Нийгэм дэх шилжих хөдөлгөөн

•Нийгэм дэх шилжих хөдөлгөөнийг тодорхойлох
•Нийгэм дэх босоо болон хэвтээ чиглэлт хөдөлгөөнийг тодорхойлж,жишээн дээр тайлбарлах
•Нийгэм дэх үе доторхи болон үе хоорондын шилжих хөдөлгөөнийг тодорхойлох,жишээгээр тайлбарлах
•Хүн амын шилжих хөдөлгөөн,нийгмийн шилжих хөдөлгөөнтэй холбоотой эсэхийг тодорхой жишээ үндэслэлээр нотлох,эсвэл няцаах

Нийгэм дэх шилжих хөдөлгөөн гэж юу вэ?

Нийгэм дэх шилжих хөдөлгөөн нь нийгмийн тэгш бус байдал давхраажилтаас урган гарах бөгөөд нийгмийн давхраажилтын систем доторхи хүмүүсийн хөдөлгөөн юм.Дээр ярьсан ёсоор хаалттай нийгэмд нэг ангиас нөгөө ангид шилжих огт бололцоогүй юмуу бараг бололцоогүй байдаг.Тэгвэл нээлттэй нийгэмд нэг анги давхраанаас нөгөө анги давхраанд шилжих бололцоотой байдаг бөгөөд ингэж нийгмийн давхраажилтын шатаар хүмүүс дээшээ, доошоо юмуу хэвтээ чиглэлээр шилжих хөдөлгөөнийг нийгмийн шилжих хөдөлгөөн гэнэ.

Нийгэм дэх босоо болон хэвтээ чиглэлт хөдөлгөөнийг тодорхойлж,жишээн дээр тайлбарлах

Нийгэм дэх шилжих хөдөлгөөнийг чиглэлээр нь босоо ба хэвтээ чиглэлт шилжих хөдөлгөөн гэж 2 ангилна.Нийгмийн нэг анги давхраанаас дээшлэх юмуу,доошлох шилжилтийг босоо чиглэлт шилжилт гэдэг бөгөөд үүнийг шатаар өгсөж,уруудах хөдөлгөөнтэй зүйрлэж болно.Жишээлбэл: нэгэн жижиг театрын жүжигчин байсан Рональд Рейган АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож байсан.Мөн Монгол улсын 2 дахь ерөнхийлөгч асан Н.Багабанди авто зовадын засварчнаар ажлын гараагаа эхэлж хожим нь ерөнхийлөгч болжээ.Энэ бол дэвшин дээшлэхийн жишээ юм.Нэгэн цагт баян чинээлэг,өндөр албан тушаал хашиж байгаад архинд орж,зугаа цэнгэл хөөцөлдөн аль эсвэл эрхэлж байсан ажил төрөл нь дампуурсан хүн хоромхон зуур үгүйрч болно.Ингэвэл уруудах шилжилт болно.Хүн бүр нийгмийн шатаар ахин дэвшихийг хүсдэг бол хэн ч уруудахыг хүсэхгүй нь ойлгомжтой.

Ийнхүү өгсөх уруудах шилжилтийн үед тухайн хүний нийгэмд эзлэх байр суурь дээшлэх юмуу доошилж өөрчлөгддөг бол хэвтээ чиглэлт шилжилтйн үед ийм дорвитой өөрчлөлт гардаггүй.Эрх мэдэл орлого нь дорвитой өөрчлөгдөхгүйгээр нэг ажлаас нөгөө ажилд шилжих шилжилтийг хэвтээ чиглэлт хөдөлгөөн гэнэ.Жишээлбэл:нэг ажилчин хүн зөөгч,цэвэрлэгч,үйлчлэгч,асрагч гэх мэтийн ажил эрхэлж байсан бол энэ хүнд эрх мэдэл,орлогын хувьд дорвитой өөрчлөлт гарахгүй юм.

Нийгэм дэх үе доторхи болон үе хоорондын шилжих хөдөлгөөнийг тодорхойлох,жишээгээр тайлбарлах

Мөн нийгэм дэх шилжих хөдөлгөөнийг тухайн хүний нийгэмд эзэлж буй байр сууриас нь хамааруулаад үе доторхи ба үе хоорондын шилжих хөдөлгөөн гэж ангилна.Хувь хүний ажил эрхлэлтийн явцад мэргэжил болон ангийн байр сууринд гарч буй өөрчлөлт бол үе доторхи шилжих хөдөлгөөн юм.Жишээлбэл: тоосгоны үйлдвэрээс ажлын гараагаа эхэлсэн залуу дээд сургууль төгсч,барилгын инженер болжээ.Цаашдаа цехийн дарга үйлдвэрийн ерөнхий инженер,үйлдвэрийн дарга болсон байна.

Үе хоорондын шилжих хөдөлгөөн гэдэг нь хүүхдүүд нь эцэг эхээсээ илүү нийгмийн байр сууринд хүрэх юмуу доор орохыг хэлнэ.Тухайлбал: жирийн малчны хүүхэд боловсрол өндөр эзэмшиж,өндөр албан тушаал хаших гэх мэт.Харц ард цагаан дээлт Дамдины хүү Сүхбаатар ардын хувьсгалыг өрнүүлэхэд манлайлан оролцож,,цэргийн их жанжин болох жишээтэй.Харин эцэг эхийн ажил мэргэжил,байр суурийг залгамжилж авахыг олдмол байр суурь гэдэг.Жишээ нь:багшийн хүүхэд багш,малчны хүүхэд малчин болох гэх зэрэг.

Хүн амын шилжих хөдөлгөөн,нийгмийн шилжих хөдөлгөөнтэй холбоотой эсэхийг тодорхой жишээ үндэслэлээр нотлох,эсвэл няцаах

Нийгэм дэх шилжих хөдөлгөөнийг хүн амын шилжих хөдөлгөөнтэй адилтгах юмуу,зөвхөн түүгээр төлөөлүүлэн ойлгож болохгүй.Хүн амын газар зүйн шилжилт бол хэвтээ чиглэлийн шилжилтэнд багтах бөгөөд нэг газрын оршин суугч,нөгөө газар ирж суурьшихыг хэлдэг.XX зууны турш манай орон үйлдвэржиж,хотжих тусам хөдөөнөөс хот руу шилжих явдал өссөөр байна.Ялангуяа 1990 оноос хойш хүн амын шилжилтэнд тавьдаг байсан хориг саадыг арилгасан учир хот руу ихээр нүүдэллэх болсон.Үүнийг хүн амын шилжилтийн их нүүдэл гэж зарим эрдэмтэд тодорхойлжээ.Улс орны үйлдвэржих хотжих үйл явцыг дагалдан нийгмийн шилжих хөдөлгөөн эрчимтэй өрнөж,дан ганц мал аж ахуйн орон байснаа 1930-аад оноос аж үйлдвэр,барилга,тээвэр,холбооны салбар үүсч хөгжснөөр ажилчин анги үүсчээ.мөн ардын боловсрол,эрүүлийг хамгаалах,соёл урлагийн салбар хөгжихөд багш,эмч,зохиолч,жүжигчин,инженер зэрэг мэргэжилтэн олноор төрж, монголын сэхээтний давхрааг шинээр бий болгожээ.

Тэгвэл 1990 он гарсаар улс төр,эдийн засгийн тогтолцоо үндсээрээ өөрчлөгдөж, шинээр олон давхрааг бий болгож,нийгмийн шилжих хөдөлгөөнийг шинэ дүр төрхтэй болголоо.Ардчилсан нийгэмд хувь хүний болон нийгмийн аль нэг бүлгийн дээшлэх доошлох шилжилтэнд хувь хүн болон тухайн бүлгийн хүчин чармайлт голлох үүрэгтэй болж эхэлсэн.Манай оронд хөрөнгөтний давхраа цоо шинээр бий болж, үүний хажуугаар ажилгүйчүүд,ядуучууд,эмзэг бүлгийнхэн гэх мэт олон давхраанууд зэрэгцэн орших болсон байна.

Дүгнэлт
Ё Нийгмийн давхраажилтын шатаар хүмүүс дээшээ, доошоо юмуу хэвтээ чиглэлээр шилжих хөдөлгөөнийг нийгмийн шилжих хөдөлгөөн гэнэ.
Ё Нийгэм дэх шилжих хөдөлгөөнийг чиглэлээр нь босоо ба хэвтээ чиглэлт шилжих хөдөлгөөн гэж 2 ангилна.Нийгмийн нэг анги давхраанаас дээшлэх юмуу,доошлох шилжилтийг босоо чиглэлт шилжилт гэдэг бөгөөд үүнийг шатаар өгсөж,уруудах хөдөлгөөнтэй зүйрлэж болно. Эрх мэдэл орлого нь дорвитой өөрчлөгдөхгүйгээр нэг ажлаас нөгөө ажилд шилжих шилжилтийг хэвтээ чиглэлт хөдөлгөөн гэнэ.
Ё Мөн нийгэм дэх шилжих хөдөлгөөнийг тухайн хүний нийгэмд эзэлж буй байр сууриас нь хамааруулаад үе доторхи ба үе хоорондын шилжих хөдөлгөөн гэж ангилна.Хувь хүний ажил эрхлэлтийн явцад мэргэжил болон ангийн байр сууринд гарч буй өөрчлөлт бол үе доторхи шилжих хөдөлгөөн юм. Үе хоорондын шилжих хөдөлгөөн гэдэг нь хүүхдүүд нь эцэг эхээсээ илүү нийгмийн байр сууринд хүрэх юмуу доор орохыг хэлнэ.
Ё Нийгэм дэх шилжих хөдөлгөөнийг хүн амын шилжих хөдөлгөөнтэй адилтгах юмуу,зөвхөн түүгээр төлөөлүүлэн ойлгож болохгүй.Хүн амын газар зүйн шилжилт бол нийгмийн шилжих хөдөлгөөн мөн бөгөөд хэвтээ чиглэлийн шилжилтэнд багтана. Хүн амын шилжих хөдөлгөөн гэдэг нь нэг газрын оршин суугч,нөгөө газар ирж суурьшиж, тухайн хүний ажил төрөл,нийгэмд эзлэх байр суурь нь тодорхой хэмжээгээр өөрчлөгдөхийг хэлдэг.

No comments: