Хүүхдийн гулаг 1966 /Бодлого судлаач Ч.Тамир/

1. “Баатар ээж”

Чаушескугийн дэглэмийн Румын улс 1966 онд хүн амаа маш хурдан өсгөх бодлогыг тунхаглажээ. Удирдагчийн бодож олсон санаа нь хоцрогдсон орныг “аж үйлдвэржүүлэхэд” чиглэх бөгөөд тэр нь хүмүүст сайхан сонсогдож байв. Ингээд румынчүүдийг сайхан амьдруу­лахын тулд төрөх чадвартай, нөхөн үржихүйн 25 наснаас хэтэрсэн, гэрлээгүй, гэрлэсэн ч хүүхэдгүй байгаа хосуудад 10-20 хүртэл хувийн тусгай татвар оногдуулж эхэлсэн. Өмнө нь дундаж гэр бүл нь хоёр хүүхэдтэй байсныг хоёр дахин нэмэгдүүллээ. Зөвхөн таван хүүхэдтэй, эсвэл 42 наснаас хэтэрсэн хүмүүст л үр хөндөхийг зөвшөөрнө. Өрх наад зах нь таван хүүхэдтэй болж байж төрийн “хувь-хишгийг” хүртэх эрхтэй болох бөгөөд арав хүрмэгц нь “Баатар” ээжээр алдаршуулна. Яг бидэн шиг. Үүнтэй зэрэгцээд нууцаар үр хөндүүлэх бизнес цэцэглэж эмнэлгийн бус орчинд үр хөндүүлснээс олон эмэгтэйчүүд эрэмдэг, зэрэмдэг болж нас барж байв.

Асуудал ингээд дууссангүй, 1960-аад оны сүүлээс төрөлт огцом өссөн бөгөөд үр дүнд румын­чүүд туйлдаа хүртэл ядууралд нэрвэгдлээ. Ялангуяа ядуу тарчиг амьдралтай хүмүүсийн хувьд олон хүүхэд гаргаж төрийн хайр хишигт багтахаар уралдах болов. Яг л сүүлийн гурван жилд Монголд ядуу, эмзэг өрх, траншейныхны төрөлт огцом ихэссэн шиг.

2. Хүүхдийн гулаг “Сигид”

Хүмүүс тэжээж чадахгүйн улмаас хүүхдээ “хүрдэн” дээр орхих болж гудамжны хүүхдийн тоо хяналтнаас аль хэдийнэ гарав. Дөнгөж төрсөн хүүхдийг гурван нас хүрмэгц нь эмнэлгийн үзлэгт оруулна, тэгээд эцэг эх нь хаясан, өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сэтгэцийн эмнэлэгт эс бөгөөс “Сигид” хэмээх хүүхдийн лагерт цуглуулна. “Сигид”-д тэд хүний ёсноос гадуур байдлаар амьдарна, хэдхэн долоо хоноод л ихэнх нь өлсөж, өвдөж, даарсны улмаас үхдэг байв. Унгарын хилийн наана байрладаг “Сигид”-ыг бүр 1990 оны хавар барууныхан олж мэдсэн бөгөөд “Хүүхдийн Гулаг”, “Румыны өөрийгөө егүүтгэх хөтөлбөр” гэх зэргээр нэрлэсэн боловч аль нь тохиромжтой эсэх талаар одоо хүртэл мэтгэлцээн өрнөдөг. Ердөө хажууханд нь үй олон хүүхдийг аймшигтай нөхцөлд байлгаж байгааг мэдсэн барууны олон нийт гүн цочролд орж тэдэнд туслах хөдөлгөөн өрнүүлж тусгай хөтөлбөр боловсруулав. Европ, Америкийн сайхан сэтгэлт олон гэр бүл хүүхдүүдийг үрчилж авч байлаа. Мөн шашны болон тусламжийн олон байгуул­лага гараа сунгав. Хэрвээ Чаушескугийн дэглэм нураагүй бол энд хэчнээн хүүхдийг хороох байсныг бүү мэд.


Социализмын үед манай улсад ч гэсэн бэлгэвч хэрэглэхийг үзэл сурталгүй хэрэг, үр хөндүү­лэхийг хуулиар хорьсон, хүүхдээ төрүүлсэн эх 45 хоноод ажилдаа явдаг, дундаж гэр бүл таван хүүхэдтэй байв. Гэр бүл салах эсэхийг намын хороо шийднэ. Хүүхдийн эндэгдэл хамгийн өндөр, шарлаагүй байх нь өөрөө гайхалтай үзэгдэл болдог, том нь багыгаа өсгөдөг зэргийг бид туулсан. Энэ бүхнийг бид социализмтай хамт булшлаад удаж байгаа.

3. Саалиа бэлдэхээр саваа?

Хүүхдийг дэмжиж болно, харин бэлэн мөнгө тарааж, социализм руугаа уралдаад орох нь буруу юм. Энэ тухай бид бүр 2004 онд бичиж байсан, харамсалтай нь намууд зөвшилцөөд, хуйвалдаад хэтэрхий завгүй байсан. Бэлэн мөнгө тарааснаас инфляци хорин хувьд хүрч нөгөө сайхан амьдрах учиртай өрхүүд улам ядуурч байна. Тэд 10 цаас аваад байхад тэдний худалдан авах чадвар 20 хувиар буурч байна. Тооцоо хийгээд үзье. 100 цаасны орлоготой хүн 110 цаастай болсон ч үнийн өсөлтийн үр дүнд эргээд 88 төгрөгтэй болж мөнгө авсан биш улам ядуурч байна. Хүүхдийн мөнгөний бодлогын үр дүн нь ядуурал, ажилгүйдэл, сургууль завсардалт, гудамжны хүүхэд, гэмт хэрэг болж байна. Ингэж хүүхдэд чиглэсэн гэж хэлж байгаа бүхэн хүүхдийг хорлосон бодлого болоод байгаагийн учир юу вэ?

Хүүхдийн тоо гэнэт нэмэг­дэнгүүт тэднийг тэжээх гэр бүл, асрах цэцэрлэг, сургах сургууль байхгүй байлаа. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж монголчууд ярьдаг даа. Уг нь хүн нэмэгдвэл хүнс нэмнэ гэдэг нь зөвхөн нүүдэлчдийн хувьд л хамаатай ойлголт юм. Учир нь нүүдэлчид хүүхдийг ажиллах хүчин гэж үздэг бөгөөд өрхийн аж ахуйд нэмэртэй учир хүнс нэмэгдэнэ гэж хэлэлцдэг. Харин хотожсон амьдралд эсрэгээрээ, хүн нэмбэл зардал нэмнэ л гэж томъёолох хэрэгтэй.

4. Ардчилагчдын социалист бодлого

“Хүүхдийн мөнгө”, “аж үйлдвэржүүлэх”, “аугаа бүтээн байгуулалт”, “алдарт эх”, “эх орны хувь-хишиг”, “үндэсний хөгжлийн үзэл баримтлал” гэсэн гоё үгний цаана Румыны шинэ үеийн хүүхдүүдийг сургууль завсардалт, гэмт хэрэг, траншейн, хүүхдийн колонид амьдрах хувь тавилан хүлээж байв. Тэдэнд цэцэрлэг, сургууль, эмнэлэг хүрэлцээгүй, харин хүүхдийн колони, хуаран л хүрэлцсэн. Ингэж дарангуйлагч дэглэмийн золиос болж хайр үзээгүй, өлсөж, цангаж, даарч өссөн нэг үеийнхэн төрсөн, тэд 90 оны хувьсгалын үеэр цус урсгаж өмнөх үеийнхнээс өшөө хонзонгоо авсан юм. Өнөөдөр Европт Словенийг эс тооцвол Румынчүүд хамгийн залуу үндэс­тэнд тооцогдох бөгөөд бид­нээс ялгаатай нь тэд үүгээрээ бахархдаггүй юм. Учир нь хүн ам зүйн суваргад орсон гэнэтийн огцом өөрчлөлт ихэнхдээ л сөрөг үр дагаврыг авчирдаг. Яг монгол шиг. Энэ бол зөвхөн Румыны ч биш социалист лагерын бас бидний ч сайн мэдэх танил дүр зураг.

Дүгнэлтээ шуудхан хэлье. Экссоциалист бодлогыг МАХН, АН хоёр хамтран явуулж байна. Өнөөдрийн улс төрийн намуудын бодлого (сонгодог утгаараа бодлого байхгүй нь өөрөө бодлого гэж үздэг) монгол гэр бүлийг сүйрүүлэхийн өмнө тулж ирлээ. Өөрсдийгөө нам гэж нэрлэсэн бүлэг этгээдүүд дахин дахин сонгогдохын тулд гэрт байгаа бүх юмыг зарж үрж байна. Одоо нэгнээсээ давахын тулд гурван хүүхэдтэй эхийг алдаршуулъя гэсэн уриа сонсогдох боллоо. Энэ бодлогуудыг нэг бүрчлэн тайлбар­лавал бүгд зөв, хачин хүнлэг, харин эдгээр бодлогууд нийлэ­хээрээ Монголыг сүйрүүлэх гэж байна.

4. Энэ бүхнийг хэн өөрчилж чадах вэ?

Хамгийн гол нь Монголд ажил хийснээс хүүхэд төрүүлсэн нь илүү ашигтай болж буй нь зөв үү? Төрөлт гайхалтай нэмэгдсэн тухай баярт мэдээ сүүлдээ ямар үр дагавар авчрахыг хэлэх хүн байна уу? Алтан гахай жилийн хүүхдүүдээс болоод төрөх ачаал­лаа дийлэхгүй байхад тэднийг асрах цэцэрлэг, сургууль, үзүү­лэх эмнэлэг ч хол байна даа. Румынчууд гэнэтийн төрөлтийн хүүхдүүдийг “алдагдсан үеийнхэн” гэж нэрлэдэг. Хүн ам зүйчид үүнийг могой гахай залгих гэж егөөддөг. Харин Монголд яг 50 жилийн дараа алтан гахай жил тохиолоо. Алдагдсан үеийнхний үр сад.

Үндэсний хөгжлийн үзэл баримтлал гээчийг санаачилсан эрдэмтэд нэг гэр бүлийн хүүхдийн тоог хоёр дахин нэмэгдүүлж Монголыг үйлдвэржсэн орон болгоё гэж уриалж байх юм. Уг нь бид хэзээ ч хятад, оростой хүн амаараа өрсөлдөхгүй. Монголын тусгаар тогтнол үгээгүй олон ядуучууд дээр биш, харин боловсролтой, хөрөнгөтэй, ирээ­дүй­тэй, төлөвлөгдсөн хүүхдүүд дээр суурилах учиртай. Монголын үрс маш олон биш баян чинээлэг байх болтугай гэж хэлэх цаг нэгэнт болжээ. Тиймээс энэ бүх халамжийн хөтөлбөрүүдийг нэн даруй яаралтай зогсоох хэрэгтэй. Үүнийг хийх “төмөр хатагтай” байна уу? Лав л өнөөдрийн үеэ өнгөрөөсөн улс төрчид үүнийг хийж чадахгүй нь юм шиг байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2008 оны 04 сарын 18

No comments: