“Малын индексжүүлсэн даатгал” малчдыг дэмжих үү, дээрэмдэх үү?

“Малын Индексжүүлсэн Даатгал” төслийг Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн Банктай хамтран 2005 оны 7 дугаар сараас эхлэн туршилтаар Хэнтий, Баянхонгор, Увс, Сүхбаатар аймагт хэрэгжүүлж энэ онд дуусгавар болжээ. Зудын эрсдэлээс малчдыг хамгаалах үндсэн зорилготой энэхүү төсөл амжилттай хэрэгжсэн болон дампуурсан талаар хэн ч ярьж хэлэлцсэнгүй. Даатгалын цоо шинэ хэлбэрийг туршиж үзсэн талаараа, үр дүн, ашиг тусын талаараа ч төсөл хэрэгжүүлэх нэгжийхэн таг чиг. Энэ төсөлд тэндээс мөнгө хандивлалаа, эндээс тусламж дэмжлэг үзүүллээ гэсэн нимгэн өнгөц мэдээллийг нийгэмд тарааж “малчдын малыг даатгах” үндсэн санаагаа умартжээ. Яг үнэндээ бүх малаа даатгуулна гэдэг мэдээж үлгэрийн далай. Ямар саятан, тэр бумтан байгаа биш. Цөөн малчид малынхаа зарим хэсгийг даатгуулдаг. Хурдан морь, ноолуурын ямаа, саалийн үнээ зэрэг ашиг шимтэй малаа тусад нь даатгуулдаг бол зарим нь өөрсдийн сул дорой малаа даатгуулдаг байна.

Малын даатгал Монголд амжилттай хэрэгжихгүй байгаагийн нэг шалтгаан нь малыг даатгалд хамруулж байсан туршлага бага байгаа явдал бөгөөд үүнээс гадна нөхөн төлбөр авах хvсэлт гаргах, авахтай холбогдсон төвөгтэй, адармаатай үйл явц саад тотгор учруулдагтай холбоотой аж. Зарим малчид өмнө нь малаа даатгуулж байсан боловч цаашид үргэлжлүүлээгүй шалтгаан нь өөрсдийн нэхэмжилсэн нөхөн төлбөрийг авч чадаагүйд оршиж байна. Даатгалын бvтээгдэхүүнд эд хөрөнгө, осол, амь, ургац, мал, машин болон авто ослын даатгал зэрэг ордог. Гэхдээ 2002 оноос хойш малын даатгал хийгээгүй нь сүүлийн жилүүдэд тохиосон ган зудтай холбоотой аж. Малын хоёр төрлийн даатгал байсан бөгөөд үндсэн даатгал нь жилд 6-8%-ийн шимтгэлтэй байлаа.

Малчид ба даатгал: Хөдөө орон нутгийн малчид даатгалд хамрагдах нь тун доогуур үзүүлэлттэй байдаг билээ. Нэг талаас анхаарал татахуйц даатгалын бүтээгдэхүүн байхгүй байгаатай, мөн хүчтэй зудны дараа ийм төрлийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж байгаа даатгалын компаниудтай холбоотой. Нөгөө талаар малаа даатгуулахгvй байгаа гол шалтгааныг малчид “даатгалын ач холбогдлын тухай мэдээлэл болон ойлголт бага”, “манай нутагт даатгалын vйлчилгээ байхгvй гэж бодож байсан юм”, “бэлэн мөнгө байхгvй” болон “өмнө нь даатгуулаад нөхөн төлбөр авч чадаагvй” зэргээр тайлбарлаж байна. Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулиар малчид нийгмийн даатгалд сайн дурын үндсэн дээр даатгуулахаар зохицуулсан байдаг. Энэ нь малчид нийгмийн даатгалд даатгуулах уу үгүй юу гэдгээ өөрсдөө шийдвэрлэнэ гэсэн үг юм. Статистикийн мэдээгээр улсын хэмжээнд нийгмийн даатгалд хамрагдвал зохих 300 орчим мянган малчин байна гэж үздэг. Нийгмийн даатгалд даатгуулвал зохих малчдын 10 орчим хувь нь буюу 30 мянган малчин нийгмийн даатгалд хамрагдсан үзүүлэлт байна.
Малын буянаар олж буй хэдэн төгрөгөө “индексжүүлсэн даатгал” гэх үл ойлгогдох даатгалд зарцуулчаад үр дүнг нь хүртсэнгүй гэсэн яриа телевизийн мэдээгээр саяхан гарч байсан санагдана. Энэ нь даатгалд итгэх малчдын итгэл улам л буурч байгаа тод жишээ юм. Малчид хэн нэгэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, нийгмийн даатгалд хамрагддагүй. Ийм нөхцөлд сайн дурын зарчим дээр даатгалд хамрах хууль үйлчилж байгаа. Нийгмийн даатгалдаа хамрагдаж өөрсдийгөө даатгаж чадахгүй байгаа малчид малаа индексжүүлсэн даатгалд хамруулах нь юу бол. Заавал даатгуулах эрүүл мэндийн даатгалын шимтгэл 6000 төгрөгөө жилдээ өгчиж чадахгүй байхад индексжүүлсэн даатгал хол хэвтэх нь ойлгомжтой. Малчид үнэндээ даатгалыг “төрийн ивээл хайр, хамгаалалт”, эсвэл “амьдралаас тасархай зүйл” гэж ойлгодог нь бодит баримт билээ.

Малдаа хайртай төр: Манай улс 1963 онд анх мал сүргийг албадан даатгаж байсан түүхтэй. Энэ үед даатгалтай даатгалгүй социализмын үед нэгдэл, хоршоо хэлбэрээр малыг нийгэмчилж өсгөж үржүүлж байсан билээ. Үржил селекцийг нь олон төрөл зүйлээр нэмэгдүүлж чанартай мал сүрэгтээ ихээхэн анхаарал хандуулж байсан байдаг. 1991 оноос хойш ХХААЯ-наас Малын даатгалын тухай хуулийг гурван ч удаа санаачилж, УИХ-д оруулсан боловч батлаагүй байна. 2005 онд харин “Малын индексжүүлсэн даатгал” төслийг хэрэгжүүлэж эхлэхээр болж улмаар 2013 он гэхэд үндэсний хэмжээнд малын даатгалын хөтөлбөртэй болно хэмээн Засгийн Газар үзэж байгаа аж. Саяханаас харин НХХЯ-наас “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийг, ЗГ-аас “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг баталсан байна. Бас малчдаа хуурсан цаг зуурын "хууль" ч санаачилж, баярлуулан гомдоосон нь ч бий. "Ямааны хууль" бол яах аргагүй малчдыг "хошгируулж", өр ширэнд бариулсан өөдгүй хулхидалт болсныг одоо дээр дооргүй мэдэх болжээ.
“Бэлчээрийн мал аж ахуйг боловсронгуй болгох, малчдын ирээдүйг баталгаажуулах шаардлага төр, засгийн өмнө тулгарсан” гээд л өөрсдийнхөө өмнө томоос том хариуцлага тохож малдаа хайртай төр засаг болох гэж ядна. Малын даатгалын шинэ хэлбэрийг эрэлхийлсэн ч гэсэн үр дүн муутай энэ мэт төсөл амжилтанд хүрдэггүй билээ. Тэр тусмаа дэлхийн улс орнуудаас анх удаа манайд туршиж байгаа нь ч гайхалтай биш гэж үү.

Санхүүжүүлэгчдийн мөнгө ба Засгийн Газар: МИДТ нь Дэлхийн банк болон Японы засгийн газар, Швейцарын засгийн газрын хөгжил, хамтын ажиллагааны агентлаг, GlobalAgRisk, FIRST Initiative зэрэг байгууллагуудын хамтарсан санхүүжилттэй төсөл юм. Энэ төслийн хүрээг нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн банкны Захирлуудын зөвлөл 10,0 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг баталжээ. Уг мөнгийг дөрвөн аймагт хэрэгжүүлж байгаа туршилтын төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэхэд ашиглах юм байна. 2009 онд мөн адил Швейцарын хөгжил хамтын ажиллагааны агентлагаас SDC 800,000 швейцарь франкын нэмэлт туслалцаа үзүүлсэн байдаг. Энэ хангалттай хэмжээний санхүүжилт хаашаа хэний халаас хадгаламж руу орж буйг хэлэхэд бэрх.
Энэ төсөлд хяналтын механизм огт үйлчлэхгүйгээр барахгүй төслийн мөнгө гол үр дүнг хүртэгч малчиддаа хүрэхгүй байна. ЗГ-ыг хязгааргүй баяжуулж, төслийн хэдэн хэнээтнүүдийг таргалуулж, төслийн зөвлөх гэх цалингийн хүүдийнүүд хадгаламжаа арвижуулснаар төсөл дуусгавар болохыг бүгд мэдлээ.

Индексжүүлсэн даатгалын механизм: Даатгал гэдэг иргэдийн хувьд сайн дурын шинжтэй, даатгагчдын хувьд нэн ашигтай бизнес билээ. Дэлхийн жишигт даатгалын шинэ шинэ хэлбэрүүд бий болж зорилтот бүлэгтээ хүрдэг боловч Монголд туршигдаж байгаа “Малын индексжүүлсэн даатгал” ямар ч үр ашиггүй, цагаа олоогүй хэлбэр болж хувирлаа. Малчдын нөхөн төлбөрийг төлөх, тэдний ирээдүйн амьдралыг баталгаажуулах, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс учирсан хохирлыг зөвхөн малчин биш, төр засаг, даатгалын компаниуд хамтдаа үүрэх шинэ тогтолцоог бий болгож байгаа нь олзуурхууштай боловч олон талаараа шүүмжлэлтэй хандахад хүргэж байна.
Малчдын хувьд бодит байдал дээр индексжүүлсэн битгий хэл энгийн даатгалын хэлбэр, нөхцөлөө мэдэхгүй байгаа нь хатуу ч гэсэн үнэн. Энэ даатгалын үндсэн санаа нь мал тооллогын дүнд үндэслэн сумын хэмжээнд гарсан нийт малын хорогдлын зургаа буюу арван хувиас дээшихэд индексжүүлэн даатгаж нөхөн төлбөр олгодог. Өөрөөр хэлбэл, энэ оны жилийн эцсийн мал тооллогыг ирэх оны хагас жилийн мал тооллоготой харьцуулаад гарсан хорогдлын нөхөн төлбөрийг олгоно гэсэн үг. Үүний тулд малчин ямар төрлийн мал даатгуулах гэж байна, түүнийгээ зах зээлийн үнээр үнэлнэ. Их багаар үнэлснээсээ болоод хэдий хэмжээний мөнгөтэйгээсээ хамаарч малаа даатгуулах нь гол зарчим.
Дутагдалтай тал нь малын хорогдол долоон хувиас дээш гарсан л бол нөхөн төлбөрөө авахгүй. Сумын хэмжээнд малын хорогдол тогтсон хувиас дээш гарсан тохиолдолд нөхөн төлбөр олгоно. Энэ нь нэгж малчны төлсөн мөнгө олонд нялзайж үр дүнгийн хамгийн муу нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм. Сумын хэмжээнд хорогдсон малын тоог үндэслэн даатгалын хохирол, нөхөн төлбөрийн хувь хэмжээг индексжүүлэн тооцоолдог нь онцлог биш дутагдалтай тал болжээ.
Малаа багахан үнэлж даатгуулбал нөхөн төлбөр авах хэмжээ бага байх нь тодорхой учраас нэгмөсөн хангалттай хэмжээгээр даатгуулах хэрэг гарна. Тэгээд тэр өвөл нь зуд болоочуу үгүй ч үү эргэлзээтэй. Даатгалын мөнгөө ч эргүүлж олж авахад асуудалтай. "Бодь даатгал", "Монгол даатгал", "Прайм даатгал", “Практикал даатгал” зэрэг дөрвөн компаниар дамжуулан даатгалын борлуулалтыг зохион байгуулж байгаа боловч хөдөө орон нутагт салбартай нь цөөн юм.
“Бизнесийнх нь амьдрах чадварт ноцтойгоор нөлөөлөөгүй, бага хэмжээний хохирлын зардлыг малчид өөрсдөө даах, харин хохирол ихээхэн хэмжээтэй болбол тухайн орон нутаг дахь хувийн хэвшлийн даатгалын салбар руу шилжүүлнэ. Бүр сүйрлийн эцсийн үед хүрсэн байвал Засгийн газар хохирлыг барагдуулна. Төслийн хүрээг тэлснээр Засгийн газар зах зээлийн аргаар малчдыг дэмжих боломжтой болох юм. Нөгөөтэйгүүр малчдад хохирол учирсан ч цаана нь хэдэн малтай үлдэнэ гэсэн санаатайгаар малын тоо толгойг өсгөхийг эрмэлзэхээ больж малын чанарыг сайжруулахад илүү анхаарал хандуулдаг болно” гэж Дэлхийн банкны мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
Дэлхийн практикт огтоосоо байхгүй цоо шинэ даатгалын хэв маягыг Монголд турших нь хэнд ашигтай, хэнийг бууны нохой болгох вэ? Мэдээж монголын нүүдлийн соёл иргэншлийг тээгч малчдыг. Малыг индексжүүлсэн аргаар даатгаж байсан туршлага байхгүй ба үндэсний баялаг болсон мал аж ахуйн салбартаа анх удаа хэрэгжүүлээд байгаа нь нэн харамсалтай. Энэ чиглэлээр эрх зүйн бие даасан орчин ч бүрдээгүй байгаа юм байна. Өнөөгийн нөхцөлд индекст суурилсан малын даатгалын хэлбэр зохимжтой талаар судалгааны ажил ч хангалттай байхгүй байгаа юм.

Туршилтын аймгууд ба сонголт: 1999-2002 онд ган зудын гамшигт үзэгдлээс нийт 11.2 сая мал хорогдож /мал сүргийнхээ гуравны нэг/ манай орны эдийн засагт 200 гаруй сая ам.долларын шууд хохирол учирснаас үүдэн Засгийн газар, Дэлхийн Банк, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага хамтарч малын даатгалыг хэрэгжүүлэхийн тулд орон даяар зах зээлийн судалгааны ажил хийж, Увс, Баянхонгор, Хэнтийд туршаад энэ жилээс эхлээд Булган, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг аймгийн малчдын малыг даатгалд хамруулахаар төлөвлөжээ. Энд туршилтын аймгуудыг хэрхэн сонгосон, яагаад заавал дээрх аймгууд тодорсон нь тун асуудалтай. 1944 оноос 2000 он хүртэлх том жижиг найман удаагийн ган зуд бүгдэд Дорноговь аймгийг хамарсан байхад яагаад орхив. Хамгийн ихээр өвөлжилт хүндэрсэн Хөвсгөл, Өвөрхангай, Төв аймгууд хаачив. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн мэргэжилтэн Х.Мөнхнаран “Байгалийн гамшиг болох магадлал ихтэй Баянхонгор, цаг агаарын байдал тогтвортой байдаг Увс, харьцангуй бага зуд болдог Хэнтий аймгийг сонгож авсан. Эдгээр аймаг Монголын нийт нутгийн нөхцөл байдлыг төлөөлж чадна” хэмээн ярьж байна. Түүвэрлэлтийн аргазүй, түүвэр судалгаа мэдэхгүй учраас ингэж л сонгоно. Эдгээр аймгийн 2400 гаруйхан малчин даатгалд хамрагдсан байгаа нь 50 мянга гаруй малчдын хувьд хангалттай тоо гэж үү. Нийт хоёр сая гаруй малыг даатгалд хамруулсан аж. Эдгээрээс 3947 малчин 768,7 сая төгрөгийн нөхөн төлбөр авсан нь дөрвөн жил хэрэгжсэн том төсөл гэхэд хангалтгүй үзүүлэлт юм. Энэ нь төсөл хэрэгжиж байгаа дөрвөн аймгийн нийт малчны 16-хан хувь, мал сүргийн есхөн хувь нь даатгалд хамрагдсанаас харагдана. 2009 онд даатгалд хамрагдсан малчдаас мал хорогдсоны нөхөн төлбөрийг нийт 2117 малчин авчээ. Увс аймгийн нийт малчдын 12, Баянхонгорын малчдын 8.3, Хэнтийд малчдын 4.2 хувь нь хамрагдсан нь хүртээмжийн хувьд тааруу, мэдээлэл сурталчилгааны ажил хийгдээгүй болохыг харуулсан томоохон баримт юм. Амжилт байтугай аргыг нь ч олоогүй сууж байгаа малчид ч олон байгааг малчид хэлж байна.
Одоогоор улсын хэмжээгээр ХААН банкинд 65,8 мянган малчин зээлтэй байгаа. Зээлээ төлж чадахгүй байгаа малчид малаа бод богоор нь мөнгөн дүнгээр тооцуулаад даатгалд хамруулах нь бас л эргэлзээтэй. Зээлэндээ туйлдсан малчид даатгалд илүү мөнгө зарцуулахгүйг хар ухаанаар бодоод олж болно.

Жил бүр зуд болдог уу: XX зуунд Монголд гурван том зуд болсон байдаг. 1945 оны мичин жилийн зуд нийт нутаг дэвсгэрийн 65 хувь, 9 аймгийн 65 сумыг хамарсан энэ зууны аймшигт зуд болсон бөгөөд 24,3 сая малаас 8,6 саяыг алдаж байв. 1967 оны зуд гамшгийнхаа хувьд мичин жилийнхээс хоёр дахин илүү байсан хэдий ч учирсан хохирлынхоо хэмжээгээр хоёр дахин бага байсан гэдэг. Нийт нутаг дэвсгэрийн 80 хувь буюу 13 аймгийг хамарч 3,5 сая мал хорогджээ. 2000 оны луу жилийн зуд 13 аймгийн 158 сумыг хамарч 11.2 сая толгой мал хорогдожож байв. Малчид маань зуд зулагтай гэж хэмээн амны билэгтэйгээр ярьж “зуд давсан мал түргэн өсдөг” хэмээн ярилцах нь бий. 2010 оны зуд нь сүүлийн 30 жилд тохиолдоогүй цаг агаарын эрс хүйтрэлт, хүчтэй цасан болон шороон шуургыг үүсгэж, улсын хэмжээнд найман сая гаруй толгой мал хорогдож, 6400 өрх огт малгүй болж, 12 аймгийн 132 сум өртсөн билээ. Энэ л зуднаар хэрэг болох ёстой “Малын индексжүүлсэн даатгал” төслийнхөн хаачив. Уг нь "Малын индексжүүлсэн даатгал" гэдэг нь зудын эсрэг чиглэсэн даатгал. Байгалийн давагдашгүй хүчний эрсдлээс гадна чононд бариулах, хулгайд алдах, элдэв өвчин эмгэг тусах зэргээс хамгаалж чадахгүй гэсэн үг.

/Н.Батзориг/

2 comments:

Нийгмийн ухаан said...

Sain uu Zorigoo, Sain bichleg bolson bn. ene video-g uzeerei...malaa daatguulaad ehelbel bas malchdadaa nuhun tulbur ugdug bolchuul olon asuudliig davhar shiideh yum shig sanagdaad bgaan. Jishe n nuudliin soyol irgelshilee hamgaalah, malchdiin orlogiin eh uusveriig batalgaajuulah, hotjilt geh met...what do you think? http://www.youtube.com/watch?v=OSvT1Q5miBg&feature=email

ЗОРИГТ8 said...

Ариунаа: Сайн сайн. сайн уу Ариунаа. Энэхүү асуудал хөндсөн өгүүллийг сэтгүүлчийн дипломын ажлынхаа хүрээнд саяхан бичсэн юм.
Энэхүү даатгалын механизм, зарчим нь зөв боловч Монголд бол одоогийн байдлаар ямар ч үр дүнгүй, мөнгө үрсэн байдлаар явагдаж байна гэж би үзэж байгаа.
Мэдээж даатгал гэдэг онолын хувьд хэрэгтэй, ач холбогдолтой зүйл. Энийг малчдад /малд/ хүргэхэд мэдээлэл болоод нарийн судалгаа шинжилгээ шаардлагатай мэт санагдаж байгаа.

бичлэг үзчихээд хариу мэдэгдэе

баярлалаа Ариунаа