Шүүн таслах ажиллагаанд хүний эрхийн мониторинг хийх сонирхолтой байгууллагуудыг урьж байна

Нээлттэй Нийгэм Форум нь 2008 оноос шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, шүүхийн шинэтгэлд олон талын оролцоог хангах чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийн хүрээнд шүүн таслах ажиллагаанд хүний эрхийн мониторинг хийх сонирхолтой иргэний нийгмийн байгууллагуудыг оролцохыг урьж байна.

Шүүхийн мониторинг нь олон улсын хэмжээнд өргөнөөр хэрэглэгддэг хүний эрхийн мониторингийн нэг хэлбэр юм. Мониторингийн зорилго нь шүүхийн шатанд хүний эрх зөрчигдөх, шударга шүүхийн стандарт алдагдах эрсдэл бүхий хэргүүдэд тодорхой арга зүйн дагуу мониторинг хийх замаар шүүн таслах ажиллагаа олон улсын болон дотоодын хууль тогтоомжид заасан зарчим, стандартын дагуу явагдаж байгаа эсэхэд үнэлэлт өгөх, иргэний нийгмийн байгууллагуудыг шүүхийн мониторингийн чиглэлээр мэргэшүүлэх, улмаар олон нийтийн дунд шүүхийн үйл ажиллагааг ил тод болгож нэр хүндийг өсгөхөд оршиж байна.

Нээлттэй Нийгэм Форум сонирхсон байгууллагуудыг доорх шалгуурын дагуу шалгаруулж арга зүйн сургалтад хамруулан шүүхийн мониторингийн тэтгэлэг олгож тодорхой эрүүгийн хэрэгт мониторинг хийх боломжоор хангана.

Шүүхийн мониторингт хамруулах хэргийг сонгох шалгуур

Мониторинг хийх эрүүгийн хэрэг нь дараахь шалгуурыг удирдлага болгосон байж болно. Үүнд:

* Сонгогдсон хэрэг нь прокурорын шатанд байх,
* Эрүүгийн хэргийн доорх төрөлд хамаарах:
o Төрийн эсрэг гэмт хэрэг
o Иргэний, улс төрийн болон бусад эрх эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг
o Аж ахуйн эсрэг гэмт хэрэг
o Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг
o Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг
o Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг
o Албан тушаалын гэмт хэрэг
* Холбогдогч буюу яллагдагч нь төрийн албан хаагч, хууль сахиулах байгууллагын ажилтан байх,
* Сонгогдсон хэрэг нь Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс болон Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд мөрдөгдөн шалгагдсан байх,
* Олон нийтийн анхааралд орсон буюу хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн байх.

Мониторингийн багт тавигдах шаардлага

* Мониторингийн багийн ахлагч болон гишүүд хуулийн дээд боловсролтой байх,
* Хууль, социологийн судалгаа болон бусад төрлийн мониторинг хийж байсан туршлагатай байх,
* Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон шүүхийн практикын талаар хангалттай мэдлэгтэй байх,
* Багийн гишүүд нь сонгогдсон хэргийн оролцогчид болон шүүх хуралдааны оролцогчидтой аливаа ашиг сонирхлын зөрчилгүй байх,
* Тухайн хэрэгт голч хөндлөнгийн байр сууринаас хандах чадвартай байх,
* Арга зүйн сургалтад бүрэн хамрагдаж цаашид шүүхийн мониторингийн чиглэлээр ажиллах бүрэн сонирхолтой байх,
* Мониторингийн төсөлд өөрсдийн үндсэн ажлын цагийн 50 хувиас доошгүйг зарцуулах боломжтой байх.

Сонирхсон байгуулагуудын бүрдүүлэх материал


+ Сонирхлоо илэрхийлсэн захидал
+ ТББ-ын гэрчилгээний хуулбар
+ Байгууллагын танилцуулга болон 2009 оны үйл ажиллагааны тайлан ( судалгаа шинжилгээний болон хэрэгжүүлсэн мониторингийн төслийн талаар түлхүү оруулна уу)
+ Мониторингийн багт ажиллах боломжтой хуульч мэргэжилтэй ажилтнуудын товч танилцуулга
+ Сонгож ажиллах хэргийн талаар товч мэдээлэл

Сонирхсон иргэний нийгмийн байгууллагууд 2010 оны гуравдугаар сарын 12-ний өдрийн 15.00 цагт Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн мэдээлийн төвд болох мэдээлэл өгөх уулзалтад өргөнөөр оролцоно уу. Мэдээлэл өгөх уулзалтаас гадуур утсаар болон электрон шуудангаар мэдээлэл өгөх боломжгүй болно.

Сонирхлоо илэрхийлсэн материалыг 2010 оны гуравдугаар сарын 19 ний 17 цаг хүртэл Нээлттэй Нийгэм Форум дээр авчрах болон bayarmaa@forum.mn хаягаар явуулна уу.

No comments: