэрийн ажлыг эдийн засгийн үйл ажиллагаанд оруулдаггүй тул ДНБ-ийг тооцдог НYБ-ын 1993 оны ҮТС-ийн үйлдвэрлэлийн хүрээнд хамааруулдаггүй. Тиймээс ажил эрхэлж буй хүүхдүүдэд эдийн засгийн бус үйл ажиллагаа эрхэлж буй хүүхдүүдийг оруулан тооцоогүй болно.
Судалгаагаар хүүхдийн эдийн засгийн идэвхийг тухайн үеийн идэвхи буюу сүүлийн долоо хоногийн, байнгын идэвхи буюу сүүлийн 12 сарын байдлаар тус тус тооцож гаргасан ба энэ тайланд тухайн үеийн идэвхийн аргачлалаар тооцсон дүнг ашиглав.

Ажил эрхэлж буй хүүхдүүдийн тоо, тухайн үеийн идэвхийн байдлаар
Судалгааны дүнг улсын хэмжээнд тархаан тооцоход тухайн үеийн идэвхийн аргачлалаар
5-17 насны 68580 хүүхэд эдийн засгийн үйл ажиллагаанд оролцсон буюу ажил эрхэлсэн байна. Нийт 5-17 насны хүүхдийн 10.1 хувь нь ажил эрхэлсэн бөгөөд эдгээр хүүхдийг насны бүлгээр авч үзэхэд 5-14 насанд 7.2 хувь, харин 15-17 насанд үлэмж өндөр буюу 18.5 хувьтай байна. Энэ нь Монгол Улсын хөдөлмөрийн хуулинд хөдөлмөрийн насны доод хязгаарыг 16 насаар, зарим ажлыг эрхлэх насны доод хязгаарыг 15 насаар тус тус зааглан тогтоосонтой холбоотой юм. Ажил эрхэлж буй хөвгүүдийн тоо охидынхоос өндөр байна. 5-14 насанд ажил хийж буй хөвгүүдийн эзлэх хувь 8.7 хувь, охидынх 5.7 хувь байна. 15-17 насны бүлэгт энэ үзүүлэлт хөвгүүдийн хувьд 22.1 хувь, охидын хувьд 14.9 хувьтай байна.
Тухайн үеийн аргачлалаар 68580 хүүхэд ажил эрхэлж байгаагийн 2851 нь ажлын байртай боловч сүүлийн долоо хоногт эдийн засгийн үйл ажиллагаа эрхлээгүй буюу ажил хийгээгүй хүүхдүүд байна. Эдгээр хүүхдүүд нь амарсан, чөлөө авсан, өвдсөн зэрэг ямар нэг шалтгаанаар эдийн засгийн үйл ажиллагаа эрхлээгүй буюу ажил хийгээгүй байгаа тул сүүлийн долоо хоногт эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлсэн буюу ажил хийсэн 65729 хүүхдийн талаарх үзүүлэлтүүдийг дэлгэрэнгүй тооцсон.
Сүүлийн 7 хоногт ажил эрхэлсэн 65729 хүүхдийн 22.3 хувь нь 5-9 насны, 31.1 хувь нь 10-14 насны, 46.6 хувь нь 15-17 насныхан байна. Хүйсээр авч үзэхэд 15-17 насны бүлэгт ажил эрхэлсэн охидын эзлэх хувь /48.2 хувь/ хөвгүүдийнхээс/45.6 хувь/ ялимгүй өндөр байгаа бөгөөд ийм хандлага хувиараа хөдөлмөр эрхэлж буй болон өрхийн аж ахуйн бизнест цалин хөлсгүй оролцогчдыг насны бүлгээр тооцоход ажиглагдав.
Сүүлийн 7 хоногт ажил эрхэлсэн 65279 хүүхдийн 706 нь цалин хөлстэй ажил, дийлэнх болох 65023 хүүхэд хувиараа хөдөлмөр эрхэлсэн эсвэл өрхийн аж ахуйн бизнест цалин хөлсгүй ажилласан байна. Нас болон хүйсийн бүтцээр харахад цалин хөлстэй ажил эрхэлсэн хөвгүүдийн тоо /452/ охидынхоос /254/ өндөр байна. Хувиараа хөдөлмөр эрхэлсэн, өрхийн аж ахуйн бизнест цалин хөлсгүй оролцсон хөвгүүдийн тоо 39955 байхад охидынх ердөө 25068 байна.
Цалин хөлстэй ажил эрхэлсэн хүүхдийн дийлэнх /566/ нь 15-17 насныхан байна. 10-14 насны хөвгүүдийн 140 нь цалин хөлстэй ажил эрхэлсэн бол ийм ажил эрхэлсэн охид зөвхөн 15-17 насныхан байна. Цалин хөлстэй ажил эрхэлсэн 15-17 насны хүүхдүүд дунджаар 50 гаруй цагийг 7 хоногийн ажилдаа зарцуулсан нь ОУХБ-гаас тогтоосон хүүхдийн хөдөлмөр гэсэн ангилалд тооцох цагаас үлэмж дээгүүр байгаа юм3. Энэ нь цалин хөлстэй ажил эрхэлж буй насанд хүрэгчдийн долоо хоногт зарцуулж буй цагаас ч өндөр байгаа боловч ийм ажил эрхэлж буй хүүхдийн тоо маш цөөн байгаа тул энэ талаар дүгнэлт хийхдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Долоо хоногт хувиараа хөдөлмөр эрхлэх болон өрхийн бизнест цалин хөлсгүй ажил эрхлэхэд хөвгүүд охидыг бодоход илүү олон цагийг зарцуулсан байна. Ажил эрхэлж буй охид, хөвгүүдийн эзлэх хувийг насны бүлгээр харахад ерөнхийдөө ойролцоо байна. Нийт ажил эрхэлж буй хүүхдийн дийлэнх буюу бараг 90.0 хувь нь хөдөө орон нутагт байна /68580 хүүхдийн 61686/.
Харин цалин хөлстэй ажил эрхэлж буй хүүхдийн дийлэнх хот, суурин газарт байна. Хот, суурин газарт ажил эрхэлж буй нийт хүүхдийн 8.4 хувийг цалин хөлстэй ажил эрхэлж буй хүүхэд эзэлж байхад энэ үзүүлэлт хөдөөд 0.2 хувьтай байна. Ажил эрхэлж буй нийт хүүхдэд 5-9 насны хүүхдийн эзлэх хувь хөдөө орон нутагт 23.9 хувь байхад хотод ердөө 8.1 хувьтай байна.
Хот, суурин газартай харьцуулахад хөдөө орон нутагт бүх насны бүлгийн хүүхдүүд өрхийн аж ахуйн бизнест цалин хөлсгүй оролцоход илүү их цаг зарцуулжээ. Хот, суурин газарт өрхийн бизнест цалин хөлсгүй оролцсон 5-9 насны хүүхдийн эзлэх хувь (11.1 хувь) хөдөөгийнхөөс (25.6 хувь) доогуур байхад 15-17 насны бүлэгт хот, суурин газарт өрхийн бизнест цалин хөлсгүй оролцсон хүүхдийн эзлэх хувь (52.3 хувь) хөдөө орон нутгаас (43.9 хувь) өндөр байна. Энэ нь хот, суурин газарт бага сургуульд хамрагдалтын түвшин өндөр болон ажлын орон тоо харьцангуй хүртээмжтэй байдагтай зарим талаар холбоотой байж болох юм. Өрхийн бизнест цалин хөлсгүй оролцсон хүүхдүүдийг хүйсээр нь авч үзэхэд хот, хөдөөд бараг адил ойролцоогоор 60.0 хувь нь хөвгүүд, 40.0 хувь нь охид байна. Зарим хүүхэд харьцангуй бага наснаас эхлэн эдийн засгийн үйл ажиллагаанд оролцсон байна. Тухайлбал, 5-9 насны 15320 хүүхдийн бараг гуравны нэг нь /31.2 хувь/ 2-3 жил ажилласан, 15-17 насны хүүхдийн 6.9 хувь нь 10-аас дээш жил ажиллажээ.
МХХС-ны сул тал нь судалгаанд хамрагдсан өрхүүдийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг судлаагүй явдал юм. Хүүхдийн хөдөлмөрийг судлахад ядуурлыг авч үзэх нь чухал байдаг. Иймд өрхийн сарын орлогын мэдээнд үндэслэн ажил эрхэлж буй хүүхдүүдийг /ажил эрхлэхийн хажуугаар сурч буй болон сураагүй/ зөвхөн сургуульд сурч буй хүүхдүүдтэй харьцуулах оролдлогыг хийж үзэхэд хүйсийн хувьд онцын ялгаа ажиглагдаагүй боловч тухайн хоёр ангиллын хүүхдүүдийг насны бүлэгт хуваан орлогын түвшингээр тооцоход тодорхой түвшингийн хувьд бага зэргийн зөрүү ажиглагдав. Эндээс харахад орлогын бүлгээр ангилсан хувийн жин ангилал бүрд ойролцоо байгаагаас үзэхэд өрхийн орлого нь хүүхэд нэг бол ажил эрхлэх, эсвэл зөвхөн сургуульд сурахад онцын нөлөөлөх хүчин зүйл болохгүй байна.
Сургуульд сурч буй хүүхдүүдийн дийлэнх нь 7-14 насныхан байна. Харин түүнээс дээшхи насанд ийм хүүхдүүдийн тоо буурчээ. Өөрөөр хэлбэл хүүхдүүд бага, дунд ангид сургуульд дагнан суралцаж байгаад ахлах ангид сурахын хажуугаар ажил эрхэлж байж болох юм.

Ажил эрхэлж буй хүүхдүүдийн боловсролын түвшин
Ажил эрхэлж буй хүүхдүүдийн боловсролын түвшин анхаарал татсан асуудал болж байна. Ажил эрхэлж буй 10-14 насны хүүхдүүдийн 10.5 хувь нь сургуульд огт суралцаагүй байхад, 15-17 насны хүүхдүүдийн 8.8 хувь нь сургуульд огт суралцаагүй, харин 9.2 хувь нь бага боловсрол эзэмшээгүй хүүхдүүд байна. Эндээс харахад ажил эрхэлж буй хүүхдүүдийн боловсролын түвшин үе тэнгийнхнээсээ доогуур байна. Ажил эрхэлж буй 15-17 насны хүүхдүүдийн бараг тэн хагас нь (47.0 хувь) бага ангийн боловсролтой байна. Гэтэл энэ насны хүүхдүүд доод тал нь 4-8-р ангид сурч байх ёстой. Хүйсийн хувьд онцын ялгаа ажиглагдахгүй байгаа бөгөөд харин 15-17 насны ажил эрхэлж буй охидын 5.8 хувь нь, хөвгүүдийн 1.4 хувь нь 9-10-р ангид сурч байгаа аж.

Сургууль, боловсролоос гадуурх үйл ажиллагаанд зарцуулсан цаг
Бүх хүүхдийн бараг тэн хагас нь (47.1 хувь) гэрийн ажил хийхэд долоо хоногт 10 хүртэлх цагийг, 16.8 хувь нь 25-аас илүү цагийг тус тус зарцуулсан байна. Энэ үзүүлэлт хүйсээр ялгаатай байгаа бөгөөд гэрийн ажил хийхэд оролцож буй охидын 21.1 хувь, хөвгүүдийн зөвхөн 12.7 хувь нь долоо хоногт 25-аас илүү цагийг зарцуулсан байна. 5-9 насны хүүхдүүд гэрийн ажилд нэлээд тусалж байгаа бөгөөд эдгээр хүүхдийн бараг 70.0 хувь нь долоо хоногт бараг 9 цагийг ийм ажилд зарцуулж байна. Насны бүлэг дээшлэх тусам гэрийн ажилд туслах цаг нь нэмэгдэж байна. Үүнд: 10-14 насны хүүхдүүдийн бараг тэн хагас нь (50.2 хувь ), 15-17 насны хүүхдүүдийн бараг гуравны хоёр (63.7 хувь) нь долоо хоногт 10-41 цагийг гэрийн ажилд туслахад зарцуулж байна. Долоо хоногт 42-оос дээш цагийг гэрийн ажил хийхэд зарцуулсан охидын тоо (16704) хөвгүүдийнхээс (7771) даруй хоёр дахин их байна. Гэрийн хүнд хүчир ажлыг хийхэд оролцож буй хүүхдүүдийн дийлэнх нь 10-17 насныхан байна.
Эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлсэн буюу ажил хийсэн нийт хүүхдийн 61.9 хувь нь сүүлийн долоо хоногт 10-41 цаг ажилласан байна. Насны бүлэг дээшлэх тусам долоо хоногт ажиллахад зарцуулсан цагийн тоо нэмэгдэж байна. 15-17 насны хөвгүүдийн 41.5 хувь, охидын 26.0 хувь нь долоо хоногт 42-оос дээш цаг ажиллажээ.

Хүүхдүүдийн эдийн засгийн үйл ажиллагаа
МХХС-ны тархаалтын тооцоогоор тухайн үед 68580 хүүхэд ажил эрхэлж байгаагийн дийлэнх хүүхэд нь (91.7 хувь) хөдөө аж ахуй, ан агнуур, ойн аж ахуйн салбарт ажиллаж байна. Нийт эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлж буй хүүхдүүдийн 1.0 хувь нь боловсруулах аж үйлдвэрт, 0.8 хувь нь уул уурхай, олборлох салбарт, 0.5 хувь нь зочид буудал, зоогийн газарт ажиллаж байна. Эдийн засгийн үйл ажиллагааны салбараар хүйсийн ялгаа нэг их байхгүй, гагцхүү хөвгүүд уул уурхай, олборлох үйлдвэрийн салбарт охидоос илүү ажиллаж, харин зочид буудал, зоогийн газарт охид илүүтэй ажиллаж байгаа дүн гарч байна. Харин барилгын салбарт ажиллаж байгаа хүүхдүүдийн ихэнх нь хөвгүүд байна. Насны бүлгээр харахад хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй хүүхэд бүх насанд тодорхой хувийг (5-9 насанд 23.8 хувь, 10-14 насанд 30.7 хувь, 15-17 насанд 45.5 хувь) эзэлсэн байхад бусад салбарт ажиллаж буй хүүхдийн тоо 10-17 насанд илүүтэй төвлөрчээ.

Ажил эрхэлж буй хүүхдүүдийн ажил эрхлэлтийн байдал
Тухайн үед ажил эрхэлсэн дийлэнх хүүхэд (90.0 орчим хувь) өрхийн аж ахуйн бизнест цалин хөлсгүй оролцогч байж, түүний дараагаар хувиараа хөдөлмөр эрхлэгч хүүхдүүд (8.2хувь) орж байна. Гэрээгээр ажил эрхэлж буй хүүхдүүдийн ихэнх нь боловсруулах аж үйлдвэр, уул уурхай, олборлолт болон барилгын салбарт ажиллаж байна. Хүйсийн хувьд онцын ялгаа ажиглагдсангүй.

Ажил эрхэлж буй хүүхдүүд, ажил мэргэжлийн ангиллаар
Тухайн үед ажил эрхэлсэн хүүхдүүдийн ихэнх нь (90.8 хувь) нь хөдөө аж ахуйн холбогдолтой ажил хийж байна. Түүний дараагаар үйлчилгээний ажил болон дэлгүүр, зах дээр худалдаа эрхлэгч (4.1 хувь), энгийн ажил (2.7 хувь), үйлдвэр, худалдааны ажил (1.6 хувь) хийж байгаа хүүхдүүд орж байна. Насны бүлгээр авч үзвэл 5-9 насны бараг бүх хүүхэд (98.3 хувь) хөдөө аж ахуйн холбогдолтой ямар нэгэн эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлжээ. Харин бусад төрлийн ажилд ахлах насны хүүхдүүд илүү ажиллаж байна. Байнгын эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлсэн хүүхдүүдийн ажил мэргэжлийн төрөл нь тухайн үеийнхтэй адилхан байна.

Цалин хөлстэй ажил эрхэлсэн хүүхдүүдийн сарын орлого
Судалгааны дүнгээс харахад цалин хөлстэй ажил эрхэлж буй дөрвөн хүүхдийн гурав нь сургуульд сурдаггүй хүүхдүүд байна. Цалин хөлстэй ажил хийж байгаа хүүхдүүдийн 38.4 хувь нь 5000 хүртэлх, 47.8 хувь нь 5001-20000, харин үлдсэн 14.8 хувь нь 20000-аас дээш төгрөгний сарын орлоготой ажиллаж байна. Хүйсийн хувьд онцын ялгаагүй боловч сарын орлого нь өндөр буюу 26000-аас дээш төгрөгийн орлоготой хүүхдүүд нь дандаа хөвгүүд байна. Гэхдээ цалин хөлстэй ажил эрхэлсэн хүүхдийн тоо бага, зөвхөн тооцоогоор гарч байгаа гэдгийг энэхүү мэдээллийг ашиглахдаа анхаарах хэрэгтэй.

Эдийн засгийн бус үйл ажиллагаа эрхэлж буй хүүхдүүд
Ихэнхи хүүхдүүд ямар нэгэн хэмжээгээр гэрийнхээ ажилд тусалж байна. Хүүхэд хэд хэдэн төрлийн гэрийн ажил хийсэн байж болох бөгөөд хамгийн түгээмэл хийж буй эдийн засгийн бус үйл ажиллагаа буюу гэрийн ажлуудыг дурьдвал, хоол цай хийх, аяга таваг угаах, гэр орон цэвэрлэх, ус авах, түлээ түлш бэлтгэх, хувцас угаах, индүүдэх, гэрийнхээ хэрэгцээт зүйлсийг худалдаж авахаар дэлгүүр явах зэрэг ажлууд байна. Хүүхдүүдийн 76.4 хувь нь хоол унд хийх, аяга таваг угаах, 74.1 хувь нь гэр орон цэвэрлэх, 21.1 хувь нь гэр орныхоо хэрэгцээт зүйлсийг худалдан авахаар дэлгүүр хоршоогоор явах ажилд тусалсан байна. Ус авах, түлээ түлш бэлтгэх ажлыг хөвгүүд илүүтэй хийж байгаа нь биеийн хүч шаарддаг, магадгүй хол зам туулахад хүрдэг зэрэгтэй холбоотой байж болох юм. Гэр орныхоо хэрэгцээт зүйлсийг худалдан авах, дэлгүүр явахын хувьд бол охид, хөвгүүдийн аль аль нь оролцож байна.
Ус авах, түлээ түлш бэлтгэх ажлыг хийхэд олон хүүхэд оролцсоныг харгалзан тусгайд нь хүснэгт боловсруулан долоо хоногт зарцуулсан цаг, насны бүлэг, хүйсээр тооцсон. НYБ-ын 1993 онд боловсруулсан YТС-ийн хүрээнд дээрх хоёр ажлыг эдийн засгийн үйл ажиллагаанд тооцон, ажил мэргэжлийн олон улсын ангиллын 6210-р бүлэгт (амиа аргацаасан хөдөө аж ахуй, загас ан агнуур эрхлэх) бүртгэдэг. Гэхдээ ус авах, түлээ түлш бэлтгэх ажлыг ҮТС-ийн үйл ажиллагаанд хамруулах асуудлыг тухайн улс орон өөрийн орны нөхцөл байдалд тохируулан харилцан адилгүй шийддэг.

Хүүхдийн хөдөлмөрийн тооцоо
Хүүхдийн хөдөлмөр нь ажил эрхэлж буй буюу эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлж буй хүүхдүүд гэсэн ойлголтоос арай бага хүрээг хамарсан, нарийвчилсан ойлголт юм. ОУХБ-ын 138, 182-р конвенцийн дагуу хүүхдийн хөдөлмөрийг дараах байдлаар тодорхойлдог. Үүнд: 5-9 нас = Энэ насны эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлж буй бүх хүүхэд
Нэмэх нь: 10-14 нас = Энэ насны эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлж буй хүүхдүүд [хөнгөн ажил эрхэлж буй хүүхэд, тухайлбал өдөрт 2-оос дээш цаг ажиллаж буй бүх хүүхэд]
Нэмэх нь: 15-17 нас = Хортой, хүнд нөхцөлд ажиллаж буй болон тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхэлж буй бүх хүүхэд [2002-2003 оны МХХС-нд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн талаар судлаагүй. Түүнчлэн ажлын хортой, хүнд нөхцлийг заасан олон улсын жишиг үзүүлэлт байхгүй тул долоо хоногт 43 болон түүнээс дээш цагийг зарцуулж буй ажлыг хортой, хүнд нөхцөлд оруулж тооцсон]
Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийг ажилласан цагаар нь тооцож гаргасан. Эндээс харахад сүүлийн 7 хоногт эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлсэн 65729 хүүхдийн 38857 (59.1 хувь) нь хөдөлмөр эрхэлж байна гэж гарлаа. Өөрөөр хэлбэл судалгаанд хамрагдсан 5-17 насны нийт хүүхдийн 5.7 хувь нь (679049 хүүхдийн 38857 нь) хөдөлмөр эрхэлж байна гэсэн үг юм. Хөдөлмөр эрхэлж буй нийт 38857 хүүхдийн 25445 (65.5 хувь) нь хөвгүүд, 13411 нь (34.5 хувь) охид байна. 15-17 насны бүлэгт ч хүйсийн ялгаа ажиглагдаж байна. Энэ насны эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлсэн эрэгтэй хүүхдийн 41.5 хувь (18442 эрэгтэй хүүхдийн 7648) нь, охидын 26.0 хувь нь (12217 эмэгтэй хүүхдийн 3182) хөдөлмөр эрхэлж байна.
Гэхдээ МХХС-нд хараа хяналтгүй, тэнүүчлэн амьдарч буй болон нийтийн байранд суугаа хүүхдүүдийг хамруулаагүй тул хүүхдийн хөдөлмөрийн талаарх дээрх тоо мэдээ нь Монгол Улс дахь хүүхдийн хөдөлмөрийг бүрэн хамраагүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Үүнээс гадна өрхийн судалгаа нь голдуу далд хэлбэрээр явагддаг тэвчишгүй хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийг хамрах боломжгүй байдаг. Хүнд, хортой нөхцөлд эдийн засгийн үйл ажиллагааны ямар салбар, ямар ажил мэргэжлийг оруулах талаар чиг, заавар байхгүй тул ийм нөхцөл дэх хүүхдийн хөдөлмөрийг тооцсонгүй.

Өрхөөс гадуур эдийн засгийн үйл ажиллагаа эрхлэх буюу ажил хийх болсон шалтгаан
Судалгааны тооцоогоор нийт эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлсэн буюу ажил хийсэн хүүхдүүдийн 20.0 орчим хувь (68580 хүүхдээс 13509) нь өрхөөс гадуур ямар нэгэн эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлсэн буюу ажил хийж байна. Эдгээр хүүхдүүдийн олонхи нь өрхийн орлогод нэмэр болох зорилгоор (13509 хүүхдийн 7452 нь буюу 55.2 хувь) эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлж байна гэж хариулсан байна. Ийм хариултыг өрхөөс гадуур ажил хийхийн зэрэгцээ сургуульд сурч буй хүүхдүүдийн 61.9 хувь (5952 хүүхдийн 3685 нь), харин сургуульд хамрагдаагүй хүүхдүүдийн 49.8 хувь (7557 хүүхдийн 3767) нь өгчээ. Ажлын дадлага, туршлагатай болох зорилгоор эдийн засгийн үйл ажиллагаа эрхлэх болсон гэсэн хариултыг нийт хүүхдүүдийн 22.3 хувь (13509 хүүхдийн 3017 нь), сургуульд сурч буй хүүхдүүдийн 19.0 хувь (5952 хүүхдийн 1128 ) нь, сургуульд хамрагдаагүй хүүхдүүдийн 25.0 хувь (7557 хүүхдийн 1889) нь тус тус өгсөн. Сургуульд хамрагдаагүй хүүхдүүдийн зарим нь сургуульд сурахад гарах зардлыг олохын тулд ажилласан гэж хариулсан сонирхууштай дүн гарлаа. Өөрийгөө авч явах, эдийн засгийн хувьд бие даахын тулд зарим хүүхэд ажил эрхэлж байна.

Өрхөөс гадуур ажил хийж эхэлсэн нас
Тухайн үед өрхөөс гадуур ажил эрхэлж байгаа хүүхдүүдийн нэлээд олон нь бага наснаасаа ажиллаж эхэлжээ. 10 хүрэхгүй настайдаа өрхөөс гадуур эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлсэн гэж хариулсан хүүхдүүд 15.0 хувийг (13509 хүүхдийн 2094 нь) эзэлж байна. 10-12 насны бүлэгт4 хамгийн олон хүүхэд (нийт хүүхдийн 34.5 хувь нь) бага наснаасаа өрхөөс гадуур эдийн засгийн үйл ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд энэ үзүүлэлт 13-14 болон 15-17 насныханд ч өндөр (25.0 хувьтай) байна. Сургуульд суралцаж буй эсэх, өрхөөс гадуур амьдарч буй эсэхээр нь хүүхдүүдийг тооцоход нас, хүйсээр онцын их ялгаа байхгүй байна.

Ажлын байрны байршил
Өрхөөс гадуур ажил хийсэн нийт хүүхдийн 40.0 гаруй хувь нь малын бэлчээр, тариалангийн талбайд, 29.1 хувь нь ажил олгогчийн гэрт, 13.7 хувь нь дэлгүүр, зах дээр, 4.2 хувь нь уурхайд ажилладаг гэж хариулжээ. Гудамж, үйлдвэрийн газар, барилга дээр ажилладаг хүүхэд цөөхөн байна. Ажил хийж буй хүүхдүүдийн ажлын байрны байршлын төрөл хүүхдийн 10 наснаас эхлэн олширч, үйлдвэрийн газарт ажиллаж буй хүүхдийн дийлэнх нь 15-17 насныхан байна. Уурхайд ажиллаж буй хөвгүүдийн ихэнх нь 10-14 насныхан байгаа гэсэн дүн гарч байгаад анхаарал хандуулах хэрэгтэй юм.

Ажлын байран дээрх удирдлага, хяналт, ажлын байрны нөхцөл
Өрхөөс гадуур ажиллаж буй хүүхдүүдийн дөрөвний гурав нь насанд хүрсэн хамаатан садны удирдлага, хяналтын дор ажиллаж байна. Гэхдээ хүүхдүүдийн дунд, түүн дотроо 10-аас дээш насны хүүхдүүдийг оруулаад, нийлээд хувь (12.6 хувь) нь хэний ч хяналт, удирдлаган дор бус харин бие даан ажиллаж байна. Бие даан ажиллаж байгаа хүүхдүүдийн дүнд эзлэх энэ хувь насанд хүрсэн. хамаатан садан бус хүний удирдлаган дор ажиллаж буй хүүхдүүдийнхээс 2.9 пунктээр өндөр байгаа нь сонирхол татаж байна. Магадгүй энэ нь 10-аас дээш насны бүлгүүдэд албан бус секторт хувиараа хөдөлмөр эрхлэх хүүхдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой байж болох юм. Нийт хүүхдийн 88.3 хувь нь ажлын байрны нөхцөлдөө сэтгэл ханамжтай байна. Харин ажлын байрны нөхцөлд сэтгэл ханамжгүй хүүхдүүд хэт хүйтэн, эсвэл хэт халуунд ажиллахад хүрдэг гэж хариулжээ. Түүнчлэн ажлын байрны тааламжгүй нөхцөлд тоосжилт, чийг, чимээ шуугиан ихтэй, аюултай бодис, материалтай ажилладаг зэрэг хүчин зүйлүүдийг дурьдаж байна. Дийлэнх хүүхэд (99.0 хувь) ажлын байран дээр ямар нэг дарамт байхгүй гэж хариулжээ. Загнуулдаг, хэл амаар доромжлуулдаг, орлогоо дээрэмдүүлдэг, ажил олгогч нь тэдэнтэй хүйтэн хөндий харьцдаг тул дарамттай байдаг гэж зарим хүүхэд хариулсан тохиолдол байна.

Шөнө оройн цагаар ажилласан хугацаа
Хүүхдүүдийн 20.0 орчим хувь нь шөнө оройгоор (өөрөөр хэлбэл оройн цагаар болон шөнө) ажилласан гэж хариулжээ. 10-аас дээш насны хүүхдүүд л шөнө, оройн цагаар ажиллаж, 15-17 насны хүүхдүүдийн дөрөвний нэгээс илүү хувь нь шаардлага гарсан үед шөнө, оройн цагаар ажилладаг гэжээ. Шөнө, оройн цагаар ажилласан давтамж нь сүүлийн 30 хоногт 1-3 удаа гарсан байна. Шөнө, оройгоор үүнээс олон удаа ажилласан хүүхдүүд ч бас байгаа бөгөөд ялангуяа 15-17 насны охид ингэж ажилласан нь нэлээд анхаарал татаж байна.

Ажлаасаа болж өвдөж, гэмтсэн байдал
Өрхөөс гадуур эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлсэн буюу ажил эрхэлж буй хүүхдүүдийн дийлэнх (98.8 орчим хувь) нь сүүлийн 12 сард хийж буй ажлаасаа болж өвдөж, гэмтээгүй гэж хариулжээ. Гэхдээ хүүхдүүдийн 1.2 хувь нь ажлаасаа болж өвдөж, гэмтсэн бөгөөд ийм хүүхдүүдийн 79.4 хувь нь 10-14 насныхан, түүн дотроо хөвгүүд зонхилж байна. Өвдөж гэмтсэн ихэнх тохиолдолд эмчилгээ хийх шаардлагатай байсан ба эмчилгээний зардлыг эцэг, эх нь голчлон гаргасан байна. Өвдөж, гэмтсэн хүүхдүүдийн ихэнх нь хөдөө аж ахуй, ан агнуур, бөөний болон жижиглэн худалдааны салбарт ажиллаж байгаа бөгөөд ийм тохиолдлын гуравны нэгд нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлага гарсан, мөн гуравны нэгд нь хөдөлмөрийн чадвараа түр алдсан байна. Нийт гэмтэл авсан болон өвдсөн хүүхдүүдийн 26.3 хувь нь хөнгөн хэлбэрийн гэмтэл авчээ.

Орлогын зарцуулалт
Өрхөөс гадуур ажил эрхэлж буй нийт хүүхдийн тэн хагасаас илүү хувь нь (51.7 хувь) орлогоо бүгдийг нь гэртээ өгдөг байна. Харин 37.2 хувь нь орлогынхоо заримыг нь гэртээ, заримыг нь өөртөө зарцуулдаг бол олсон орлогоо хуримтлуулдаг хүүхэд маш цөөхөн буюу 0.4 хувь, орлогоо өөртөө бүтэн зарцуулдаг хүүхэд 6.4 хувьтай байна. Хэдийгээр хүйсээр онцын их зөрөө байхгүй байгаа боловч олсон орлогоо бүгдийг нь гэртээ өгдөг охидын эзлэх хувь хөвгүүдийнхээс өндөр байна.

Хүүхэд ажиллахаа боливол өөрт нь болон өрхөд үзүүлэх нөлөө
Өрхөөс гадуур ажил эрхэлж буй нийт хүүхдийн 42.8 хувь нь ажил хийхээ болих нь өөрсдөд нь болон өрхөд нь нөлөө үзүүлэхгүй гэж хариулжээ. Харин муугаар нөлөөлнө гэж хариулсан хүүхдүүдийн дийлэнх нь (тэн хагасаас илүү хувь нь) өрхийн амьжиргааны түвшин доошилно гэж, харин 20 хүүхдийн нэг нь өрх орлогын эх үүсвэргүй болно гэж хариулжээ. Түүнчлэн ажлын дадлага, туршлагагүй болно, өрхийн бизнест муугаар нөлөөлнө гэж цөөн хүүхэд үзжээ.

Хүүхдийн ажил эрхлэлтийн түвшин, бүс нутгаар
Баруун бүсийн нутагт хүүхдийн ажил эрхлэлтийн түвшин хамгийн өндөр буюу 18.6 хувь, түүний дараагаар Хангайн бүсэд 15.3 хувьтай байна. Энэ үзүүлэлт Улаанбаатар хотод хамгийн доогуур буюу 1.0 хувь хүрэхгүй байна. Харин Зүүн болон Төвийн бүсийн нутагт тус бүр 7.2-7.8 хувьтай байна. Насны бүлгээр авч үзвэл бүс нутгууд дахь хүүхдийн ажил эрхлэлтийн түвшин нийт ажил эрхэлж буй хүүхдүүдийн хандлагыг давтаж байна. Тухайлбал, ажил эрхлэлтийн түвшин насны бүлэг дээшлэх тусам нэмэгдэж байна. Харин Төв, Баруун бүсэд 10-14 насанд энэ үзүүлэлт буурч гарчээ.

Хүүхдийн ажил эрхлэлт, улирлаар
Хүүхдийн ажил эрхлэлт улирлаар нэлээд хэлбэлзэж байгаа бөгөөд эхний улиралд хамгийн цөөн хүүхэд, дараачийн улирлуудад аажим аажмаар өсөх хандлагатай байна. Гэхдээ судалгааны улирлын хугацаа цаг тооллын улирлын хугацаатай таарахгүй байгааг анхаарах хэрэгтэй (Хуудас ix, судалгааны хугацааг харна уу). Эхний хоёр улирал (2002 оны 10-12 сар, 2003 оны 1-3 сар) нь ил задгай газар эсвэл гадаа ажиллахад тохиромжгүй хамгийн хүйтэн, хатуу ширүүн уур амьсгалтай улирал байдаг тул хүүхдүүд ажил эрхлэх нь бага байж болох талтай. 4-р улирал буюу 7-9 сард ажил эрхэлж буй хүүхдийн тоо хамгийн их байгаа нь эдийн засгийн ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэх хамгийн боломжтой улирал болохоос гадна намар, өвлийн улиралд бэлтгэх олон төрлийн ажил хийгддэгтэй холбоотой байж болох талтай. Эхний улиралд ажил эрхэлж буй хүүхдийн тоо хамгийн бага, харин бусад улирлынхтай харьцуулахад ажил эрхэлж буй 15-17 насны хүүхдүүдийн дүнд эзлэх хувь нь хамгийн өндөр буюу 62.3 хувьтай байна. Бусад саруудтай харьцуулахад 4-9-р саруудад эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлж буй хүүхдийн тоо, ялангуяа бага насны хүүхдийн тоо нэмэгддэг нь хүүхдүүдийн зуны амралт эхэлсэнтэй холбоотой байж болох юм. 3,4-р улиралд ажил эрхэлж буй бүх насны хүүхдүүдийн насны бүлгийн дүнд эзлэх хувь нэлээд жигд, тэнцүү байна.

Хот, хөдөөд ажил эрхэлж буй хүүхдүүдийн тоо, улирлаар
Нийт ажил эрхэлж буй хүүхдийн бараг 90.0 хувь нь хөдөө орон нутагт ажиллаж байна. Ажил эрхэлж буй хөвгүүдийн 10.9 хувь нь (41874 хүүхдийн 4558), охидын 8.7 хувь (26706 хүүхдийн 2336) нь хот, суурин газрынх байна. Нийт хүүхдүүдийн хувьд 4-р улиралд ажил эрхлэлтийн түвшин хамгийн өндөр байхад харин хот, суурин газрын хувьд болохоор 3-р улиралд хамгийн олон хүүхэд ажил хийсэн харагдаж байна.
Хүйсээр задлан харвал ажил эрхэлж буй эмэгтэй хүүхдийн тоо болон дүнд эзлэх хувь дахь хэлбэлзэл ерөнхий чиглэл хандлагатай адил байхад эрэгтэй хүүхдүүдийн хувьд 3-р улиралд хамгийн олон хүүхэд эдийн засгийн үйл ажиллагаанд оролцжээ. 4-р улиралд ажил хийсэн хүүхдүүдийн тоо 3-р улирлынхаас өссөн ч гэсэн хотод ажил эрхэлж буй хөвгүүдийн тоо 4-р улиралд 3-р улирлынхаас эрс багасчээ. Хөдөө орон нутагт ажил эрхэлж буй охидын тоо 3, 4-р улирлын хооронд эрс өссөн байна.

Эх сурвалж: www.davalgaa.mn

3 comments:

Anonymous said...

hezeenii sudalgaa ve?

Anonymous said...

Hi ene hezeeniisudalgaa yum bol?

Unknown said...
This comment has been removed by the author.