Удирдлагын социологи хичээлийн хүрээнд миний авсан товч ойлголт

Аливаа зүйл учир шалтгаанаас үүдэлтэй гэж дорны гүн ухаанд сургадаг. Тэд хүнийг дээд тэнгэрийн язгууртай гэх бөгөөд дэлхий ертөнцийг тэнгэр газрын савслага гэж нэрлэх нь бий. Энэ бол хүн- байгалийн шүтэлцээг гүн ухааны үүднээс тайлбарласан ухагдахуун. Харин орчин үеийн шинжлэх ухаанд хүнийг мичнээс үүссэн гэх буюу анх модон дээр амьдарч байгаад модноос газарт буун ухамсарт амьдралаар амьдрах болсноор одоогийн хүн төрөлхтөн жинхэнэ утгаараа үүсэн бий болсон гэж тайлбарладаг.

Энэ нь зөвхөн байгалийн хамаарал дор хэрэгцээгээ ханган амьдарч байсан бол нийгмийн хамаарал дор амьдрах эх үндэс нь болсон гэсэн үг. Харилцан хамаарал, хөгжлийн урсгал үүссэнээр түүнийг нийгэм гэж нэрлэн тусгай судлах шинжлэх ухаантай болсон байна. Өөрөөр хэлбэл бидний эргэн тойронд болж байгаа хүний харилцан хамаарал, идэвхтэй үйл ажиллагаанаас үүсэн бий болсон бүх л үзэгдлийг нийгмийн шинжлэх ухаан тэр дундаа социологийн шинжлэх ухаан судална.

Социологийн шинжлэх ухаан, удирдлагын шинжлэх ухаантай холбогдсоноор бидний үзэж судалсан удирдлагын социологи хэмээх хавсарга шинжлэх ухаан үүссэн бөгөөд манай хичээлийн хөтөлбөрт тусгагдсан байснаар энэхүү хичээлийг үзэх боломж олдсон юм.
Хичээл эхлээд хэдийнэ гурван сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд бид удирдлагын социологи хичээлтэй холбоотой маш олон зүйлийг үзэж судаллаа. Бидний хувьд удирдлагынсоциологи хичээлээр олж мэдсэн зүйлсээ амьдрал дээр удирдах арга барилтай хослуулан мэдлэг болгон батжуулах нь бидний зорилго байсан. Онолын мэдлэг эзэмшихээс гадна сэдвийн хүрээнд практик ач холбогдол бүхий кейс, бодлого ажиллаж, шинэ мэдлэг мэдээлэл олж авсан. Үүний нэг жишээ нь бид Зохион байгуулалтын хөгжилд Файро аргыг хэрэглэх нь сэдвээр семинарын хичээл удирдан явууллаа. Энэ сэдвээр бичигдсэн ном сурах бичиг ховор байсны дээр бид нягтлан бодогч, IT мэргэжилтэн, сэтгүүлч, хуульч гээд социологич мэргэжлээс тэс өөр мэргэжилтэй хүмүүс тул онолын тухай багахан ч ойлголтгүй, ямар ном материал ашиглахаа ч бас сайн мэдэхгүй л байлаа.
Онолын номнуудаас профессор Р.Вандангомбо багшийн “Удирдлагын социологи” номыг олж уншсан бөгөөд бусад эх сурвалжийг интернэт ашиглан олж авсан. Яагаад гэвэл шинжлэх ухааныг тогтсон ойлголт, хөдлөшгүй баримт гэж үздэг ч бидний судлан буй шинжлэх ухаан үргэлж хувьсан өөрчдөгдөж байдаг тул шинэ соргог мэдээллийг өгөхийг зорьсон болно. Мөн багшийн тавьсан лекцээс гадна бусад багийн бэлтгэж тавьсан семинар болон уншиж судалсан ном, сурах бичиг болон интернэтээс уг хичээлийг дэлгэрүүлж судаллаа.

Удирдлагын социологи нь манай орны хувьд сүүлийн 20 орчим жил яригдаж, судлагдаж буй “залуу” шинжлэх ухаан юм. Тийм учраас онолын загвар, урсгалууд, тэр дундаа нэр томъёоны хувьд ч хараахан цэгцэрч амжаагүй байж болох юм.

Энэхүү хичээлийг судлаж эхлэх явцад ойлгомжгүй, хүнд хэцүү шинжлэх ухаан мэт төсөөлөгдөж байв. Гэтэл одоо эсрэгээрээ хамгийн энгийн бас сонирхолтой хичээлийн нэг болсон билээ.
Энэ хичээлийг үзсэнээр хамт олныг удирдахын тулд юуны түрүүнд өөрийгөө танин мэдэх үүний дараагаар хамт олноо танин мэдэх, тэдний зан төлөв, темперамент болон бусад хувь хүнийх нь онцлогуудыг мэдэх хэрэгтэй. Мөн удирдагч хүн өөрийгөө бусдад ойлгуулах, бусдыг ойлгох чадвартай байх шаардлагатай.

Хүнээ бүрэн таньсан удирдагчийг баян байгууллагын их юмтай, олон тасалгаатай агуулахын ажлаа сайн мэддэг няравтай зүйрлэж болно. Тэр тасалгаанууд нь удирдагч хүний хувьд хүмүүс нь юм. Нярав аль тасалгаа ямар цоожтой, ямар түлхүүр таарахыг андахгүй, дотор нь хаана юу байгааг ч арван хуруу шигээ мэднэ. Сайн удирдагч больё гэвэл хүмүүсээ сайтар судалжтэдний сэтгэлийн дотоод ертөнцөд нэвтэрч харах хэрэгтэй. Хүн болгонд таарах “түлхүүр” байдаг гэдгийг ойлгож авсан юм.

эх сурвалж: www.pobruush.blogmn.net

No comments: