Монголын ''Өнгөт хувьсгал'' /Бодлого судлаач Ч.Тамир/

1. Удиртгал
2007 оны 7-р сарын 1-ны өдөр Монголд яг юу болов? Оросын Россия сувгаар ярьсан шиг Монголын коммунистууд Оросуудын тусламжтайгаар сөрөг хvчнээ дарах өдөөн хатгалга явуулав уу? Эсвэл америкчууд монголд ураны хувьсгал хийх гэж оролдов уу? Аль эсвэл женкогийн мөнгөөр Ц.Элбэгдоржийн удирдлага доор Таван толгойн төлөө иргэний дайныг эхлvvлэх гэж байв уу?
Эдгээрийн аль нь ч биш юм гэхэд сонгуулийн өмнө Монголд өнгөт хувьсгал хийх гэсэн барууны гар хөл болсон хөдөлгөөнvvдийн ажил уу? Аль ч тайлбарыг харсан уг асуудлыг монголын дотоод улс төрийн зөрчлөөс эхлээд, ашигт малтмал, гадаад бодлого, их гvрнvvдийн ашиг сонирхлын өргөн хvрээнд харах гэсэн таамаглалууд юм. Vvн дотроос Октябрийн хувьсгал лугаа адил гаднаас импортолсон “өнгөт хувьсгал” гэж бичих нь давамгайлж ирлээ. Иргэд ч уг асуудлаар яг хоёр хуваагдаад байна. Тиймээс судлаачийн хувьд энэ асуудлаар тодорхой байр суурийг илэрхийлэхийг зорилоо.

Ингэхгvйгээр зvгээр л Ж.Батзандан, О.Магнай нарыг яллаад, Д.Энхбат, Ц.Элбэгдорж, Д.Жаргалсайхан нарыг буруутгаад чулуу шидэж дээрэм хийсэн гэж хэдэн хvнийг шийтгээд, эсвэл өршөөгөөд л өнгөрвөл болно гэж vv? Яг vнэндээ энэ бол мөсөн уулын харагдах vзvvр хэсэг л юм. Тэгвэл гvн рvv гvнзгийхэн шагайгаад харвал юу харагдах бол? Асуудал хvмvvсийн бодож байгаа шиг тийм энгийн зvйл мөн vv?

2. “Өнгөт хувьсгал” гэж юу вэ?
2000 оноос хойш хуучин постсоциалист орнуудад ноёрхож байгаа дарангуйлагч дэглэмийг эсэргvvцсэн хувьсгалын шинжтэй эргэлт гарах болсон бөгөөд энэ vйл явц нь 2000 онд Сербид “Бульдозорын хувьсгал”-аар эхэлж, улмаар 2003 онд Гvржид “Сарнайн хувьсгал”, 2004 онд Украйнд “Жvржийн хувьсгал”, 2005 онд Киргизэд “Алтан зулын хувьсгал” болон vргэлжилж судлаачдын томьёолсноор “Өнгөт хувьсгал” гэсэн ойлголт бий болжээ. Уг нь 1990-ээд онд эдгээр орнуудад социалист систем задран унаж vндэсний тусгаар тогтнолоо олж ардчилагдах тvvхэн vйл явц өрнөсөн ч либерал, ардчилсан тогтолцоо руу шилжиж чадаагvй юм. Судлаачид дарангуйлагч засаглалаас ардчилсан засаглал руу шилжих “шилжилтийн” шатандаа яваа гэсэн ангилалд эдгээр орнуудыг оруулж байснаа 5-10 жилийн дараа хуучин социалист олон оронд өөрийн шинэ өнгө төрхтэй авторитар дэглэм тогтсоныг барууныхан хvлээн зөвшөөрөх болсон юм. Улмаар “Шилжилтийн” гэгдэх онолыг ч дампуурсан гэж шvvмжилж байна.

Чухамдаа ийм орнуудад иргэний хөдөлгөөн vvсч, ардчиллын төлөөх сөрөг хvчний эвсэл нь эрх баригчдын эсрэг тайван замаар туйлбартай тэмцэхийг “Өнгөт хувьсгал” гэж нэрлэдэг. Тухайлбал удаан хугацааны иргэний дайны дараа Сербид өөрийн дэглэмийг тогтоогоод байсан Ерөнхийлөгч С.Мелошевич, хуучин ЗХУ-ын Гадаад харилцааны сайд асан, 1992-2003 он хvртэл тасралтгvй 10 гаруй жил Гvржийг удирдаж байсан номенклатур Э.Шеварднажзе, Украйнд 1992 оноос 2004 он хvртэл Ерөнхий сайд, Ерөнхийлөгч зэрэг томоохон албан тушаалыг дамнан хашиж өөрийн дэглэмийг vvсгэсэн Л.Кучма, 1990 онд Дээд зөвлөлд сонгогдохдоо Киргизэд ардчилал, тусгаар тогтнол, чөлөөт зах зээлийг тунхаглаж байсан ч төд удалгvй өөрийн гэр бvлийн дарангуйллыг тогтоож 10-аас дээш жил улс орноо удирдсан А.Акаев нарыг дурдаж болно. Онцлог нь эдгээр орнуудын ихэнхи нь Ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон бөгөөд энэ нь нэг хvний дарангуйлагч дэглэм тогтоход шимтэй хөрс болсон гэдгийг судлаачид онцолдог. Эхлээд удирдагч нар бvгд сайн сайхан амьдрал, ардчилал, энх тайвныг амалж сонгогдоно, дараа нь хуулийн дагуу дахина, улмаар vндсэн хуулиа өөрчилж сөрөг хvчнээ намнаж сонгуулийн vр дvнг засварласнаар сонгууль бол ердөө л дарангуйлагчийг ардчилсан замаар сонгогдсон гэж дэлхий нийтэд харуулах хэрэгсэл л болж хувирна.

3. “Өнгөт хувьсгал”-ын жишээ юу вэ?
“Булдозерийн хувьсгал” 2000 оны 9-р сарын 24-нд болсон Сербийн Ерөнхийлөгчийн сонгуульд “Сербийн Ардчилсан нам”-ыг vvсгэн байгуулагч В.Костуница хуучин ерөнхийлөгч С.Мелошевичтэй өрсөлджээ. Хоёр хоногийн дараа Сонгуулийн комисс сонгуулийн эхний шатанд өрсөлдөгч нарын аль нь ч олонхийн саналыг авч чадаагvй, В.Костуници 48.2 хувийн санал авсан гэж мэдээлжээ. Гэтэл сөрөг хvчин сонгуулийн явцад олон төрлийн булхай хийсэн гэж төрөл бvрийн баримтаар эрх баригчдыг буруутгажээ. Белградын гудамжинд жагсаал эхлэж 10-р сарын 5-д Сонгуулийн Комисс В.Костуницаг 55 хувиар сонгуульд ялсан гэж гэдгийг нь зарлаж улмаар 10-р сарын 8-д экс Ерөнхийлөгч өөрийн ялагдлыг хvлээн зөвшөөрөх хvртэл арав гаруй хоног vргэлжилж 500.000 хvн оролцжээ.

“Сарнайн хувьсгал” Гvржид 2003 оны 10-р сарын 2-ны өдөр Парламентийн сонгууль болж Сонгуулийн Төв комисс нь албан ёсныхоо дvнг гарган хуучин Ерөнхийлөгч Э.Шеварднажзегийн тэргvvлсэн “Шинэ Гvржийн төлөө” нэгдэл ялсан гэж зарлажээ. Vvнийг сөрөг хvчин болсон М. Саакашвелигийн удирдсан “Нэгдсэн vндэстний хөдөлгөөн” хvлээн зөвшөөрөхгvй гэдгийг мэдэгдэж булхайтай, луйвартай сонгуулийн дvнг эсэргvvцэж жагсаж эхэлжээ. Төд удалгvй Тбилисийн гудамжинд жагсаж байгаа хvний тоо 100.000-д хvрэв. Улмаар хямрал даамжирч 11-р сарын 22-нд шинэ парламентын нээлтийн ажил эхлэх vед сөрөг хvчин парламентийн ордонд дайран орж Э.Шеварднажзег огцрохыг шаардсан юм. Ерөнхийлөгч улсын онц байдал зарлаж улмаар Тбилист цэрэг оруулж ирснээр байдал хурцдав. Маргааш нь ОХУ-ын ГЯЯ-ны сайд И.Иванов зуучилж сөргөлдөгч талууд хэлэлцээр хийж улмаар Э.Шеварднажзе бууж өгснөө зарлаж удалгvй Гvржийн Дээд шvvх Парламентын сонгуулийн дvнг хvчингvй болгожээ. Гvржийн шинэ Ерөнхийлөгчийн сонгуулийг 2004 ны 1-р сарын 4-нд хийж М.Саакашвели илт давуу ялав. Улмаар 3-р сарын 28-нд дахин зарласан Парламентын сонгуульд vргэлжлvvлэн амжилт vзvvлжээ.

“Жvржийн хувьсгал” 2004 оны 10-р сарын 31-ны өдөр Украйнд Ерөнхийлөгчийн сонгууль явагдав. Гол өрсөлдөөн хуучин Ерөнхийлөгч Л.Кучмагийн дэмжлэгтэй Ерөнхий сайд В.Янукович ба сөрөг хvчний лидер В.Ющенко нарын дунд өрнөж эхний vед В.Ющенко 39.87 хувиар тэргvvлж В. Янукович удаалжээ. Гэвч дараа дараагийн сонгуулиудыг эрх баригчид зохион байгуулсан эрх баригчид сонгогчдыг айлган сvрдvvлж, зөөврийн хайрцгаар саналыг будилуулж байв. Ингэж Сонгуулийн төв хороо нь сөрөг хvчний лидерийн ялалтыг баллуурдан хаяв. Тэр ч байтугай хvчний байгууллага тvvнийг диохсиноор хvчтэй хордуулсан ч тэрээр амьд vлдэж чаджээ. Жvржийн өнгийг симбол болгосон сөрөг хvчин Украйнд бvх нийтийн ажил хаялт, жагсаалыг vргэлжлvvлэн хийж тэмцлийн бvхий л тайван арга хэрэгслийг ашиглаж байв. Нийслэл Киевт 10.000 орчим хvн жагсаж байлаа. Удтал тэмцэсний эцэст В.Ющенко 52 хvртэл хувиар ялалт байгуулж 2005 оны 1-р сарын 23-нд албан ёсоор ялагчаар тодорчээ. Зуучлагч нь В.Путин байв.

“Алтан зулын хувьсгал” 2005 оны 1-р сарын 27-нд Киргизэд Парламентын сонгууль болж өнгөрчээ. Улмаар сонгууль шударгаар явагдаагvй тул сөрөг хvчин дvнг хvлээн зөвшөөрсөнгvй эсэргvvцлийн vйл ажиллагаа явуулж эхэлжээ. Энэ тэмцэл маш удаан 3-р сарын 13 хvртэл vргэлжилсэн юм. Интернетийн мэдээнээс vзвэл сөргөлдөгч нар чулуу шидэж дайран орж ирэхэд цагдаагийнхан хамгаалалт хийж, агаар руу хий буудаж байжээ. Энд “Молотов коктейль”-ийг хэрэглэсэн бөгөөд гал гарав. Дашрамд дурдахад ЗХУ-ын ГЯЯ-ын сайд асан В.Молотовыг даапаалж нэрлэсэн, шилэнд хийсэн бензинийг шатаах зэвсэг болгон хэрэглэх нь зөвлөлтийн эсрэг финийн дайны vед vvссэн бөгөөд дараа нь япончууд халх голд зөвлөлтийн танкны эсрэг хэрэглэж хохирол учруулж байжээ. Сvvлд Чехословак, Унгар зэрэг олон газар иргэний мөргөлдөөн vvсэхэд хэрэглэсэн байна. Удалгvй хямрал даамжирч Ерөнхийлөгч А.Акаевийн дэглэмийг эсэргvvцэгч 5 хvн буудуулан нас барахад А.Акаев өөрийн нисдэг тэргээр Казахтан орж улмаар ОХУ-руу зугтжээ. 4-р сарын 2-нд А.Акаев ОХУ-дахь Киргизын элчин сайдын яаманд огцорсноо албан ёсоор хvлээн зөвшөөрчээ. Киргизын хувьсгалд Украйн болон Гvржийн хувьсгал ихээхэн нөлөөлсөн гэдгийг судлаачид vздэг бөгөөд оросууд мөн л зуучлагчийн vvрэг гvйцэтгэжээ.

4. “Өнгөт хувьсгал” хэрхэн өрнөдөг вэ?
“Сонгуулийн булхайнаас эхэлнэ” “Өнгөт хувьсгал” эрх баригчид сонгуулийн булхай хийж засгийн эрх мэдлийг хууль бусаар vргэлжлvvлэн барихыг эсэргvvцэхээс эхэлдэг. Сонгуулийн булхайг бөөний болон жижиглэнгийн гэж ангилдаг бөгөөд аль аль нь аюултай юм. Сонгуулийн булхай нь манай ардчиллыг устгаж аюулгvй байдалд нөлөө vзvvлэх хэмжээнд хvрсэн тухай миний бие бvр 2004 оны 8-р сарын 2-ны өдөр “Өнөөдөр” сонинд бичиж байсан. Vvнийг VАБ-ын vзэл баримтлалд “төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдах” гээд их тодорхой заачихсан байгаа.
Нэгэнтээ сонгууль булхайтай болвол ихэнхи оронд саналын хуудсыг дахин тоолдог. Гэвч төрийн бvх институт нь оролцож бөөний булхайг маш нарийн зохион байгуулсан учир илрэхгvй. Тиймээс өнгөт хувьсгал гарсан орнуудад сонгуулийн vр дvнг хvчингvй болгож СЕХ-г дахин шинээр байгуулж 2-5 сарын дараа сонгуулийг дахин явуулдаг, улмаар сөрөг хvчин нь ялдаг байна. Сөрөг хvчин сонгуулийн vр дvнг хvлээн зөвшөөрөхгvй байгаагаа мэдэгдсэн л бол эрх баригчдыг өөрсдөө огцорч шинэ сонгуулийг зарлатал туйлбартай тэмцлээ vргэлжлvvлдэг. Тэд сонгуулийн өмнө “Хангалттай”, “Авлигалын эсрэг”, “Бид хамтдаа ялна”, “Тусгаар тогтнолын төлөө” гэсэн уриаг дэвшvvлдэг бол засварлагдсан сонгуулийн дараа тэдний уриа нь “Чөлөөтэй, Шударга, Сонгуулийг бид хvсч байна” гэж өөрчлөгддөг. 7-р сарын 1-нд талбай дээр харагдсан уриа, лоозон ч ийм л байсан.

“Эвсэл ба залуучууд” Дээр өгvvлсэн орнуудын жишээг судалж vзэхэд ардчилсан хvчний тэмцэл, жагсаал, цуглаан нэлээд хэдэн жилийн өмнөөс эхэлсэн байдаг. Тухайлбал Гvржийн хөдөлгөөнvvд 2000 оноос нэгдэж эхэлсэн бол Киргизын хувьд 2002 оны 3-р сарын дунд vеэс хамгийн эхний жагсаалаа эхлvvлсэн байх жишээтэй. Мөн сөрөг хvчний хvлээн зөвшөөрөгдсөн лидерvvд тодорсон байдаг ба тэдний дунд залуучууд цөөнгvй бий. Тухайлбал өнгөт хувьсгал хийх vедээ Гvржийн М.Саакашвели дөнгөж 36 настай байв. Нэг хvний дэглэмээс татгалзах, нийгмийг өөрчлөх, ардчилах, баруунжихыг хvссэн залуучууд, тэр дотроо оюутнууд зохион байгуулалтанд орж хөдөлгөгч хvч болдог. Тиймээс “Өнгөт хувьсгал”-ыг хуучин социалист системийн vеийн ахмадууд ба ардчилал шинэчлэлийг хvссэн шинэ vеийнхний зөрчил ч гэж томьёолж болно.
Харин монголоос ялгаатай нь Ардчиллын төлөөх гол хvчнvvд нэгдэж эвсэл, блок байгуулдаг бөгөөд мэдээж зарим эвсэл нь сонгуульд ялсны дараа дотоод зөрчилдөө идэгдэн задрах нь монголтой ижил юм. Хувьсгалын vеэр эрх баригчид ихэнхидээ онц байдал зарлаж цэрэг оруулж ирдэг боловч талууд хатуу мөргөлдөөн vvсгэлгvй улмаар оросуудын тусламжтайгаар зөвшилцөж эрх баригчид огцордог нь нийтлэг дvр төрх юм.

“Хvч vл хэрэглэх тактик” Өнгөт хувьсгал нь ардчилал, vндэсний тусгаар тогтнолын төлөө хvч хэрэглэхгvйгээр тэмцдэгээрээ алдартай юм. Тийм ч учраас дарангуйлагчдыг буулгасны дараа vндсэн хуулийн дагуу төрийн механизмыг ажиллуулдаг. Серби, Гvрж, Украйнд болсон хувьсгалын vед хvчирхийлэл огт гараагvй, харин Киргизэд нэлээд хэдэн хvний амь нас хохирч галдан шатаалт, чулуу шидэх зэрэг эмх замбараагvй байдал vйлдэгджээ. Аль ч тохиолдолд хvч хэрэглэлгvйгээр дарангуйлагч дэглэмийн эсрэг тэмцэх бvхэл бvтэн тактик, зөвлөгөөг боловсруулж тvvнийгээ тvгээдэг бөгөөд энэ нь хувьсгалыг импортолдог хуучны уламжлалтай холбоотой гэхээсээ дэлхийн өнцөг булан бvрт байгаа улс орны иргэд либерал ардчилсан дэглэмийг сонгоход туслах vйл явц гэж тайлбарлагддаг. Мөн өнгөт хувьсгал нь их гvрнvvд тэр дотроо АНУ-ын ашиг сонирхлыг тусгадаг бөгөөд оросууд vvнээс ихээхэн болгоомжилж АНУ-аас санхvvжилттай ОУ-ын, ТББ-ыг харддаг.

5. “Өнгөт хувьсгал”-ын шалтгаан юу вэ?
“Дарангуйллын эсрэг хийх тэмцэл” Социализмын дараах vеийн Гvрж, Киргиз зэрэг орнууд нэг хvн, тодорхой бvлгийн дарангуйлалд орсон нь гол шалтгаан юм. Тэд өөрсдийн дарангуйллаа сонгуулийн дvнг засварлах байдлаар баталгаажуулдаг бөгөөд иргэдийн сонгох эрх чөлөөнд халдаж хууль бусаар засгийн эрх мэдлийг авах гэж оролдох нь нийгэмд хувьсгалын шинжтэй өөрчлөлт гарахад хvргэдэг ажээ.

“Удирдагчдын авлигал” Дараагийн шалтгаан бол авлигал юм. Авлигалын хөндлөнгийн vнэлгээг гаргадаг “Транспаранси Интернейшнл”-ын судалгаанаас харахад эдгээр орнууд бvгд маш өндөр авлигалтай гэсэн ангилалд багтана. Тиймээс сонгуулийг хvртэл авлигаар буюу хууль зөрчиж засварлах нь энгийн vзэгдэл гэж тооцогдоно.
Мэдээж авлигал нь нийгмийн тэгш бус байдал, ядуурал, ажилгvйдэл зэрэг олон зvйлийн vндэс гэдэг нь ойлгомжтой. Украйнд Кучмагийн дэглэмийн vеийн авлигалын скандал, Киргизэд Ерөнхийлөгч А.Акаевын гэр бvлийн бизнес, Гvржийн Ерөнхийлөгч Э.Шевардназетэй шууд холбоотой авлигалууд нь дэлхий дахинд алдартай юм. Нэг л хvн, тvvний гэр бvл, төрөл садан, овгийн бизнес цэцэглэн хөгжиж улс орны эдийн засгийн гол гол салбарыг хяналтандаа авч тэр хэрээрээ хууль ёсыг уландаа гишгэн хvмvvсийн бухимдлыг төрvvлдэг нь өнгөт хувьсгалыг төрvvлдэг аж.

“Дорноос Өрнө уу” Дээр өгvvлснээс гадна хувьсгалын шалтгааныг тухайн улс орны хөгжлийн цаашдын стратеги, сонголттой холбон тайлбарлах нь бий. Тухайлбал Гvрж, Украйны жишээ бол эрх баригчид нь Дорно зvгрvvгээ илvv харж хөгжихийг уриалж “ОХУ, СНГ-гийн орнуудтай интеграци хийх”, хуучин дэглэмд тал өгөх, удирдагч эцгийг зөвтгөх зэрэг санааг дэвшvvлж байсан бол сөрөг хvчнvvд нь баруунчлал буюу “Либералчлал”, “Европын холбоонд интеграци хийх”, “Авлигалын эсрэг тэмцэх” тэрч бvv хэл “НАТО”-д элсэх гэх зэрэг ардчилсан институтуудыг сэргээж барууны хөгжлийн замаар хөгжихийг иргэддээ санал болгодогоороо ялгаатай юм.

6. Долдугаар сарын 1-ны vйл явдал өнгөт хувьсгал мөн vv?
“Монгол бол хагас дарангуйлалтай орон” 2006 онд Монголд “Ардчиллыг бэхжvvлэх vндэсний хөтөлбөрийг боловсруулах”-тай холбогдсон судалгааны ажлыг хийжээ. НVБ-ээс санхvvжvvлж МАХН-ын Г.Чулуунбаатар, АН-ын Д.Ганбат зэрэг голлох эрдэмтэдийн хамтарч хийсэн судалгаагаар “Монгол дахь ардчилсан засаглалын төлөв байдлын vнэлгээ 3.02 буюу ардчилсан ба ардчилсан бус шинжvvд ойролцоо байна” гэсэн дvгнэлт гарчээ. Хатуухан хэлбэл хагас ардчилал гэдэг нь хагас дарангуйлалд байгаа гэсэн vг юм. Тэгэхлээр 2008 оны 7-р сарын 1-ны vйл явдал гvн гvнзгий vндэс учир шалтгаантай байх нь. Хагас дарангуйлал хагас хувьсгалыг авчрав уу? Бvр 2004 онд ЗХА-ийн орнуудын ардчиллыг харьцуулсан судалгаанд “монголчуудын гуравны хоёр нь авторитар дэглэмийн шинжvvдийг ямар нэгэн байдлаар дэмжихэд бэлэн байгаа нь харагддаг” гэсэн дvгнэлт гарсныг санах хэрэгтэй. Тэгэхлээр Монголд өнгөт хувьсгал vvсэх бодитой шалтгаан бий.

“Өнгөт хувьсгал” тун ч ойрхон байв Одоо болж өнгөрсөн бvх vйл явдал баримтуудыг нэгтгээд vзэхэд Монголд өнгөт хувьсгал гарахад тун ч ойрхон байжээ. Нvдээр vзсэн гадны судлаачид хvртэл өнгөт хувьсгалтай их олон шинж тэмдгээр тохирч байна гэж хэлж байв. Гэхдээ 7-р сарын 1-ны vйл явдлыг гадныхан санхvvжvvлээгvй, “Иргэний эвсэл”, “Ардчилсан нам” зохион байгуулаагvй. Хэрвээ гудамжны тэмцлийн асар их туршлагатай “Иргэний эвсэл” УБ хотын сонгуулийн 6 тойргийн 100 гаруй гэрийг талбай дээр аваачиж бариад сонгуулийн сурталчилгаанд явж байсан 600 орчим хvнийг 2 долоо хоног суулгасан бол, хэрвээ АН зоригтой шийдвэр гаргаад талбай дээр нэгдсэн бол, хэрвээ улс төрийн бусад хvчин ИЗН, БНН хамтарч тэмцэхээр тохирсон байсан бол, хэрвээ сонгуулийн дvнд эгдvvцсэн жирийн иргэд vvн дээр нэмэгдсэн бол монголд өнгөт хувьсгал тун ч ойрхон байв. Улмаар дараагийн 3 долоо хоногт СЕХ-г огцруулж, 9-р сард дахин сонгуулийг зарлуулж чадах байв. Гэтэл Монголын сөрөг хvчин наад зах нь өөр хоорондоо эв нэгдэлгvй, зохион байгуулалтгvй, өнгөт хувьсгал хийх тохиролцоо ч байхгvй байсан. Vйл явдал санаандгvй л өрнөсөн.

“Өнгөт хувьсгалаас болгоомжилсон ордны эргэлт юм биш биз?” Өнгөт хувьсгал бол хvсэн хvлээхээр сайн зvйл биш гэхдээ хадны мангаа ч бас биш. Өнгөт хувьсгалыг гадныхан импортолдоггvй, харин сонгуулийг луйвардаж дарангуйлагч дэглэм тогтоодог удирдагч, бvлэглэлvvд vндсэн нөхцлийг бий болгодог. Энэ бол иргэний ба улс төрийн эрхийнхээ төлөө хийдэг иргэдийн тэмцэл. Тиймээс 2008 онд монгол орон бvхэлдээ өнгөт хувьсгалын өмнөх нөхцөл байдалд байсан гэсэн дvгнэлтийг олон баримт нотолж байна. Өмнө энэ тухай зөндөө л бичиж байсан. Нэг нам давамгайлсан СЕХ-ны зохион байгуулсан сонгуулийн vр дvнд оролцогч бvх талууд итгэхгvй гэдгээ эхнээсээ илэрхийлж байсан, сонгуулийн маргааш л гэнэт ордныг тойруулан төмөр хашаа барьсан, энэ vед төв суурин газруудаас цагдаагийнхныг дуудаж УБ-т төвлөрvvлсэн байсан, жагсагчдын дунд энгийн хувцастай цагдаагийнхан олноороо байсан, сонгуулийн мэргэжилтнvvд гэдэг нэрээр оросууд байнга ирдэг болсон зэрэг баримтууд нь хvчний байгууллагууд нэгэнт vvсч болзошгvй өнгөт хувьсгалаас урьдчилан сэргийлэхийн тулд маш нарийн төлөвлөсөн өдөөн хатгалгыг зохион байгуулсан юм биш байгаа? Өөрөөр хэлбэл жагсаалыг өдөөн хатгалга болгон хувиргасан гэсэн vг. Мэдээж энэ бол зvгээр л таамаглал. Энэ тухай дараа өгvvлэх болно.

“Асуудал дөнгөж эхэлж байна” Монголчуудын цаашдын ирээдvй бол иргэний ардчилал, vймээн самуун, цус урсгасан хувьсгалыг хэн ч хvсэхгvй. Тиймээс монголд өнгөт хувьсгал гаргахгvй гэж эрх баригч нар хvсч байвал оролцогч бvх талуудыг ижил тэгш оролцуулсан СЕХ-г байгуулж бие даасан, хараат бус, тэгш шудрагаар ажиллах бололцоог нь олгож өгөх ёстой. Ингэж байж л улс төрийн хvчнvvдэд шударгаар өрсөлдөх боломжийг бий болгож монголын улс төр цэвэршиж, ардчилал гvнзгийрч бvхий л намууд улс орныг хойш нь татагч хар хvч биш харин урагшлуулан хөгжvvлэх хөдөлгvvр болох учиртай билээ. Тэгэхгvйгээр МАХН сонгуулийн булхай хийгээд АН албан тушаалын төлөө боломж олдонгуут л ардчиллыг худалдаж сонгогчдын эрхийг наймаалцаж явсан учраас монголын ардчилал дарангуйлал болон хувирч байна. Тэгээд энэ бvхнийг нь эсэргvvцсэн залуучуудын жагсаал цуглааныг vймээн самуун болгон хувиргаж шоронд хийгээд өөрсдөө албан тушаалаа тохиролцон сууж байна. Хvмvvс андуураад байдаг юм. Албан тушаал, ашиг орлого, амар тайван амьдрал харсан хvн хөдөлгөөнд ордоггvй, намд элсдэг юм. Тийм ээ, монголын шинэ vеийнхэн албан тушаал хөөцөлдөж эрх мэдэлтнvvдийн гар хөл болж ардчилсан социалист залуучууд шиг гэмт хэрэгтэн болоогvй, олигархиудад долигнож тэдний вискинд гvйгээгvйнхээ төлөөсийг төлж байна.

2008 оны 8-р сарын 7

No comments: