АТГ-ынхан авилгын индексийг тогтоох судалгааг нийтдээ 70 орчим сая төгрөгөөр хийжээ

Судалгаа хийв: Авлигатай тэмцэх газраас авлигын асуудлаар судалгаа хийсэн байна. Манай улсад авлига түгээмэл байна гэж шинжээчдийн 75 хувь нь үзсэн байна. Авлигын гэмт хэргийн улмаас улсын төсвийн жилийн зарлагын 2,7 хувьтай тэнцэх хэмжээний хохирол улсад учирсан байна. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт хамрагдах, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах шалгаруулалт буюу тендерт оролцох, өр төлбөр, иргэний нэхэмжлэлийг шийдвэрлүүлэх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх зэрэг хэлцлүүдийн үнийн дүнгийн дунджаар 10.4 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө авилга, хээл хахууль байдлаар зарцуулдаг болохыг шинжээчид үзжээ. Үүний дотор төрийн байгууллагын төсөл, хөтөлбөрт хамрагдахын тулд дунджаар үнийн дүнгийн 10.1 хувийг, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах шалгаруулалт буюу тендерт ялахын тулд гэрээний үнийн дүнгийн 10.45 хувийг, өр төлбөр, иргэний нэхэмжлэлийг шийдвэрлүүлэхийн тулд тэдгээрийн дүнгийн 9.38 хувийг, татвараас чөлөөлөгдөх, хөнгөлөлт эдлэхийн тулд төлөх ёстой татварын дүнгийн дунджаар 11.5 хувийг авлига, хээл хахуульд зориулан зарцуулдаг байна. Аж ахуйн нэгжүүдийн хувьд ийм байдал ийм байгаа бол айл өрх болоод иргэдийн хувьд ч авилгын гэмт хэргийн улмаас хохирсон тохиолдол байсаар байна. Иргэдийн 13.3 хувь нь сүүлийн нэг жилийн хугацаанд төрийн албан хаагчдад хээл хахууль өгсөн гэж хариулсан байна. Тэд өрхийн жилийн төсвийнхөө дунджаар 14.6 хувьтай тэнцэх буюу 240.8 мянган төгрөгийн авлига төрийн албан хаагчдад өгчээ. Судалгааны дүнг үндэслэн айл өрхүүдээс төрийн албан хаагчдад өгсөн хээл хахуулийн хэмжээг тооцож үзэхэд 21.7 тэрбум төгрөг болж байна. Төрийн албан хаагчдын хувьд авлигын гэмт хэрэг үйлдэхийг хэн хамгийн их шахаж, дарамталдаг вэ гэдгийг мөн гаргажээ. Санал асуулгад оролцогч төрийн албан хаагчдын 22,1 хувь нь иргэдийн зүгээс авлига санал болгодог гэсэн бол 17 хувь нь дээд албан тушаалтнаас, 17,3 хувь нь найз нөхдийн зүгээс, 13,9 хувь нь бизнес эрхлэгчдээс, 10,4 хувь нь хамт ажиллагсдаас дарамт үзүүлж, авлигын гэмт хэргийг үйлдэхэд хүргэдэг гэжээ.

Эсэргүүцэл: 2009 оны арванхоёрдугаар сарын 9 авлигын эсрэг өдөр гэнэ ээ. Авлигатай тэмцэх газраас энэ өдрийг тохиолдуулан мэдээлэл хийж байх юм. Тэд ингэж байна. Монгол улсын иргэд улирал бүр 40 тэрбум төгрөгийг авлигад өгдөг гэнэ ээ. Жилдээ 160 тэрбум төгрөг болно. Жилдээ нэг өрх 240 мянган төгрөг авлигад өгдөг гэнэ. Юу яриад байгаа юм болоо. Энэ чинь нэг төрийн албан хаагчын сарын цалин байна шүү дээ. Тэгахээр төрийн албан хаагчид маань амьдралд нь хаанаа ч хүрэхгүй байгаа цалингаасаа бас авлига өгөөд амьдардаг болж таарах нь нээ. Ийм хүн үнэмшмээргүй статистик гаргаж яах гэж байгаа юм бол доо. Энэ маягаараа бол Монголын бүх айл, өрхүүд авлигач болж таарах нь. Тэгээд Авлигатай тэмцэх газрыхан та нар жилдээ 240 000 төгрөгийн авлига өгдөг гээ биз дээ гээд дуртай хүнээ гөрдөж болох нээ. АТГ-ыхан 1937 оныг эргүүлж авчрах нь уу. Айл бүрт орж авлигачдыг нь барьж, айдас хүйдэст автуулах санаа агуулаад байна уу. Тэр судалгаанд оролцогчдын тэдэн хувь нь төчнөөн хувь нь авлигал өгсөн, бас надад өгөхийг завдсан гэж хэлсэн гэнээ. Судалгаа ч бай, байцаалт ч бай, юу ч бай ямар ч тэнэг хүн би авлига өгсөн, бас надад өгсөн гэж хэлэх үү. Эрүүл хүний ухаанд Авлигатай тэмцэх газраас судалгаа хийж байна “Та авлига өгч байсан уу” гэж асуухаар нь “Би өгч байсан” гэж хэлэх үү. Хэлэх л юм бол шууд эрүүгийн хэргээр шалгагдана биз дээ. Тэр судалгаанд нь гэнэдээд “Би авлига өгч, авч байсан” гэж бөглөсөн хүмүүсийг шууд шалгадаггүй юмаа гэхэд дараа нь хүссэн үедээ АТГ нээнтэглэж чадна. Тэгэхээр тэр судалгаанд нь оролцсон хүмүүс мэдрэл муутай эсвэл АТГ-ын ажилтнууд өөрсдөө зохиосон байж таараа. Өөрсдийн зохиосон хэн ч итгэмээргүй судалгаа гэдэг зүйлээр ард түмний дунд зохиомол авлига үүсгэж, ард түмэнд ажил хийсэн болж харагдах гээд мөн ч их ядаж байна аа. Бас болоогүй ээ авлига ямар шалтгааны улмаас үүсэж байгааг АТГ-ын хоёр ажилтан телевизээр ингэж ярих юм. Төрийн албан хаагчдад улс төрийн нөлөөлөл их байна, тэгээд улс төрийн нөлөөллөөр ямар ч мэдлэг боловсролгүй, ажлаа мэддэггүй хүмүүсийг ажилд аваад, тэр хүмүүс нь нэгэнт ажлаа мэдэхгүй юм чинь би хэзээ мөдгүй халагдана гэж бодоод авлига авдаг гэнэ ээ. Энэ бол АТГ-ыхны албан ёсны дээрээс нь Авлигын эсрэг өдөр хийсэн мэдэгдэл. АТГ-ыхан зүгээр байхаар зүлгэж суу гэдэг үгийг их сайн ойлгодог юм шиг байна. Энэ дүгнэлтээс үзвэл АТГ-ыхан өөрсдийгөө хэлээд байгаа юм болов уу гэж бодлоо. Яагаад вэ гэхээр Нэгд. Төрийн албан хаагчид улс төрөөс ангид болоод даруй 12 сар болж байна. 2009 оны 1 сарын 1-ний өдрөөс сайд, дарга нараас бусад бүх албан хаагчид улс төрийн аливаа нам, эвсэл, холбоонд харьяалагдахаа больсныг АТГ-ыхан өнөөдрийг хүртэл мэдээгүй юм байх даа. АТГ-ыхан өөрсдөө улс төрийн нөлөөллөөр ажилд ордгоо андуураад хэлсэн юм болов уу. Улс төрийн нөлөөллөөр ажилд ороод ажлаа хийж мэдэхгүй болохоороо авлига авдаг гэж өөрсдийгөө хэлээд байх шиг. Хоёрт. Та нарт гэж хэлэхэд авлига үүсэж байгаа үндсэн шалтгаан нь бол ердөө л төр хангалттай цалинг төрийн албан хаагчиддаа шударгаар өгч чадахгүй байгаад л оршиж байгаа юм. Түүнээс биш та нар шиг сая саяар нь цалин авчаад ажлаа хийж мэдэхгүй болохоороо авлига авч суудаг юм биш. Монголын зуу зуу мянган төрийн албан хаагчид авдаг цалин хүрэхгүй ч гэсэн авлига энэ тэргүйгээр амьдраад болоод л байна. Авлигатай тэмцэж байна гээд янз бүрийн зохиомол нэвтрүүлэг, статистик гаргаж ард түмний тархийг угаахаа болих хэрэгтэй. Та нарын тэр судалгаанд чинь оролцох хүн ч байхгүй. Оролцох хүн байхгүй болохоор нь өөрсдийнхөө ажилчдаасаа энэ судалгааг аваад дүгнээд хэлсэн юм аа гээд үнэнээ хэлчээч. Зүүдээ ярих гэж байгаа юугаа ярьчихлаа гэдэг билээ.

Авилгын индексийг тодруулснаар Монгол улс дахь авилгын цар хүрээ, хэлбэр, шалтгааныг тогтоосон юм. Авилгын индексээр Архангай аймаг хамгийн бага хувьтай байгаа бол Орхон аймаг хамгийн өндөр эрсдэлтэй аймагт багтаж байна. Харин салбар яамдаас эрдэс баялаг эрчим хүчний салбар авилгад хамгийн их өртөх салбараар нэрлэгдсэн байна. Авилгатай тэмцэх газраас авилгын индексийг 2 жилд нэг удаа тодруулж тухайн жилийн 12р сарын эхэнд танилцуулж байхаар тогтжээ. АТГ-ынхан авилгын индексийг тогтоох энэ судалгааг нийтдээ 70 орчим сая төгрөгөөр хийжээ.

эх сурвалж: news.mn

No comments: